Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 831

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр           Дугаар 101/ШШ2019/00831           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух Шеруши санырау овогтой н ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотуудад оршин байрлах “*******” ХХК /РД:/-д холбогдох

 

142 917 401 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, хариуцагчийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* 2018 оны 09 сарын 23-ны өдөр “Аргун венчурс” ХХК-тай тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 18/09-012 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт нэг сарын түрээсийн төлбөр 45,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээсэлсэн тоног төхөөрөмж буюу экскаваторыг 2018 оны 09 сарын 25-ны өдөр түрээслэгч байгууллагын ажлын талбай болох Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын “Таван толгой” ХК-ийн ашиглалтын талбайд очин байрлаж өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээслэгч "‘Аргун венчурс” ХХК нь 9, 10 сарын түрээс болох 45,000,000 төгрөгөөс 2018 оны 9 сард 15,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 20-ны өдөр 21,902,166 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Түрээсийн төлбөрийг төлүүлэх асуудлаар утсаар залгахад утсаа авахгүй, ажлын байранд очиж уулзахад гээд /12 удаа/ очих тоолонд хаалгаа тайлж өгөхгүй байх гэх мэт итгэл эвдсэн үйлдэл удаа дараа гаргаж байгаа тул дээрх гэрээний 9.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 09 сарын 25-ны өдрөөс эхлэн 01 сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 119,097,834 төгрөг, алданги 23,819,567 төгрөг /Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-д алданги нь үндсэн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон тул 20 хувиар бодож тооцоолсон/ болно. Нийт 142,917,401 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлээр нийт 142 917 401 төгрөг нэхнэ. 2018.9.23-нд хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж уурхай дээр экскаватор түрээсэлсэн. Ажлын талбай дээр нь хүргэж өгсөн. 9 сард 15 саяын урьдчилгаа авсан. Сар бүрийн 25-нд тооцоо нийлэхээр тохирсон. Гэвч гэрээгээ биелүүлэхгүй байж байгаад 12.20-нд 21 902 166 төгрөг өгсөн. Энэ талаар хариуцагчаас гаргасан баримтад байгаа. Энэ хооронд хариуцагчийн захирал, нягтлантай олон удаа уулзаж, утсаар ярьж байсан. Ингэхэд одоохон ББСБ-с төлбөрийг аваад өгнө гээд яваад алга болдог байсан. Энэ мэтээр түрээсийн төлбөрөө төлдөггүй байсан. Би удаа дараа шаардаж байсан. Өнөө маргаашгүй төлнө гэдэг байсан. 12 сард хагалгаанд орох боллоо төлбөрөө төл гэхэд бас л одоохон гээд төлөөгүй. Заримдаа ажил дээр нь хүлээхэд очлоо гээд ирдэггүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 119 097 834 төгрөг үндсэн төлбөр, алданги 23 819 567 төгрөг нэхэж байгаа. Гэрээнд зааснаар алдангийг 20 хувиас хэтрүүлээгүй. Би өөр  хүмүүсээс уг экскаваторыг худалдаж аваад түрээсэлсэн байсан. Иймд нийт 142 917 401 төгрөг гаргуулж өгнө үү. Би лизингийн байгууллагад биш харин санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Сүүлийн 6 жилийн хугацаанд уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан. Хариуцагч нь сар бүр тооцоогоо хийдэггүй. Би уурхай дээр нь очиход хариуцагч тал байдаггүй. Давагдашгүй хүчин зүйл байсан гэж байна. Гэтэл надад ийм юм боллоо гээд гарын үсэг зуруулсан зүйлгүй. Ирээд тооцоогоо хийнэ гэсэн боловч хийгээгүй. Сар бүр тооцоо хийх ёстой боловч сар бүр тооцоогоо хийгээгүй. Захирал Амартүвшин нь ББСБ-н зээлээ төлөөд манай төлбөрийг хойшлуулсан гэж байна. Манай операторууд хариуцагчийн кэмп /camp/ дээр байрладаг. Манай хүмүүс ажлаа хийдэг. Гол асуудал нь хариуцагчийн инженер нь манай тээвэр хийдэг хүмүүстэй тохирохгүй байна л гэдэг. Дараагийн маргаан нь тэсэлгээгүй талбай уруу оруулж байсан. Үүнээс болж ажлаа хийхгүй байна гэж яригдаж байсан. Улмаар тэсэлгээтэй газар уруу оруулъя гэж хэлж байсан. Иймд манай хүмүүс архи уудаг, зугатаагаад алга болдог гэдэг нь үндэслэлгүй. Би эмнэлэгт 5 хоног хэвтээд л гарсан. Гарч ирээд би мөнгөө нэхэхэд 12 сард 21 сая гаруйг шилжүүлсэн. 202 цаг сул зогссон гэж байна. Тэсэлгээ хийхэд төлбөр хасна гэж гэрээнд байхгүй. Сард 45 саяыг төлөхөөр тохирсон. Гэрээнд өөр нөхцөлөөр төлбөр хасах сул зогсолтыг заасан байдаг. Ихэвчлэн хариуцагч талаас болж сул зогссон байдаг. 11.8-нд би гэрээг цуцлах талаар хэлээгүй. Харин 12 сард энэ талаар утсаар хэлсэн. Ингэхдээ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээ цуцлах талаар урьдчилж мэдэгдсэн. Манай техникийг сайн ажиллаж байгаа, нөгөө нь эвдэрсэн гэдэг байсан боловч одоо өөр юм яриад байна. 12 сарын сүүлээр уурхайн даргатай нь ярьсан байдаг. Гэрээгээ болилоо гэж хэн ч надад хэлээгүй. 25 сая төгрөг төлж эвлэрэхтэй санал нийлэхгүй. Хариуцагч нь төлбөрөө төлөхгүй байсан тул би 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Гэрээний хугацаанд нийт 36,902,166 төгрөг авсан гэв.

 

Хариуцагч “Аргун венчурс” ХХК-ний төлөөлөгч Г. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн иргэн Шеруши санырау овогт н ******* тус дүүргийн шүүхэд манай компанитай холбоотой нэхэмжлэл гаргажээ. Үүнд тайлбар гаргах нь:

Иргэн З.******* нь тус компанитай тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 18/09-012 тоот гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Үүний дагуу урьдчилгаа болгон 15,000,000 /арван таван сая /төгрөг авч техникээ талбайд байрлуулан засвар үйлчилгээ хийж 2018 оны 09-р сарын 27-ны 22 цагт ажлаа эхлүүлсэн байна. Ажил эхлүүлсэн өдөр болон цаг хугацаа нь хоёр талаар батлагдсан тооцоо нийлсэн актаар баталгаажсан байдаг. Нэг сарын буюу 2018 оны 09- р сарын 27-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 25-ны хооронд гүйцэтгэсэн ажлыг гэрээний 3.6-д зааснаар хоёр тал 2018 оны 11-р сарын 12-ны өдөр баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн /баримт №1/ байна. Үүнд: урьдчилгаа төлбөрийг суутгуулж, 09 сардаа ХХОАТ-г суутгуулахгүйгээр, 10-р сард суутгуулахаар тохиролцон иргэн З.******* гарын үсэг зурсны дагуу гэрээний 4.2-т зааснаар 2018 оны 12-р сарын 20-ны өдөр эхний сарын гүйцэтгэлийг манай компани хангасан байдаг. Энэ сард нийт 87 цагийн сул зогсолттой байгаа/баримт №2/ бөгөөд сул зогсолтын шалтгааныг хоёр тал хүлээн зөвшөөрсөн нь мөн л баримт № 1-ээр батлагдана. Дараа сарын буюу 2018 оны 10-р сарын 26-ны өдрөөс 2018 оны 11-р сарын 23-ныг дуусталх хугацаанд иргэн З.*******ийн техник нийт 202.35 цагийн сул зогсолттой байсан бөгөөд /гэрээний 3.4-т зааснаар 600 мотор цагаас багагүй ажиллана гэж заасан/ энэ нь тэдний оператор Э.Батсайханы 2018 оны 12-р сарын 02-ны баталгаажуулсан ажил хүлээлцсэн актаар мөн л баталгаажна /баримт №3/. Сул зогссон цагийн тооцоог уурхайн хяналтын менежер, түлшний нярав З.Алтантуяагийн тооцооны баримт №5-аас харж болно. Иргэн З.*******ийн техник болон операторуудаас шалтгаалан үүссэн сул зогсолтын үед ажлаа хэвийн жигд явуулах зорилгоор манай компани өөр бусад техник давхар түрээслэн, тус техникүүдын түрээсийн төлбөрийг бүтнээр нь тооцон өгч давхар давхар хохирч ирсэн бөгөөд эрсдэлээ өөрсдөө үүрч ирсэн. Ажил гүйцэтгэх хугацаандаа иргэн 3. *******ийн техникийн операторууд нь гэрээний 6.2.5, 6.2.12-р заалтуудыг удаа дараа зөрчиж ажил цалгардуулсан явдал гаргаж байгааг өөрийн биеэр ирж танилцсан байдаг бөгөөд түүний үгийг операторууд нь ер тоохгүй байсныг өөрөө ч батлах байх. Иймд бүх ажлыг нь /техник нь эвдрэх, операторууд нь архидан согтуурах, ажлаа хаяж зугтан явах, З.*******ийн техникийн операторуудыг бид олж өгөх г.м./ бид боломжийн хирээр удирдан зааварчилгаа өгч явуулж байсан болно/ гэрээний 6.2.5 болон 6.2.12-р заалтыг удаа дараа зөрчсөн/. Иргэн 3.*******ийн оператор Э.Батсайханы болон манай компанийн уурхайн дарга Б.Нарансүхийн гарын үсгээр баталгаажуулсан актын дагуу төлбөр тооцоо нийлэхээр /гэрээний 3.6/ удаа дараа түүнтэй манай нягтлан бодогч холбогдон урьсан боловч эхнэр өвчтэй байна, би өөрөө нурууны эмчилгээ хийлгэж байна гэх шалтгаанаар тооцоо нийлэхгүй хойшилсоор үргэлжилсэн баяруудтай золгосон. Иргэн З.******* нь мөн өөрийн биеэр компанийн оффис дээр 2018 оны 11-р сарын 09-ны өдөр тооцоо нийлэлтийн үеэр ирж амаар цаашид ажиллаж чадахгүй юм байна, гэрээгээ цуцлъя гэж мэдэгдсэний дагуу бид хүсэлтийг нь хүндэтгэн 11-р сарын 23-ны өдрөөс түүний техникийн ажиллагааг зогсоож өөр компанитай гэрээ хийж тэдний техникийг цагаан сарын баярыг хүртэл буюу Таван Толгой ХК-ний зогсолтын өдөр хүртэл ажиллуулж байсан болно. Манай компанийн зүгээс иргэн 3.*******тэй 10-р сарын 26-ны өдрөөс 11-р сарын 23-наар хийсэн ажлын тооцоо нийлсэн тохиолдолд /гэрээний З.6/ үлдэгдэл болох 25,761,666 төгрөгийг /хорин таван сая долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун зургаан/ хийхэд бэлэн байгаа болно. Тооцоог баримт №4-ээр хавсаргав. Дээрхи тайлбарыг үндэслэн иргэн З.*******ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

 

Нэхэмжлэгч нь лизингээр техник өгдөг газар ажилладаг юм байна. Тэгээд хүмүүст түрээсэлж болдог гэж ойлгоод гэрээ хийсэн байна. Ингэхдээ анх удаа гэрээ хийсэн тул туршлага дутсан байна. Гэрээг ажиллаагүй цагуудаа ажилласан мэтээр хийсэн байна. Гэрээний 2.2-т сар сараар сунгаад явахаар байдаг. 3.5-т зааснаар уулын ажлын зохион байгуулалтыг сар бүрээр хийхээр байдаг. 3.4-т зааснаар сард 600 мото цагаас доошгүй ажиллахаар байгаа. Анх урьдчилгаагаа аваад ажлаа эхлүүлсэн. Тооцоо сар бүр нийлсний дараа төлбөр төлөх үүрэг үүсэх талаар 3.6-д заасан байдаг. Манайх Таван толгойн туслан гүйцэтгэгч тул Таван толгой ирж хэмжилт хийгээд төлбөр тооцоо хийсний дараа манайх нэхэмжлэгчид төлбөр төлөх ёстой. 2018.11.12-нд эхний тооцоог  хийсэн байдаг. Энд сул зогсолт нь 87 цаг байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд 21 сая гаруй төгрөгний төлбөр авсан. Дараагийн сард нэхэмжлэгч нь өөрөө ч очсон байдаг. Энэ үед операторууд нь ажил хийдэггүй, архи уудаг байсан. Оператор нь архи уусан байвал Таван толгой ажилд гаргахгүй ажил зогсоодог. Энэ талаар цагийн бүртгэл дээр операторгүй гэж байгаа. 6.2.5-д операторыг ажилд гаргахаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн ажилтны сахилга батыг сахиулах ёстой байсан. Операторууд нь ажлаа хаяад явчихдаг. Манайх өөр газраас оператор авч ажиллуулж байсан. Энэ байдлаас сард 600 цаг ажиллах гэрээний үүрэг биелэгдээгүй. Ажил нь Таван толгой дээр явагддаг тул тэндээс тооцоо  хийдэг. Уурхай дээр ажил явагддаг тул нэхэмжлэгчийг тооцоо хийх үед дуудахад ирдэггүй. Улмаар 12.23-нд тооцоо хийхэд 202 цаг сул зогссон байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн оператор баталгаажуулсан байгаа юм. 11 сард нэхэмжлэгч нь өөрөө ажил гүйцэтгэж чадахгүй нь гээд гэрээг цуцлах санал тавьсан. Иймд 11.23-нд гэрээ цуцлагдсан. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь энэ талаар өөрөө очиж танилцсан. 11.23-нд ажлыг дуусгаж өөр компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй. 25 761 666 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Оператор нь Батсайхан нь хийсэн ажлыг баталгаажуулсан. Операторууд нь ажлаа хаяад явсан. Техник нь талбай дээр байснаар ажил хийсэн гэж үзэхгүй. 11.8-нд нэхэмжлэгч өөрөө ирээд ажиллах боломжгүй гэж хэлсэн талаар манай хүү Амартүвшин надад хэлж байсан. Цагийн бүртгэл дээр операторгүй гэж бичсэн байдаг. Гэрээний дагуу ажиллахыг хичээсэн. 11.23-с хойш ямар нэг баримт байхгүй. Таван толгойгоос болж ажил зогсдог байсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 119,097,834 төгрөг, алданги 23,819,567 төгрөг, нийт 142,917,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Аргун венчурс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 25,761,666 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь нэхэмжлэгч, түүний ажилтны буруутай үйл ажиллагаа болон “Таван толгой” ХХК-иас шалтгаалж сул зогссон, мөн нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн тул 11 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээ цуцлагдсан тул үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18/09-012 дугаар тоног төхөөрөмж түрээслэх түрээслүүлэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээний нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байх бөгөөд уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний 2.1-д зааснаар 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд 4.1-т зааснаар сарын төлбөр нь 45,000,000 төгрөг, үүнээс ХХОАТ суутган тооцохоор тохиролцсон байна.

Зохигчид түрээсийн гэрээний зүйл болох эксторыг түрээслүүлэгч нь түрээслэгчийн ажлын талбайд хүргэсэн, улмаар ажиллаж байсан талаар болон түрээслэгч нь төлбөрийн урьдчилгаанд 15,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21,902,166 төгрөг тус тус төлсөн талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 6, 42 дугаар зүйлд зааснаар эдгээр үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилтны буруутай үйлдлээс болж сул зогсолт гарсан гэх тайлбараа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Хэргийн 27, 29 дүгээр талд сул зогсолтын гэх тооцоо байх боловч нэхэмжлэгч талаас эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, улмаар гэрээний нэг тал болох хариуцагчийн гаргасан тооцоо байх  тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Тодруулбал нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас сул зогсолт үүссэн гэх хариуцагчийн тайлбарыг нотлохгүй.

Түүнчлэн хариуцагч нь “Таван толгой” ХХК-ниас шалтгаалж сул зогсолт үүссэн гэж маргаж байх боловч энэ талаар баримтгүй, мөн энэхүү байдал нь хариуцагчийг гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү байдал нь гэрээний 8-д заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нь гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй.

 

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн төлсөн 21,902,166 төгрөгний тооцоог 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцож гаргасан байна. /хэргийн 26 дугаар тал/ Гэрээний 4.7-д талууд тооцоо гаргаж акт үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор хариуцагч нь төлбөр төлөхөөр заасан. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн актад заасан төлбөрийг мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн байх тул гэрээнд зааснаар 31 хоног хэтрүүлсэн байна.

Гэрээний 4.8-д төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна. Энд төлөгдсөн 21,902,166 төгрөгөөс алдангийг тооцвол 1 хоногт 21,902.17 төгрөг, 31 хоногт 678,967.27 төгрөг  тооцогдоно. Иймд хариуцагч нь акт үйлдэж төлөхөөр тохиролцсон 21,902,166 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн байх тул гэрээнд заасны дагуу алдангид 678,967.27 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.

Энэхүү гэрээ дүгнэсэн актад хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг тооцогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид гэрээний зүйлийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн ажлын байранд ирүүлж, ажил эхэлсэн талаар маргаагүй. Мөн дээрх акт дүгнэсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн актаар мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажлыг дүгнэсэн. Мөн зохигчид гэрээг цуцлах талаар бичгээр баримт үйлдээгүй, цуцалсан хугацааг нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж, хариуцагч мөн оны 11 дүгээр сарын 23 гэж зөрүүтэй тайлбарласан. Гэвч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлох үүргээ биелүүлээгүй, тухайн үед энэ талаар баримт үйлдээгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хугацаа болох 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцалсан гэж үзлээ. Дээрх үндэслэлээс гэрээ хэрэгжиж байсан бөгөөд зохигчид гэрээг дүгнээгүй хугацааг тооцвол ажил эхэлсэн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1 сар, 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 26 хоног болно. Дээрх үндэслэлээр хариуцагч нь гэрээний дагуу 1 сар 26 хоногийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсанаар зохигчид сарын төлбөрийг 45,000,000 төгрөгөөс ХХОАТ-г хасаж төлөхөөр тохиролцсон. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т зааснаар хувь хүний орлогын албан татвар нь 10 хувь байна. Түүнчлэн мөн хуулийн 18-д зааснаар холбогдох зардлыг хасаж тооцох боловч нэхэмжлэгч нь энэ талаар баримт гаргаагүй, улмаар гэрээний зүйл болох экскаваторын оператор /жолоодогч/ нь хариуцагчийн байранд байрлаж байсан талаар тайлбар гаргасан. Иймд сарын төлбөрийг 40,500,000 /45,000,000-10%/ төгрөг гэж үзнэ. Үүнээс гэрээний хугацаа 12 сар байсан тул төлбөрийг 12 сараас тооцвол хариуцагчийн хоногт төлөх төлбөр нь 1,331,506.85 /40,500,000*12/365/ төгрөг болно.

Зохигчид гэрээний гүйцэтгэлийг дүгнээгүй 1 сар 26 хоногт төлөх төлбөрийг тооцвол 1 сард 40,500,000 төгрөг, 26 хоногт 34,618,178.10 төгрөг, нийт 75,119,178,10 төгрөг болно. Иймд хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл хугацааны гэрээг дүгнээгүй хэсгийн түрээсийн үндсэн төлбөр 75,119,178.10 төгрөг төлөх үүрэгтэй.

Энэхүү төлбөрөөс алданги тооцвол гэрээг дүгнэх ёстой байсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 7 хоног тоолоод 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр төлөх байжээ. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 4 хоног хэтэрсэн гэж үзнэ. Улмаар алдангид 5,326,04 төгрөг тооцогдож байна.

Эдгээр тооцоог бүхэлд нь нэгтгээд хариуцагч нь гэрээний үүрэгт зохигчид гэрээг дүгнэж, төлсөн 21,902,166 төгрөгний алдангид 678,967.27 төгрөг, гэрээ цуцлах хүртэл хугацааны төлбөрт 75,119,178.10 төгрөг, түүний алдангид 5,326.04 төгрөг, нийт 75,803,471.41 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Аргун венчурс” ХХК-иас 75,803,471.41 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,113,929.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 872,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 536,967.36 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД