| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/01160/И |
| Дугаар | 183/ШШ2017/02022 |
| Огноо | 2017-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2017/02022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г******* холбогдох,
5 275 142 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: .................... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г*******, Б.П******* нар 2012 онд хамтран бизнес хийж, хуучин машин авч үнийг өсгөн зарж ашиг олохоор ярилцан тохиролцсон. Тэдэнд мөнгө хэрэгтэй байсан тул Ж.Б*******, З.А******* нартай зөвшилцөж, тэдний өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан “Г*******” ББСБ-аас 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээнд Ж.Б*******, З.А*******, Б.П******* нар гарын үсэг зурсан бөгөөд О.Г******* зээлийн гэрээ байгуулах үед “бичиг баримт байхгүй байна” гээд гарын үсэг зураагүй байдаг. Б.П******* зээлээр олгосон мөнгийг Хас банкнаас аваад тэр даруйд нь О.Г*******д өгсөн, О.Г******* “мөнгө надад байж байг” гэж хэлсэн байдаг. О.Г*******, Б.П******* хоёр Хас банкнаас гарч яваад байраа барьцаалж мөнгө зээлж тусалсны хариуд шагнал болгож өгөхөөр амалсан 1,5 сая төгрөгийг О.Г******* нь Ж.Б*******эд тоолоод өгсөн, Ж.Б******* нь тэр үед охинтойгоо явж байсан. Дараа нь Б.П******* “хямд үнэтэй машин оллоо, хоёулаа худалдаж авья мөнгөө яасан бэ” гэхэд О.Г******* “төв дэлгүүрийн тэнд газар авсан, гэрчилгээг нь гарахаар банкинд барьцаанд тавиад мөнгө авья” гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгөө яасан гэхээр худал үнэн ярьж булзааруулаад зээл гарах гэж байгаа гэх мэтээр ярьдаг. О.Г*******, Б.П******* хоёр авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Эхний 2 сарын зээлийн төлөлтийг Б.П******* н.Өлзий гэдэг хүнээс мөнгө зээлж хийсэн. Үүнээс хойшхи төлөлтийг О.Г*******, Б.П******* нар бие биендээ найдаж явсаар хийж чадаагүй байтал “Г*******” ББСБ шүүхэд Ж.Б*******, З.А*******, Б.П******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ байдлыг Б.П******* О.Г*******д хэлэхэд “чи төлнө гээд гарын үсэг зурчих, би удаахгүй төлчихнө” гэхээр нь Б.П******* зээлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ж.Б*******, З.А*******, Б.П******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг З.А******* нь биелүүлж төлбөрийг төлөөд төлсөн мөнгөө Б.П*******гээс буцаан шүүхээр нэхэмжилсэн. Б.П******* энэ шаардлагыг нь зөвшөөрч 10 550 284 төгрөгийг З.А*******д төлөхөөр эвлэрэн хэлэлцэж талуудын эвлэрлийг Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгчийн 2015.04.14-ний өдрийн 275 дугаар захирамжаар баталгаажуулсан. Одоо Б.П******* 10 550 284 төгрөгийг төлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сар бүр Б.П*******гийн цалингаас суутгал хийдэг. Б.П******* энэ төлбөрийг ганцаараа хариуцах нь зүйлд нийцэхгүй. Учир нь дээр дурдсан зээлсэн 10 000 000 төгрөгийг О.Г******* авч хэрэглэсэн. О.Г******* нь “...Б.П******* бид 2 энэ мөнгийг хувааж авсан. Мөнгийг төлнө” гэж тайлбар өгсөн байгаа. О.Г******* надад хамааралгүй гэж тайлбар хийдэггүй. Иймд Б.П*******, О.Г******* нар нь хамтран бизнес хийх зорилгоор зээл авсан тул О.Г******* нь 10 550 284 төгрөгийн төлбөрийг хувааж хариуцах нь зөв гэж бодож байна. Иймд О.Г*******ас 5 275 142 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд Багануур дүүрэгт З.А*******, Ж.Б******* гэж хүмүүсийн өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу тэдний байрыг 10 000 000 төгрөгийн барьцаанд Б.П******* бид хоёр тавьсан. Мөн 1 500 000 төгрөгийг байрны эзэн болох З.А*******, Ж.Б******* нарт байраа барьцаанд тавиулсан учраас шагнал болгож бид хоёр дундаасаа өгсөн. 4 250 000 төгрөгийг Б.П******* бид хоёр хувааж авсан. Тус байрыг “Г*******” ББСБ-д барьцаанд тавьсан учраас сарын эхний төлөлт болоход Б.П******* бид хоёр тус бүр 310 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш Б.П******* нь тус мөнгөнөөс нэг ч удаа өгөөгүй, ажлаасаа гарч өөр орон нутаг руу явсан бөгөөд өөртэй нь холбоо барих утасны дугаараа сольж алга болсон. Шүүхийн байгууллагад хаяг тогтоолгохоор байрны эзэн болох З.А******* эгч бид хоёр удаа дараа хөөцөлдөж хаягийг нь тогтоолгож Б.П*******г олсон. Б.П******* нь шүүхийн тайлбартаа тухайн үед би мөнгө зээлж авсан гэдгээ бичгээр илэрхийлж өгсөн байдаг. Байраа барьцаанд тавиулсан З.А******* эгчээр би зээлсэн мөнгө болох 4 250 000 төгрөгийг Г******* ББСБ-д төлүүлсэн. Харин Б.П******* зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөхгүй байснаас болоод З.А*******гийн байр шүүхийн шийдвэрлэх рүү шилжсэн. Тэр үед З.А*******тай би уулзаж бид хоёр байнга Б.П*******гийн араас явсан ч тэрээр олдохгүй байсан учраас би бас л 3 сая орчим төгрөг өгсөн. Миний мөнгө төлсөн байдлыг З.А******* эгч гэрчлэх болно. Б.П******* зээлсэн мөнгөө өгөөгүй учраас өдийг хүртэл хүү алданги нь өссөөр ирсэн. Б.П*******г алга болсноос хойш би З.А******* эгчтэй байнга түүнийг хайж байсан. Харин одоо Б.П******* надаас 5 сая гаруй төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн өгөх мөнгөө тухайн үед төлж барагдуулсан бөгөөд өөрийнхөө өгөх ёстой мөнгөнөөс илүүг төлсөн юм. Б.П*******гийн нэхэмжлээд байгаа мөнгө нь өөрийнх нь авсан мөнгөний өдийг хүртлэх төлөөгүй мөнгөний хүү, алданги нь ороод ийм болсон байх. Иймд намайг залилан хийсэн мэтээр бусдад ойлгуулсанд би гомдолтой байна. Нэр төрөө сэргээлгэнэ. Би Б.П******* гэгчид ямарваа нэгэн өр төлбөргүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуг яагаад нэхээд байгааг ойлгохгүй байна. О.Г******* хэнээс, хэзээ, ямар мөнгө авсан нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгч та тэрийг очоод нэг хараадах гэсэн даалгавар өгсний дагуу өмнөх шүүх хуралдаан дээр “Г*******” ББСБ-ийн холбогдолтой бичиг баримтуудыг шүүхийн журмаар хэрэгт авна уу гэсэн хүсэлт гаргасан. Ирсэн баримт бичгүүдтэй танилцсан. Нэхэмжлэгч Б.П*******, н.А*******, н.Б******* нар “Г*******” ББСБ-иас зээл авсан юм байна. О.Г******* гэж хүний нэр нэг ч алга. О.Г******* гэж хүн зээлийн үүрэг, зээлийн харилцаан орсон зүйл байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П******* нь хариуцагч О.Г*******д холбогдуулан үндэслэлгүйгээр авсан 5 275 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... би өөрийн өгөх мөнгөө тухайн үед төлж барагдуулсан, өгөх ёстой мөнгөнөөс ч илүүг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар О.Г*******, Б.П******* нар хамтран бизнес хийх зорилгоор Ж.Б*******, З.А******* нартай харилцан тохиролцож, 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тэдгээрийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан “Г*******” ББСБ-иас 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авахуулсан байх бөгөөд дээрх 10 000 000 төгрөгөөс 4 250 000 төгрөгийг О.Г*******, 4 250 000 төгрөгийг Б.П******* хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Г*******” ББСБ нь Багануур дүүргийн шүүхэд Ж.Б*******, З.А*******, Б.П******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10 550 284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрч, тус шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар З.А******* нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөд, 10 550 284 төгрөгийг Б.П*******гээс гаргуулахаар Сум дундын 6 дугаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасныг Б.П******* зөвшөөрч, тус шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь “...10 550 284 төгрөгийг зээлийн төлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сар бүр Б.П*******гийн цалингаас суутгал хийдэг. Зээлсэн 10 000 000 төгрөгөөс О.Г******* хувааж авсан тул Б.П******* энэ төлбөрийг ганцаараа хариуцах ёсгүй” гэж тайлбарлан 10 550 284 төгрөгийн 50 хувь буюу 5 275 142 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч Б.П******* нь дээрх зээлийн гэрээний үүргийг ганцаар гүйцэтгэхээр шүүхийн шийдвэр гарсан байх тул хариуцагчийг 5 275 142 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч О.Г******* нь дээрх зээлийн гэрээний үүргээс өөрт ногдох хэсгийг дуусгавар болгосон талаарх татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.Г*******ас 5 275 142 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хариуцагч О.Г*******ас 5 275 142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.П*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ