Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00739

 

Х А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02241 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 278 дугаар магадлалтай,

Х А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б Ө К-ХХК-д холбогдох,     

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 120.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ....Б Ө К-ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхонд байрлах хөнгөн блокны үйлдвэрт харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус гэрээний 3.1-д зааснаар сар бүр 8.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түүнээс 2.000.000 төгрөгийг сар бүр бэлнээр, харин үлдэгдэл 6.000.000 төгрөгийг бартераар төлөх, хэрэв бартераар төлж барагдуулах боломжгүй бол төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Х А- ХХК нь 2015 оны 5 дугаар сар хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж байсан хэдий ч Б Ө К-ХХК нь гэрээний дагуу төлбөр тооцоогоо төлж барагдуулахгүй байсан тул 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож обьектыг албан ёсоор хариуцагчид хүлээлгэж өгсөн. Сар бүр төлөх ёстой 2.000.000 төгрөгөө төлж барагдуулаагүй. Б Ө К-ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш дуусгавар болох хүртэл нийт 10 сарын хугацаанд 80.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээний 3.2-д үйлчлүүлэгч хамгаалалтын гэрээний төлбөрийг шалтгаангүйгээр хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд Иргэний хуульд алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул алданги 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд гэрээний үндсэн төлбөрт 80.000.000 төгрөг, алданги 40.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэгт үнийн дүн зөрүүтэй 2 гэрээ авагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай нэг албан хаагчийн 2.000.000 төгрөг, 4 албан хаагч ажилласан гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гэж гэрээ байгуулсан гэж яриад байгаа. Гэтэл 8.000.000 төгрөгийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй. Бодит байдал дээр харуул хамгаалалтын хөлс нэг албан хаагчийн төлбөр 2.000.000 төгрөг гэж хийсвэр тоо гэж үзэж байна. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэх 2 төрлийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд хэрэгт авагдсан. Гэрээний үнийн дүн нь сард 2.200.000 төгрөг гэж тохиролцсон гэрээ бол байж болохуйц үнийн дүнтэй бодит амьдралд нийцсэн гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 12 удаагийн нэхэмжлэх явуулж, ажлын хөлс 2.200.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс харахад нэхэмжлэгч нь гэрээг 2.200.000 төгрөгөөр байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн баримт гэж ойлгож байгаа. Нөгөө талаар 2.200.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээнд заагдсан харуул хамгаалалтын ажлыг бодитоор хийж байсан эсэх нь маш эргэлзээтэй. Маргаан бүхий гэрээний 2.2-д үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг хамгаалалтандаа авч акт үйлдсэнээр гэрээ эхлэнэ гэж заасан боловч хүлээлцсэн акт байхгүй. 8.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний 3.1-д бартерийн гэрээ хийгдээгүй тохиолдолд төлбөрийг мөнгөөр нэхэмжлэх боломжтой гэж заасан. Үүнээс харахад хэрэв хийгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас мөнгө нэхэмжлэх, харин хийгдсэн тохиолдолд бартераар эд зүйлээ авах байсан. Энэ гэрээнд НӨАТ тооцсон эсэх нь тодорхойгүй. Гэтэл нөгөө гэрээний үнийн дүн 2.000.000 төгрөг гэж байгаа нь бага үнийн дүнтэй гэрээний дагуу явж байсан нэхэмжлэх байна гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Учир нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлсэн он сар өдөр, улсын бүртгэлийн дугаарыг орхигдуулсан. Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д обьектэд ашиглах техник хэрэгсэл тусгай багаж зэргийг тусгаагүй буюу үүний жагсаалтыг нь гаргаж өгсөн хэрнээ гэрээндээ тусгаагүй. Иймд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан шаардлагыг энэхүү гэрээ нь хангасан. Мөн тухайн гэрээнд үйлчлүүлэгчийн эрх, үүрэг дээр тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангах гээд аль аль тал тохиролцсон байгаа. Нэхэмжлэгч нь ямар, ямар багаж хэрэгсэл ашиглаж хамгаалах талаар жагсаалтаа гаргаж баталгаажуулж өгсөн. Мөн гэрээний 3.1-д тухайн гэрээний дагуу 4 албан хаагч ажиллана гэж тодорхой зааж өгсөн. Иймд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн дугаар бичигдээгүй байгаа шалтгаан нь талуудын хооронд хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл бол гэрээний 10 сарын хугацаа болох юм уу, үгүй юу гэдэг асуудал. Дараа нь тоног төхөөрөмжийн жагсаалт гэж байна, энэ жагсаалтыг гаргаж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна, гэхдээ үүнийгээ гэрээндээ тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн аль болох нь тодорхойгүй. Талууд гэрээг бичгээр хийгээгүй байсан бол хэлбэр зөрчсөн гэж үзэж болно. Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д энэ хуулийн 8.1.1, 8.1.2-д заасан нөхцөлийг хангаагүй бол хүчингүйд тооцно гэсэн байгаа болохоос энэ хуулийн 8.1.1, 8.1.2-д заасныг гэрээнд бичээгүй бол хүчин төгөлдөр бусд тооцно гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй байна. Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 зааснаар уг хэлцлээр хийсэн зүйлээ буцаан өгөх, буцаан өгөх боломжгүй бол мөнгийг нь төлөх үр дагавар үүснэ. Өнөөдөр бол хариуцагч байгууллага нь ажил үйлчилгээ авсан байж төлбөрөө төлөөгүй, харин нэхэмжлэгч байгууллага 10 сарын турш ажил үйлчилгээгээ үзүүлсэн байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон ч гэсэн нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын үр дүн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02241 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Ө К-ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 120.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 757.950 төгрөг гаргуулах хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 278 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б Ө К-ХХК-иас 33.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Б Ө К-ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын нэхэмжлэгчээс 757.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай гэснийг хариуцагч Б Ө К-ХХК-иас 322.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х А- ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х А- ХХК-ийн төлсөн 1.516.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх ажлын хөлсний хэмжээг өөр, өөрөөр тогтоосон хоёр гэрээний аль гэрээг үндэслэх талаар маргасан байхад хэргийг нэг мөр шийдвэрлээгүй орхисон нь буруу гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анхнаасаа сард нэг албан хаагчийн 2.000.000 төгрөг, нийт 4 албан хаагч ажиллах ба гэрээний нийт дүн 8.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 2014 оны 7 сарын 24-ний өдрийн “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г л шүүхэд гарган өгч, уг гэрээний дагуу 10 сарын ажлын хөлс гэж 80.000.000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан. Хариуцагч эс зөвшөөрч бодит байдал дээр Х А- ХХК-тай нэг сард 2.200.000 төгрөгийн ажлын хөлс бүхий мөн өдрийн огноо бүхий “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг няцааж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс сарын 8.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй ажлын хөлсийг 8.000.000 төгрөгөөр тохиролцсон гэрээг бодит бус байна гэж дүгнэсэн атал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур 2.200.000 төгрөгний үнийн дүн бүхий гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй явдал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Мөн гэрээний 3.2-т заасан алданги тооцох талаархи талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэж 11.000.000 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь нөхцлийг зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан байна. Зохигчдын хооронд байгуулсан “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ” нь тусгайлан зохицуулсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8.1, 8.2 дахь нөхцлийг хангаагүй байгуулагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байхад үүнийг анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарласан. Тусгайлан зохицуулсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг шүүх анхаарч үзэхгүй, хэрэглэхгүй бол уг хуулийг хэн дагаж мөрдөх болж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийг шүүх хэрэглэх ёсгүй байсан. Талуудын хооронд 2.200.000 төгрөний үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан нь бодит байдалд нийцэх боловч нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 278 дугаартай магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02241 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х А- ХХК нь Б Ө К-ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс, алданги нийт 120.000.000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 33.000.000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж зөв дүгнэсэн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцжээ.

Хэрэгт үйлчилгээ үзүүлсэн ажлын хөлсийг өөрөөр заасан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх 2 гэрээ авагдсан хэдий ч талууд уг гэрээнүүдийг байгуулсанд маргаагүй, гагцхүү гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчээс ажил үйлчилгээ авсан болох нь тогтоогдсон, талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 33.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй, хэргийн баримтад тулгуурласан байна.

Иймд “хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 278 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 322.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ