Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023

 

 

“М И” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х Х” ХХК,

Хариуцагч: Б.Б нарт тус тус холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Бгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Баатарбилэг,

Хариуцагч “Х Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Х” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Б манай байгууллагатай холбогдож Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах алтны уурхайд ашиглаж байгаа генераторын алтернаторыг авахаар болсон.

Алтернаторын урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг манай байгууллагын ажилтан Н.Отгонжаргалын дансанд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2 хуваан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 4 150 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэхээр тохирсон боловч одоо хүртэл шилжүүлээгүй. Уг алтернаторыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын засварын багийнхан Улаанбаатар хотоос ачиж, Шарын гол суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан.

Хариуцагч Б.Б нь уг төхөөрөмжийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн генератор “Х Х” ХХК-ийн уурхайн талбай дээр ашиглагдаж байгаа. Иймд хэлцэл хүчин төгөлдөр юм. “Х Х” ХХК нь Б.Б манай компанид ажилладаггүй гэх тайлбараар өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж буй алтернаторын төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

Иймд манай компани гэрээний дагуу ямар нэг доголдолгүй бараа, эд зүйлийг уурхайн талбай дээр хүлээлгэн өгсөн, эд зүйлийн ашиглалт хэвийн байсан гэдгийг хариуцагч Б.Б нотолж байгаа тул 4 150 000 төгрөгийг “Х Х” ХХК болон Б.Б нараас хуваан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан генераторын алтернаторыг тус компаниас хүлээн авч, ашиглаагүй.

“Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК генераторын алтернаторын үнэ 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тус мөнгийг шилжүүлсэн данс нь Б.Бгийн хувийн данс байдаг. Тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт байхгүй.

Б.Б нь манай компанид ажилладаггүй, тус компанийн гүйцэтгэх захирал, ажилтан биш, манай компанийг төлөөлөх эрх олгогдоогүй этгээд юм. “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК болон “Х Х” ХХК нарын хооронд байгуулсан гэх аман гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оноос “Х Х” ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд уг компанийн 50 хувийн хувьцааг миний үеэл болох Х.Баттулга, үлдэгдэл 50 хувийн хувьцааг Ц.Нандинцэцэг эзэмшдэг гэж компанийн дүрэмд бичигдсэн боловч компани түүний төрсөн ах болох Ц.Баатарбилэгийн мэдэлд байдаг.

Би 2017 оноос хойш Ц.Баатарбилэг болон Х.Баттулгын аман тушаалаар 2018 оны 06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Х Х” ХХК-ийн Хуурай 1 гэх шороон ордны уурхайг ажиллуулж байсан. 2018 оны 06 дугаар сараас “Х Х” ХХК-ийн өмчийн маргаан гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа.

Би 2018 оны 03 дугаар сард “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК-тай холбогдож хуурай 1 уурхайд шаардлагатай дизел генераторыг захиалн авчруулахаар болсон. Тухайн үед Ц.Баатарбилэг миний данс руу 24 000 000 төгрөг шилжүүлсэн ба би 19 000 000, 1 000 000 төгрөгөөр хуваан 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг “Х Х” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. 2018 оны 05 дугаар сард генератор ирж Хуурай 1 уурхайд хүргэгдэн суурилуулагдаж уурхайн дарга Б.Баярцэнгэл хүлээж авсан.

Үлдэгдэл төлбөрийг “Х Х” ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. “Х Х” ХХК 2018 оны 06 дугаар сард намайг ажлаас чөлөөлөгдсөн. Иймд “Х Х” ХХК-ийн эзэмшигч нар болох Х.Баттулга, Ц.Баатарбилэг, түүний дүү болох Ц.Нандинцэцэг, нягтлан бодогч Б.Баярмагнай нар хариуцагч ёстой. Би энэ хэрэгт хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Бгээс 4 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК-д олгож, “Х Х” ХХК-аас 2 075 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 81 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би “Х Х” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. “Х Х” ХХК нь нэхэмжлэгчээс дизел генераторыг 24 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба уг төхөөрөмжийг хүлээн авч Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байх шороон ордод байршуулсан. Уг төхөөрөмжийн үнийг надаар дамжуулан “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК-д төлсөн бөгөөд “Х Х” ХХК болон “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Худалдан авсан гэх дизел генераторыг “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК миний өмчлөл, эзэмшилд шилжүүлээгүй, “Х Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, уурхайн дарга н.Баярцэнгэл хүлээн авсан. Гэтэл уг төхөөрөмжийн үнийг надаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, миний эрх ашгийг хөндөж байна.

Мөн анхан шатны шүүх надад хурлын тов мэдэгдээгүй шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, зөвтгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “Мехатроник инженеринг экүйпмэнт” ХХК нь хариуцагч “Х Х” ХХК болон Б.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Б.Бг үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилсон “Х Х” ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001 тоот тушаалыг эх хувиар хариуцагч “Х Х” ХХК-аас гаргуулах” тухай хүсэлтийг гаргасан ба шүүх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2019/08600 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагч “Х Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нотлох баримт байгууллагад байхгүй гэх тайлбарыг /хх70/ үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хариуцагч “Х Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь уг тушаалыг байхгүй гэж үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                         

                               ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА