Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0925

 

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0925

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч : ДСТ** ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Ж.Б******* н /Р

Хариуцагч : Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* , Б.У******* , Ц.Х******* , Ц.Т******* нарын хооронд илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* , Б.У******* , Ц.Х******* , Ц.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч ДСТ** ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

1.2. Дээрх тогтоолоор тус тус баталгаажсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч ДСТ** ХХК-д буцаан олгуулах саналаа хуулийн дагуу холбогдох баримт бибуцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах,

1.3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах-аар тус тус маргаж байна. (Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн хавтаст хэргийн 243 дахь талд),

Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Л.Н******* , Т.С******* нар ДСТ** ХХК-ийн 2013 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татвар төлөлтийн байдлыг шалгаад 11,222,389,191.93 төгрөгийн борлуулалтын орлогыг экспортын 0 хувьтай экспортын орлогод тооцож, илүү төлөлт 1,094,983,684,80 төгрөг байхаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260011**** тоот актыг 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдөр гаргажээ (хавтаст хэргийн 22-72, 110 дахь тал).

2.2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нар дээрх нөхцөл байдлыг дахин хянан шалгаад илүү төлөлтийг 1,021,321,449.2 төгрөг байхаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан байна (хавтаст хэргийн 8-14, 111 дэх тал).

2.3. Дээрх актуудаар баталгаажуулсан ДСТ** ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн баталгаажуулалтын саналыг Том татвар төлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/2071 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна (хавтаст хэргийн 109-111,192-195 дахь талд)

2.4. Баянгол дүүргийн дээрх саналыг хүлээн авсны дараа Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б******* , Б.У******* нар дахин шалгалт хийж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-212000000**** дугаартай Нөхөн ногдуулалтын акт үйлджээ (хавтаст хэргийн 112-122 дахь тал).

2.5. Нэхэмжлэгч ДСТ** ХХК дээрх НӨ-212000000**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сард гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар дүгнэлтээрээ тус гомдлыг хангаж, улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-212000000**** дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна (хавтаст хэргийн 128-133, 198-208 дахь тал).

2.6. Улмаар нэхэмжлэгч ДСТ** ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Том татвар төлөгчийн газарт хандан №1/18 тоот Төсвөөс буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийн талаар хүсэлт-ийг гаргаж албан бичгээр хүргүүлэхэд ямар нэгэн хариу өгөөгүй (хавтаст хэргийн 79 дэх тал) тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай 2/18 тоот албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хүргүүлжээ (хавтаст хэргийн 78, 138 дахь тал).

2.7. Дээрх 2/18 тоот албан бичигт Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02/918 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн (хавтаст хэргийн 77, 136 дахь тал) бөгөөд түүнээс хойш ямар нэгэн хариу ирүүлээгүй тул нэхэмжлэгч ДСТ** ХХК 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ДСТ** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Манай компанийн 2013 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татвар төлөлтийн байдлыг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Л.Н******* , Т.С******* нар иж бүрэн шалгаад 11,222,389,191.93 төгрөгийн борлуулалтын орлогыг экспортын 0 хувьтай экспортын орлогод тооцож, илүү төлөлт 1,094,983,684,80 төг байх Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260011**** тоот актыг 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Түүнчлэн тус хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нар дахин хянан шалгаад илүү төлөлтийг 1,094,740,729.00 төгрөг байхаар баталгаажуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Бид эдгээр татварын улсын байцаагчдын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа явуулж байна.

3.1.1. Гэтэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар, Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б******* , Б.У******* нар нэг жил 3 сарын дараа дахин шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-212000000**** дугаартай Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцэхгүй, бусад татварын улсын байцаагчдын шийдвэр, акттай зөрчилдсөн, өмнөх татварын байцаагчдын актыг хүчингүйд тооцоогүй байдаг.

3.1.2. ДСТ** ХХК нь НӨ-212000000**** дугаар бүхий татварын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2021 оны 04 дүгээр сард гомдол гаргаж тус гомдлыг Маргаан таслах зөвлөл хүлээн авч хянан хэлэлцээд татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар 11-ний өдрийн НӨ-212000000**** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү акт хүчингүй болсноор урьд өмнө дурьдсан Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын илүү төлөлтийг 1,094,740,729.00 төгрөг байхаар баталгаажуулсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот акт хүчинтэй хэвээр үлдэж байна.

3.1.3. Маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсны дагуу ДСТ** ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Том татвар төлөгчийн газарт хандан №1/18 тоот Төсвөөс буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийн талаар хүсэлт-ийг гаргаж албан бичгээр илгээсэн. Гэвч тус газар нь ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай 2/18 тоот албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хаяглан илгээсэн.

3.1.4. Уг албан бичгийн хариуг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Том татвар төлөгчийн газраас Хариу хүргүүлэх тухай 02/918 тоот албан бичгийг хүргүүлэхдээ ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.4, 15.6, 15.7-д тус тус зааснаар албан татварыг буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу танай компанийн илүү төлсөн татварыг буцаан авах хүсэлтийг Том татвар төлөгчийн газар нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хянан баталгаажуулж, буцаан олгуулахаар Сангийн яаманд хүргүүлдэг тул манай газар хяналт шалгалт зохих журмын дагуу хийх болохыг үүгээр мэдэгдэж байна хэмээн хариу ирүүлсэн.

3.1.5. Ийнхүү Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь манай компанийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй 6 сар гаруй буюу өдий хүрээд байна.

3.1.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.7-д Том татвар төлөгчийн газар нь манай хүсэлтийг шийдвэрлэж татварын илүү төлөлтийг хянан баталгаажуулах, илүү төлөлтийг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэх хугацааг тодорхой заасан бөгөөд энэ хугацаа хэдий нь өнгөрөөд байна.

3.1.7. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7-д болон Сангийн сайдын баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын 4.2-т заасны дагуу харьяалах татварын албаны санал, татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан авах хүсэлтийг хянан баталгаажуулж, буцаан олгуулахаар Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээдэг. Гэвч тус газар нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор тус тус баталгаажуулсан нэхэмжлэгч ДСТ** ХХК-ийн 1,094,740,729 төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгуулах саналаа холбогдох материалын хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй 6 сар гаруй хугацаа өнгөрөөд байна.

3.1.8. Түүнчлэн хариуцагч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Иргэдээс өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 4.2.2-т заасан шуурхай, тасралтгүй байх зарчмыг зөрчиж байна. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч тал нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолын дагуу татварын илүү төлөлтөө буцаан авч чадахгүй хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч ДСТ** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот акт үйлдэж тус татварын хэлтсийн дарга 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

3.2.1. Улмаар том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б******* , Б.У******* нараас манай компанид хяналт шалгалт хийж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НӨ-212000000**** тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2.2. Татварын улсын байцаагч Б.Б******* , Б.У******* нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.1.1-д албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ гэж, 15.1.2-т харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэж, 15.7-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоо өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу хийсэн байхад Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгээр дахин хяналт шалгалт хийхээр тайлбарлаж, манай байгууллагын татварын буцаан олголтын саналыг Сангийн яаманд хүргүүлэхгүй бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

3.2.3. Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар гурван агуулга бүхий байдлаар гаргаж байна. Нэгдүгээрт, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 2600**** тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч ДСТ** ХХК-д буцаан олгуулах саналаа хуулийн дагуу холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох. Хоёрт энэхүү илүү төлсөн татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах. Гуравт, Том татвар төлөгчийн газраас нэхэмжлэгч ДСТ** ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон гаргаж байна.

3.3.1. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд, манай компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар төлөлтийн байдлыг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Л.Н******* , Т.С******* нар иж бүрэн шалгаад 11,222,389,191.93 төгрөгийн борлуулалтын орлогын экспортын 0 хувьтай экспортын орлогод тооцож, илүү төлөлт 1,094,983,684.80 төгрөг байна гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260011**** тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Түүнчлэн тус хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нар дахин хянан шалгаад илүү төлөлтийг 1,094,740,729.00 төгрөг байхаар баталгаажуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 2600**** тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Том татвар төлөгчийн эсвэл бусад улсын байцаагч нар мөн дүүргийн улсын байцаагч гэдэг бол одоогийн шинэ Татварын тухай хуульд нэг л улсын байцаагч гэсэн акт гаргах эрх бүхий субъект байгаа. Манай компани эдгээр татварын улсын байцаагчдын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, татварын илүү төлөлтийг буцаан авах өргөдлөө Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хүргүүлсэн.

3.3.2. Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/2071 тоот албан бичгээр ДСТ** ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулж хүргүүлсэн байдаг. Хяналт шалгалтын томилолт гаргаад анх Ч.С******* , Н.Э******* нарт 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх олгосон байсан. Дараа нь томилолтын хугацаанд Ч.С******* нь өвчтэй, ээлжийн амралтаа авсан, ажлаас чөлөөлөгдсөн тул Б.У******* , Н.Э******* нарт олгож, өөрчлөлт орсон байдаг. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Н.Энх-Оюуныг хуулийн хэлтэст ажиллуулах болсон. Дахин томилолтод өөрчлөлт оруулаад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаар төлөөлж ирээд байгаа Б.У******* , Б.Б******* нарт томилолт олгосон байдаг. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хяналт шалгалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн гэсэн үг. Энэ нь процессын дагуу Баянгол дүүргийн Татварын албанаас ирүүлсэн саналыг Том татвар төлөгчийн газраас томилолт олгогдоод эцсийн байдлаар 10 дугаар сарын 09-ний өдөр ирсэн бичгийн дагуу хяналт шалгалтыг эхлүүлээд хариуцагч Б.У******* болон Б.Б******* нарт томилолт олгогдоод ажилласан байна.

3.3.3. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгжихээр дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан. Хэргийн материалаар ирсэн материалыг үзэх юм бол он, сарын асуудал энэ тогтоолын дагуу явсан гэдгийг хэлмээр байна.

3.3.4. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ гэж заасан. Б.У******* , Б.Б******* нарын гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан юм байна. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын хуулийн 4 дүгээр зүйл дээр 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Шинэчилсэн найруулга нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөөд үүнээс хойш манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулахаар байсан учраас энэ хуулийн заалтыг барьж, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 4, 15 дугаар тогтоолыг гаргасан.

3.3.5. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын хуулийн 8 дугаар зүйлд Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Энэ хяналт шалгалтын хугацаа 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхэлсэн учраас энэ өмнөх хуулиар бидний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хяналт шалгалт хийх ёстой. Тийм учраас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар Сангийн сайдын тушаал, холбогдох журмын дагуу саналаа хүргүүлээд Сангийн яам руу саналаа явуулах л үүрэгтэй байгаа юм. Энэ үүргээ биелүүлэхгүй бусад журмуудаа зөрчөөд байгаа учраас эс үйлдэхүй байна, энэ эс үйлдэхүй өөрөө хууль бус байна гэдгийг шүүхээр тогтоолгохоор бид бүхэн хүсээд байгаа юм.

3.3.6. Процесс юу болсон бэ гэхээр 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт тавьсан Б.У******* , Б.Б******* нарын улсын байцаагчийн акт гэсэн хирнээ өмнөх Н.Б******* нарын актыг хүчингүй болгоогүй учраас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн гаргасан нөхөн төлөлтийн акт нь шууд хүчин төгөлдөр байгаад байгаа юм. Сүүлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дугаар заалтад зааснаар Том татвар төлөгчийн газар Сангийн яаманд саналаа хүргүүлэх ёстой. Хариу тайлбар дээрээ заавал бид нарын гаргасан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон учраас бид нар дахиж акт гаргах ёстой гэдэг зүйл яриад байгаа юм. 2022 оны 06 дугаар сард батлагдсан журам дээр заавал акт тавих ёстой гээд байгаа юм. Эд нар саналаа шууд явуулах ёстой байсан. Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтаар Маргаан таслах зөвлөлийн шийдвэр эцсийнх байх ёстой. Гол заалт хууль буцаан хэрэглэх ёстой. Одоо байгаа Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг зөвхөн шүүх өөрчлөх зохицуулалттай учраас хариуцагчийн тайлбарлаад байгаа дахин акт үйлдэж байж, Сангийн яам руу явуулах ёстой гэсэн заалт нь үйлчлэхгүй. Маргаан таслах зөвлөлөөс гаргасан 4, 15 дугаар тогтоолуудтай зөрчилдөж байна. Энэ эс үйлдэхүй байгаа учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.4, 15.6, 15.7-д тус тус зааснаар санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналаа бичиг баримтын дагуу хангаж хүргүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ямар ч хууль дүрэм дээр хянан магадлал гарснаас хойш дахин хяналт шалгалт хийгээд явуулна гэсэн зүйл байхгүй байгаа юм.

3.3.7. Татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олон улсын жишигт тодорхой хэмжээнд нийцэж хэрэгжих ёстой. Нөхөн төлөлтийг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хүчин төгөлдөр байгаа улсын байцаагчийн актыг саналын шинжтэй гарсан захиргааны акт биш юм гэж хэлж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 42.1-т заасныг зөрчиж байгаа юм. Хариуцагч 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн бичгийг нотолж тайлбарлаж чадсангүй. Дахиад хүсэлтээ гаргавал дахиж хянах болно гэж яриад байна. Хариуцагчийн ярьж байгаа үндэслэлд Татварын ерөнхий хуулийн 42.1-т заасан үндэслэл огт хамаарахгүй. Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан акт нь хүчин төгөлдөр байна. Энэ актыг ямар ч эрх зүйн актаар хүчингүй болгосон асуудал байхгүй.

3.3.8. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Татварын газраас бидэнд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байдал бидэнд эс үйлдэхүй үзүүлээд ашиг сонирхлыг зөрчөөд 30 хоногийн дотор ямар ч хариу өгдөггүй эс үйлдэхүйг гаргаж байдаг. 2022 оны 02 дугаар сарын 15, 05 дугаар сар, сүүлд 07 дугаар сарын 06-ны өдрийн хариу илүүлээд байгаа нь 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй юм.

3.3.9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар шуурхай, тасралтгүй байх зарчмыг зөрчөөд байгаа юм. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Татварын маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуулийн 47.10-т зааснаар хүчингүй болгох шийдвэр гаргасан. Мөн маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрээр өөрчлөх эрхтэй учраас эцсийн шийдвэрийг хүчингүй болгосон учраас Баянгол дүүргийн татварын байцаагч нарын акт нь хүчин төгөлдөр байгаад байна.

3.3.10. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13, 6.1.14, 6.1.15 гэсэн 2 ойлголт байгаад байна. Нөхөн ногдуулалтын акт нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг баталгаажуулсан акт юм. Нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулсан акт бол Баянгол дүүргийн татварын байцаагч нарын гаргасан акт болно. Энэ манай нөхцөлд үйлчлэх ямар ч боломжгүй манай нөхцөл байдалтай тохирохгүй байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй гэж харагдаж байгаа юм.

3.3.11. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан дээр талууд маргадаггүй. Үүний дагуу харьяа татварын байгууллагад хүсэлтээ гаргаад хүргүүлсэн учраас энд ямар ч процессын алдаа байхгүй. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга байдаг. Маргаан таслах зөвлөлийн өмнөх 2008 оны хуулиа барихаар 04 дүгээр тогтоолоор явж байгаа. Гэтэл энэ яригдаад байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам нь энэ хуулийн төсөлд хамаарахгүйгээр сүүлд батлагдсан журам юм. 2015 онд Сангийн сайдын баталсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан журамд саналаа бичгээр явуулна гэж заасан. Заавал улсын байцаагч акт гаргаж саналаар хүргүүлэх ёсгүй. Манайх хуулийн дагуу хүсэлтээ өгсөн. Хариуцагч нар хуулиа буруугаар тайлбарлаж уншаад улсын байцаагчийн актыг саналыг шинжтэй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө энэ байгууллагын хууль бус эс үйлдэхүйг харуулж байна. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг нь өөрөө хууль бус байна. Хариуцагчийн тайлбараар бидний эрх ашгийг хангахгүй гэж хэлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал гэдгийг нотолж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ДСТ** ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ, 15.1.2-т харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 15.7-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу хийсэн.

3.4.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн албан татварыг буцаан олгох 15 дугаар зүйлд заасны дагуу ДСТ** ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт ирүүлсний дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2013-2017 оныг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2 удаа хийж, өссөн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвараар 1,021,321,499.10 төгрөгийн илүү үлдэгдэлтэйгээр хянан шалгаж актыг үйлдэн баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт Том татвар төлөгчийн газарт /хуучнаар Улсын төсөв орлого хяналтын газар/-т ирүүлсэн.

3.4.2. Том татвар төлөгчийн газарт нь дээрх албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр буюу 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сары 31-ний өдрийг дуусталх хугацааг хамруулан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу татварын хяналт шалгалтыг хийж, татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн хяналт шалгалтыг эцэслэн шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөн ногдуулалтын НӨ-212000000**** тоот акт үйлдсэн.

3.4.3. Хяналт шалгалтаар татвар төлөгчийн Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн ажил үйлчилгээний орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн шийдвэрээр уг зөрчлийн экспорт гэж үзэж, 1,021,321,499.10 төгрөгийн илүү үлдэгдэлтэй болгон ирүүлсэн саналыг хянаж хуулийн үндэслэлгүй буруу байсныг тогтоосноос гадна шалгалтаар 2,147,339,699.15 төгрөгийн зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчилдөө 214,733,969.92 төгрөгийн нөхөн татварын 64,420,190.97 төгрөгийн торгууль, 39,146,445.06 төгрөгийн алданги ногдуулсан.

3.4.4. Татвар төлөгч уг актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авахаас татгалзаж, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасны дагуу актын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 100 сая төгрөгийн төлбөр төлөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулах талаар хариу өгсөн байдаг. Татвар төлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх уг нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн 128/ШЗ2022/1132 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид ДСТ** дараагийн шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 187 тоот тогтоолоор нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгүүлж, эс зөвшөөрвөл дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг тэмдэглэн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

3.4.5. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгч 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/07 тоот албан бичгээр дахин гаргасан гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, 04 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаар шийдвэрлэсэн.

3.4.6. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа татвар төлөгчийн гомдсон нөхөн ногдуулалтын НӨ-212000000**** тоот актыг хэлэлцэхдээ ДСТ** ХХК-ийн гэрээний дагуу хүлээн авсан үйлчилгээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-т заасан экспортын орлого биш, харин 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол улсын хилийн дотор хийгдсэн ажил үйлчилгээ мөн тул хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 10 хувиар албан татвар ногдох нь зөв байна гэж үзсэн боловч татвар төлөгчид татварын албанаас ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/3230 тоот албан бичгийг үндэслэн үйлчилгээний орлогодоо 0 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнаж, төсвөөс буцаан авах буюу илүү төлөлт үүссэн нь татвар төлөгчийн бус татварын албаны буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл болон Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, итгэл үзүүлэх зарчмыг баримтлан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн 15 тоот тогтоол гарган, татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.4.7. Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын Том татвар төлөгчийн газарт ирүүлсэн саналын шинжтэй 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260******* тоот актаарх дүнгээр Сангийн яаманд хүргүүлэх боломжгүй, хуулийн дагуу зөвхөн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын шийдвэрийг үндэслэн Сангийн яамнаас буцаан олголт хийгддэг хуулийн зохицуулалттай.

3.4.8. Өөрөөр хэлбэл Том татвар төлөгчийн газар нь татвар төлөгчийн хүсэлтийн дагуу тус хяналт шалгалтыг хуулийн дагуу эцэслэн хийж, тайлангийн дутуу төлөлт дээр нэмж 214,733,96.92 төгрөгийн нөхөн татварыг 64,420,190.97 төгрөгийн торгууль, 39,146,445.06 төгрөгийн алдангийн хамт төлөхөөр НӨ-212000000**** тоот актаар тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүчингүй болгосноор уг татвар төлөгч төсвөөс буцаан авах татваргүй харин ч улсад төлөх ёстой татварыг төлөхөөргүй шийдвэрлэснээр тухайн татварын харилцаа дуусгавар болсон, татвар төлөгчийн хууль ёсны ашгийг хөндөөгүй эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.

3.4.9. ДСТ** ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар төсвөөс буцаан авах үлдэгдэлгүй, 73,409,279.90 төгрөгийн дутуу төлөлттэй байсан ба одоо дутуу төлөлттэй үлдэгдэл хэвээрээ байгаа болно.

3.4.10. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...ДСТ** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаарх үндэслэл тодорхойлогдох ёстой. Гэтэл хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Том татвар төлөгчийн газар бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн илүү төлсөн татварыг төсвөөс буцаан олгогддог эрх бүхий субъект бол мөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу Том татвар төлөгчийн газар байна. Энэ харилцаа бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг дээр албан татварыг буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Дээрх хуулийн 15.1.1-д албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ гэж заасан.

3.5.1. Баянгол дүүргийн Татварын хэлтэст илүү төлөлттэй байх гол үндэслэл нь юу байх уу гэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар илүү төлөлт баталгаажсан байх, илүү төлөлттэй байх зэргийг тодорхойлж байгаа юм. Тэгэхээр Дорнийн сайхан тал ХХК-ийн тухайд татварын албаны бүртгэл тооцооллын цахим сан буюу тухайн компанийн татвар ногдуулалттай холбоотой эцсийн тооцоо ямар байгаа вэ гэхээр 73,409, 279.90 төгрөгийн дутуу төлөлт буюу илүү төлөлт байхгүй байгаа юм.

3.5.2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нарын илүү төлөлт гэж баталгаажуулаад ирүүлээд байгаа нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах акт нь саналын шинжтэй. Захиргааны акт болох эрх зүйн үндэслэл бол байхгүй. Шууд энэ саналыг гаргаснаар хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөх ямар нэгэн байдлаар зөрчигдөх асуудал үүсэхгүй. Яагаад гэвэл энэ нь өөрөө захиргааны акт биш учраас энэ саналын дагуу татвар төлөгчийн хувьд шууд харилцаа үүсэхгүй гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасны дагуу харьяалах татварын алба нь илүү төлөлтийг баталгаажуулаад татварыг буцаан олгуулах саналаа төрийн захиргааны байгууллага буюу Том татвар төлөгчийн газарт ирүүлнэ гэж тодорхойлон заасан.

3.5.3. Энэ нь саналын шинжтэй акт болохыг хуулиар заагаад өгсөн учраас Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нарын хоёр удаагийн акт саналаар илүү төлөлтийн асуудлыг шийдэгдэхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн саналыг хууль тогтоомжийн хүрээнд дахин хяналт шалгалт хийгээд захиргааны актыг Том татварын төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын газрын баталгаажуулалтын хэлтэс гаргаж байгаа юм.

3.5.4. ДСТ** ХХК-ийн хувьд илүү төлсөн татвар байхгүй учраас Баянгол дүүргийн Татварын байцаагч нар хууль буруу хэрэглээд зөвтгөсөн зүйл байхгүй. Манай татварын улсын байцаагч Б.У******* шалгахдаа харин ч татварын илүү төлөлт байхгүй, дутуу төлөлттэй байгааг хянаж үзсэн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тоот гарган нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байдаг. Нөхөн ногдуулалтын актыг манайхаас авч үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн улсын байцаагч нарын ирүүлсэн саналыг шалгаад нягтлаад эцэслэн шийдвэрлэсэн бол захиргааны акт болно.

3.5.5. Маргаан таслах зөвлөлийн тогтоолд илүү төлөлт байхгүй байна гэдгийг тодорхой дурдсан. Албан бичиг ирүүлснээр татвар төлөгчид итгэл үнэмшил үзүүлсэн байна. Үндсэндээ албан бичгээр татварыг бууруулах хасах үйлдлийг Татварын маргаан таслах зөвлөлөөс гаргасан байдаг. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 9 дүгээр хуудсанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар экспортын орлого бол биш, харин 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол Улсын хилийн дотор хийгдсэн ажил үйлчилгээ гэж үзнэ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу албан татвар ногдуулсан нь зөв байна гээд Маргаан таслах зөвлөл дүгнэсэн байгаа юм.

3.5.6. Гэтэл зөвхөн албан бичиг үндэслээд бусад төлөх ёстой татварыг үндэслээд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэгэнт эрх бүхий байгууллагын хүчингүй болгосон юм болов уу. Нэгэнт татварыг хүчингүй болгуулах, олгохтой холбоотой харилцаа бол зөвхөн Татварын хуулиар зохицуулагдана. Буруу зөрүү албан бичиг өгснөөс болоод улсад төлөх ёстой татварыг төлөхгүй байх, илүү төлөлт үүсгэх нөхцөл байдал хуулиар хориглогдсон байдаг. Ийм учраас хүчингүй болгоход ч гэсэн Татварын хууль тогтоомжийн хүчингүй болгох заалт бол тодорхойлогдох ёстой байсан.

3.5.7. ДСТ** ХХК-тай нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нөхөн төлөлтийн харилцаа бүүр дуусгавар болчихсон. Өнөөдөр илүү төлөлттэй холбоотой харилцаа бүүр дуусгавар болсон. Илүү төлөлт байхгүй дутуу төлөлт байхгүй. Татварын тайлангаар өнөөдрийн байдлаар 74 сая төгрөгийн дутуу төлөлттэй байгаа юм. Хэрэв татварын дутуу төлөлттэй шүүхэд маргаан үүсгэж байсан бол татварын тооцоолол дээр байх ёстой. Албан бичгийг болон тогтоолыг хүчингүй болгуулахаар яригдаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүйтэй холбоотой харилцаа үүсээгүй.

3.5.8. ДСТ** ХХК-ийн гаргасан гомдлыг Татварын алба нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн. Энэ бичгийг хүчингүй болгуулах асуудал яригдаж байна. Энэ бичгээр танай эрх ашгийг хөндсөн асуудал бол агуулагдаагүй. Яагаад гэвэл нэмэгдсэн өртгийн албан татварын харилцаа дууссан. Шалгалт хийхэд асуудал байхгүй болсон. Нөхөн ногдуулалтын актаар оногдуулсан дутуу төлөлтийн асуудал ч байхгүй дуусгавар болсон нөхцөлд танай асуудал хөндөгдсөн харилцаа яригдахгүй, хуулийн зохицуулалттай уялдаатай эс үйлдэхүйтэй холбоотой харилцаа үүсээгүй байгаа юм.

3.5.9. Цаашид ч гэсэн үүсэхгүй гэж үзэж байна. Энэ албан бичиг нь танайд үүрэг болгосон захирамжилсан шинжийг бол агуулаагүй. Хуулийг дээдлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, төрийн албан хаагч хуулийн хүрээнд шийдвэр гаргах үүрэг хүлээж байдаг. Энэ бичгийг хүчинтэй хүчингүй болгосноос үл хамаараад танай эрх ашигт нөлөөлөхгүй. Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн саналыг хянаад Том татвар төлөгчийн газар илүү төлөлт байхгүй дутуу төлөлттэй байна гэдэг нөхөн ногдуулалтын акт гаргасныг маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулсан нь зөв байна гэж үзсэн. Албан бичиг хүргүүлсэн учраас үүнийг хүчингүй болгох нь ямар нэгэн хууль тогтоомжид заасан үндэслэлгүйгээр болгоод энэ шийдвэр хүчин төгөлдөр болцон байгаа юм. Ийм учраас Сангийн яаманд хүргүүлэх нөхцөл ч байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлд юу тусгасан байх, үндэслэл шаардлага тавигддаг тэр процессын асуудал.

3.5.10. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй гэж юуг хэлдэг вэ гэж заасан тодорхойлолт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зүйл заалтуудтай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэл шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэл бий болж байна гэж үзэж байна. Улсаас татварыг буцаан авах шаардлага үндэслэлгүй байна. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрт гомдол гаргаж үүсээд явах боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.5.11. Татварын ерөнхий хуульд татварын харилцааг маш тодорхой нарийвчлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ. гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан улсын төсвөөс буцаан олгох татвартай холбоотой харилцааг маш тодорхой заасан. Энэ хуулийн заалтын дагуу процесс ажиллагаа хийгдээд дууссан.

3.5.12. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй: гэж заасан. Хуулийн зүйл заалтуудаар зохицуулагдах ёстой байтал ямарваа нэгэн албан бичгээр хуулийг гуйвуулаад хуулиас давуу үйлчлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг чухалчлан хэлмээр байна.

3.5.13. Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа зарчмуудыг баримталдаг. Тодорхой байх, шударга байх гэдэг зарчмыг бүх татвар төлөгчид биелүүлж байх ёстой. Татварын алба хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх үүднээс эрх тэгш шударга хандах ёстой. Хуульд зааснаар арай өөр байдлаар бичиг өгөөд улсын төсвөөс илүү татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Зөвхөн хуульд зааснаар процесс ажиллагааг хийсэн.

3.5.14. Маргаан таслах зөвлөл шийдвэртээ энэ компанийг 0 хувь үйлчлэхгүй байна, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан байна гэдгийг нотлоод бичсэн байдаг. Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нар хуулийг буруу хэрэглээд улсын төсвөөс их хэмжээний татварыг буцаах санал гаргажээ. Энэ гаргасан саналыг дагуу Том татвар төлөгчийн газар хянаж шалгаад аливаа нэг баримт бичгээр баталгаажих ёстой. Том татвар төлөгчийн газар ганцхан нөхөн ногдуулалтын акт гаргах юм биш.

3.5.15. Хэрэв танай дээр илүү төлөлт байхгүй, улсад төлөлт төлөх ёстой зөрчил гарсан тохиолдолд нөхөн ногдуулалтын акт гаргана. Татварын илүү төлөлттэй холбоотойгоор баримт бичгийн бүрдэл хүртэл өөр өөр байдаг. Татварын нөхөн ногдуулалтын актыг маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон учраас энэ нөхөн ногдуулалтын акттай холбоотой процессын асуудал ярихгүй. Шүүх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг өөрчлөх эрхтэй гэж яриад байна. Маргаан таслах зөвлөлөөс өнөөдөр нэг л удаа шийдвэр гаргажээ. Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон байна. Үүнийг сэргээ гээд байгаа юм уу нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна. Хуульд тодорхой заасан байхад өөр байдлаар хэрэгжүүлэх нь эрхээ хэтрүүлэх асуудал байдаг учраас бид нар ийм байдлаар хуулийг албан бичгээр буцаан авах харилцааг үгүйсгээгүй гэдгийг хэлмээр байна.

3.5.16. Манай даргын явуулсан албан бичгээр танай асуудлыг хөндсөн асуудал бол байхгүй. Ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаас хамаараад ерөнхий бичиж дурдаж өгсөн байдаг. Энэ албан бичгүүдийг зөв ойлгож тайлбарлах ёстой байх. Өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх нь нэр бүхий албан тушаалтан хэн хариуцлага алдсан бэ гэх нь тусдаа асуудал байх. Бид хүсэлтийг 90 хоногт шийдвэрлэх ёстой байдаг. Ямар нэгэн эс үйлдэхүй гаргаж шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй учраас аль ч талаараа эс үйлдэхүйн асуудлыг ярих ёсгүй.

3.5.17. Төлсөн татварыг танайх хууль бусаар төсвөөс буцаан авах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Бусдын төлсөн татварын аж ахуй нэгж буцаан авах эрх зүйн үндэслэл байхгүй. Танай асуудлыг шийдвэрлэсэн нь Маргаан таслах зөвлөлд илүү төлөх ёстой байна гэдгийг тодорхой заагаад өгсөн. Хуулийг буруу байдлаар тайлбарлаад, үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тайлбарлаад улсын төсвөөс буцаан олгох үндэслэл байхгүй. Хууль журмын дагуу шийдвэр гаргаад явсан. Нэхэмжлэгчийн аль ч эрх ашгийг хөндсөн зүйл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5.18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх бол арай өөр онцлогтой байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөөр илүү төлөлт гарсан бол тухайн татвар төлөгч нь илүү төлсөн татвараа буцааж авах тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу процесс ажиллагаа хийгдээд хяналт хийгдээд буцаан олгох дүнг Сангийн яаманд хүргэгдэх заалттай байдаг. Энэ ажиллагааг хийх ажлыг Том татварын төлөгчийн газар шалгасан. Шалгахдаа тухайн татвар төлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойш 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүхэлд хянан шалгаад үзсэн. Энэ шалгалтын шийдвэр яаж гарсан гэхээр тухайн татвар төлөгч нь тайлангаар 73 сая төгрөгийн дутуу, төсвөөс буцааж авах магадлалтай байна гэдэг саналыг хэлээд процесс ажиллагааг хангаад манайд ирүүлсэн. Үүнийг бид эцэслэн шийдвэр гаргасан. Шийдвэр гаргахдаа тухайн татвар төлөгч нь тайлангаар 73 сая төгрөгийн дутуу төлөлттэй байна, илүү төлөлт үүсгэсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна, энэ экспортын орлого биш байна.

3.5.19. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 10 хувиар орлогоо төлөх ёстой байсан зэрэг шалгаж үзээд 73 сая төгрөг дээр нэмээд 240 сая төгрөгийн ногдол үүсээд нийтдээ 315 сая төгрөгийг төсөвт төлөхөөр байна гэдгийг тогтоож, нөхөн ногдуулалтын акт гаргасан. Нөхөн ногдуулалтын акт гэдэг нь тухайн татвар төлөгчдөөс улсад нэмж төлбөр төлөхөөр гардаг акт. Том татвар төлөгчийн газраас хянаж шалгасан шалгалтаар илүү төлөлттэй төсвөөс буцааж авахаар хүсэлт өгөхөд бид нар дутуу төлөлтийн талаар тогтоож хянасан юм. Ингээд Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс актыг хүчингүй болгосон. Тухайн татвар төлөгч нь улсаас илүү төлөлт авах үндэслэл байхгүй. Татварын илүү төлөлт гаргуулах харилцааг шалгаад илүү төлөлтийг авах ёсгүй, энэ харилцаа аль хэдий дуусгавар болсон байгаа. Татвар төлөгч нь албан тоотоор татварын албанд хандсан. Илүү төлөлт байхгүй учраас Сангийн яам руу хүргүүлэх үндэслэл бүрдэхгүй. Том татварын төлөгчийн газрын акт нь эцэслэн шийдвэрлэсэн захиргааны акт мөн. Бид 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх татварт хянаж шалгасан" гэжээ.

3.5.20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Баянгол дүүргийн байцаагч нарын гаргасан актыг үндэслэлгүй байна гэдэг утгаар хүчингүй болгоод 315 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу баталгаажуулна. Үүнээс гадна тусгай журмын 4.6-д заасны дагуу ДСТ** ХХК-ийн хувьд илүү төлөлтийг буцаан авах баталгаажуулсан акт үйлдээгүй, нөхөн ногдуулсан акт үйлдсэн. Энэ акт нь маргаан таслах зөвлөлөөр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн актаар буцааж авах үлдэгдэлтэй гэж нэхэмжлэгч талаас Х******* д байгаа юм. Баянгол дүүргийн татварын байцаагчийн акт бол захиргааны актын шинжийг агуулаагүй, саналын шинжтэй болохыг нотолсон өмнө нь Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний 328 дугаар хуралдааны тогтоолоор баталгаажсан шийдвэр гарсан байдаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч ДСТ** ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн авахаас татгалзаж /шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.3-т дурдсан/, үлдэх шаардлага /шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.1-т дурдсан/-ыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчээс ...Маргаан таслах зөвлөлөөс нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон тул Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нарын акт хэвээр үлдсэн тул түүнийг хэрэгжүүлж илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгуулах саналыг явуулахгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... гэж, хариуцагчаас ...маргаан таслах зөвлөлийн тогтоол гарч нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах харилцаа дуусгавар болсон, ...хуульд заасан шаардлага, процессыг зөрчиж их хэмжээний татварыг төсвөөс буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлэх боломжгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Л.Н******* , Т.С******* нарын 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 260011**** тоот актаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж нэхэмжлэгчийн төсвөөс буцаан авах илүү төлөлтийн дүнг 1,094,983,684,80 төгрөг байхаар(хавтаст хэргийн 22-72, 110 дахь тал), мөн дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260******* тоот актаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж нэхэмжлэгчийн төсвөөс буцаан авах илүү төлөлтийн дүнг 1,021,321,449.2 төгрөг байхаар дүнд өөрчлөлт оруулан баталгаажуулалтын (хавтаст хэргийн 8-14, 111 дэх тал) саналыг дүүргийн татварын хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/2071 албан бичгээр Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газарт /хуучин нэрээр/ хүргүүлсэн байна(хавтаст хэргийн 109-111,192-195 дахь талд).
  4. Энэхүү саналыг Том татвар төлөгчийн газраас шалгалтыг хийж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-212000000**** дугаартай Нөхөн ногдуулалтын акт гарган 1,336,972,889.12 төгрөгийн нөхөн татвар, 64,420,190.97 төгрөгийн торгууль, 39,146,445.06 төгрөгийн алданги, нийт 1,440,539,525.15 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна(хавтаст хэргийн 112-124 дэх тал).
  5. Энэхүү нөхөн ногдуулалтын актын гол үндэслэл нь ...Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд экспортын 0 хувьтай борлуулалтаар тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүхий төрлийн бараа ажил, үйлчилгээ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
  6. Нэхэмжлэгч ДСТ** ХХК нь дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сард гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор ...ДСТ** ХХК-ийн аливаа бараа, ажил, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, хийж гүйцэтгэсэн тохиолдолд тэдгээрийг экспортод гаргасан гэж үзэж 0 хувь хэрэглэхээргүй байна..., ...Гагцхүү энэ тохиолдолд ...захиргааны байгууллага нь удаа дараагийн үйл ажиллагаагаар албан бичиг хүргүүлж экспортын 0 хэрэглэх агуулга илэрхийлснээс үүдэж ДСТ** ХХК-д итгэл үүсгэсэн тул түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байх тул түүнд итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзэн... нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна (хавтаст хэргийн 128-133, 198-208 дахь тал).
  7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно, 15.1.1-д ...буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт...харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ, 15.1.2-д харьяалах татварын алба ...хүсэлтийг хүлээн авснаас хойш ...хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ, 15.7-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох үйл ажиллагаа нь татвар төлөгчийн хүсэлт, түүнийг хянаж баталгаажуулсан харьяалах татварын байцаагчийн саналыг үндэслэн хийгдэх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн актаар эцэслэн баталгаажихаар зохицуулагдсан байна.
  8. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260******* тоот акт нь дээрх хуульд заасан саналын шинжтэй баримт бичиг бөгөөд үүнийг хариуцагч Том татвар төлөгчийн газраас заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байхад хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
  9. Тодруулбал, хуульд зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс өөрсдийн баталгаажуулсан саналыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/2071 албан бичгээр Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газарт /хуучин нэрээр/ ирүүлснийг Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгчид буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийх хяналт шалгалтыг хийх явцдаа ...10 хувийн татвар ногдох ажил, үйлчилгээнд экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээ гэж үзэн татварын 0 хувь хэрэглэсэн... гэх зөрчил илрүүлж нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн.
  10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн санал нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын актаар буцаан олгох татварын хэмжээ нь эцсийн байдлаар тодорхойлогдон баталгаажаагүй, харин ч эсрэгээрээ татвар төлөх ёстой гэсэн акт гарсан нь тодорхой байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
  11. Харин нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг түүний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, төрийн захиргааны байгууллагын удаа дараагийн үйлдлээс шалтгаалан татвар ногдох ажил, үйлчилгээнд татварын 0 хувь хэрэглэн татвар ногдох орлогоо тайлагнасан гэж үзэн хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн 2012 оны 08 дугаар сарын 01-ээс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах, буцаан олгохтой холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон байна.
  12. Иймд нэхэмжлэгчээс гаргасан эхний 2 шаардлага болох Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч ДСТ** ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  13. Харин сүүлд нэмэгдүүлсэн шаардлага болох Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд тухайн тодорхойлсон албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хамгаалагдах, эргэн сэргэх үр дагаврыг үүсгэхээргүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг үндэслэн тухайн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А******* , Ц.Б******* нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260******* тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч ДСТ** ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох сүүлд нэмэгдүүлсэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ