Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2017/00973/И |
Дугаар | 183/ШШ2017/02024 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Төрийн өмчлөлийн хувьцаа ноогдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2017/02024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
720 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.ын Г., Б.Э******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “*******” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, “*******” ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Э*******ын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******, хариуцагч Г., түүний өмгөөлөгч Э.Х*******/ШТҮД-2390/, гэрч Ц.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь анх 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, 11 сард нь 3 үүсгэн байгуулагч шинээр нэмэгдэж, тус компанийн хувьцааны 55 хувийг Ц******* овогтой У*******, 15 хувийг Н******* овогтой Э*******, 15 хувийг Ванжилдорж овогтой Лувсанчүлтэм болон үлдэх 15 хувийг баатар овогтой Э******* гэсэн 4 хувьцаа эзэмшигч хуваан эзэмших болсон. Шинээр нэмэгдсэн үүсгэн байгуулагчдын нэг нь Б.Э******* би “*******” ХХК-ийн хувьцааны 15 хувийг эзэмших болсон юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш компани нь дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж өөрийн 100 хувийн эзэмшлийн охин компаниудаар дамжуулан хөрөнгө оруулалт, Банк бус санхүүгийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл болон барилгын зураг төсөл боловсруулах гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд: “*******” ХХК нь “Н” ХХК, ”Ю******* холдинг” ХХК, түүний охин компани болох “А” ХХК, “С” ХХК, түүний охин компани болох “Си И Си Инвестмент ББСБ” ХХК, ГУМ ХХК-иудын 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсан өдрийн байдлаар таван тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. “Н” ХХК нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 21.6 га газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүхий 3000 айлын орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих төслийг 2015 оны 4 дүгээр сард эхлүүлсэн, эхний 120 айлын орон сууц ашиглалтад орсон ба нийт 3 үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар хэрэгжиж байгаа. Миний хувьд 2011-2016 онд “*******” ХХК-ийн дэд захирал бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирлаар, 2012-2016 онд “Н” ХХК-ийн маркетингийн хэлтсийн захирлаар, 2012-2014 онд “ГУМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2014-2016 онд “Си И Си Инвестмент” ББСБ-ын ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.У*******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүний үеэл ах болох Г.од “*******” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцааг худалдахаар болж, хувьцаа худалдах худалдан авах гэрээг эрх шилжүүлэх гэрээний хамт хийж, нотариатаар батлуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 600 000 000 төгрөг буюу компанийн дүрмийн дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг өөрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар болсон ба энэхүү үнэлгээ нь тухайн үеийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 4 тэрбум төгрөг болон өсч, үүний 15 хувийн үнэлгээ байсан болно. Гэтэл хувьцаа худалдан авагч буюу хариуцагч тал өнөөдрийг хүртэл хувьцааны үнэ болох 600,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд, хувьцааны үнийг Г. болон Ц.У******* нараас удаа дараа шаардахад “төлнө” гэсэн тайлбар хэлсээр өнөөдрийг хүрсэн. Хувьцааны үнийг төлөлгүй удаасаар 16 сар болж байна. Иймд хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ болох 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг 16 сарын хугацааны банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцсон дүн болох 720 600 000 төгрөгийг хариуцагч Г.оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Би “Юнайтед прожект корпорэйшн” ХХК-ийн охин компани болох “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.У******* болон үйл ажиллагаа, маркетинг борлуулалт эрхэлсэн захирап Б.Э*******тай уулзаж тэдний санал болгосны дагуу 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “КҮНР” компанид борлуулалт, маркетингийн зөвлөхөөр ажиллах болсон. “UРС” компанийн хөрөнгө оруулагчид болох иргэн Ц.У*******, иргэн Б.Э*******, иргэн Н.Э******* нар хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийнхөө эзэмщдэг “UРС”компанийн бүх хувьцааг тус компанид зөвлөх ажилтай миний нэр дээр түр шилжүүлэх, тодорхой хугацааны дараа бүрэн бүтнээр нь нэр тус бүр дээрээ буцаан авах санал тавьсан. Миний бие уг саналыг хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.У*******ын 70 хувийн хувьцаа болох 2 800 000 ширхэг хувьцааг хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу, иргэн Б.Э*******ын 15 хувийн 600 000 ширхэг хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу, иргэн Н.Э*******ийн компанийн 15 хувийн 600 000 ширхэг хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу тус тус нэг өдөр гурван иргэнээс 4 000 000 ширхэг хувьцааг өөрийн нэр дээр түр шилжүүлэн авч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Иргэн Ц.У*******, иргэн Б.Э*******, иргэн Н.Э******* нартай тус бүр худалдах, худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч тус гэрээнд заасан үүрэг болох Б.Э*******т хувьцааны төлбөр болох 600 сая төгрөг төлөх, Н.Э*******т 600 сая төгрөг төлөх, Ц.У*******т 2 тэрбум 800 сая төгрөг төлөх ямар нэгэн хүсэл сонирхол байгаагүй. Мөн түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Э*******, иргэн Н.Э******* нар хүсэлт гарган хувьцааныхаа эрхийг шилжүүлэн өгсөн хэдий ч өөрсдийгөө жинхэнэ өмчлөгч /бенефициар/ болохыг нотлох баталгааг надаар гарын үсэг зуруулан 2015 оны 12 дугаар сарын 01-нд авсан байдаг. Дээрх хөрөнгө оруулагчид нь компанийн бүх хувьцааг нэг хүний нэр дээр түр шилжүүлэх болсон шалтгаанаа надад тайлбарлахдаа нэр бүхий хувьцаа эзэмшигчид гадаадад байнга томилолтоор ажиллаж эзгүй байх хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, зарим томилгоо болон охин компаниудын бүртгэлтэй холбоотой аливаа нэг шийдвэрийг цаг алдалгүй гаргах шаардлага байгаа гэж надад итгэл хүлээлгэн “UРС” компанийн хувьцааг шилжүүлсэн байдаг. Компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигчид болох иргэн Ц.У*******, иргэн Н.Э******* нар анх хэлэлцэж тохиролцсны дагуу хувьцааныхаа эрхээ буцаан шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа 2017 оны 3 дугаар сард надад мэдэгдсэн ба миний бие үүнд татгалзах зүйлгүй бэлэн гэсэн хариуг тэдэнд өгсөн. Харин гуравдахь жинхэнэ хувьцаа эзэмшигч болох иргэн Б.Э******* хувьцааньхаа эрхийг сэргээх хүсэлтээ илэрхийлээгүй ба өмгөөлөгч гэх этгээдээр дамжуулан хувьцаагаа буцаан авах хүсэлгүй, харин мөнгө авах сонирхолтой байгаагаа надад 2017 оны 3 дугаар сард илэрхийлсэн. Миний бие дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 1. Миний бие “UPC” ХХК-ийн хувьцааг худалдан авч өөрийн болгох сэдэл, эрмэлзэл байгаагүй ба тухайн уед хөрөнгө оруулагчдад тулгамждсан асуудлыг нь шийдэхэд зөвхөн туслах зорилготой байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Э******* нь анхны тохироогоо үгүйсгэж, хувьцаагаа худалдсан хуулийн дагуу худалдсан мэтээр 600 000 000 төгрөг надаас нэхэмжилж байгаа нь хүнд хэцүү үед нь тусалсан сайхан сэтгэлийг минь ашиглаж жинхэнэ хувьцаа эзэмшигч болох иргэн Ц.У*******тай тооцоо бодох, мөнгө олох гэсэн явуургүй арга гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. болон Б.Э******* нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “*******” ХХК-ийн “Хувьцааг худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжуүлэх гэрээ”-г тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэл хийлгэсэн байдаг. Гэвч эдгээр “Хувьцааг худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь дараах шинж тэмдэг, нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдно. Үүнд: “*******” ХХК-ийн хувьцааны 70 хувийг Ц*******ын У*******, 15 хувийг баатарын Э*******, 15 хувийг Н*******н Э******* нар эзэмшиж байсан бөгөөд тус 3 хувьцаа эзэмшигч нь нэр бүхий хувьцаа эзэмшигчид гадаадад байнга томилолтоор явж, эзгүй байх хугацаанд компанийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой явуулах, охин компаниудын бүртгэлтэй холбоотой аливаа нэг шийдвэрийг цаг алдалгүй гаргах шаардлага байсан гэж хамтдаа харилцан тохиролцож өөрсдийн эзэмшлийн хувьцааг Гын ын нэр дээр түр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нөгөө талаас Г. нь тус 3 хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувьцааг өөрийн нэр дээр түр хугацаанд хадгалахаар зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу 3 хувьцаа эзэмшигчид “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Г.ын нэр дээр шилжүүлэн хадгалах, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн газарт бүртгэл хийлгэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/022 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигчид нь тус бүрдээ хувьцааг худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Г.той байгуулан нотариатаар баталгаажуулсан байдаг. Хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсний дараа Б.Э******* нь баталгаа гэх бичгийг үйлдэн Г.ын гарын үсгийг зуруулж авсан. Тус баталгаанд “Гын нь ... баатарын Э*******ын өмчлөлд байгаа “*******” ХХК-ийн 15 хувийн энгийн хувьцаа болох нэг бүр нь 1,000 нэрлэсэн үнэ бүхий 600,000 ширхэг хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авсан ч энэхүү шилжүүлэн авсан нийт хувьцааны жинхэнэ өмчлөгч нь баатарын Э******* болохыг үүгээр зөвшөөрч, баталгаажуулж байна ...” гэсэн үг үсэгнээс харахад талуудын хооронд байгуулсан гэрээний үр дагавар тодорхой харагдаж байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Г. болон Б.Э******* нарын хооронд байгуулсан “Хувьцааг худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үр дагавар буюу үр дүнг гэрээний талууд нь анхнаасаа хүсээгүй, өөрөөр хэлбэл нэг талаас Г. нь “*******” ХХК-ийн 15 хувийн хувьцааг худалдан авах, нөгөө талаас Б.Э******* нь өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцааг худалдах хүсэл зориг байгаагүй. Хэдийгээр Г. нь “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч боловч тус хувьцааны жинхэнэ өмчлөгчид болох Ц.У*******, Б.Э*******, Н.Э******* нарын зөшөөрөлгүйгээр “*******” ХХК-ийн ямар нэг хувьцааг гуравдагч этгээдэд худалдах, бэлэглэх, захиран зарцуулах ямар ч эрхгүй болно. Харин жинхэнэ өмчлөгчдийн шаардснаар тэдгээрийн нэр дээр буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд Г. нь Б.Э*******ын шаардснаар хэдийд ч түүний эзэмшлийн 15 хувийн хувьцааг бүрэн бүтнээр нь буцаан шилжүүлэх боломжтой юм. Гэрээний талууд харилцан тохиролцож бодит бус илэрхийллийг эрх зүйн орчинд болгох зорилготойгоор тус гэрээнүүдийг байгуулсан байдаг болохоос биш гэрээнд заасан хувьцааг Г. өөрийн өмчлөлд авч, ашиг хүртэх, гэрээнд заасан төлбөрийг төлөх гэсэн санаа, зорилгогүй байсан тул Г., Б.Э******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Хувьцааг худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22 -ны өдрийн 17 дугаар тогтоолд “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж тайлбарласны дагуу “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” болох нь тогтоогдож байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Г. болон Б.Э******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “*******” ХХК-ийн “Хувьцааг худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, “*******” ХХК-ийн 15 хувийн хувьцааг Э*******ын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* нь сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г. болон Б.Э******* нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “*******” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж, ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийлэл ойлгомжтойгоор, тодорхой байдлаар, хоёрдмол утга санаагүйгээр нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 600 000 ширхэг, 600 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэг талаас худалдах, нөгөө талаас худалдан авах санал гаргаж гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаж, Б.Э******* нь өөрийн өмчлөлийн 15 хувийн хувьцааг шилжүүлэх, хувьцааны үнийг шаардах эрх, Г.од хувьцааг шилжүүлэн авахыг шаардах эрх, хувьцааны үнийг төлөх үүргийн харилцаа бий болсон байна. Үүргийн харилцааг бий болгоход Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн буюу талууд хуулиар эрх үүрэг хүлээх, хүсэл зориг, эрмэлзэлгүй байх нөхцөл байдал байхгүй нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс харагдана. Хүчин төгөлдөр өмч шилжүүлэх гэрээний үндсэн дээр өмч шилжсэн талаар хүчин төгөлдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 15 хувийн хувьцааг шилжүүлэх өмчийн хэлцэл ч мөн хүчин төгөлдөр хийгдсэн байна. Үүргийн эрх зүйн гэрээгээр талуудад шаардах эрхийг үүсгэдэг бол өмчийн хэлцлээр бодитойгоор өмч шилжиж байдаг. Талууд хувьцаа худалдах худалдан авах гэрээнд үндэслэн “*******” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг мөн хийж, хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүргүүлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэх шаардлагыг хангаж өмчийн хэлцлийг хийсэн байна. Хэрэв сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа шиг дүр үзүүлсэн хэлцэл хийсэн бол талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээ болон хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхгүй байх байсан. Дүгнэж хэлбэл өмчийн хэлцэл хийснээрээ талууд хуулиар эрх үүрэг хүлээх, хүсэл зориг, эрмэлзэлтэй байгааг харуулж байгаа юм. Үүргийн хэлцэл болон өмчийн хэлцлийг хуульд заасан шаардлага хангаж, талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж, өөрт үүсч буй эрх, үүргээ хангалттай хүлээн зөвшөөрч хийсэн болох нь талуудын хийсэн үүргийн хэлцэл, өмчийн хэлцлээс харагдаж байна. Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс уг гэрээг дүр үзүүлж хийгээгүй болох талаарх хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тусгаж өгсөн байдаг. Тухайлбал: Гэрээний 3.1-д тодорхой болзол тавьж хийсэн байгаа юм. Үүнд: ******* ХХК-ийн охин компани болох “Н” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн барилга угсралтын ажил эхэлсэн байх, “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн борлуулалтын ажил эхэлсэн байх” зэрэг болзлуудыг хангасан тохиолдолд хувьцааг гэрээний дагуу шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Хэрэв дүр үзүүлэн хийсэн хэлцэл бол гэрээнд ямар нэгэн болзол заах шаардлагагүй юм. Мөн гэрээний 5.2 дугаар зүйлд талууд хувьцааг бүрэн шилжүүлж авах, үүнтэй холбоотой ямар нэгэн ирээдүйд болон одоо үүсэх эрхийн доголдолгүй болох талаар, хэрэв шилжүүлж буй хувьцаа нь эрхийн доголдолтой бол худалдагч тал эрсдлийг хариуцахаар зааж өгсөн нь хувьцааны өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэх санаа зорилготой байсан гэдэг нь харагдана. Мөн түүнчлэн, гэрээний 6.1-т “Худалдан авагч нь хувьцааны эрхийг албан ёсоор шилжүүлж авснаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Ю” ХХК-ийн хувьцааны ашиг орлогоос ногдол ашгийг хүртэж эхлэх бөгөөд хувьцаатай холбоотой бусад эрхийг эдэлнэ” гэж заасан. Хэрэв дүр үзүүлэн хийсэн хэлцэл бол ийм заалт тусгах шаардлагагүй бөгөөд талууд энэ заалтаар ногдол ашиг, хувьцаатай холбоотой бүхий л эрх, үүрэг шилжиж байгааг баталгаажуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьцаа худалдсан Б.Э******* нь хувьцаатай холбоотой, Компанийн хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд ногдол ашиг аваагүй байна. Хэрэв дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийсэн, Б.Э******* нь бенефициар өмчлөгч мөн байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцож, хувьцааны ногдох хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, ногдол ашиг авах зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээд явах байсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Г., Ц.У******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 600 000 000 төгрөг, дээрх хувьцааны үнийг төлөөгүй 16 сарын хохиролыг банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүгийн жишгээр тооцож 120 600 000 төгрөг, нийт 720 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.У*******ыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ю ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ”, “Ю ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ“ тус тус байгуулагдаж, үүгээр худалдагч Б.Э******* нь “Ю” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцааг худалдан авагч Г.од худалдах ба түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч нь хувьцааны төлбөрт 600 000 000 төгрөг төлж, хувьцааны эрхийг хүлээн авахаар талууд харилцан тохиролцжээ.
Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулан агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээнд гарын үсгээ зурснаар гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Б.Э******* хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээний үүргээ биелүүлсэн, энэ асуудлаар талууд маргаагүй бөгөөд харин хариуцагч Г. “...Энэ хэлцэл ...компанийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл, ...би “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч боловч тус хувьцааны жинхэнэ өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр “*******” ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхгүй. ...Харин жинхэнэ өмчлөгчдийн шаардсанаар тэдгээрийн нэр дээр буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ талаар тохирч Баталгаа гэх баримт үйлдсэн” гэж маргасан.
Хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан “Баталгаа”-нд “...Г. нь ... худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Э*******ын өмчлөлд байгаа нийт хувьцаа буюу “Ю” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн энгийн хувьцаа болох нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авсан ч энэхүү шилжүүлэн авсан нийт хувьцааны жинхэнэ өмчлөгч нь Б.Э******* болохыг үүгээр зөвшөөрч, баталгаажуулж байна. Би шилжүүлэн авсан нийт энгийн хувьцааг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд жинхэнэ өмчлөгч болох Б.Э*******аас бичгээр өгсөн зөвшөөрлийг зайлшгүй авахаа үүгээр нотолж байна. Энэхүү баталгаагаар Б.Э******* нь “Ю” ХХК-ийн 15 хувийн хувьцааг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй өмчлөгч болохыг баталгаажуулж байна” гэжээ.
Хариуцагчийн тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой бөгөөд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах худалдагчийн эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл эд юмс болон эрх худалдсан этгээд хүссэн тохиолдолд худалдан авагч нь буцаан худалдах үүрэгтэй байна.
Иймд худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хариуцагч Г.оос 600 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******т олгож, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “...Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зааснаар хохирол шаардах эрхтэй хэдий ч 120 600 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүг шүүх тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 120 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Г. нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “*******” ХХК-ийн “Хувьцааг худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож, “*******” ХХК-ийн 15 хувийн хувьцааг Э*******ын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэл/-ийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгоно. Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалдаг. Энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх ёстой. Мөн түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх шаардлагатай. Ингэснээр нэг талын гаргасан хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсний үр дүнд аливаа гэрээ байгуулагддаг.
Шүүх нэгэнт талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн, Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь худалдагчийг эд юмс болон эрхээ буцаан худалдан авахыг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 760 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 157 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 157 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.оос 600 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 120 600 000 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.У*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 760 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 157 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 157 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ