Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00278

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00278

 

Хар акул ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02241 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Хар акул ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хар-Акул ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баясгалант-Өргөө констракшн ХХК-тай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхонд байрлах хөнгөн блокны үйлдвэрт харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус гэрээний 3.1-д зааснаар сар бүр 8 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түүнээс 2 000 000 төгрөгийг сар бүр бэлнээр, харин үлдэгдэл 6 000 000 төгрөгийг бартераар төлөх, хэрэв бартераар төлж барагдуулах боломжгүй бол төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Хар-Акул ХХК нь 2015 оны 5 дугаар сар хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж байсан хэдий ч Баясгалант өргөө констракшн ХХК нь гэрээний дагуу төлбөр тооцоогоо төлж барагдуулахгүй байсан тул 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож обьектийг албан ёсоор хариуцагчид хүлээлгэж өгсөн. Сар бүр төлөх ёстой 2 000 000 төгрөгөө төлж барагдуулаагүй. Баясгалант өргөө констракшн ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш дуусгавар болох хүртэл нийт 10 сарын хугацаанд 80 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бодит байдал дээр 2 000 000 төгрөгт НӨАТ оруулахаар тохирсон бөгөөд бартерийн журмаар тохиролцоо хийгдсэн тул 6 000 000 төгрөгийг нэхэмжлэх дээрээ бичээгүй. 2 000 000 төгрөг дээр НӨАТ нэмж, 2 200 000 төгрөг авахаар тохиролцсон байсан. Гэрээний 3.2-д үйлчлүүлэгч хамгаалалтын гэрээний төлбөрийг шалтгаангүйгээр хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд Иргэний хуульд алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг тул алданги 40 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд гэрээний үндсэн төлбөрт 80 000 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэгт үнийн дүн зөрүүтэй 2 гэрээ авагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай нэг албан хаагчийн 2 000 000 төгрөг, 4 албан хаагч ажилласан гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гэж гэрээ байгуулсан гэж яриад байгаа. Гэтэл 80 000 000 төгрөгийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй. Бодит байдал дээр харуул хамгаалалтын хөлс нэг албан хаагчийн төлбөр 2 000 000 төгрөг гэж хийсвэр тоо гэж үзэж байна. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэх 2 төрлийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд хэрэгт авагдсан. Гэрээний үнийн дүн нь сард 2 200 000 төгрөг гэж тохиролцсон гэрээ бол байж болохуйц үнийн дүнтэй бодит амьдралд нийцсэн гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 12 удаагийн нэхэмжлэх явуулж, ажлын хөлс 2 200 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс харахад нэхэмжлэгч нь гэрээг 2 200 000 төгрөгөөр байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн баримт гэж ойлгож байгаа. Нөгөө талаар 2 200 000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээнд заагдсан харуул хамгаалалтын ажлыг бодитоор хийж байсан эсэх нь маш эргэлзээтэй. Маргаан бүхий гэрээний 2.2-д үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг хамгаалалтандаа авч акт үйлдсэнээр гэрээ эхлэнэ гэж заасан боловч хүлээлцсэн акт байхгүй. 8 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний 3.1-д бартерийн гэрээ хийгдээгүй тохиолдолд төлбөрийг мөнгөөр нэхэмжлэх боломжтой гэж заасан. Үүнээс харахад хэрэв хийгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас мөнгө нэхэмжлэх, харин хийгдсэн тохиолдолд бартераар эд зүйлээ авах байсан. Энэ гэрээнд НӨАТ тооцсон эсэх нь тодорхойгүй. Гэтэл нөгөө гэрээний үнийн дүн 2 000 000 төгрөг гэж байгаа нь бага үнийн дүнтэй гэрээний дагуу явж байсан нэхэмжлэх байна гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж байна. Учир нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлсэн он сар өдөр, улсын бүртгэлийн дугаарыг орхигдуулсан байна гэсэн байгаа. Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д обьектэд ашиглах техник хэрэгсэл тусгай багаж зэргийг тусгаагүй буюу үүний жагсаалтыг нь гаргаж өгсөн хэрнээ гэрээндээ яагаад тусгаагүй юм, үүнийг тусгах ёстой гэж хуульд заасан байна. Бас хэдэн албан хаагч ямар ээлжээр гарч байсан, цагийн хувиар ямар нэг зохицуулсан зүйл гэрээнд байхгүй. Иймд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээнд орхигдуулсан зүйл байхгүй. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан шаардлагыг энэхүү гэрээ нь хангасан байна. Мөн тухайн гэрээнд үйлчлүүлэгчийн эрх, үүрэг дээр тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангах гээд аль аль тал тохиролцсон байгаа. Нэхэмжлэгч нь ямар, ямар багаж хэрэгсэл ашиглаж хамгаалах талаар жагсаалтаа гаргаж баталгаажуулж өгсөн. Мөн гэрээний 3.1-д тухайн гэрээний дагуу 4 албан хаагч ажиллана гэж тодорхой зааж өгсөн бөгөөд өчигдөр гаргаж өгсөн баримтаар жагсаалтдаа албан хаагч нар хууль эрх зүйн зааварчилгаа аваад ажиллаж байгаа талаар дурдсан. Иймд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн дугаар бичигдээгүй байгаа шалтгаан нь талуудын хооронд хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл бол гэрээний 10 сарын хугацаа болох юм уу, үгүй юу гэдэг асуудал. Дараа нь тоног төхөөрөмжийн жагсаалт гэж байна, энэ жагсаалтыг гаргаж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна, гэхдээ үүнийгээ гэрээндээ тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн аль болох нь тодорхойгүй. Талууд гэрээг бичгээр хийгээгүй байсан бол хэлбэр зөрчсөн гэж үзэж болно. Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д энэ хуулийн 8.1.1, 8.1.2-д заасан нөхцөлийг хангаагүй бол хүчингүйд тооцно гэсэн байгаа болохоос энэ хуулийн 8.1.1, 8.1.2-д заасныг гэрээнд бичээгүй бол хүчин төгөлдөр бусд тооцно гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй байна. Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 зааснаар уг хэлцлээр хийсэн зүйлээ буцаан өгөх, буцаан өгөх боломжгүй бол мөнгийг нь төлөх үр дагавар үүснэ. Өнөөдөр бол хариуцагч байгууллага нь ажил үйлчилгээ авсан байж төлбөрөө төлөөгүй, харин нэхэмжлэгч байгууллага 10 сарын турш ажил үйлчилгээгээ үзүүлсэн байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон ч гэсэн нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын үр дүн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хар акул ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 757 950 төгрөг гаргуулах хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч Хар Акул ХХК нь хариуцагчтай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт үйлчилгээний төлбөрийн нийт хэмжээг 8 000 000 төгрөг байх /4 албан хаагчийн хөлс 8 000 000 төгрөг буюу 1 албан хаагчийн хөлс 2 000 000 тегрөг/-аар харилцан тохиролцсон ба уг гэрээнд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Я.Цэрэндэндэв гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Мөн тухайн өдөр талууд харилцан тохиролцсоны үндсэнн дээр /хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу/ 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2 200 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан ба 2 200 000 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасан 8 000 000 төгрөгийн үйлчилгээний хөлсний бэлэн авах 2 000 000 төгрөгт НӨАТ тооцож, 2 20 3 000 төгрөгөөр байгуулсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл 2 200 000 төгрөгийн үнийн дүн нь 8 000 000 тегрөгийн үнийн дүнгээс бэлэн авах төлбөрийн хэмжээнд гэрээ байгуулж баталгаажуулсан болох нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д тусгасан тохиролцоогоор нотлогдох юм.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэрэгт авагдсан нэхэмжлэхийг үндэслэн, талуудын хооронд 2 200 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тохиролцоог үндэслэн №А15/20 тоот шаардлага хүргүүлсэн ба дээрх шаардлагад "... Одоо бэлнээр төлөх дүн 22 000 000 төгрөг, ... бартерт суутгуулсан дүн 60 000 000 төгрөг болж байна. Иймд төлбөрийг 2015-05-10-ны өдрийн дотор төлөхийг сануулж байна" хэмээн шаардлага хүргүүлсэн ба хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Я.Цэрэндэндэв дээрх төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрч, шаардлагыг хүлээн авсан байдаг. Гэвч анхан шатны шүүх дээрх 2015 оны №А15/20 тоот албан шаардлагыг нотлох баримтаар огт үнэлээгүй ба шүүхийн шийдвэрт дээрх баримтын талаар огт дурьдаагүй байна. Гэтэл 2015 оны А15/20 тоот албан шаардлага нь хэргийн материалд авагдсан гэрээнүүдийн бодит хэрэгжилт, үнийн дүнг нотлох ач холбогдол бүхий баримт юм.

Нөгөөтэйгүүр хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үнийн дүн болох 8 000 000 төгрөгийн төлбөрийг үгүйсгэх тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй ба татгалзлаа ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй байтал шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Баясгалант өргөө констракшн ХХК-д холбогдуулан хариуцагчийн эрэн сурвалжлуулах хүсэлт, гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үнийн дүнг 118 635 480 төгрегөөр тооцож нэхэмжлэл гаргаж байсан атал шүүх талуудын хооронд 8 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Хэрэв нэхэмжлэгч нь хариуцагчтай 2 200 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байх тохиолдолд удаа дараа 118 635 480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-иас гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан атал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэх 2 200 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийт зөрчсен, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хуульчилсан бөгөөд мөн зүйлд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг мөн хуулийн 42 дугаар зүйлд нарийвчлан заасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хзрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Хар акул ХХК нь хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-д холбогдуулж ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, алданги нийт 120 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсний хэмжээний талаар маргаснаас гадна талуудын хооронд хийгдсэн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хар акул ХХК нь хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөнгөн блокны үйлдвэрт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсийг төлөхөөр тус тус төлөхөөр тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн болохыг зөв дүгнэсэн боловч ажлын хөлсний хэмжээг өөр, өөрөөр тогтоосон 2 гэрээний аль гэрээг үндэслэх талаар маргасан байхад хэргийг нэг мөр шийдвэрлээгүй орхисон нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч Хар акул ХХК нь хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-ийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөнгөн блокны үйлдвэрт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн болох нь 2 гэрээ, нэхэмжлэхүүд, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/5122 тоот объект хүлээлсэн тухай албан бичиг /хх-ийн 15/, ийнхүү хүлээлцэх үеийн гэрэл зургууд /хх-ийн 88-95/, гэрээ цуцлахаас 1 сарын өмнө хариуцагч байгууллагад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/15120 тоот шаардлага хүргүүлсэн тухай албан бичиг болон харуул хамгаалалтын үед хөтлөгдөж байсан бүртгэл, ээлж хүлээлцсэн баримт, хамгаалалтын ажилтны илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан гэрээний 3.1-д Гэрээний үнэ сард нэг албан хаагчийн 2 000 000 төгрөг бөгөөд 500 000 төгрөгийг бэлнээр авч 1 500 000 төгрөгийг бартертай бол бартерийн тооцоо руу шилжүүлж, бартергүй бол үлдсэн төлбөрийг гэрээ дуусгавар болоход бэлнээр төлж барагдуулна. Үйлдвэр ашиглалтанд орох хүртэл 4 албан хаагч ажиллах ба гэрээний нийт дүн 8 000 000 төгрөгөөс 2 сая төгрөгийг сар бүр бэлнээр төлж үлдсэн 6 сая төгрөгийг бартер луу шилжүүлэн тооцохоор тохиролцов. Бартерийн гэрээ хийгдээгүй тохиолдолд дээрх мөнгөн дүнг гэрээ эхэлсэн цагаас тооцож бэлнээр олгоно гэж заасан боловч нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагад 2014 оны 07 сараас 2015 оны 5 сар хүртэл 2 200 000 төгрөгийн үнийн дүнтэй 11 ширхэг нэхэмжлэх хүргүүлж байсан тул талуудын хооронд ажлын хөлсийг 2 200 000 төгрөгөөр тохиролцсон гэрээг /хх-ийн 61-67 илүү бодитой гэж үзэв.

 

Мөн гэрээний 3.2-т заасан алданги тооцох талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дах хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ...ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байгаагаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 07 сараас хойш нийт 10 сарын харуул хамгаалалтын төлбөр 22 000 000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн алдангийг 50%-иар хязгаарлаж 11 000 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрийн хамт нийт 33 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2., 8.3-т заасан нөхцөлийг хангаагүй гэсэн үндэслэлээр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлцэл гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг анхаараагүй нь буруу байна.

 

Хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК нь нэхэмжлэгч Хар акул ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ авах гэрээг бичгээр байгуулсан, үйлчилгээний хөлсийг төлөөгүй боловч уг үйлчилгээг авсан болох нь тогтоогдсон тул хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байхад сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-иас 33 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хар акул ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын нэхэмжлэгчээс 757 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай гэснийг хариуцагч Баясгалант өргөө констракшн ХХК-иас 322 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хар акул ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Хар акул ХХК-ийн төлсөн 1 516 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ