Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 918

 

З.Б-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00831 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч З.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 119 097 834 төгрөг, алданги 23 819 567 төгрөг, нийт 142 917 401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Б, өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

            Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 09 сарын 23-ны өдөр “А” ХХК-тай тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 18/09-012 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт нэг сарын түрээсийн төлбөр 45.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээсэлсэн тоног төхөөрөмж буюу экскаваторыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түрээслэгч байгууллагын ажлын талбай болох Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын “Таван толгой” ХК-ийн ашиглалтын талбайд очин байрлаж өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээслэгч “А” ХХК нь 9, 10 сарын түрээс болох 45.000.000 төгрөгөөс 2018 оны 9 дүгээр сард 15.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21.902.166 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Итгэл эвдсэн үйлдэл удаа дараа гаргаж байгаа тул дээрх гэрээний 9.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 119.097.834 төгрөг, алданги 23.819.567 төгрөг, нийт 142.917.401 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн З.Б нь тус компанитай тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 18/09-012 тоот гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Үүний дагуу урьдчилгаа болгон 15.000.000 төгрөг авч техникээ талбайд байрлуулан засвар үйлчилгээ хийж 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагт ажлаа эхлүүлсэн байна. Ажил эхлүүлсэн өдөр болон цаг хугацаа нь хоёр талын тооцоо нийлсэн актаар баталгаажсан байдаг. Нэг сарын буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн ажлыг гэрээний 3.6-д зааснаар хоёр тал 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүнд: урьдчилгаа төлбөрийг суутгуулж, 09 сардаа ХХОАТ-г суутгуулахгүйгээр, 10 дугаар сард суутгуулахаар тохиролцон иргэн З.Б гарын үсэг зурсны дагуу гэрээний 4.2-т зааснаар 2018 оны 12-р сарын 20-ны өдөр эхний сарын гүйцэтгэлийг манай компани хангасан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ныг дуусталх хугацаанд иргэн З.Б-ийн техник нийт 202.35 цагийн сул зогсолттой байсан бөгөөд гэрээний 3.4-т “600 мотор цагаас багагүй ажиллана” гэж заасан. Энэ нь тэдний оператор Э.Батсайханы 2018 оны 12 дугаар сарын 02-ны баталгаажуулсан. Иргэн З.Б-ийн техник болон операторуудаас шалтгаалан үүссэн сул зогсолтын үед ажлаа хэвийн жигд явуулах зорилгоор манай компани өөр бусад техник давхар түрээслэн, тус техникүүдийн түрээсийн төлбөрийг бүтнээр нь тооцон өгч давхар давхар хохирч ирсэн бөгөөд эрсдэлээ өөрсдөө үүрч ирсэн. Иргэн 3.Б-ийн оператор Э.Батсайханы болон манай компанийн уурхайн дарга Б.Нарансүхийн гарын үсгээр баталгаажуулсан актын дагуу төлбөр тооцоо нийлэхээр удаа дараа түүнтэй манай нягтлан бодогч холбогдон урьсан боловч эхнэр өвчтэй байна, би өөрөө нурууны эмчилгээ хийлгэж байна гэх шалтгаанаар тооцоо нийлэхгүй хойшилсоор үргэлжилсэн баяруудтай золгосон. Манай компанийн зүгээс иргэн 3.Б-тэй 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-наар хийсэн ажлын тооцоо нийлсэн тохиолдолд үлдэгдэл болох 25.761.666 төгрөгийг хийхэд бэлэн байгаа болно. Дээрхи тайлбарыг үндэслэн иргэн З.Б-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас 75.803.471,41 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67.113.929,59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 872.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 536.967,36 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний гарчиг"тоног төхөөрөмж түрээслэх гэрээ" гэсэн гарчигтай боловч гэрээний агуулгыг тайлбарлавал “Таван Толгой” ХХК-ийн уурхайн хөрс хуулалтын ажлыг З.Б өөрийн техникээр, өөрийн оператороор жолоодуулж, дээрхи ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч “Аргун венчурс” ХХК нь ажлын хөлс төлөх гэрээ байв. Энэхүү гэрээний ажил гүйцэтгэх гэрээ байсныг нотлохын тулд гэрээний зарим заалтыг дурдвал Гэрээний 1.2, 3.1, 3.5, 6.2.5, 6.2.7, 6.2.9, 7.1 зэрэг заалтууд болон тооцоо нийлсэн актыг уншвал гэрээний агуулга тодорхой болно. Ажил олгогч, ажил гүйцэтгэгч талуудын хооронд гэрээ байгуулагдсан байхад шүүх түрээсийн гэрээ талуудын хооронд хийгдсэн байна гэж үзэж Иргэний хуулийг 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтын дагуу түрээсийн гэрээ гэж дүгнэснээс асуудлыг буруу дүгнэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 342.3, 344.1, 347.1, 356.1 дэх заалтуудтай гэрээний бүх заалтууд тохирч байгаа бөгөөд гэрээний дагуу З.Б нь хөрс хуулалтын ажлыг өөрийн эксковатороор хийж гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу нэг эксковатор дээр хоёр оператор ээлжлэн ажиллуулахаар тохиролцсон. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч З.Б гэрээг цааш үргэлжлүүлэхгүй, хариуцагч талаас гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийг нэхэж байсан тухай ажил олгогчтой хийж байсан бичлэгийг үзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь нэхэмжлэгч гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулахгүйгээр хэзээ орхиж явсныг нотлох үүргээ шүүх биелүүлээгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажлаа хэзээ орхиж явсан талаар 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орхиж явснаа мэдүүлсэн, анх нэхэмжлэл өгөхдөө нэхэмжлэл гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан гэж зөрүүтэй мэдүүлсээр байтал хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш ажиллаагүй гэсэн тайлбар зэргийн аль нь үнэн болохыг нотлох баримтаар шалгаж тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Гэтэл ажил хүлээлцсэн акт болон тооцоо нийлсэн хариуцагчийн гаргаж өгсөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн баримтыг үндэслэн ажилласан хугацааг нь тогтоох ёстой байсан. Нэхэмжлэгч бол 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласнаа нотлоогүй. Дээрхи үндэслэлүүдээр төлбөрийг хасч 25.761.666 төг гаргуулах буюу эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Аргун венчурс ХХК-д холбогдуулж түрээсийн төлбөр 119 097 834 төгрөг, алданги 23 819 567 төгрөг, нийт 142 917 401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 25 761 666 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд  2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18/09-012 дугаартай  тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 3,2 м3 шанагатай экскаваторыг хариуцагчид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Тавантолгой ХК-ийн ашиглалтын  лиценз бүхий  талбайд хөрс хуулалтын ажилд ашиглуулахаар хариуцагчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн, хариуцагч нь  түрээсийн төлбөрт нэг сарын 45 000 000 төгрөг төлөхөөр, үүнээс ХХОАТ суутган тооцохоор тохиролцсон байна. /хх-ийн 4-8/

 

Анхан шатны шүүх  дээрх гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн нөхцөлд зөв дүгнэлт хийж зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан болохыг зөв дүгнэжээ.

 

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлж, түрээслэгч нь төлбөрийн урьдчилгаанд 15 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 902 166 төгрөг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн төлбөр төлөөгүйн улмаас гэрээ  цуцлагдсан гэж, хариуцагч нь  ийнхүү цуцалсан болон  сул зогсолт  болсонд  нэхэмжлэгч талын жолоочийн  буруутай  байдал нөлөөлсөн гэж маргажээ.

 

Хариуцагч нь  2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн актад заасан төлбөрийг мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн, үүнээс хойшхи хугацааны төлбөрийг төлөөгүй зэргээс үзэхэд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн гэрээг цуцалж төлбөрөө шаардсан нэхэмжлэгийн тайлбар  нотлогдсон гэж үзнэ.

 Нэхэмжлэгчийн ажилтны буруутай үйлдлээс болон “Таван толгой” ХК-иас шалтгаалж сул зогсолт гарсан гэх тайлбараа хариуцагч нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар биелүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан сул зогсолтын тооцоо, тооцоо нийлсэн акт зэрэг баримтад   нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй байхаас гадна ажил хүлээлцсэн акт гэх баримтад нэхэмжлэгчийн ажилтан Батсайхан гарын үсэг зурсан гэх байдал эргэлзээгүйгээр нотлогдоогүй, сул зогсолт нь түүний буруугаас болсон гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар гэрч оролцуулах эсэх талаар хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байна.

 

Зохигчид гэрээг цуцалсан хугацааны талаар, нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж, хариуцагч мөн оны 11 дүгээр сарын 23 гэж өөр өөр  тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг  буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр нэхэмжилснийг  шүүх хангасан  нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх сарын төлбөрийг 45 000 000 төгрөгөөс ХХОАТ-г хасч тооцохоор  тохиролцсон талуудын тохиролцоог харгалзан  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т зааснаар хувь хүний орлогын албан татварын 10 хувийг хасч  сарын төлбөрийг 40 500 000 төгрөгөөр тогтоож, 1 сар 26 хоногт төлөх төлбөрийг нийт 75 119 178,10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

Харин нэхэмжлэгч гэрээнээс хугацаанаас өмнө татгалзсан тохиолдолд  төлбөр төлөх үндсэн үүрэг болон түүний биелэлтийг хангах зорилготой алдангийн нэмэлт үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагаас 684 293 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох байтал хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00831 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “75 803 471,41” гэснийг “75 119 178,10” гэж, “67 113 929,59” гэснийг “67 798 222,59” гэж, 2 дах заалтын “536 967,36” гэснийг “533 545” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 408 159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                                                                               Н.БАТЗОРИГ