Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01112

 

 

                                                “М и э” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01836 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023 дугаар магадлалтай,

“М и э”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х х” ХХК, Б.Б нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х х”  ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Б манай байгууллагатай холбогдож, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах алтны уурхайд ашиглаж байгаа генераторын алтернаторыг авахаар болсон. Алтернаторын урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг манай байгууллагын ажилтан Н.Отгонжаргалын дансанд 2018.05.10-ны өдөр 2 хуваан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 4,150,000 төгрөгийг 2018.05.14-ний өдөр шилжүүлэхээр тохирсон боловч одоо хүртэл шилжүүлээгүй. Уг алтернаторыг 2018.05.22-ны өдөр манай байгууллагын засварын багийнхан Улаанбаатар хотоос ачиж, Шарын гол суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан. Б.Б нь уг төхөөрөмжийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн генератор “Х х” ХХК-ийн уурхайн талбай дээр ашиглагдаж байгаа. Иймд хэлцэл хүчин төгөлдөр юм. “Х х” ХХК нь Б.Б манай компанид ажилладаггүй гэх тайлбараар өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж буй алтернаторын төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Иймд манай компани гэрээний дагуу ямар нэг доголдолгүй бараа, эд зүйлийг уурхайн талбай дээр хүлээлгэн өгсөн, эд зүйлийн ашиглалт хэвийн байсан гэдгийг Б.Б нотолж байгаа тул 4,150,000 төгрөгийг “Х х” ХХК болон Б.Б нараас хуваан гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “М и э” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан генераторын алтернаторыг тус компаниас хүлээн авч, ашиглаагүй. “М и э” ХХК генераторын алтернаторын үнэ 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тус мөнгийг шилжүүлсэн данс нь Б.Б-ийн хувийн данс байдаг. Тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт байхгүй. Б.Б нь манай компанид ажилладаггүй, тус компанийн гүйцэтгэх захирал, ажилтан биш, манай компанийг төлөөлөх эрх олгогдоогүй этгээд юм. “М и э” ХХК болон “Х х” ХХК нарын хооронд байгуулсан гэх аман гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2017 оноос “Х х” ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд уг компанийн 50 хувийн хувьцааг миний үеэл болох Х.Баттулга, үлдэгдэл 50 хувийн хувьцааг Ц.Нандинцэцэг эзэмшдэг гэж компанийн дүрэмд бичигдсэн боловч компани түүний төрсөн ах болох Ц.Баатарбилэгийн мэдэлд байдаг. Би 2017 оноос хойш Ц.Баатарбилэг болон Х.Баттулгын аман тушаалаар 2018.06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Х х” ХХК-ийн Хуурай 1 гэх шороон ордны уурхайг ажиллуулж байсан. 2018.06 дугаар сараас “Х х” ХХК-ийн өмчийн маргаан гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа. Би 2018.03 дугаар сард “М и э” ХХК-тай холбогдож хуурай 1 уурхайд шаардлагатай дизел генераторыг захиалан авчруулахаар болсон. Тухайн үед Ц.Баатарбилэг миний данс руу 24,000,000 төгрөг шилжүүлсэн ба би 19,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр хуваан 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг “Х х” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. 2018.05 дугаар сард генератор ирж, Хуурай 1 уурхайд хүргэгдэн суурилуулагдаж уурхайн дарга Б.Баярцэнгэл хүлээж авсан. Үлдэгдэл төлбөрийг “Х х”  ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. “Х х” ХХК 2018.06 дугаар сард намайг ажлаас чөлөөлөгдсөн. Иймд “Х х”  ХХК-ийн эзэмшигч нар болох Х.Баттулга, Ц.Баатарбилэг, түүний дүү болох Ц.Нандинцэцэг, нягтлан бодогч Б.Баярмагнай нар хариуцагч ёстой. Би энэ хэрэгт хамааралгүй” гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01836 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Б.Б-эс 4,150,000 төгрөг гаргуулан “М и э” ХХК-д олгож, “Х х”  ХХК-иас 2,075,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 81,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалд "...хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч 2019.07.18-ны өдөр Б.Б-г үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилсон “Х х”  ХХК-ийн захирлын 2018.04.02-ны өдрийн 001 дүгээртэй тушаалыг эх хувиар хариуцагч ““Х х” ХХК-иас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан ба шүүх 2019.07.18-ны өдрийн 183/Ш32019/08600 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нотлох баримт байгууллагад байхгүй гэх тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хариуцагч “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь уг тушаалыг байхгүй гэж үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл болно” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон хариуцагч Б.Б-ийн нотлох баримтыг гаргуулах эрхийг зөрчсөн нь үндэслэлгүй талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, Б.Б нь 2019.06.27-ны өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан. Б.Б анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд өмгөөлөгчтэй оролцоогүй ба шүүхэд нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч 2019.07.18-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан мэтээр буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Б.Б нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.07.18-ны өдөр товлогдсон шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаан үргэлжилсэн боловч Б.Б-ийн хариу тайлбартаа тусгасан зарим нэр бүхий гэрч нарыг асуулгах шаардлагатай гэх тайлбарыг тодруулах, Б.Б-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлуулан 2019.09.06-ны өдөр  товлосон боловч тус шүүх хуралдаанд мөн адил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.     “Х х”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах боломжгүй тул нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлд заасан “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх” зарчимд үл нийцэх тул биелэгдэх боломжгүй хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс болон 2019.07.18-ны өдрийн болон 2019.09.06-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан гэж маргаагүй болно. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатараас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хариуцагч “Х х” ХХК-иас “манай компанид 2019.04.02-ны өдөр 001 дүгээртэй Б.Б-г үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилсон тушаал гараагүй болно” гэх албан бичиг шүүхэд ирүүлэхээс өөр ач холбогдолгүй, шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан ба анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд хэргийн оролцогч хариуцагч Б.Б-ийн нотлох баримт гаргуулах эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 2023 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 01836 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

“М и э” ХХК нь “Х х”  ХХК, Б.Б нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан ба “Х х”  ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, Б.Б тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэж, Б.Б нь “Х х” ХХК-д ажиллаж байхдаа Х.Баттулгын даалгаснаар компанийн уурхайд ажиллаж байсан гэж хэн аль нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б-ээс 4,150,000 төгрөг гаргуулан “М и э” ХХК-д олгож, “Х х”  ХХК-иас 2,075,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар 2018.04.02-ны өдрийн 001 дүгээр Б.Б-г үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилсон тушаалын эх хувийг “Х х” ХХК-иас гаргуулах хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх 2019.09.06-ны өдрийн 183/ШЗ2019/10069 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг нотлох баримт байхгүй гэх тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасантай нийцэхгүй, эдгээр хуулийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан “...манай компанид 2019.04.02-ны өдөр 001 дүгээр ...тушаал гараагүй болно. ...шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй. ... Б.Б-ийн нотлох баримт гаргуулах эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэх утгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Д.Оюунбаатарыг хариуцагчийн өмгөөлөгч гэж бичсэн нь техникийн шинжтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ    

                       ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                         Г.ЦАГААНЦООЖ