Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01020

 

 “Т Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00619 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б Г” ХХК-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 291 540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Т Н” СӨХ-ийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Н” СӨХ нь 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ХД-36А байрны 111 тоотын 136.04 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгч “Б Г” ХХК нь 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх 24 сарын төлбөр нийт 1 291 540 төгрөгийг төлөөгүй, түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Хариуцагч байгууллага тухайн орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллуулж байгаа учраас үйлдвэрлэл үйлчилгээ, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж компани нь оршин суугчидтай адилхан дундын өмчлөлийн засвар, үйлчилгээг ижил тарифаар төлөх нь зохимжгүй учраас 1 м.кв талбайгаас авдаг 200 төгрөгийг 300-500 төгрөгийн хэлбэлзэлтэй, ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан авахаар бүх гишүүдийн хурлаас тогтоож өгсөн. Тиймээс төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд “Б Г” ХХК-иас 1 291 540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Г” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ХД-36А байрны 111 тоотын 136.04 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн засвар, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг төлж байсан. Гэтэл “Т Н” СӨХ нь 2017 оны 4 дүгээр сараас төлбөрийг үндэслэлгүйгээр төлбөрийг нэг дахин нэмэгдүүлсэн үндэслэлээ тайлбарлаж, шийдвэрээ танилцуулаагүй. Манайх анхны тариф болох сарын 33 098 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй. Харуул хамгаалалтын зардлыг манайх хариуцахгүй гэж мэдэгдэж байсан атлаа сар болгоны төлбөр дээр харуул, хамгаалалтын төлбөр нэмдэг байсан. Манай өмчлөлийн орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг анхны тогтоосон тариф болох 33 098 төгрөгөөр тооцож 813 792 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Г ХХК-иас 814 342 /найман зуун арван дөрвөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т Н СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 477 198 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24 094 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Н СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд, бодит талаас нь үнэлж дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар манай байгууллагыг хууль эрх зүйн туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулах эрхээр хангаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие хүсэлтээ хэлсэн боловч шүүх хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Т Н” СӨХ нь хариуцагч “Б Г” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1 291 540 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т Н хотхоны 36А байрны 111 тоот, 136.04 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Б Г” ХХК байх бөгөөд хариуцагч “Б Г” ХХК дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055303 дугаартай гэрчилгээ, талуудын тайлбар, нэхэмжлэгч байгууллагын гаргасан төлбөрийн задаргаагаар тогтоогдож байна. / хэргийн 5-6, 45, 54 дүгээр тал/

Дээрх төлбөрийн дүн, түүнийг төлөөгүй талаар хариуцагч маргаагүй бөгөөд 1 м.кв талбайн  сарын төлбөрийг 33 908 төгрөгөөр тооцвол төлбөрийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэснээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч “Б Г” ХХК-иас дээрх зардлыг шаардах эрхтэй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж зааснаар нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний засварыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй. Гэвч хариуцагч Б Г ХХК нь  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т Н хотхоны 36А байрны 111 тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмээр сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг тогтоох бөгөөд дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.2, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч “Т Н” СӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б Г” ХХК-иас 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сарын 200 төгрөгөөр тооцон 814 342 төгрөгийг гаргуулж “Т Н” СӨХ-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Б Г” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатад 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр /хэргийн 77 дугаар тал/ олгосон байхад тэрээр өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА