Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00164

 

О.Б, Ч.П нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00578 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 919 дүгээр магадлалтай,

О.Б, Ч.П нарын нэхэмжлэлтэй,

П.Э ад холбогдох,

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018, 8027/019 дугаарт бүртгэгдсэн тус бүр 250 м.кв талбай бүхий газрыг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн бүх хэлтэс, тасгийн ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Нисэхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийгдсэн “Ерөнхий төлөвлөгөө”-тэй газарт иргэний ахуйн хэрэгцээний зориулалтаар дүүргийн нийт ажилтнуудад болон Газрын албанд ажиллаж байсан ажилтнуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар 250 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ, газрын байршлын схем зургийг гаргаж өгсөн. Тухайн үед Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байсан иргэн О.Б, Ч.П нарт уг захирамжаар тус бүр 250 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

О.Бт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд нэгж талбарын 80207/018 дугаар бүхий, амины орон сууцны зориулалтаар 0217560 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г, Ч.П д Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд нэгж талбарын 8027/019 тоот дугаартай, 0217561 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус олгосон.

О.Б, Ч.П нар нь 2015 оны 10 дугаар сард өөр өөрсдийн хүн хүчээ гаргаж, газар дээрээ хашаагаа барьж байтал П.Э  гэх иргэн хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж, өөрийнх нь газар дээр хашаа барилаа хэмээн үндэслэлгүйгээр иргэд рүү дайрч, эксковатор зэрэг техник хэрэгслийг хүчээр ажиллуулан, хамт ирсэн хүмүүсийн хамтаар тэднийг ёс бус үг хэллэгээр доромжилж, айлган сүрдүүлсний улмаас арга буюу ажлаа зогсоосон байдаг. 2008 оноос хойш Газрын албаны дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа болон өөр этгээдүүдийн хэрэг маргаанаас шалтгаалж, иргэн О.Б, Ч.П нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулалгүй хойшлуулсаар байсан бөгөөд энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамжаар П.Э ад иргэн О.Б, Ч.П нарын газартай давхцуулан нийт 2120 м.кв газрыг олгосон.

Улмаар дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжаар иргэн П.Э ад эзэмшүүлсэн газрын зориулалтыг өөрчилж олгосон байсныг мэдсэн тул 2016 оны 4 дүгээр сард эдгээр иргэдээс Нийслэл дэх захиргааны хэргийн  анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 тоот шийдвэрээр О.Б, Ч.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Гэтэл П.Э  нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд саад учруулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст О.Б, Ч.П нарт холбогдуулан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэмээн гомдол гаргаж, өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаргуулсан Прокурорын тогтоолоо үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхэд “Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах” тухай хүсэлт гаргасан боловч шинээр илэрсэн гэх Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг Улсын ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/37 тоот тогтоолоор хүчингүй болгосон ба Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 153 тоот тогтоолоор П.Э ын хүсэлтийг хангахгүй орхисон.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр П.Э ад иргэн О.Б, Ч.П нарын эзэмшлийн газартай давхцуулж  газар олгосон Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн газрын албаны шийдвэрүүдийг хүчингүй болгосон атал П.Э  нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд саад учруулж, хугацаа хожсоор иргэдийн газар дээр хүч түрэмгийлэн хашаа барьж, барилгын суурь цутган хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна.

П.Э ын дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулан О.Б, Ч.П нар нь Нийслэлийн хот  төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасны дагуу тус байгууллагаас иргэн П.Э ын 18632304926315 нэгж талбарын дугаартай газар дээр 2014 оны батлагдсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар” болон барилгын эх загвар зураг, барилга эхлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн 27 дугаар хурлын шийдвэрээр хүчингүй болгосон тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/4738 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтыг үндэслэн иргэн О.Бийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбай бүхий газар, иргэн Ч.П гийн эзэмшлийн  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбайтай газрыг тус тус иргэн П.Э ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2120 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын  2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар эзэмшиж байгаа. Энэ нь Нийслэлийн засаг даргын захирамжийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр нотлогдоно. Би уг газар дээрээ 4 болон 9 давхар үйлчилгээний төв бүхий 2 орон сууц барих зураг төсөл боловсруулан батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг холбогдох байгууллагаас авч, улмаар эхний ээлжийн 4 давхар орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ингээд батлагдсан зураг төслийн дагуу хоёр дахь 9 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлж, суурийн нүхийг ухаж, ул бетоныг цутгаж дуусаад байх үед иргэн О.Б, Ч.П нар нь уг газрын талаар маргаан үүсгэж эхэлсэн. О.Б, Ч.П нар нь Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байсан бөгөөд 2008 онд бичигдсэн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлж байсан.

Ингээд О.Б, Ч.П нар нь 2016 онд газрыг давхцуулан олгосон байна гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар өөрсдөө тус дүүргийн газрын албанд ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглан, нотлох баримт хуурамчаар бүрдүүлснээр шийдвэрийг өөрсдийн талд гаргуулсан. Уг захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр тогтоогдож, миний эрх ашиг зөрчигдөөд байна. 2014 оноос 200 гаруй айлыг орон сууцаар хангах гол зорилго биелэгдэхгүйд хүрэх, барилгын ажилд зарцуулсан олон тэрбум төгрөгийн хохирол амсахад хүрээд байна. Дээрх захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад О.Б, Ч.П нар нь шүүхийн шийдвэр гарахад чухал нөлөө үзүүлсэн.

Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/1623 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/1753 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан. Энэхүү хоёр албан бичгийн хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байгаа болно. Тэр ч бүү хэл нэхэмжлэгч этгээдүүд өөрсдийн талд шийдвэр гаргуулахын тулд дүүргийн газрын албаны архивт байсан зарим бичиг баримтуудыг устгаж, кадастрын зураглалыг хувийн компаниар хийлгүүлэхдээ мөн хуурамч бичиг бүрдүүлж он, сар, өдрийг хуурамчаар үйлдүүлсэн, баталгаат хэмжээг тогтоосон акт гэх зэрэг гар зураг үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй болохыг Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын тогтоолоор тогтоогоод байгаа билээ.

Шүүхээс гарсан шийдвэрүүд болон гэмт үйлдлийн талаар нөхцөл байдлуудыг шалгуулж хянуулахаар хуулийн байгууллагад хандаж шалгуулж байх хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлж, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамж гаргуулж, миний эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг өөрчилсөн ба уг захирамжийг танилцуулалгүй байж байгаад энэ хооронд Улсын дээд шүүхэд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хандсан байсан ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхээс шийдвэр гарсны дараа буюу 16-ны өдөр газрын талбайн хэмжээг өөрчилсөн талаар захирамж гарсан гэж танилцуулсан. Өнөөдрийг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас байхгүй.

Учир нь шүүхийн шийдвэр хэдий гарсан ч түүнийг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хийж гүйцэтгүүлэх ажлын чиг үүргийг Нийслэлийн газрын албаны ажилтнууд болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шуурхай гүйцэтгэсэн байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээрх асуудал болон нэхэмжлэгч нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаад гомдол гаргаж 181002523 дугаартай хэрэг үүсгэж ажиллагаа явуулж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хууль бус албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар Төрийн захиргааны байгууллага болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00578 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбай бүхий газрыг хариуцагч П.Э ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П гийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 250 м.кв талбайтай газрыг хариуцагч П.Э ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 919 дүгээр магадлалаар:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1” гэснийг “...106 дугаар зүйлийн 106.1, 106.4” гэж, 2 дах заалтыг “...П.Э  нь Ч.П гийн эзэмшил газарт дүйцүүлэн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан, Буянт-Ухаа цогцолборын ард байрлах 4 давхар 412 дугаар орон сууцны барилгын 1 дүгээр орц, 3 давхарт, 15 тоот 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэгч нь “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хүлээн авснаар Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн, 0217560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 250 м.кв талбай бүхий газрын эрхийг иргэн П.Э ын нэр дээр шилжүүлэхээр тус тус зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн О.Б, Ч.П нарын нэхэмжлэлтэй П.Э ад холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 183/ШШ2019/00578 дугаартай шийдвэрээрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж, 919 дугаартай магадлалаараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул магадлалын зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухайд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж өгсөн гэх 12/1753, 09/1623 тоот албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч нотлох баримтуудыг ашиглаж хэргийг шийдвэрлүүлсэн гэх гомдол шийдвэрлэгдсэн болох нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 1/37 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/18 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.” гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хариуцагч хариу тайлбарынхаа үндэслэл болгож шүүхэд өгсөн нотлох баримт нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/368 дугаартай “Хан-Уул дүүргийн газрын албаны архивт хадгалагдаж байсан газрын мэдээллийн санд бүртгэгдсэн материалууд устгагдсан гэх гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно” гэх баримт бичиг юм. Дээрх баримтуудын гомдлын үндэслэл нь огт өөр байдаг. Анхан шатны шүүх маргааны гол үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/368 дугаартай баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулж, өмнө нь шийдвэрлэгдсэн байсан өөр баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг хууль бус үйлдлийг зөвтгөн, нэхэмжлэгч нар газрын мэдээллийн санд бүртгэгдсэн материалуудыг устгасан гэх үйлдэл нь газар эзэмших эрх олж авсан үйл баримттай холбоогүй тул эрүүгийн журмаар шалгагдаж байна гэж үзэхгүй хэмээн шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”,  65.1.8 дахь хэсэгт “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл тухайн хэрэгтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа бол эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хуульд нэг мөр, ойлгомжтой заасан байна. Давж заалдах шатны шүүх газар эзэмших эрх олж авах явц нь л хууль зөрчөөгүй бол эрүүгийн журмаар шалгагдаж байна гэж үзэхгүй хэмээн хууль давсан тайлбар хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Уг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж байж нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан эсэх нь тодорхой болох юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 919 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-т “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 183/ШШ2019/00578 дугаартай шийдвэрийн иргэн О.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Б, Ч.П нар П.Э ад холбогдуулан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018, 8027/019 дугаарт бүртгэгдсэн тус бүр 250 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ч.П , хариуцагч П.Э  нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад нэхэмжлэгч О.Б, хариуцагч П.Э  нар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийг батлуулахаар хүсэлт гаргажээ.

Талуудын эвлэрлийн гэрээгээр хариуцагч П.Э  нь нэхэмжлэгч О.Бт 10 000 000 төгрөг бэлнээр өгч, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй 9 давхар, үйлчилгээтэй, орон сууцны барилгын 6 дугаар давхарт 39 тоот 57.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 18 м.кв талбайтай автозогсоолын хамт хүлээлгэн өгч, өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөх, нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/, Нисэхийн  цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018  дугаарт бүртгэгдсэн 0217560 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 260 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр саадгүй шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх эвлэрлийг батлах ба зохигчийн эвлэрэл хуульд харшлаагүй тул эвлэрлийг батлах үндэстэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.П , хариуцагч П.Э  нарын эвлэрлийг батлахдаа нэхэмжлэгч Ч.П гийн эзэмшил газрын нэгж талбарын бүртгэлийн дугаар, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарыг тус тус ташаа бичсэн байх тул алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар О.Б, Ч.П нарын нэхэмжлэлтэй П.Э ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00578 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 919 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг баримтлан “Хариуцагч П.Э  нь нэхэмжлэгч О.Бийн эзэмшил газарт дүйцүүлэн 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгчийн дансанд бэлнээр, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/-ны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа цогцолборын ард баригдаж буй 9 давхар, үйлчилгээтэй, орон сууцны барилгын 6 дугаар давхарт 39 тоот, 57.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2 дугаар давхрын цахилгаан шатны ойр орчим 18 м.кв талбай бүхий автозогсоолын хамт орон сууцыг Улсын комисс ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 1 хоногийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн, саадгүй гаргаж өгөх, нэхэмжлэгч О.Б нь Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын 1 хоногийн дотор Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 80207/018 дугаарт бүртгэгдсэн 0217560 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 250 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр саадгүй шилжүүлнэ” гэж эвлэрсэн зохигчийн эвлэрэл, нэхэмжлэгч Ч.П , хариуцагч П.Э  нарын “хариуцагч П.Э  нь Ч.П гийн эзэмшил газарт дүйцүүлэн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан Барилга ашиглалтанд оруулах Улсын комиссын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2017/93 тоот актаар байнгын ашиглалтанд хүлээн авсан Буянт-Ухаа цогцолборын ард байрлах 4 давхар, 412 дугаар орон сууцны барилгын 1 дүгээр орц, 3 давхарт, 15 тоот, нийт 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардлагатай бичиг баримтыг хүлээн авснаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /одоогийн 16 дугаар хороо/, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах, нэгж талбарын 8027/019 дугаарт бүртгэгдсэн, 0217561 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 250 м.кв талбайтай газар эзэмших эрхийг иргэн П.Э ын нэр дээр шилжүүлэх”-ээр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг тус тус баталж, О.Б, Ч.П нарын нэхэмжлэлтэй П.Э ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа П.Цэрэндаваагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД