Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02327

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02327

 

 

Амилахуй СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02777 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Амилахуй СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Энхжаргалд холбогдох

 

Гэм хор учруулсны хохиролд 1 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд орц, гарц гаргах, хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Баасанбямба

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатар

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амилахуй СӨХ-ны орчны газрыг эзэмших, ашиглахтай холбоотой анх 2017.09.16-ны өдрийн №09 албан тоотоор Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанд, мөн 2015.03.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 2015.03.11-ний өдрийн 8/382 албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны албанд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Амилахуй СӨХ нь 2015.03.10-ны өдрийн №10 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар ашиглах хүсэлт гаргасан боловч тус газрын 2015.03.17-ны өдрийн албан тоотоор танайхаас ирсэн материалын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр буцаасан. Ингээд 2015.12.28-ны өдөр №34 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг даргын хариуг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016.01.15-ны өдрийн №08/121 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлсэн боловч газар ашиглуулах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг хуулиар хүлээсэн албан үүргээ эс үйлдэхүйгээр биелүүлэхгүй байгааг тогтоож, Амилахуй СӨХ-ны орчны газрыг ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, 2016.06.24-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр орчны газрыг Амилахуй СӨХ-нд олгохыг даалгасан шийдвэр гаргасан.Энэ газар ашиглахтай холбоотой процесс явагдаж байхад иргэн Д.Энхжаргал Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч н.Нэргүй гэдэг хүн мөн 2-3 залуутай орж ирээд манай СӨХ-ны блокон хашаа /урт 10 метр, өндөр 2,20 см/-г дур мэдэн буулгасан. Нийслэлийн Засаг даргын 2017.03.16-ны өдрийн №А/142 тоот захирамжаар газар ашиглах зөвшөөрөл олгож, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай 2017.03.27-ны өдрийн газар ашиглах 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Иймд Д.Энхжаргалаас төмөр хашааны үнэ 800 000 төгрөг, нураасан блокийг тээвэрлэх зардал 250 000 төгрөг, нийт 1 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус СӨХ-ны барьсан хашаа нь зөвшөөрөлгүй баригдсан бөгөөд уг хашааг буулгах шийдвэрийг Нийслэлийн захиргааны бүх шатны байгууллагууд гаргасан. Иргэн Д.Энхжаргал нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба зэрэг төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны алба миний өргөдлийн хариуг 14 хоногийн дараа өгсөн ба хариуцсан байцаагч н.Нэргүй нь 2012 оноос хойш наад хашааг чинь буулгах гээд чадахгүй байгаа, одоо буулгана гэж хэлээд улмаар баригдсан хашаан дээр өөрийн биеэр очиж шаардах хуудас нааж, манаачид нь хүлээлгэн өгсөн. н.Нэргүй байцаагч буулга гэж бидэнд хэлсэн ба бид түлхсэн хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан. Дараа нь би хогоо цэвэрлэх гээд очтол бидний нураасан хашааны оронд төмрөөр хашаа барьсан байсан.

Мэргэжлийн хяналтын газраас буюу улсын ахлагч байцаагч М.Мөнхгэрэлээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ж.Чимэдцогзолд зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагад ил задгай хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэн зайлуулж, бохирдсон хөрсөнд халдваргүйжүүлэлт хийлгүүлэх шаардлагатай, уг ажлыг 2015.06.01-ний дотор Амилахуй СӨХ, Хүрээ хотхон СӨХ, иргэн Д.Энхжаргал нарт үүрэг болгов гэсэн заалт байсан. Дээрх шаардлагыг үндэслэн Засаг дарга Ж.Чимэдцогзол Амилахуй СӨХ-ны удирдлагад 2015.05.29-ний өдөр үүрэг болгосон албан бичиг хүргүүлсэн. Ийнхүү иргэн Д.Энхжаргал нь төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын гаргасан удаа дараагийн захирамж, тушаал, албан шаардлага, мэдэгдэл зэргийг Амилахуй СӨХ-нд албан ёсоор хүлээлгэн өгч, зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 онд анх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 23 дугаар байрны зоорийн давхарт байрлах 140 м.кв талбайтай, 4-н тусдаа хаалга бүхий нийт 8 машины зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгийг 45 000 000 төгрөгөөр бэлнээр худалдан авсан. Дээрх объектыг худалдан авч байхад миний гражийн урд 4 хаалгыг хааж барьсан хуучны бололтой, блокоор барьсан хашаа байсан бөгөөд тус хашааг хариуцаж байгаа бололтой хүнтэй уулзахад Амилахуй СӨХ барьсан болохыг мэдээд анх даргатай нь уулзсан. Үүний дараагаар маргаан үүсч эхэлсэн. Иймээс нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд, орц гарц гаргах, хохирол 6 000 000 төгрөг гаргуулах, 2017.03.27-ны өдрийн Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Төмөрбаатар, Амилахуй СӨХ-ны захирал Ч.Баасанбямбатай байгуулсан газар ашиглуулах гэрээг цуцлуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орчны газар ашиглах, эзэмших ажиллагаа 2-3 жил үргэлжилж, Захиргааны хэргийн шүүхийн 470 тоот шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Амилахуй СӨХ-д ашиглуулахыг даалгаснаар 2017.03.27-ны өдөр манай СӨХ-тэй гэрээ байгуулж газар ашиглах кадастарт зургаа оруулж баталгаажуулсан тул газар чөлөөлүүлэх шаардлага хууль бус юм. Манай СӨХ анх захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа кадастрын зургаа 1520 м.кв талбайгаар нэхэмжилсэн боловч шүүх газар дээр нь үзлэг хийж 1190 м.кв хэмжээгээр шийдвэр гарсан бөгөөд Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Б.Төмөрбаатартай газар дээр нь үзлэг хэмжилт хийж одоо байгаа хашаалсан талбайн хэмжээгээр кадастрын зургаа хийж баталгаажуулсан илүү газар хашаалсан зүйл байхгүй. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 23 байрны оршин суугчдын зорчигчдын орц гарцыг одоо явж байгаа замаар явуулахаар төлөвлөсөн бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016.04.11 өдрийн 02/1039 тоотоор 23 байрны граж гаргах гэж байгаа гарц нь хууль зөрчиж байгаа тул зөвшөөрөөгүй. Өмгөөлөгчид төлсөн 6 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн анхан шатны шүүхийн 470 тоот шийдвэрийг биелүүлэх зорилгоор Засаг даргын А/142 тоот захирамж гарч уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд нийцүүлэн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 228 дугаар зүйлийн 228.1, 134 дугаар зүйлийн134 дүгээр зүйлийн 134.2, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.Энхжаргалаас 1 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Амилахуй СӨХ-нд олгож, Д.Энхжаргалын нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, хохирол 6 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Д.Энхжаргалын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Амилахуй СӨХ, Д.Энхжаргал нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 500 төгрөг, 321 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхжаргалаас 30 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Амилахуй СӨХ-д олгож, улсын орлогоос 29 750 төгрөг гаргуулан Д.Энхжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг шудрага эзэмшигч гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн. "Амилахуй" СӨХ нь Захиргааны хэргийн шүүхийн 2016/06/24-ний өдрийн шийдвэрээр өөрийн байр орчмын газрыг ашиглах эрхийг олж авсан нь үнэн боловч энэ үйл явдал блокон хашааг нураасан үйл явдлаас нэлээд олон сарын дараа болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Энхжаргал нь дээрх блокон хашааг төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын удаа дараагийн тушаал шийдвэрүүдийн үндсэн дээр, мөн Газрын албаны улсын байцаагч Нэргүй гэдэг хүний шууд удирдлаган дор хашааг буулгасан. Гэтэл үүнээс даруй 1 жил, 3 сарын дараа буюу 2016/06/24-ний өдөр "Амилахуй" СӨХ тухайн байрныхаа орчмын 1190 м.кв хэмжээтэй газрыг шүүхийн шийдвэрийн дагуу ашиглах эрхтэй болсон. Гэтэл анхан шатны шүүх "Амилахуй" СӨХ-ны ашиглах эрхтэй болчихсон газрын блокон хашааг нь дур мэдээд буулгачихсан мэтээр дүгнэлт өгсөн нь алдаатай шийдвэр болсон. Маргаан бүхий блокон хашааг буулгах үед "Амилахуй" СӨХ тухайн газрын "Шудрага эзэмшигч" нь болоогүй байсан. ...Гэтэл анхан шатны шүүх тухайн блокон хашааг иргэн Д.Энхжаргал өөрөө дур мэдэн буулгасан, энд төрийн байгууллагууд ямар ч хамаагүй гэсэн дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө өмгөөлөгч миний бие нь дээрхи блокон хашааг нураан буулгах ажлыг шууд удирдан зохион байгуулсан Нэргүй гэдэг хүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавихад шүүх огт хүлээж аваагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа. "Амилахуй" СӨХ нь ашиглах гэж буй газраа тойруулан хашаа барих эрхгүй учраас бид уг гэрээний заалтын дагуу энэхүү шаардлагыг гаргасан. Мөн иргэн Д.Энхжаргал нь өмгөөлөгч надад өмгөөллийн хөлс болгож 6 000 000 төгрөг өгснийгөө буцаагаад "Амилахуй" СӨХ-ноос нэхэмжилсэн. Учир нь "Амилахуй" СӨХ-ны зүгээс анх дур мэдэн, хууль бусаар блокон хашаа барьсаныг буулгуулахын тулд өмгөөлөгч миний бие нь бүтэн 2 жилийн хугацаанд төрийн захиргааны бүх шатны байгууллагуудаар явж, хөөцөлдсөн. Өөрөөр хэлбэл энэхүү 6 сая төгрөг бол өмгөөлөгч миний бүтэн 2 жилийн уйгагүй хөдөлмөрийн хөлс төлбөр юм. Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 134 дүгээр зүйлийн 134.2 дах заалтыг үндэслэн шийдвэрээ гаргасан. Хөрш залгаа эд хөрөнгө гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэнд талархаж байгаа боловч энэ нь хариуцагч Д.Энхжаргалын эрхийг хангахтай холбогдсон хуулийн заалт гэж үзэж байна. Мөн шүүхийн хэрэглэсэн Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1 гэсэн заалт нь "Хөлсөөр ажиллах гэрээ"-ний зохицуулалт бөгөөд энэ заалтыг хэрэглэх ёсгүй байсан гэж хариуцагч тал үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Амилахуй СӨХ нь хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулан эзэмшлийн газраа хашсан хашааг нь буулгаснаас учирсан хохиролд 1 050 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд орц, гарц гаргах, хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан гэж, хариуцагч нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу хашааг буулгасан гэж тус тус маргасан буюу хохирол гаргуулах шаардлагын үндэслэл нь хашаа нураасан хариуцагчийн үйлдэл хууль бус эсэх асуудлаар маргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй байхад шүүх мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дангаараа хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

 

Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хариуцагчийн өмгөөлөгчөөс үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлт гаргасан /хх-11/ ба шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-112/ байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дах хэсэгт тус тус заасан захирамж гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Энхжаргалын төлсөн 321 550 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ