Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/02241

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/02241

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: “Б ” ХХК, холбогдох,

         Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үүрэгт 120.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х ” ХХК нь гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг. “Х ” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Баясгалант-Өргөө констракшн” ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж “Баясгалант Өргөө констракшн” ХХК нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхонд байрлах хөнгөн блокны үйлдвэрт харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус гэрээний 3 дугаар зүйлд төлбөр тооцоог барагдуулах талаар зохицуулсан байдаг бөгөөд гэрээний 3.1-д сар бүр 8 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түүнээс 2 000 000 төгрөгийг сар бүр бэлнээр, харин үлдэгдэл 6 000 000 төгрөгийг бартераар төлөх, хэрэв бартераар төлж барагдуулах боломжгүй бол төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Бодит байдал дээр 2 000 000 төгрөг дээр НӨАТ оролцуулья, баримтыг нь хариуцагч барилгын үйл ажиллагаа эрхэлдэг учраас авахаар тохирсон. Нэгэнт бартерын журмаар тохиролцоо хийсэн учраас бид 6 000 000 төгрөгийг нэхэмжлэх дээрээ бичихгүй. Хэрэв 8 000 000 төгрөг юм уу, 6 000 000 төгрөг гэж нэхэмжлэх явуулсан бол бид өөрсдөө гэрээний үүргээ зөрчиж байгаа асуудал болно. Тиймээс энэ нэхэмжлэхүүд нь ингэж яваад байгаа юм. “Х ” ХХК нь 2015 оны 5 дугаар сар хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж байсан хэдий ч “Б ” ХХК нь гэрээний дагуу төлбөр тооцоогоо төлж барагдуулахгүй байсан тул 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож обьектийг албан ёсоор хариуцагчид хүлээлгэж өгсөн. Сар бүр төлөх ёстой 2 000 000 төгрөгөө төлж барагдуулаагүй. “Б ” ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш дуусгавар болох хүртэл нийт 10 сарын хугацаанд 80 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний 3.2-д үйлчлүүлэгч хамгаалалтын гэрээний төлбөрийг шалтгаангүйгээр хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд Иргэний хуульд алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг тул алданги 40 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд гэрээний үндсэн төлбөрт 80 000 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.  

  

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэгт үнийн дүн зөрүүтэй 2 гэрээ авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай нэг албан хаагчийн 2 000 000 төгрөг, 4 албан хаагч ажилласан гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гэж гэрээ байгуулсан гэж яриад байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гээд байгаа 80 000 000 төгрөгийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй. Уг гэрээг хийгдсэн гэж ярьж байгаа төлөөлөгчийн аман яриа болохоос нотлох зүйл байхгүй байна. Бодит байдал дээр харуул хамгаалалтын хөлс нэг албан хаагчийн төлбөр 2 000 000 төгрөг гэж хийсвэр тоо гэж үзэж байна. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэх 2 төрлийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд хэрэгт авагдсан бөгөөд уг хоёр гэрээнд тулгуурлаж аль гэрээ нь бодитой байгуулагдсан гэдгийг харьцуулж авч үзэх нь зүйтэй байх. Гэрээний үнийн дүн нь сард 2 200 000 төгрөг гэж тохиролцсон гэрээ бол байж болохуйц үнийн дүнтэй бодит амьдралд нийцсэн байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 12 удаагийн нэхэмжлэх явуулсан байдаг. Уг нэхэмжлэх дээрээ ажлын хөлс 2 200 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс харахад нэхэмжлэгч нь гэрээг 2 200 000 төгрөгөөр байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн баримт гэж ойлгож байгаа. Хэрэв гэрээний үнийн дүн 8 000 000 төгрөг байсан бол нэхэмжлэх явуулахдаа 8 000 000 төгрөг гэж явуулах байсан байх. Нөгөө талаар 2 200 000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээнд заагдсан харуул хамгаалалтын ажлыг бодитоор хийж байсан эсэх нь маш эргэлзээтэй. Маргаан бүхий гэрээний 2.2-д үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг хамгаалалтандаа авч акт үйлдсэнээр гэрээ эхлэнэ гэж заасан байгаа. Гэтэл хэргийн материалд хүлээлцсэн акт байхгүй. 8.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний 3.1-д бартерийн гэрээ хийгдээгүй тохиолдолд төлбөрийг мөнгөөр нэхэмжлэх боломжтой гэж заасан байдаг. Үүнээс харахад хэрэв хийгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас мөнгө нэхэмжлэх, харин хийгдсэн тохиолдолд бартераар эд зүйлээ авах байсан. Энэ гэрээнд НӨАТ тооцсон эсэх нь тодорхойгүй. Гэтэл нөгөө гэрээний үнийн дүн 2 000 000 төгрөг гэж байгаа нь нэхэмжлэх нь бага үнийн дүнтэй гэрээний дагуу явж байсан нэхэмжлэх байна гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х ” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Б ” ХХК-тай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж тус компанийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны Нисэх хотхонд байрлах хөнгөн блокны үйлдвэрийн объектод харуул хамгаалалтын үйлчилгээг 10 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх боловч бодит байдал дээр гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь маш эргэлзээтэй. Тухайлбал гэрээний 5 дахь хэсэг үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг “5.2.1-д хамгаалалтын ажилтнуудыг албан ёсоор томилж, тэдэнд гэрээнд заасан ажил үүргийг танилцуулсан байна” гэж тусгасан боловч үйлчилгээ үзүүлэгч нь нийт хэдэн хамгаалалтын ажилтныг томилж ажиллуулсан болон тухайн ажиллуулж байсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн түүнчлэн талуудын байгуулсан “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж байна. Учир нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Харуул хамгаалалтын тухай хуульд заасан гэрээ байгуулах үндэслэлд тусгасан зүйлийг орхигдуулж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохыг хууль тогтоогч хуулчилсан байна. Гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлсэн он сар өдөр, улсын бүртгэлийн дугаарыг орхигдуулсан байна гэсэн байгаа. Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д обьектэд ашиглах техник хэрэгсэл тусгай багаж зэргийг тусгаагүй буюу үүний жагсаалтыг нь гаргаж өгсөн хэрнээ гэрээндээ яагаад тусгаагүй юм, үүнийг тусгах ёстой гэж хуульд заасан байна. Бас хэдэн албан хаагч ямар ээлжээр гарч байсан, цагийн хувиар ямар нэг зохицуулсан зүйл гэрээнд байхгүй. Ингээд 3 үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байгаа Иймд хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай” 2 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нар сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээнд орхигдуулсан зүйл бол байхгүй. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д цагдаагийн байгууллага болон хуулийн этгээдийн тухай хуульд заасан бүртгэлийг батлуулсан он сарыг тухайн гэрээнд тусгаагүй байна. Гэрээнд 5468183 регистрын дугаартай Налайх дүүрэгт байрлах “Баясгалант-Өргөө констракшн” ХХК, нөгөө талаас Нийслэлийн цагдаагийн газрын 59 дугаар бүртгэлтэй гээд тусгай зөвшөөрлийн дугаартай хуулийн этгээдийн тамга тэмдэгтэй гэрээ байна. Тэгэхээр тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан шаардлагыг энэхүү гэрээ нь хангасан байна. Мөн тухайн гэрээнд үйлчлүүлэгчийн эрх үүрэг дээр тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангах гээд аль аль тал тохиролцсон байгаа. Нэхэмжлэгч нь ямар ямар багаж хэрэгсэл ашиглаж хамгаалах талаар жагсаалтаа гаргаж баталгаажуулж өгсөн байгаа. Мөн гэрээний 3.1-д тухайн гэрээний дагуу 4 албан хаагч ажиллана гэж тодорхой зааж өгсөн бөгөөд өчигдөр гаргаж өгсөн баримтаар жагсаалтдаа албан хаагч нар хууль эрх зүйн зааварчилгаа аваад ажиллаж байгаа талаар дурдсан байгаа. Иймд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн дугаар бичигдээгүй байгаа шалтгаан нь талуудын хооронд хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл бол гэрээний 10 сарын хугацаа болох юм уу үгүй юу гэдэг асуудал. Дараа нь тоног төхөөрөмжийн жагсаалт гэж байна, энэ жагсаалтыг гаргаж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна, гэхдээ үүнийгээ гэрээндээ тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн гэж үэзж байгаа нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн аль болох нь тодорхойгүй. Хуулиар тогтоосон хэлбэрийг юу гэж ойлгох нь сонин. Талууд гэрээг бичгээр хийгээгүй байсан бол хэлбэр зөрчсөн гэж үзэж болно. Гэтэл талууд гэрээг бичгээр хийсэн байгаа юм. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хуулиар тогтоосон хэлбэрт энэ зүйл ордоггүй юм. Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д энэ хуулийн 8.1.1, 8.1.2-д заасан нөхцлийг хангаагүй бол хүчингүйд тооцно гэсэн байгаа болохоос энэ хуулийн 8.1.1, 8.1.2-д заасныг гэрээнд бичээгүй бол хүчин төгөлдөр бусд тооцно гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй байна. Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 зааснаар уг хэлцлээр хийсэн зүйлээ буцаан өгөх, буцаан өгөх боломжгүй бол мөнгийг нь төлөх үр дагавар үүснэ. Өнөөдөр бол хариуцагч байгууллага нь ажил үйлчилгээ авсан байж төлбөрөө төлөөгүй, харин нэхэмжлэгч байгууллага 10 сарын турш ажил үйлчилгээгээ үзүүлсэн байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон ч гэсэн нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын үр дүн байгаа. Энэ ч утгаараа үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй. Бас нэхэмжлэгч байгууллага одоо харилцаж байгаа байгууллагуудын гэрээг хэрэгт өгсөн бөгөөд гэрээний үнийн дүнг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон ч гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэв.

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад