Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1114

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00815 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 125 817 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага цутгамал төмөр бетон карказан барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Б” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 12 давхар барилгын карказ угсралтын ажлыг 621 539 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээгээр угсралтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр заасан. “С” ХХК нь ажлыг хугацаандаа хийж хүлээлгэн өгсөн байхад “Б” ХХК нь төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй болно.

Төлбөрт тооцон арматур төмөр, байр, блок, машин нийт 441 721 500 төгрөгийн авлага авсан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж 179 817 500 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс хойш “Голомт банк” ХХК-ийн дансаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 54 000 000 төгрөгийн төлбөр орж ирсэн тул үлдэгдэл 125 817 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Гандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “С” ХХК-тай гэрээ байгуулсан. Захиалагчийн санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс төлбөр тооцоог хийхэд хүндрэл гарч байсан ч тухай бүрт санхүүжилтийг хийсэн. Гэвч нэхэмжлэгч нь санхүүжилт хийгдээгүй гэж барилгын ажлыг удаашруулж хохироосон. Нэхэмжлэгч нь манай 380В-ын арматур тасдагч, арматур матагч тус бүр 4 200 000 төгрөгийн үнэтэй нийт 8 400 000 төгрөгийн төхөөрөмж авсан. Мөн арматур тасдагчийн шатсан моторыг орооно гэж 200 000 төгрөг авсан. Карказ угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 6 950 000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын төмөр утас, 9 дүгээр сарын 13-ны өдөр 6 950 000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын утас зэрэг материалыг манайхаар авахуулж ажлыг дуусгасан.

2017 оны 5 дугаар сард ажлаа хийж дуусгах шаардлагыг тавьсан ч хийхгүй, ажиллах хүч байхгүй, өөр газар ажилтай гэх зэрэг шалтаг тоочиж хийж гүйцэтгээгүй. Бид туслан гүйцэтгэгч Ц.Сэргэлэнгийн бригадаар орон сууцны 60 ширхэг, шатны хонгилын 12 ширхэг, нийт 72 ширхэг тагтны хашлага цутгалтын ажлыг хийлгээд 7 200 000 төгрөг төлж карказ угсралтын ажлыг дуусгуулсан. Нэхэмжлэгчээс гарсан доголдлыг засахыг шаардахад тухай бүрт засаагүйгээс компанид төлөвлөөгүй 6 347 675 төгрөгийн зардал гаргасан. “Интеллект тауэр” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд барилга дээр хяналт хийх явцдаа барилгын үндсэн бүтээцэд аюултай байдал үүссэн, ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан байдаг. “С” ХХК-ийн захирал Ц.Баярсайханд хэлж гарсан төлбөрөөс хасч тооцохыг мэдэгдсэн. Гарсан зардал Реконстракшн төвд 3 000 000 төгрөг, “Топкад” ХХК-д 660 000 төгрөг, барилгын материалын төлбөрт 756 500 төгрөг, заслын ажлын төлбөр 1 057 536 төгрөг, учруулсан хохирол 27 165 863 төгрөг, бараа материал, тоног төхөөрөмжийн төлбөр 22 500 000 төгрөг, нийт 49 665 863 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцуулан, 76 151 637 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 125 817 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 787 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Гандорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд ажил гүйцэтгэгч буюу “С” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол гаргавал энэ талаар мэдэгдэж, дараа нь мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан гуравдагч этгээдээр тухайн ажлуудыг засуулахаар харилцан тохиролцсон.

Үүний дагуу чанарын доголдолтой талаар мэдэгдэж, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төв, “Топ кад” ХХК зэрэг компаниудаар барилгын ажлын доголдолд дүгнэлт гаргуулж, гуравдагч этгээдээр тухайн ажлыг хийлгэн 49 665 863 төгрөгийн зардал гаргасан байдаг. Мөн 10 000 000 төгрөгийг захирал хувиараа авсан болохыг нэхэмжлэгч байгууллагын захирал шүүх хуралдаанд мэдүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Талуудын гэрээний дагуу зохицуулагдаж буй харилцаа байхад шүүх 5 хоног дотор гомдол гаргах ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Манай байгууллагын зүгээс төлбөрөө төлөхөөс татгалзаагүй харин годогдлыг засуулахад зарцуулсан зардлыг хасч тооцуулах талаар шүүх хуралдаанд мэтгэлцснийг шүүх дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Түүнчлэн, шүүх огт хамааралгүй хууль хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 125 817 500 төгрөг гаргуулах шаардлагаас 18 161 637 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “...доголдол арилгасан зардал, багаж хэрэгсэл, материал худалдан авсан үнэ болон нэхэмжлэгч компанийн захиралд бэлнээр өгсөн мөнгө зэргийг хасч тооцно” гэх үндэслэл заан татгалзжээ.

Талууд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч “С” ХХК нь Гаалийн ерөнхий газрын албан хаагчдын 60 айлын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн захиалагч “Б” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, хамтарсан хурлын тэмдэглэлүүд, барилгын экспертизийн тайлан, зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/551 дугаартай дүгнэлт, гэрээний талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 7-8, 44-45, 49-56, 62-74 дэх тал/ Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Дээрх үйл баримт, мөн захиалагч нь ажил гүйцэтгэгчид төлөх ажлын хөлс болох 441 721 500 төгрөгөөс 125 817 500 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэдэгт талууд маргаангүй, харин ажлын хөлснөөс холбогдох зардлыг хасч тооцох үндэслэл бий эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хариуцагч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 4.2.13, 4.2.14-т заасныг үндэслэл болгон, үлдэгдэл ажлын хөлснөөс “арматур тасдагч, матагчны үнэ 8 400 000 төгрөг, мотор ороох төлбөрт 200 000 төгрөг, хэв хашмалын материалын үнэ 13 900 000 төгрөг, ажлын доголдол зассан зардал 15 359 711 төгрөг, ашиглалтын зардал 8 146 152 төгрөг, мэргэжлийн байгууллагаар хэмжилт, дүгнэлт хийлгэсэн ажлын хөлс 3 660 000 төгрөг, нэхэмжлэгч компанийн захирал Ц.Баярсайханд бэлнээр өгсөн 60 000 000 төгрөгийг тус тус хасч тооцно” гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй. Гэхдээ хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчийг доголдолтой ажил хийсэн мөн түүнээс ажлын хөлсний хэмжээг бууруулахыг шаардаж байсан болохыг баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн, хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэлийн явцад талууд хамтарсан хуралдаан хийж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулиар, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Реконстракшн” төвөөр тус тус барилгын бүтээцийн хэв гажилт, бетоны бат бөх, төмөр бетон каркасын арматурчлал, барилгын бүтээцийн ан цав, согогыг шалгуулан, дүгнэлт гаргуулжээ. /хх 57-61 дэх тал/

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нь шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, оношлогоо зураг төсөл, “Реконстракшн” төвийн оношлогоо зэргийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-07-089/1123 дугаартай “Барилгын угсралтын тухай” дүгнэлтийн 1, 3 , 4 дэх хэсэгт барилгын дам нурууны хотойлт нь барилгын норм ба дүрэмд заасан хүлцэлийн хэмжээнд багтсан, бетоны бат бэх нь В20-В25 маркийн бетоны шаардлагыг хангасан, барилгын төмөр бетон бүтээцэд ан цав үүсээгүй гэж, дүгнэлтийн 2-т  “төмөр бетон карказын 8-11 дүгээр давхрын хучилтын хавтангийн дээд үеийн арматурын хамгаалалтын бетон үеийн зузаан 20-80 мм байна гэж дүгнэсэн бөгөөд барилгын норм ба дүрэм цутгамал бетон, төмөр бетон бүтээц, БНбД52-02-05-ын 3.6 дахь заалт /3-4-В-С, 2-3-С-D/ зөрчигдсөн байна” гэжээ. Үүнээс өөрөөр дээрх мэргэжлийн байгууллагаас хийсэн дүгнэлтэд барилгын ажлын чанар, доголдлын талаар тусгагдаагүй байхаас гадна барилгыг улсын комисс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авахдаа чанар байдал, доголдлын талаар дүгнээгүй байна. /хх 71-74 дэх тал/ Мөн гэрч А.Золзаяагийн мэдүүлгээр хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын дотор заслын ажлыг дээрх доголдолд хамааруулсан гэж үзэх боломжгүй юм. /хх 161 дэх тал/ Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэгч үүргээ зөрчсөнөөс түүнд хохирол учирч, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэдгийг баримтаар нотлоогүйн гадна шүүхэд үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг шаардлага гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 346 дугаар үйлийн 346.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримталсан нь оновчгүй байгаа хэдий ч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ  

 

                  ШҮҮГЧИД                         С.ЭНХТӨР

 

                                                                        Ч.ЦЭНД