Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/02777

 

2017 оны 09 сарын 08 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/02777

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Г0/0 байранд байрлах А СӨХ /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 0-0 тоотод оршин суух Я овогт Д Э /РД:000/-д холбогдох,

 

 

 

1,050,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А СӨХ-ны захирал Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ажлаа аваадд хамгийн түрүүнд А СӨХ-ны орчны газрыг эзэмших, ашиглахтай холбоотой орчны газрыг хөөцөлдөх нь зүйтэй гэж үзээд анх 2017.09.16-ны өдрийн №09 албан тоотоор Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанд мөн 2015.03.05б-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга н.Г газар ашиглах хүсэлт гаргасан байдаг.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 2015.03.11-ний өдрийн -8/382 албан чигээр Нийслэлийн өмчийн харилцааны албанд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. А СӨХ нь 2015.03.10-ны өдрийн №10 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар ашиглах хүсэлт гаргасан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015.03.17-ны өдрийн албан тоотоор танайхаас ирсэн материалын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр буцаасан.

 

Ингээд тус СӨХ нь 2015.12.28-ны өдөр №34 тоот албан бичгээр Н З д Э.Б хандсан. Нийслэлийн Засаг даргын хариуг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016.01.15-ны өдрийн №08/121 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлсэн боловч газар ашиглуулах боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг.

 

Иймд Н З д Э.Б хуулиар хүлээсэн албан үүргээ эс үйлдэхүйгээр биелүүлэхгүй байгаа тул Нийслэл дэх Захиргаааны хэргийн анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон үүргээ эс биелүүлж байгааг тогтоож, засаг даргад А СӨХ-ны орчны газрыг ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэрэг үүсгэж, 2016.06.24-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр орчны газрыг А СӨХ-нд олгохыг даалгасан шийдвэр гаргасан.

 

Энэ газар ашиглахтай холбоотой албан тоотууд, хүсэлтүүд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмчийн харилцааны алба болон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд процесс явагдаж байхад иргэн Д.Э гэдэг хүн Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч н.Н гэдэг хүн мөн 2-3 залуутай орж ирээд манай СӨХ-ны блокон хашаа /урт 10 метр, өндөр 2,20 см/-г дур мэдэн буулгасан.

 

Энэ үед Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч н.Н би хандаж чи хүний хувийн өмчийг шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад эвдэж сүйтгэж байгаа юм бэ?, ингэж буулгах эрхийг хэн олгосон юм гэхэд Газрын тухай хуулийн 60.1, 60.2-т заасан байгаа гэсэн тайлбар өгсөн.

 

Нийслэлийн Засаг даргын 2017.03.16б-ны өдрийн №А/142 тоот захирамжаар газар ашиглах зөвшөөрөл олгож, Н г а д Э.Б 2017.03.27-ны өдрийн газар ашиглах 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Иймд Д.Э төмөр хашааны үнэ 800,000 төгрөг, нураасан блокыг тээвэрлэх зардал 250,000 төгрөг нийт 1,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны барьсан хашаа нь зөвшөөрөлгүй баригдсан бөгөөд уг хашааг буулгахыг Нийслэлийн захиргааны бүх шатны байгууллагууд шийдвэр гаргасан. Иргэн Д.Э нь Н З дЭ.Б, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба зэрэг төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны алба миний өргөдлийн хариуг 14 хоногийн дараа өгсөн ба хариуцсан байцаагч нь н.Н гэдэг хүн томилогдсон. Би тэр хүнтэй танилцаад учир байдлаа хэлэхэд тэрээр 2012 оноос хойш наад хашааг чинь буулгах гээд чадахгүй байгаа юм. Одоо буулгана гэж хэлээд улмаар баригдсан хашаан дээр н.Н байцаагч өөрийн биеэр очиж шаардах хуудас хашаан дээр нааж, манаачид нь хүлээлгэн өгсөн.

 

Хашаа буулгах хугацаа болоход байцаагч н.Н болон 1 залуугийн хамт ирсэн. Мөн дээр нь би хашаа буулгах гэж хөлсөлж авсан 2 хүний хамтаар 5 хүн очсон. Тэр өдөр 5 дахь өдөр байсан очоод н.Н байцаагч буулга гэж бидэнд хэлсэн ба бид түлхсэн хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан. Тэр үед байрны жижүүр болон байрнаас 10-аад хүн гарч ирээд ТВ-8 телевизийг дуудсан байсан.

 

Дараа нь би хогоо цэвэрлэх гээд очтол бидний нураасан хашааны оронд төмрөөр хашаа барьсан байсан. Би тэднээс энэ яагаад хашаа барьсан юм бэ гэхэд чамд хамаагүй Нийслэлээс бичиг авч ир гэж хэлсэн. Дахин н.Н байцаагч дээр очтол Нийслэлийн газар төлөвлөлт рүү бичиг хийж өгөөд үүнийг аваачиж өг гэсэн Нийслэлийн төлөвлөлтийн газраас дуудаад газар ашиглах тухай ярилцсан.

 

Мэргэжлийн хяналтын газраас буюу улсын ахлагч байцаагч М.М Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ж.Ч Зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Дээрх албан шаардлагад Ил задгай хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэн зайлуулж, бохирдсон хөрсөнд халдваргүйжүүлэлт хийлгүүлэх шаардлагатай уг ажлыг 2015.06.01-ний дотор А СӨХ, Хүрээ хотхон СӨХ, иргэн Д.Э нарт үүрэг болгов гэсэн заалт байсан. Дээр шаардлагыг үндэслэн Засаг дарга Ж. Ч нь А СӨХ-ны удирдлагад 2015.05.29-ний өдөр үүрэг болгосон албан бичиг хүргүүлсэн.

 

Ийнхүү иргэн Д.Э нь төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын гаргасан удаа дараагийн захирамж, тушаал, албан шаардлага, мэдэгдэл зэргийг А СӨХ-д албан ёсоор хүлээлгэн өгч, зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөхийг шаардаж байсан боловч энэхүү А СӨХ нь иргэн намайг болон төрийн захиргааны байгууллагуудын шийдвэр захирамжуудыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. гэв.

 

 

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ....Иргэн Д.Э нь 2015 онд анх Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны зоорийн давхарт байрлах 140 м2 талбайтай, 4-н тусдаа хаалга бүхий нийт 8 машины зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгийг 45,000,000 төгрөгөөр бэлнээр худалдан авсан билээ.

 

Анх дээрх объектыг худалдан авч байхад миний гражийн урд 4 хаалгыг хааж барьсан хуучны бололтой, блокоор барьсан хашаа байсан. Тус хашааг хариуцаж байгаа бололтой 50 гаран насны хүнтэй уулзаад А СӨХ барьсан болохыг мэдэж аваад анх даргатай нь уулзсан. Үүний дараагаар маргаан үүсч эхэлсэн. Иймээс дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах, 2017.03.27-ны өдрийн Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Т, А СӨХ-ны захирал Ч.Б байгуулсан газар ашиглуулах гэрээг цуцлуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Энэ маргаан Д.Э 4 граж худалдан авснаар эхэлсэн. Уг орчны газар ашиглах, эзэмших ажиллагаа 2-3 жил үргэлжилж, Захиргааны хэргийн шүүхийн 470 тоот шийдвэр, Нийслэлийн Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэхүйг тогтоож, А СӨХ-д ашиглуулахыг даалгаж, 2017.03.27-ны өдөр манай СӨХ-тэй гэрээ байгуулж газар ашиглах кадасторт зургаа оруулж баталгаажуулсан тул газар чөлөөлүүлэх шаардлага хууль бус юм.

 

 

 

Манай СӨХ анх захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа кадасторын зургаа 1520м2 талбайгаар нэхэмжилсэн боловч шүүх газар дээр нь үзлэг хийж 1190 м2 хэмжээгээр шийдвэр гарч Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Б.Т газар дээр нь үзлэг хэмжилт хийж одоо байгаа хашаалсан талбайн хэмжээгээр кадасторын зургаа хийж баталгаажуулсан илүү газар хашаалсан зүйл байхгүй.

 

 

 

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас явган хүний орц гарцыг 00 байрны оршин суугчдын зорчигчдын орц гарцыг одоо явж байгаа замаар явуулахаар төлөвлөсөн бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016.04.11 өдрийн 02/1039 тоотоор 00 байрны граж гаргах гэж байгаа гарц нь хууль зөрчиж байгаа тул зөвшөөрөөгүй.

 

 

 

Өмгөөлөгчид төлсөн 6,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн анхан шатны шүүхийн 470 тоот шийдвэрийг биелүүлэх зорилгоор Засаг даргын А/142 тоот захирамж гарч уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд нийцүүлэн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Д.Э холбогдуулан төмөр хашаны үнэ 800,000 төгрөг, нураасан хашааны блок тээвэрлэсэн хөлс 250,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

 

 

Д.Э нь А СӨХ-д холбогдуулан нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

 

 

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, А СӨХ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

А СӨХ нь 2006 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авчээ.

 

 

 

А СӨХ нь Захиргааны хэргийн шүүхэд тус байрны орчмын 1520 м2 газрыг ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 470 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

 

 

Дээрхи шийдвэрийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглуулах гэрээ-г 1190 м2 хэмжээтэй газраар гэрээ байгуулан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр К л ХХК-аар 1190 м2 газарт кадасторын зураг хийлгэжээ.

 

 

 

Хариуцагч Д.Э нь А СӨХ-ийн блокон хашааг буулгасан болох нь түүний Н байцаагч буулга гэж бидэнд хэлсэн, би болон нөгөө 2 хүний хамтаар түлхсэн, хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан гэх бичгийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов.

 

 

 

Нэхэмжлэгч А СӨХ нь Д.П нар нь 2015 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр 1м2 төмөр хашааг 40,000 төгрөгөөр 5 ширхэг, 2м өндөртэй, 2м урттай хашааг 800,000 төгрөгөөр барихаар, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А СӨХ нь Б.Б эзэмшлийн 82-11 УНЛ улсын дугаартай машинаар блокны хогийг зөөлгөхөөр 1 удаагийн ресийг 50,000 төгрөгөөр 5 удаа зөөж бүгд 250,000 төгрөг төлөхөөр тохирч төлбөрийг А СӨХ-ийн Төрийн банкны данснаас зарлагдсан байна.

 

 

 

Иймд хариуцагч Д.Э 1,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд

 

 

 

Нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

Д.Э нь 2015 онд Чингэлтэй дүүргийн 0-р хороо 0-р байрны зоорийн давхарт байрлах 140м2 талбайтай 4 тусдаа хаалга бүхий 8 машины авто зогсоолыг худалдан авч өмчлөгч болсон байна.

 

 

 

Чингэлтэй дүүргийн 3-р хороо Энх тайваны өргөн чөлөөний 00/0-р байр нь А СӨХ-д, Чингэлтэй дүүргийн 00-р байр нь Х СӨХ-д бүртгэлтэй бөгөөд Х СӨХ-өөс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15/15 албан бичигт иргэн Д.Э нь уг зогсоолыг сууцны зориулалтаар ашиглахаар урагш гарц гарган тохижуулах гэж байгаад СӨХ-ийн зүгээс татгалзах зүйлгүй. гэсэн албан бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлж байжээ.

 

 

 

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1039 тоот албан бичигт Авто машин орох гарах гарцыг батлагдсан ажлын зураг төсөл дээр тусгаж өгдөг. Төлөвлөгдөөгүй газраар орц гарц гаргахыг Орон сууцны тухай хуулиар...хориглоно гэсэн албан бичгийг А Х СӨХ-д ирүүлсэн байна.

 

 

 

Сөрөг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн бичгийн нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 470 тоот шийдвэрийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглуулах гэрээ-г 1190 м2 хэмжээтэйгээр А СӨХ, Нийслэлийн газрын алба нарын хооронд гэрээ байгуулж, гэрээнд заасан хэмжээгээр хашааг барьсан нь нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, явган хүний зам, орц гарцыг хаасан гэж үзэх боломжгүй байна.

 

 

 

Шүүх хуралдааны шатанд Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 6,000,000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн төлбөр гэж тайлбарласан боловч өмгөөлөгч Б.Ц хөлс төлсөн нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байна гэж үзлээ.

 

 

 

Иймд Д.Э А СӨХ-д холбогдуулан гаргасан нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Д.Э 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29,750 төгрөгийг Д.Э буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 228 дугаар зүйлийн 228.1, 134 дугаар зүйлийн134 дүгээр зүйлийн 134.2, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.Э 1,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-нд олгож, Д.Э нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Д.Э 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А СӨХ, Д.Э нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30,500 төгрөг, 321,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э 30,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгож, улсын орлогоос 29,750 төгрөг гаргуулан Д.Э олгосугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ