Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00326

 

 

З.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00831 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 918 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: З.Б-

          Хариуцагч: “...венчурс” ХХК-д холбогдох

          142,917,401 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2018-09-23-ны өдөр “...венчурс” ХХК-тай тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 18/09-012 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д нэг сарын түрээсийн төлбөр 45сая төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээсэлсэн тоног төхөөрөмж буюу экскаваторыг 2018-09-25-ны өдөр түрээслэгч байгууллагын ажлын талбайд.. өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээслэгч “...венчурс” ХХК нь 9, 10 сарын түрээс болох 45сая төгрөгөөс 2018-09-р сард 15сая төгрөг, 2018-12-20-ны өдөр 21,902,166 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Итгэл эвдсэн үйлдэл удаа дараа гаргаж байгаа тул дээрх гэрээний 9.1, Иргэний хуулийн 221.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, 09-25-ны өдрөөс эхлэн 01-07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 119,097,834 төгрөг, алданги 23,819,567 төгрөг, нийт 142,917,401 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: З.Б- нь тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 18/09-012 тоот гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу урьдчилгаа болгон 15сая төгрөг авч техникээ талбайд байрлуулан засвар үйлчилгээ хийж 2018-09-27-ны өдөр 22 цагт ажлаа эхлүүлсэн байна. Ажил эхлүүлсэн өдөр болон цаг хугацаа нь хоёр талын тооцоо нийлсэн актаар баталгаажсан байдаг. Нэг сарын буюу 2018-09- 27-с 10-25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн ажлыг гэрээний 3.6-д зааснаар хоёр тал 2018-11-12-ны өдөр баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүнд: урьдчилгаа төлбөрийг суутгуулж, 09 сардаа ХХОАТ-г суутгуулахгүйгээр, 10 дугаар сард суутгуулахаар тохиролцон З.Б- гарын үсэг зурсны дагуу гэрээний 4.2-т зааснаар 2018-12-20-ны өдөр эхний сарын гүйцэтгэлийг манай компани хангасан байдаг. 2018-10-26-с 11-23-ныг дуусталх хугацаанд иргэн З.Б-ийн техник нийт 202.35 цагийн сул зогсолттой байсан бөгөөд гэрээний 3.4-т 600 мотор цагаас багагүй ажиллана гэж заасан. Энэ нь тэдний оператор Э.Батсайханы 2018-12-02-ны баталгаажуулсан. З.Б-ийн техник болон операторуудаас шалтгаалан үүссэн сул зогсолтын үед ажлаа хэвийн жигд явуулах зорилгоор манай компани өөр бусад техник давхар түрээслэн, тус техникүүдийн түрээсийн төлбөрийг бүтнээр нь тооцон өгч давхар давхар хохирч ирсэн бөгөөд эрсдлээ өөрсдөө үүрч ирсэн. 3.Б-ийн оператор Э.Батсайханы болон манай компанийн уурхайн дарга Б.Нарансүхийн гарын үсгээр баталгаажуулсан актын дагуу төлбөр тооцоо нийлэхээр удаа дараа түүнтэй манай нягтлан бодогч холбогдон урьсан боловч эхнэр өвчтэй байна, би өөрөө нурууны эмчилгээ хийлгэж байна гэх шалтгаанаар тооцоо нийлэхгүй хойшилсоор үргэлжилсэн баяруудтай золгосон. Манай компанийн зүгээс 3.Б-тэй 10-26-ны өдрөөс 11-23-наар хийсэн ажлын тооцоо нийлсэн тохиолдолд үлдэгдэл болох 25,761,666 төгрөгийг хийхэд бэлэн байгаа болно. Нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 101/ШШ2019/00831 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “... венчурс” ХХК-с  75,803,471.41 төгрөг гаргуулж, З.Б-эд олгож, нэхэмжлэлээс 67,113,929.59 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 872,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 536,967.36 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 918 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00831 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 75,119,178,10 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх  67,798,222,59 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 533,545 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заажээ. 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо:  Магадлалыг зөвшөөрөхгүй байна. З.Б- нь өөрийн өмчлөлийн техникийг “...венчурс” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж шилжүүлээгүй байна. Тэгэхээр талуудын хооронд түрээсийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2,-т “гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч” хэмээн бичсэн байх бөгөөд хоёр, гуравдугаар зүйл нь бүхэлдээ ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байна. Тэгэхээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. З.Б- нь өөрийн өмчлөлийн техникийг “...венчурс” ХХК-ийн ажлын талбайд бус харин “Таван толгой” ХХК-н ашиглалтын талбайд хүргэж, гэрээний 6.2-т заасан үүргийг хүлээсэн байна. Тухайлбал тэрээр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ /6.2.1/, өдөр болгон экскаватор 1, оператор 2-ыг тус тус ажилд гаргана. Харин гэрээний 3.4-т заасны дагуу сард 600 мотор цаг болон 2 оператор ажиллуулах үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг гэрээний дагуу шаардах эрхгүй байна. Иймд 50 сая төгрөгийг хассан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

З.Б- 2019-01-07-ны өдөр шүүхэд хандаж, “...венчурс” ХХК-с 142,917,401 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...2018-09-23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан...нэг сарын төлбөр 45сая төгрөг байсан... төлбөр бүрэн өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, 2018-09-25-ны өдрөөс 2019-01-07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 119,097,834 төгрөг, алданги 23,819,567 төгрөг авна..” гэжээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тооцоо нийлэх гэсэн боловч нийлэхгүй байгаа... 2018-10-26-ны өдрөөс 2018-11-23-р тооцоо нийлсэн тохиолдолд үлдэгдэл болох 25,761,666 төгрөгийг төлнө...” гэжээ. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 75,803,471.41 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ  “...талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна...акт үйлдсэн 21,902,166 төгрөгт алданги 678,967.27 төгрөг төлөх үүрэгтэй ...түрээсийн үндсэн төлбөрт 75,119,178,10 төгрөг... алданги 5,326.04 төгрөг мөн төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.   

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... хугацаа нь дуусаагүй байхад түрээсийн гэрээнээс татгалзсан тохиолдолд... алданги төлөх үүрэг дуусгавар болох алданги гаргуулах үндэслэлгүй...” гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр З.Б- нь 2018-09-23-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд өөрийн өмчлөлийн экскаваторыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Тавантолгой ХК-ийн ашиглалтын лиценз бүхий талбайд хөрс хуулалтын ажилд зориулж хариуцагчид шилжүүлэх, ...венчурс ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 45 сая төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд хоёр шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, хариу тайлбартай холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүх хариуцагчаас түрээсийн  төлбөрийг тооцон гаргуулсан нь үндэслэл бүхий болсон байна.  

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 918 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ