Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 919

 

 

 

 

О.Б, Ч.П-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00578 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Б, Ч.П нарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э- холбогдох

Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгч Ч.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

            Нэхэмжлэгч О.Б, Ч.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн бүх хэлтэс, тасгийн ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Нисэхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийгдсэн "Ерөнхий төлөвлөгөө"-тэй газарт иргэний ахуйи хэрэгцээний зориулалтаар дүүргийн нийт ажилтнуудад болон Газрын албанд ажиллаж байсан ажилтнуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар 250 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ, газрын байршлын схем зургийг гаргаж өгсөн. Тухайн үед Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байсан иргэн О.Б, Ч.П нарт уг захирамжаар тус бүр 250 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. О.Б-т Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд нэгж талбарын 80207/018 дугаар бүхий, амины орон сууцны зориулалтаар 0217560 дугаар Тазар эзэмших эрхийн гэрчилгээ"-г, Ч.П-д Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд нэгж талбарын 8027/019 тоот дугаартай, 0217561 дугаар Тазар эзэмших эрхийн гэрчилгээ"-г тус тус олгосон. О.Б, Ч.П нар нь 2015 оны 10 дугаар сард өөр өөрсдийн хүн хүчээ гаргаж, газар дээрээ хашаагаа барьж байтал П.Э гэх иргэн хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж, өөрийнх нь газар дээр хашаа барилаа хэмээн үндэслэлгүйгээр иргэд рүү дайрч, эксковатор зэрэг техник хэрэгслийг хүчээр ажиллуулан, айлган сүрдүүлсний улмаас арга буюу ажлаа зогсоосон байдаг. 2008 оноос хойш Газрын албаны дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа болон өөр этгээдүүдийн хэрэг маргаанаас шалтгаалж, иргэн О.Б, Ч.П нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулалгүй хойшлуулсаар байсан бөгөөд энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамжаар П.Э-д иргэн О.Б, Ч.П нарын газартай давхцуулан нийт 2120 м.кв газрыг олгосон. Улмаар дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжаар иргэн П.Эрдэнэбатад эзэмшүүлсэн газрын зориулалтыг өөрчилж олгосон байсныг мэдсэн тул 2016 оны 4 дүгээр сард эдгээр иргэдээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулан нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 тоот шийдвэрээр О.Б, Ч.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын          01-ний өдрийн 221/МА2017/0104 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Гэтэл П.Э нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд саад учруулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст О.Б, Ч.П нарт холбогдуулан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэмээн гомдол гаргаж, өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаргуулсан Прокурорын тогтоолоо үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхэд "Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах" тухай хүсэлт гаргасан боловч шинээр илэрсэн гэх Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/37 тоот тогтоолоор хүчингүй болгосон ба Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 153 тоот тогтоолоор П.Э-ын хүсэлтийг хангахгүй орхисон. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр П.Э-д иргэн О.Б, Ч.П нарын эзэмшлийн газартай давхцуулж газар олгосон Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн газрын албаны шийдвэрүүдийг хүчингүй болгосон атал П.Э нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд саад учруулж, хугацаа хожсоор иргэдийн газар дээр хүч түрэмгийлэн хашаа барьж, барилгын суурь цутган хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна. П.Э-ын дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулан О.Б, Ч.П нар нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасны дагуу тус байгууллагаас иргэн П.Э-ын 18632304926315 нэгж талбарын дугаартай газар дээр 2014 оны батлагдсан "Архитектур төлөвлөлтийн даалгавар" болон барилгын эх загвар зураг, барилга эхлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн 27 дугаар хурлын шийдвэрээр хүчингүй болгосон тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/4738 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтыг ундэслэн иргэн О.Б-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 тоот "Газар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбай бүхий газар, иргэн Ч.П-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот Тазар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбайтай газрыг тус тус иргэн П.Э-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Э шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2120 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар эзэмшиж байгаа. Энэ нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр нотлогдоно. Би уг газар дээрээ 4 болон 9 давхар үйлчилгээний төв бүхий 2 орон сууц барих зураг төсөл боловсруулан батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг холбогдох байгууллагаас авч, улмаар эхний ээлжийн 4 давхар орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ингээд батлагдсан зураг төслийн дагуу хоёр дахь 9 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлж, суурийн нүхийг ухаж, ул бетоныг цутгаж дуусаад байх үед иргэн О.Б, Ч.П нар нь уг газрын талаар маргаан үүсгэж эхэлсэн. О.Б, Ч.П нар нь Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байсан бөгөөд 2008 онд бичигдсэн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлж байсан. Ингээд О.Б, Ч.П нар нь 2016 онд газрыг давхцуулан олгосон байна гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар өөрсдөө тус дүүргийн газрын албанд ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглан, нотлох баримт хуурамчаар бүрдүүлснээр шийдвэрийг өөрсдийн талд гаргуулсан. Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/1623 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/1753 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан. Энэхүү хоёр албан бичгийн хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байгаа болно. Тэр ч бүү хэл нэхэмжлэгч этгээдүүд өөрсдийн талд шийдвэр гаргуулахын тулд дүүргийн газрын албаны архивт байсан зарим бичиг баримтуудыг устгаж, кадастрын зураглалыг хувийн компаниар хийлгүүлэхдээ мөн хуурамч бичиг бүрдүүлж он, сар, өдрийг хуурамчаар үйлдүүлсэн, баталгаат хэмжээг тогтоосон акт гэх зэрэг гар зураг үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй болохыг Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын тогтоолоор тогтоогоод байгаа билээ. Шүүхээс гарсан шийдвэрүүд болон гэмт үйлдлийн талаар нөхцөл байдлуудыг шалгуулж хянуулахаар хуулийн байгууллагад хандаж шалгуулж байх хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлж, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж, миний эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг өөрчилсөн ба уг захирамжийг танилцуулалгүй байж байгаад энэ хооронд Улсын дээд шүүхэд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хандсан байсан ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээд шүүхээс шийдвэр гарсны дараа буюу 16-ны өдөр газрын талбайн хэмжээг өөрчилсөн талаар захирамж гарсан гэж танилцуулсан. Өнөөдрийг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас байхгүй. Учир нь шүүхийн шийдвэр хэдий гарсан ч түүнийг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хийж гүйцэтгүүлэх ажлын чиг үүргийг Нийслэлийн газрын албаны ажилтнууд болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шуурхай гүйцэтгэсэн байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээрх асуудал болон нэхэмжлэгч нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаад гомдол гаргаж 181002523 дугаартай хэрэг үүсгэж ажиллагаа явуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай Тазар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбай бүхий газрыг хариуцагч П.Э-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаартбүртгэгдсэн, 0217561 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбайтай газрыг хариуцагч П.Э-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч П.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа "Нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж өгсөн гэх 12/1753, 09/1623 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч нотлох баримтуудыг ашиглаж хэргийг шийдвэрлүүлсэн гэх гомдол шийдвэрлэгдсэн болох нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 1/37 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/18 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна." гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч хариу тайлбарынхаа үндэслэл болгож шүүхэд өгсөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/368 дугаартай "Хан-Уул дүүргийн газрын албаны архивт хадгалагдаж байсан газрын мэдээллийн санд бүртгэгдсэн материалууд устгагдсан гэх гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно" гэх албан тоот нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заагдсанаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх маргааны гол үндэслэл болсон Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/368 дугаартай баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулж, өмнө нь шийдвэрлэгдсэн байсан өөр баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.10-д тус тус заасныг зөрчсөн байдаг. Иймд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч П.Э-д холбогдуулан нэхэмжлэгч О.Б нь Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 250 м.кв талбай бүхий газрыг, нэхэмжлэгч Ч.П нь  Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 250 м.кв талбайтай газрыг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Б Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 250 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар, мөн нэхэмжлэгч Ч.П нь Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот Тазар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь хэрэгт  авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ. кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тус тус тогтоогдсон  байна. /хх-ийн 12-15, 17-21/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Б Ч.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.Э-д холбогдох хэсгийн О.Б Ч.П нарын газартай кадастрын зургаар давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны А/993 дугаар захирамжаар иргэн П.Э-ын эзэмшиж байсан 500 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 2120 м.кв болгон 2015 оны А/54 дүгээр захирамжаар иргэн П.Э-ын эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөн эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа дээр дурдсан нэхэмжлэгч О.Б, Ч.П нарын эзэмшиж буй газартай давхцуулж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг  тогтоожээ. /хх-ийн 30-41/

 

Иймд нэхэмжлэгч О.Б, Ч.П нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн эзэмших эрх бүхий газрыг  бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, хариуцагч П.Э нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрыг чөлөөлөх үүрэгтэй.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөнө.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8,  117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч П.Э нэхэмжлэгч нарыг Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 09/1623,  2016 оны 13/1753 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэх гомдол мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн болох нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 1/37 дугаар Прокурорын тогтоолоор, мөн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/18 дугаар Прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 52, 55 /

 

Хариуцагч П.Э-ын Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол мэдээллийг урьд нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, Улсын ерөнхий прокурорын газраас хянан шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсан байхаас  гадна нэхэмжлэгч нарын газар эзэмших  эрх олж авсан үйл баримт эрүүгийн журмаар шалгагдаагүй нөхцөлд хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хязгаарлахгүй, нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлэхгүй байх үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Ч.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэснийг хариуцагч  П.Э эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэн хэлэлцэж энэ тухай тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх эвлэрлийн гэрээгээр П.Э нь Ч.П-ийн эзэмшил газарт дүйцүүлэн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан, Улсын комиссын 2017 оны 8 дугаар сарны 30-ны өдрийн 2017/93 тоот актаар байнгын ашиглалтанд хүлээн авсан Буянт-Ухаа цогцолборын ард байрлах 4 давхар 412 дугаар орон сууцны барилгын 1 дүгээр орц, 3 давхарт, 15 тоот 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг энэхүү гэрээг байгуулсан өдрөөс хойш ажлын 2 хоногийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардлагатай бичиг баримтуудыг хүлээн авч, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гарган, “ Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хүлээн авснаар Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбай бүхий газрын эрхийг иргэн П.Эрдэнэбатын нэр дээр шилжүүлэхээр тус тус эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1” гэснийг “...106 дугаар зүйлийн 106.1, 106.4” гэж, 2 дах заалтыг “...П.Э нь Ч.П-ийн эдэмшил газарт дүйцүүлэн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан, Буянт-Ухаа цогцолборын ард байрлах 4 давхар 412 дугаар орон сууцны барилгын 1 дүгээр орц, 3 давхарт, 15 тоот 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэгч нь “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хүлээн авснаар Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ" бүхий 250 м.кв талбай бүхий газрын эрхийг иргэн П.Э-ын нэр дээр шилжүүлэхээр тус тус зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                                                                                               Н.БАТЗОРИГ