Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00394 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “А” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох

 

Хохиролд 1 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд орц гарц гаргах, хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус сууц өмчлөгчдийн холбооны захирлаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр томилогдсон бөгөөд орчны газрыг эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар 2014.09.16-ны өдөр Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанд, 2015.03.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад газар ашиглах хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 2015.03.11-ний өдрийн 8/382 албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны албанд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. 2015.03.10-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар ашиглах хүсэлт гаргасан боловч материалын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр буцаасан. 2015.12.28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016.01.15-ны өдрийн №08/121 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлж, улмаар газар ашиглуулах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон үүргээ эс биелүүлж байгааг тогтоож, “А” СӨХ-ны орчны газрыг ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016.06.24-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр орчны газрыг “А” СӨХ-нд олгохыг даалгасан шийдвэр гаргасан. Газар ашиглахтай холбоотой дээрх процесс явагдаж байхад иргэн Д.Э, Чингэлтэй дүүргийн Газрын албаны байцаагч н.Нэргүй нар 2-3 залуутай ирээд манай СӨХ-ны блокон хашааг дур мэдэн буулгасан. Энэ үед байцаагч н.Нэргүйд хандаж яагаад эвдэж сүйтгэж байгаа юм бэ, ингэж буулгах эрхийг хэн олгосон юм гэхэд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дах хэсэгт заасан байгаа гэсэн тайлбар өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2017.03.16-ны өдрийн №А/142 тоот захирамжаар газар ашиглах зөвшөөрөл олгож, Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-тай 2017.03.27-ны өдрийн газар ашиглах 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан тул Д.Э-аас төмөр хашааны үнэ 800 000 төгрөг, нураасан блокийг тээвэрлэх зардал 250 000 төгрөг, нийт 1 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч “А” СӨХ-ны барьсан хашаа нь зөвшөөрөлгүй баригдсан бөгөөд уг хашааг буулгах талаар Нийслэлийн захиргааны бүх шатны байгууллагуудын шийдвэр гарсан. Д.Э холбогдох төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж байсан ба Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны алба миний өргөдлийн хариуг 14 хоногийн дараа өгсөн ба хариуцсан байцаагч нь н.Н гэдэг хүн томилогдсон. Би тэр хүнтэй танилцаад учир байдлаа хэлэхэд тэрээр “2012 оноос хойш наад хашааг чинь буулгах гээд чадахгүй байгаа юм, одоо буулгана гэж” хэлээд улмаар өөрийн биеэр очиж шаардах хуудас хашаан дээр нааж, манаачид нь хүлээлгэн өгсөн. Хашаа буулгах хугацаа болоход байцаагч н.Н нэг залуугийн хамт, би хашаа буулгах гэж хөлсөлж авсан 2 хүний хамтаар 5 хүн очсон. н.Н байцаагч буулга гэж бидэнд хэлсэн ба бид түлхсэн хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан. Тэр үед байрны жижүүр болон байрнаас 10-аад хүн гарч ирээд ТВ-8 телевизийг дуудсан байсан. Дараа нь би хогоо цэвэрлэх гээд очтол бидний нураасан хашааны оронд төмрөөр хашаа барьсан байсан. ...Надад нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах арга хэмжээний тухай А/241 тоот албан бичгийн хэрэгжилтийг хангуулах, 10/2463 тоот Захирамж хэрэгжүүлэх тухай гэсэн албан бичгийг шуудангаар ирүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас буюу улсын ахлагч байцаагч М.М-ээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ж.Ч-д зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Дээрх албан шаардлагад ил задгай хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэн зайлуулж, бохирдсон хөрсөнд халдваргүйжүүлэлт хийлгүүлэх шаардлагатай уг ажлыг 2015.06.01-ний дотор “А” СӨХ, “Хүрээ хотхон” СӨХ, Д.Э нарт үүрэг болгов гэсэн заалт байсан. Дээрх шаардлагыг үндэслэн Засаг дарга Ж.Ч “А” СӨХ-ны удирдлагад 2015.05.29-ний өдөр үүрэг болгосон албан бичиг хүргүүлсэн. Ийнхүү Д.Э нь зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөхийг шаардаж байсан боловч “А” СӨХ төрийн захиргааны байгууллагуудын шийдвэр захирамжуудыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 ны 3-р сарын 27-ны өдрийн Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Т, “А” СӨХ-ны захирал Ч.Б-тай байгуулсан Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээний 2.2-т газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 1,190 м.кв гэж зааж өгсөн. Гэтэл “А” СӨХ нь энэ хэмжээнээс даруй 300 м.кв талбай бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 24-ний өдрийн 470 дугаартай шийдвэрээр тодорхойлсон.

...Төрийн захиргааны бүх шатны байгууллагууд удаа дараа “А” СӨХ-д зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгах үүргийг өгсөөр байхад үл тоомсорлож, ...энэ хашаа бол манай байрныхны өмч гэсэн тайлбар тавьсан. Засаг дарга Ж.Ч Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хамтран ажиллах тухай албан бичиг явуулж, “А” СӨХ-ны барьсан зөвшөөрөлгүй хашааг буулгах тал дээр мэргэжлийн байгууллагын хувьд хамтран ажиллах бичгийг өгсөн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмч харилцааны албанаас 2015 оны 04 сарын 10-ны өдөр 5/2042 тоот мэдэгдлийг “Ганьт” ХХК-д явуулж байсан.

...”А” СӨХ нь хууль бус хашаа барьснаас үүдэн, маш аюултай нөхцөл байдал тухайн байрнууд болон 24-р сургуулийн ойр орчимд үүсээд 10 гаран жил болж байна. Учир нь явган хүний зорчих ёстой зам, орц гарцыг хааснаас болж дөнгөж нэг хүн багтах нарийхан, бартаатай замаар иргэд аргагүйн эрхэнд явдаг ба ийнхүү зориулалтын бус, аюул осолтой замаар явснаас шалтгаалж бэртэж, гэмтэл авдаг. Мөн хууль бус хашаа барьснаас үүдэн тухайн байрнуудын хоорондох зайд маш их хэмжээний хур хог олон жилийн хугацаанд хуримтлагдаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа.

Миний бие төрийн бүх шатны байгууллагуудын гаргасан удаа дараагийн захирамж, тушаал, албан шаардлага, мэдэгдэл зэргийг “А” СӨХ-д албан ёсоор хүлээлгэн өгч, зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөхийг шаардах зэрэг үйл ажиллагааг явуулахдаа өмгөөлөгч Б.Ц-той гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байсан.

Иймд нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгаж, явган хүний зам, орц гарц гаргуулж, өмгөөлөгчид төлсөн зардал 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 03-р сарын 27-ны өдрийн Нийслэлийн газрын алба болон “А” СӨХ-ны хооронд байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Д.Э түүний гарааш гээд нэрлээд байгаа объектоо худалдан авснаар анх маргаан үүссэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 470 шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн газрын албаны дарга Э.Б, мэргэжилтэн Б.Т нартай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "А" СӨХ-той газар ашиглах гэрээ байгуулж, кадастрт зургаа оруулж баталгаажуулж авсан. Иймд манай СӨХ-ны орчны газар албан ёсны зөвшөөрөлтэй тул газар чөлөөлүүлэх шаардлага хууль бус бөгөөд Нийслэлийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/142 тоот захирамжаар газар ашиглуулах зөвшөөрөл олгогдсон тул хашааг буулгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй. “А” СӨХ анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1520 м.кв талбай нэхэмжилсэн бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч орчны газарт үзлэг хийж, 1190 м.кв-аар шийдвэл зохимжтой байна, хашаануудын өмнөх талбай нийтийн эзэмшлийн талбайд орох тул хасаж 300 м.кв талбай нь хэмжээг гаргах зүйтэй гээд үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Б.Т-тай газар дээр үзлэг хэмжилт хийж, хашаалсан талбайн хэмжээгээр кадастрын зураг хийлгэж баталгаажуулсан. Иймд 300 м.кв илүү газар хашаалсан гэж байгаа нь хууль бус. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 23 дугаар байрны оршин суугчид болон зорчигчдын орц гарцыг одоо явж байгаа замаар явуулахаар төлөвлөсөн бөгөөд тус газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 02/1039 тоотоор гарааш гаргах гэж байгаа гарц нь хууль зөрчиж байгаа тул зөвшөөрөөгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар иргэний хэрэгт өмгөөллийн хөлс гаргуулахгүйгээр, эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлс олгохоор хуульчилсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн 4 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А СӨХ-ны хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан 1 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.2, 21.2.4, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-ын нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А СӨХ-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А СӨХ-ноос төлсөн 30 500 төгрөг, Д.Э-аас төлсөн 29 750 төгрөг, 70 200 төгрөг, 70 200 төгрөг, 110 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70 200 төгрөг гаргуулан Д.Э-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар "А" СӨХ-д орчны газар ашиглуулахтай холбогдох маргаан үргэлжилж, эцсийн шийдвэр гараагүй байхад ЧД-н газрын албаны байцаагч албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн нэг талыг барьж, хууль зөрчиж уг хашааг буулгуулсан. 2015 оны 3 сард хашааг буулгах үед “А” СӨХ-д тус байрны орчны газрыг ашиглуулах захирамж гараагүй байсан гэж байгаа боловч “А” СӨХ-өөс орчны газрыг ашиглах талаараа холбогдох төрийн байгууллага болон шүүхэд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хандсан байсан бөгөөд газрын маргаантай асуудлаар эцсийн шийдвэр гартал газрын албаны байцаагч хөндлөнгөөс оролцож, хашааг буулгуулах хууль зүйн эрх зүйн үндэсгүй болохыг шүүх анхааралдаа авсангүй. Газрын маргаан шийдвэрлэгдээгүй байхад газрын албаны байцаагч, Д.Э нар хууль бусаар СӨХ-ны өмчид халдаж, хохирол учруулсан тул хохирлыг Д.Э-аас вах хууль зүйн үндэслэлтэй. Д.Э нь “хашаа буулгах болоход байцаагч Нэргүй болон бас нэг залуу, би хашаа буулгахаар хөлсөлж авсан 2 хүний хамт 5 хүн очоод буулгасан” гэж удаа дараа үнэнээ ярьж, бичээд байхад ...газрын албаны байцаагч н.Н гэрчийн мэдүүлэгтээ” би өөрөө хашааг буулгасан, Д.Э байгаагүй” гэж худал мэдүүлсэн. Иймд хариуцагч Д.Э-аас 1 050 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “А” СӨХ нь хариуцагч Д.Э-д холбогдуулж түүний хашаа нураасан буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 1 050 000  төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд орц, гарц гаргах, хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1  дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй ба хариуцагч өөрийн гэм буруугүй байдлаа шүүхэд нотолж чадаагүй бол мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч “А” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.4.8, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 441 дүгээр зүйлд заасны дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Ганьт” 25/4 дүгээр байрны орчны газрыг газрын албатай байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглах эрхтэй бөгөөд энэ талаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргуулахаар  харьяа дүүргийн Засаг дарга болон  Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд 2015 оны 03 дугаар сараас удаа дараа хүсэлт гаргаж байсан, улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас татгалзсан хариу гарч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус  байрын орчны газрыг “А” СӨХ-нд ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх байдлаар байрны орчны газрыг ашиглах эрхийн талаар маргаантай байхад хариуцагч Д.Э нь 2015 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч М.Н болон 3 хүний хамт очиж нэхэмжлэгч “А” СӨХ-ны барьсан, “Ганьт” 25/4 дүгээр байрны орчны газрыг хашаалсан, 50 орчим метр урт блокон хашааны зарим хэсгийг /10 метр урт, 2.20 м өндөр/  нураасан болох нь хариуцагч Д.Э-ын өөрийнх нь “... .Н байцаагч буулга гэж бидэнд хэлсэн ба бид түлхсэн хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан. Дараа нь би хогоо цэвэрлэх гээд очтол бидний нураасан хашааны оронд төмрөөр хашаа барьсан байсан” гэх тайлбар, гэрч М.Н-ийн “Амилахуй” СӨХ-нд шаардах хуудас хүргүүлсэн... 2015 оны 3 сарын орчимд маргаж байгааг хашааг буулгахаар Д.Э болон бусад хүмүүсийн хамт очиж буулга гэж би  хэлсэн нь үнэн... гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дах хэсгийг буруу хэрэглэжээ.

 

Иймд хариуцагч Д.Э-ын бусадтай нийлж нэхэмжлэгчийн блокон  хашааны зарим хэсгийг эвдэж буулгасны улмаас түүнийг зөөж тээвэрлэхэд гарсан зардал, оронд нь сэргээж төмөр хашаа барихад гарсан зардыг  тус тус нэхэмжлэгчид  учирсан эд хөрөнгийн хохиролд тооцож 1 050 00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт  оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй байдлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Төмөр хашаа барих ажил гүйцэтгэх гэрээ,  ажил гүйцэтгэгчид 800 000 төгрөгийг бэлнээр олгосон баримт, дансны хуулга, нураасан блокон хашааг зөөсөн тээрвийн хөлс 250 000 төгрөгийн зардалтай холбоотой баримт зэрэг  нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотолж шүүхэд гаргасан нотлох баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хэмжээгээр хангах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Э нь  “Ганьт” 25/4 дүгээр байрны орчны газартай зэргэлдээ байрнуудын зоорийн давхарт байрлах 4 ширхэг гараашийн өмчлөгчөөр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн  байдаг  бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үзлэгээр илэрсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж нийтийн эзэмшлийн талбайг хааж, хашаа барьсан нь тогтоогдоогүй, орць гарц нээх гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн өмгөөлөгчид төлсөн 6 000 000 төгрөгийг “А” СӨХ-ны буруугаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй талаар болон нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх явган хүний зам, орц гарц гаргах зэрэг сөрөг нэхэмжлэлүүдийг хангах үндэслэл тогтоогдохгүй болохыг хуульд заасан журмын дагуу дүгнэсэн, хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Харин шүүх тухайн маргаанд хамааралгүй, газрын харилцааны талаарх Засаг даргын бүрэн эрхийг  тодорхойлсон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ өөрчилж багасгасан байхад улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00394 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 1 050 000 төгрөг гаргуулан “А” СӨХ-нд олгосугай” гэж 2 дах заалтын “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.2, 21.2.4, 441 дүгээр зүйлийн 441.5” гэснийг хасч,  3 дах заалтын “улсын орлогоос 70 200 төгрөг гаргуулан Д.Э-д буцаан олгосугай”  гэснийг “хариуцагч Д.Э-аас 30 500  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” СӨХ-нд  олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, дах хэсэгт  зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 30 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                               Н.БАТЗОРИГ