Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00578

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00578

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...анд оршин суух Илт гэгээн овогт Очирхуягийн Б /РД:.../,

 

Нэхэмжлэгч : ...од оршин суух Дэлгэр овогт Чулууны П /РД: .../ нарын  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ...од оршин суух, Бор овогт Пүрэвжавын Э /РД:.../-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г нар оролцов.                                                                                            

                                                                                                       

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн бүх хэлтэс, тасгийн ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Нисэхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийгдсэн “Ерөнхий төлөвлөгөө”-тэй газарт иргэний ахуйн хэрэгцээний зориулалтаар дүүргийн нийт ажилтнуудад болон Газрын албанд ажиллаж байсан ажилтнуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар 250 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ, газрын байршлын схем зургийг гаргаж өгсөн. Тухайн үед Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байсан иргэн О.Б, Ч.П нарт уг захирамжаар тус бүр 250 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. О.Бт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд нэгж талбарын 80207/018 дугаар бүхий, амины орон сууцны зориулалтаар 0217560 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г, Ч.Пд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд нэгж талбарын 8027/019 тоот дугаартай, 0217561 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус олгосон.

О.Б, Ч.П нар нь 2015 оны 10 дугаар сард өөр өөрсдийн хүн хүчээ гаргаж, газар дээрээ хашаагаа барьж байтал П.Э гэх иргэн хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж, өөрийнх нь газар дээр хашаа барилаа хэмээн үндэслэлгүйгээр иргэд рүү дайрч, эксковатор зэрэг техник хэрэгслийг хүчээр ажиллуулан, хамт ирсэн хүмүүсийн хамтаар тэднийг ёс бус үг хэллэгээр доромжилж, айлган сүрдүүлсний улмаас арга буюу ажлаа зогсоосон байдаг. 2008 оноос хойш Газрын албаны дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа болон өөр этгээдүүдийн хэрэг маргаанаас шалтгаалж, иргэн О.Б, Ч.П нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулалгүй хойшлуулсаар байсан бөгөөд энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамжаар П.Эад иргэн О.Б, Ч.П нарын газартай давхцуулан нийт 2120 м.кв газрыг олгосон.

Улмаар дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжаар иргэн П.Эад эзэмшүүлсэн газрын зориулалтыг өөрчилж олгосон байсныг мэдсэн тул 2016 оны 4 дүгээр сард эдгээр иргэдээс Нийслэл дэх захиргааны хэргийн  анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулан нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 тоот шийдвэрээр О.Б, Ч.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Гэтэл П.Э нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд саад учруулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст О.Б, Ч.П нарт холбогдуулан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэмээн гомдол гаргаж, өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаргуулсан Прокурорын тогтоолоо үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхэд “Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах” тухай хүсэлт гаргасан боловч шинээр илэрсэн гэх Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг Улсын ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/37 тоот тогтоолоор хүчингүй болгосон ба Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 153 тоот тогтоолоор П.Эын хүсэлтийг хангахгүй орхисон.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр П.Эад иргэн О.Б, Ч.П нарын эзэмшлийн газартай давхцуулж  газар олгосон Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн газрын албаны шийдвэрүүдийг хүчингүй болгосон атал П.Э нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд саад учруулж, хугацаа хожсоор иргэдийн газар дээр хүч түрэмгийлэн хашаа барьж, барилгын суурь цутган хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна.

П.Эын дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулан О.Б, Ч.П нар нь Нийслэлийн хот  төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасны дагуу тус байгууллагаас иргэн П.Эын 18632304926315 нэгж талбарын дугаартай газар дээр 2014 оны батлагдсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар” болон барилгын эх загвар зураг, барилга эхлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн 27 дугаар хурлын шийдвэрээр хүчингүй болгосон тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/4738 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтыг үндэслэн иргэн О.Бийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбай бүхий газар, иргэн Ч.Пгийн эзэмшлийн  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбайтай газрыг тус тус иргэн П.Эын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Эын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

            Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2120 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын  2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар эзэмшиж байгаа. Энэ нь Нийслэлийн засаг даргын захирамжийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр нотлогдоно. Би уг газар дээрээ 4 болон 9 давхар үйлчилгээний төв бүхий 2 орон сууц барих зураг төсөл боловсруулан батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг холбогдох байгууллагаас авч, улмаар эхний ээлжийн 4 давхар орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ингээд батлагдсан зураг төслийн дагуу хоёр дахь 9 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлж, суурийн нүхийг ухаж, ул бетоныг зутгаж дуусаад байх үед иргэн О.Б, Ч.П нар нь уг газрын талаар маргаан үүсгэж эхэлсэн. О.Б, Ч.П нар нь Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байсан бөгөөд 2008 онд бичигдсэн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлж байсан.

            Ингээд О.Б, Ч.П нар нь 2016 онд газрыг давхцуулан олгосон байна гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар өөрсдөө тус дүүргийн газрын албанд ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглан, нотлох баримт хуурамчаар бүрдүүлснээр шийдвэрийг өөрсдийн талд гаргуулсан. Уг захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр тогтоогдож, миний эрх ашиг зөрчигдөөд байна. 2014 оноос 200 гаруй айлыг орон сууцаар хангах гол зорилго биелэгдэхгүйд хүрэх, барилгын ажилд зарцуулсан олон тэрбум төгрөгийн хохирол амсахад хүрээд байна. Дээрх захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад О.Б, Ч.П нар нь шүүхийн шийдвэр гарахад чухал нөлөө үзүүлсэн. Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/1623 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/1753 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан. Энэхүү хоёр албан бичгийн хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байгаа болно. Тэр ч бүү хэл нэхэмжлэгч этгээдүүд өөрсдийн талд шийдвэр гаргуулахын тулд дүүргийн газрын албаны архивт байсан зарим бичиг баримтуудыг устгаж, кадастрын зураглалыг хувийн компаниар хийлгүүлэхдээ мөн хуурамч бичиг бүрдүүлж он, сар, өдрийг хуурамчаар үйлдүүлсэн, баталгаат хэмжээг тогтоосон акт гэх зэрэг гар зураг үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй болохыг Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын тогтоолоор тогтоогоод байгаа билээ.

            Шүүхээс гарсан шийдвэрүүд болон гэмт үйлдлийн талаар нөхцөл байдлуудыг шалгуулж хянуулахаар хуулийн байгууллагад хандаж шалгуулж байх хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлж, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамж гаргуулж, миний эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг өөрчилсөн ба уг захирамжийг танилцуулалгүй байж байгаад энэ хооронд Улсын дээд шүүхэд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хандсан байсан ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээд шүүхээс шийдвэр гарсны дараа буюу 16-ны өдөр газрын талбайн хэмжээг өөрчилсөн талаар захирамж гарсан гэж танилцуулсан. Өнөөдрийг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас байхгүй. Учир нь шүүхийн шийдвэр хэдий гарсан ч түүнийг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хийж гүйцэтгүүлэх ажлын чиг үүргийг Нийслэлийн газрын албаны ажилтнууд болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шуурхай гүйцэтгэсэн байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээрх асуудал болон нэхэмжлэгч нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаад гомдол гаргаж 181002523 дугаартай хэрэг үүсгэж ажиллагаа явуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хууль бус албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар Төрийн захиргааны байгууллага болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж   шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв

            Нэхэмжлэгч О.Б, Ч.П нар нь хариуцагч П.Эад  холбогдуулан Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбай бүхий газар,  Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч  бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 Нэхэмжлэгч О.Б Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь хавтаст хэргийн 12-15 дугаар талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар, мөн нэхэмжлэгч Ч.Пагамсүрэн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь хавтаст хэргийн 17-21 дүгээр талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тус тус тогтоогдож байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар иргэн П.Эын эзэмшиж байсан 500 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 2120 м.кв болгон 2015 оны А/54 дүгээр захирамжаар иргэн П.Эын эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөн эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч О.Б, Ч.Пагамсүрэн нарын эзэмшиж буй газартай давхцуулж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 30-41 дүгээр тал/

 

Хариуцагч П.Э иргэн О.Б, Ч.Пагамсүрэн нар нь газрын албаны ажилтнуудтай бүлэглэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж өгсөн гэх 12/1753, 09/1623 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч нотлох баримтуудыг ашиглаж байгаа гэх асуудлыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар шалгаж байгаа тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

 

Хариуцагч П.Э нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж өгсөн гэх 12/1753, 09/1623 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч нотлох баримтуудыг ашиглаж хэргийг шийдвэрлүүлсэн гэх гомдол мэдээллийг өмнө нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт гаргаж уг гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн болох нь  Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 1/37 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/18 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч П.Эын Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол мэдээллийг урьд нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, Улсын ерөнхий прокурорын газраас хянан шийдвэрлэсэн прокурорын хүчин төгөлдөр тогтоол байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх  дүгнэлээ.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбай бүхий газрыг хариуцагч П.Эын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

          2.  Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Пагамсүрэнгийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбайтай газрыг хариуцагч П.Эын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О