Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01836

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01836

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.И.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х.Х ХХК ,

 

Хариуцагч: Б.Б  нарт тус тус холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б , хариуцагч Х.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.И.Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Х ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэх н.Б гэх хүн манай М.И.Э ХХК-тай 2018 оны 3 дугаар сараас эхлэн утсаар холбогдож тус байгууллагын Дархан-Уул аймгийн  суманд байрлах алтны уурхайд ашиглаж байсан дезиль генераторын алтернаторыг нийлүүлэхээр болсон. Алтернаторын урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогч Н.О-ын дансанд 19 000 000 төгрөг болон 1 000 000 төгрөгөөр хоёр хувааж 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 4 150 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэхээр тохирсон боловч одоо хүртэл шилжүүлээгүй байна. Алтернаторын үнийн саналыг 26 565 000 төгрөг гэж өгсөн боловч НӨАТ хасуулж авах хүсэлтэй байгаагаа хэлж хоорондоо тохиролцон төлбөрийг хувийн дансаар авахаар тохиролцсон. Уг алтернаторыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр засварын багийнхан Улаанбаатар хотоос ачиж, суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан. Үүнээс хойш төлбөрөө нэхэж залгахаар мэдэх хүн олдохгүй, Б.Б гэж хүнийг тус компанид хамааралгүй гэж Х.Х ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд Ц.Н тайлбарлаж байна. Хариуцагч Б.Б нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн манай компаниас нийлүүлсэн генератор Х.Х ХХК-н уурхайн талбай дээр ашиглагдаж байгаа учраас нэхэмжлэгч талын зүгээс хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байна. Х.Х ХХК нь Б.Б гэдэг хүн манай компанид байхгүй гэх тайлбараар өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж буй алтернаторын төлбөрөөс бултах, зайлсхийх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд манай компани гэрээний дагуу ямар нэг доголдолгүй бараа, эд зүйлийг уурхайн талбай дээр хүлээлгэн өгсөн, эд зүйлийн ашиглалт хэвийн байсан гэдгийг хариуцагч Б.Б нотолж байгаа тул 4 150 000 төгрөгийг Х.Х ХХК болон Б.Б нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Х.Х ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь М.И.Э ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан генераторын алтернаторыг тус компаниас хүлээн авч, ашиглаагүй болно. М.И.Э ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тохиролцсоны дагуу генераторын алтернаторын үнэ 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тус мөнгийг шилжүүлсэн данс нь Б.Б гэх иргэний хувийн данс байдаг ба нэхэмжлэгчээс шүүхэд хавсаргаж өгсөн баримтуудад генераторын алтернаторыг суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан гэх ямар ч баримт байхгүй, тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт байдаггүй юм. Мөн Х.Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 3 дугаар сарын үед Х.Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Б гэж хүн ажиллаж байсан. М.И.Э ХХК-иас генераторын алтернаторыг худалдан авахаар тохирч 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх Б.Б нь манай компанид ажилладаггүй, тус компанийн гүйцэтгэх захирал, ажилтан биш, манай компанийг төлөөлөх эрх олгогдоогүй этгээд байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба үүний дагуу Х.Х ХХК-ийг төлөөлж, гэрээ хэлцэл хийх эрх гагцхүү гүйцэтгэх захирал Ц.Н-т байна. Түүнчлэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх зохицуулалт байдаг боловч иргэн Б.Б гэгчид компанийн зүгээс ямар нэгэн эрх олгосон итгэмжлэл олгоогүй юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу М.И.Э ХХК-ийн манай Х.Х ХХК-тай байгуулсан гэх аман гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэх заалтын дагуу Х.Х ХХК-ийн зүгээс тус хэлцлийг хүчин төгөлдөрт тооцохыг зөвшөөрөхгүй тул М.И.Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Б нь манай компанийн хувьцаа эзэмшигч Х.Б үеэл гэдэг нь үнэн. Зарим нэг үйл ажиллагаанд олгогдсон эрхийн дагуу оролцдог тохиолдолд байсан боловч энэ генераторын алтернатор худалдаж авах ажиллагаанд компанийн зүгээс ямар нэгэн итгэмжлэл олгоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая хариу тайлбартаа генераторын алтернаторыг Х.Х ХХК-ийн уурхай дээр ажиллуулж байгаа учраас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа ч маргаан бүхий алтернатор уурхай дээр байгаа эсэх талаарх ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Маргаан бүхий алтернаторын гэрээг Б.Б гэх хүнтэй байгуулсан. Төлбөрийг мөн адил Б.Б гэх хүн төлсөн. Энэ маргаантай асуудлаар гэрээ бичгээр байгуулагдаагүй. Нэхэмжлэгч компанийн засварын баг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр суманд хүргэж хэвийн ажиллагаанд оруулсан гэх боловч үүнтэй холбоотой ямар нэгэн акт байдаггүй. Тоног төхөөрөмжийг хуурай уурхай дээр хүргэж, Б.Б гэдэг хүн хүлээн авсан гэх боловч энэ хүн манай компанид ажилладаггүй. Үүнээс гадна генераторын алтернаторын үнэ нь тодорхойгүй. Зах зээл дээр энэ алтернатор хэдэн төгрөгөөр зарагддаг, хэдэн төгрөгөөр суурилуулдаг, гаднаас оруулсан ирсэн тохиолдолд хэдэн төгрөгөөр оруулж ирдэг тухай тодорхойгүй. Өмнөх шүүх хуралдаанд эдгээр баримтууд байгаа, гаргаж өгнө гэсэн боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй нь эдгээр баримт байхгүй гэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал алтернаторын үнийг 25 000 000 төгрөг эсхүл 35 000 000 төгрөг  гэх байдлаар хэдэн ч төгрөгөөр үнэлсэн байсан зах зээлийн ханшийг тогтоох боломжгүй байх тул шүүгч үүнийг анхаарч үзнэ үү. Б.Б нь тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч компаниар дамжуулан Хятад улсаас авчруулсан гэсэн. Энэ мэдүүлэг зөвхөн цаасан дээр гараар бичсэн хариу тайлбар. Хариуцагч өөрийн татгалзлыг нотолж, нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Б.Б хариу тайлбар ямар ч баримт, эх сурвалжгүй тайлбар учраас энэ тайлбарт дурдсан зүйлийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Иймд Б.Б компанийг төлөөлөх эрхгүй этгээд учраас хувиараа энэ гэрээг байгуулсан асуудал Х.Х ХХК-д хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Х.Х ХХК биш Б.Б тул Х.Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Б миний бие 2017 оноос Х.Х ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд уг компанийн 50 хувь нь миний үеэл болох Х.Б эзэмшлийнх, үлдэгдэл 50 хувь нь Ц.Н гэж бичигдсэн боловч төрсөн ах болох Ц.Б гэж хүний мэдэлд байдаг. Миний бие 2017 оноос хойш Ц.Б болон Х.Б аман тушаалаар 2017 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн суманд байрлах Х.Х ХХК-ийн Хуурай 1 гэх шороон ордны уурхайг ажиллуулж байсан. 2018 оны 6 дугаар сараас Х.Х ХХК өмчийн маргаан гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. 2018 оны 3 дугаар сард Хуурай 1 уурхайд шаардлагатай дизель генераторыг М.И.Э ХХК-тай холбогдож БНХАУ-аас дизель генератор захиалан авчруулахаар болж Ц.Б миний данс руу 24 000 000 төгрөг шилжүүлснийг би цааш нь 19/1 гэж хоёр хуваан шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сард генератор ирж Хуурай 1 уурхайд хүргэгдэн суурилуулагдаж уурхайн дарга Б.Б хүлээж авсан. Үлдэгдэл төлбөрийг Х.Х ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. Миний бие 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Иймд тухайн шүүх хуралдаанд Х.Х ХХК-ийн эзэмшигч нар болох Х.Б, Ц.Б, түүний дүү болох Ц.Н, нягтлан бодогч Б.Б нарыг оролцуулах хүсэлтэй байна. Надад шилжүүлсэн 24 000 000 төгрөгийн үлдэгдэл 4 000 000 төгрөг нь Х.Х ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болно” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.И.Э ХХК нь хариуцагч Х.Х ХХК болон Б.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөгийг тэнцүү хуваарилж гаргуулахаар шаарджээ.  

 

 

Хариуцагч Х.Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Манай компани нь М.И.Э ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан генераторын алтернаторыг тус компаниас хүлээн авч, ашиглаагүй. Б.Б нь манай компанид ажилладаггүй, тус компанийн гүйцэтгэх захирал, ажилтан биш, түүнд компанийн зүгээс ямар нэгэн эрх олгосон итгэмжлэл олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж,

хариуцагч Б.Б “...2018 оны 3 дугаар сард М.И.Э ХХК-тай холбогдож БНХАУ-аас дизель генератор захиалан авчруулахаар болж Ц.Б миний данс руу 24 000 000 төгрөг шилжүүлснийг би цааш нь 19/1 гэж хоёр хуваан шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг Х.Х ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. Миний бие 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн” гэж тус тус маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Дээрх тайлбараар хариуцагч Б.Б уг гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний зүйл болсон генераторын алтернаторын үнэ, түүнийг хүлээж авсан эсэхэд маргаагүй тул шүүх М.И.Э ХХК болон хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч Б.Б генераторын үлдэгдэл төлбөр 4 150 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

Харин М.И.Э ХХК болон Х.Х ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, хариуцагч Б.Б тус компанид үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг болох нь мөн нотлогдохгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох боловч Б.Бд Х.Х ХХК-иас хэлцэлд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгоогүй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах боловч Х.Х ХХК зөвшөөрөхгүй татгалзаж байна.  

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б-г хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэж, тэрээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Б.Бгийн шүүхэд гаргасан хүсэлтийг тодруулах, тайлбар авах шаардлагатай гэх үндэслэлээр хойшлуулсан. Гэвч хариуцагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхээ эдлээгүй, мөн хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх түүнийг хүсэлтээ дэмжихгүй байна гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

   

Иймд хариуцагч Б.Б нь Х.Х ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхээ нотолж чадаагүй, Х.Х ХХК нь уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсанаар хариуцагч нь Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хэлцлээр хүлээсэн үүргийг нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй үүссэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 4 150 000 төгрөг гаргуулан М.И.Э ХХК-д олгож, Х.Х ХХК-д холбогдох 2 075 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 81 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Бгээс 4 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.И.Э ХХК-д олгож, Х.Х ХХК-иас 2 075 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 81 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

   

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ