Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 08

 

“О Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-06 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1511008040, регистрийн дугаар 4015045, “О Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг Улаангом сумын 4 дүгээр баг, 9-52 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1511001055, регистрийн дугаар 4000218, “Х О” ХХК-нд холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч “Х О” ХХК-ийг төлөөлж захирал Ү.Мягмаржав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “О Э” ХХК-ийн захирал Д.Санхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О Э” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан.

Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй “Х О” ХХК, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй “О Э” ХХК бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон.

Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, “Х О” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай “Х О” ХХК гэрээ байгуулсан.

Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр “Х О” ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд НӨАТ, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын зардал, бусад зардал төсөвлөгдсөн.

Өөрөөр хэлбэл “Х О” ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компаниас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулсан.

Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд “Х О” ХХК-иас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг “Х О” ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч “Х О” ХХК нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт 197.347.401 төгрөгийн санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Иймд “Х О” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөгийг гаргуулж “О Э”ХХК-д олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Х О” ХХК-ийн захирал Ү.Мягмаржав анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 01, 02-ны үеэр Д.Сид, Б.Батдэлгэр, Уламбаяр гэх хүмүүс ирж надтай уулзсан. Би Д.Сид, Б.Батдэлгэр нарыг урьд нь харж байгаагүй бөгөөд тэр үед танилцсан. Тэд уулзаад “7 дугаар сарын 06-нд 200.0 сая төгрөгийн төсөвтэй Увс нуурын хөвөөнд баригдах Ариун цэврийн байгууламжийн барилгын тендер шалгаруулалт болох гэж байна, танай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй гэнэ, эднийх цахилгааны шугамын эрхтэй тул  хамтарч тендерт оръё гэсэн санал тавьсан. Тэр үед би дотроо эргэлзсэн, учир нь 3 км гаруй цахилгааны шугамтай юм бол төсөвт өртөгтөө багтахгүй байх, тэгээд ч өмнө нь тендер зарлахад нэг ч компани ороогүй, дахин зарлаж байгаа гэсэн, дэмий байх гэхэд Д.С “гадна цахилгааны шугамыг манайх 40 саяд л багтаана, амархан ажил, ядаад байх юм байхгүй”  гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүс үүнийг бүгд гэрчилнэ. Тэгээд ч би тендерт орох сонирхолгүй байсан ч нэгэнт цаг нь тулчихсан байсан болохоор зөвшөөрсөн.

Тухайн үед Д.Сид:  “Та өөрөөсөө шалтгаалах материалаа бэлд, би төсвийг хариуцъя, Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй” гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэл дээрээ бид төсвөө хамтарч хийлгэсэн гэж бичсэн нь худлаа. Энэ төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр цуглах үед анх харсан. Т.А гэсэн хүний гарын үсэгтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа тулхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж,  жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн нь үнэн. Хамтарч ажиллах гэрээнд 2 талын хариуцаж гүйцэтгэх ажлын нэр, төрлийг бичсэнээс тоо хэмжээ, үнэ хөлсийг дурдаагүй байгаа /төсөв, гэрээг хавсаргав/. Гэрээ хийх үед би Д.Сидэд жинхэнэ батлагдсан зураг, төсвийг гэрээнд мөрдөж ажиллана гэдгийг хэлэхэд тэр зөвшөөрсөн. Гэтэл одоо өөрөө амаараа захиалж хийлгэсэн төсвөө бариад нэхэмжлэл гаргаад, илүү харж явааг нь гайхаад байна. Уг барилгын ажлыг гүйцэттэх гэрээг Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд барилгын зураг төсвийг хийлгүүлэхийн тулд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр газраа хүлээн авч Улаанбаатар хотын “Хангай-Инж гео” ХХК-иар инженер геологийн хайгуул хийлгүүлж, 8 дугаар сарын 16-нд урьдчилсан дүгнэлт гарч мөн зураг төслийн Петронас-Тауэр ХХК-д зураг төсвөө захиалан, 8 дугаар сарын 31-нд ажлын зураг, төсвөө хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 07-нд барилга угсралтын ажлаа эхэлсэн. Уг зураг төсөв 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын экспертээр хянагдаж батлагдсан. Уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63.473.383 төгрөг байгаа, үүнээс туслан гуйцэтгэгч Оточ-Эрчим компанийн захирал Д.Сидэд барилгын ажлын гүйцэтгэлийн дагуу гурван үе шаттайгаар нийт 60.094.000 төгрөгийн санхүүжилтыг өөрийнх нь хүссэнээр хувийн хадгаламжийн дансанд нь шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3.379.383 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын баталгааны барьцаанд гурван жилийн хугацаатай татагдаж үлдсэн байгаа. Дээрх төсөвт барилгын гадна бохирын сефтик системийн угсралт, цэвэр усны гүний худгийн ажил, дүүжин тааз, 00-н өрөөнүүдийн таславч хана, цонх, дээврийн хашлага хананы төмөр, суурь, хананы төмөр бетон бүс болон бусад ажлууд хаягдсаныг манай компани ашиг харах биш, ажлаа чанартай хийхэд анхаарч бүрэн гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Уг барилга угсралтын ажлыг ашиглалтанд хүлээн авах 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн улсын комиссын дүгнэлтээр О Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд 8 төрлийн зөрчил дутагдал гарсныг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор засаж хүлээлгэж өгөх үүрэгтэйгээр ашиглалтад авсныг энд дурдах нь зүйтэй байх. Эцэст нь хэлэхэд ядруухан төсөвтэй эх орон, төрөлх нутгийнхаа бүтээн босголтод хамтран ажиллаж, түр хугацаагаар ч гэсэн нэг тогооноос хоол идэж, нэг чиг зорилготой ажиллачихаад, эцэст нь нэгнийгээ түлхэж, өөрөө хэдэн төгрөгийн ашиг харах гэж нэр нүүрээ барж яваа, төрийн байгууллагад ажилладаг ч тусгай зөвшөөрөлтэй хувийн компанитай, ид шид нь бүрдсэн жаатай захирал Д.С болон тэдний найз нөхдөд гомдолтой байгаагаа мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х О” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О Э” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч “О Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х О” ХХК-аас 251.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О Э” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х О” ХХК-ийн захирал Ү.М давж заалдах гомдолдоо: Миний бие  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь :  

2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх Ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих зэрэг ажил гүйцэтгэх тендерийн шалгаруулалт /түлхүүр гардуулах нөхцөлтэй/-д  манай “Х О” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр оролцохдоо Ариун цэврийн байгууламжийн барилга угсралт, гүний худаг, ус хангамж, бохирын цооног, угсрах ажлыг манай компани, 100 кв-ын АТП барих, дотно, гадна гэрэлтүүлгийн ажлыг “О Э” ХХК-аар гүйцэтгүүлэх хамтарсан гэрээ байгуулж “О Э” ХХК-ийн захирал Д.Сидийн хийлгэсэн  197.347.401 төгрөгийн өртөгтэй төсвөөр тендерийн шалгаруулалтад орсон юм.

Тухайн үед цахилгааны ажил гүйцэтгэх төсөв өндөр дүнтэй харагдаж байсан ч “түлхүүр гардуулах нөхцөлтэй” гэрээ байгуулахад зураг төсөв дахин хийгдэнэ гэж үзээд тэр хэвээр нь орсон. Уг төсөвт 78.768.872 төгрөгийн үнийн дүнтэй цахилгааны 12 төрлийн ажил тусгагдсан бөгөөд үүний 8 төрлийн ажил нь барилгын дотор цахилгааны, 4 төрлийн ажил нь гадна цахилгааны ажил байсан. “О Э” ХХК-ийн гэрээнд заасан ажлаас гүйцэтгэсэн гэх 2 ажлыг тодруулбал:

  1. 30-280-07 П10-4ДД- маркийн модон хөлтэй хөндлөвчгүй завсрын тулгуур 48 ширхэгийг угсрахаас 38 ширхэг тулгуур угсарсан.
  2. 30-060-04 06 кв-ийн хүчдэлтэй, нэг хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын АС маркийн с 35 мм кв хүртэл огтлолтой утсыг зөрлөггүйгээр 2,9 км-т татах ажлыг гүйцэтгэсэн. /3 утас/

Харин гэрээгээр хүлээсэн бусад 10 төрлийн ажлаа огт гүйцэтгээгүйгээ Д.Сөөрөө ч сайн мэдэж байгаа.“О Э” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг уг төсвийнх нь тарифаар бодож материалын түүврийг хэвээр нь түүж дүнг гаргахад 40.484.227 төгрөг болж байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзээгүйн дээр эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Тухайлбал:

Хэрэгт төсөвчин Б.Амаржаргалын хийсэн Увс нуурын хөвөөнд Ариун цэврийн байгууламж барих төсөв, уг ажлын экспертезээр батлагдсан төсөв, “Х О” ХХК, “Оточ-Эрчим” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд авагдсан байхад нэг бүрчлэн харьцуулж үнэлээгүй. Мөн гэрч Шинэбаяр, Улаанхүү нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн гэж үзэж байна. Үндэслэл нь:

“Х О” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр Увс нуурын хөвөөнд Ариун цэврийн байгууламж барих тендерийн шалгаруулалтад төсөвчин Б.Амаржаргалын хийж өгсөн төсвөөр орж шалгаран мөн үнийн дүнгээр аймгийн Засаг даргатай “түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ” байгуулснаар уг төсөвт тусгагдсан цахилгааны ажлын төсөв болох 78.768.872 төгрөгийг бүхэлд нь “О Э” ХХК-нд олгох ёстой гэж тайлбарлах боломжгүй.

“Х О” ХХК нь цахилгааны ажлаа “О Э” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн бөгөөд гэрээний үр дүнг гэрч Б.Шинэбаяр, Улаанхүү нар мэдэх боломжгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” , 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэжээ.

“О Э” ХХК-ийг гэрээнд заасан ажлаас гадна цахилгааны ажил гүйцэтгэсэн гэж үзээд экспертээр батлагдсан төсөвт тусгагдсан 63.473.383 төгрөгөөс баталгааны барьцаанд 3.379.383 төгрөг үлдээж, 60.094.000 төгрөгийг Д.С-ийн хувийн дансанд шилжүүлж өгсөн. “О Э” ХХК нь гадна цахилгааны ажлаа гүйцэд хийгээгүй, зарим ажлыг манай компани хийж ашиглалтад өгсөн атлаа гадна цахилгааны ажлын төсвийг бүрэн өгч үндсэндээ манай компани хохирсон. “О Э” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг биелүүлээгүй байхад хууль буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ .

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “О Э” ХХК нь хариуцагч “Х О” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 18.674.872 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл: Увс аймгийн Засаг даргын Тамгын газар /Орон нутгийн өмчийн газар/ -аас  2018 оны 6 дугаар сард зарласан, орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хоёр зуун сая төгрөгийн төсөвт өртөгтэй,  “Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих” ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад  барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий  “Х О” ХХК, 0,4-15 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “О Э” ХХК  хамтран нэг төсвөөр оролцож, улмаар тендерт шалгарч “Х О” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчийн хувьд захиалагч Увс аймгийн Засаг даргатай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна.  

Харин хариуцагч “Х О“ ХХК-ийн захирал Ү.Мягмаржав нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ  “ бид тендерт шалгарсан төсвөөс өөр төсөв буюу экспертээр батлагдсан төсвөөр ажлаа гүйцэтгэсэн, уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63,473,383 төгрөгөөр төсөвлөгдсөнөөс баталгааны барьцаанд 3.379.383 төгрөг үлдээж, “О Э” ХХК-ийн ажлын хөлсөнд нийт 60.094.000 төгрөгийг Д.Сидийн хувийн дансанд шилжүүлж өгсөн.

Мөн тус компани нь 12 төрлийн ажил гүйцэтгэхээс 2 ажлыг гүйцэтгэж, 10 ажлыг гүйцэтгээгүй орхисон тул манайх дутуу ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэж өгсөн. Хариуцсан ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, ажлын үр дүн хангалтгүй байсан” гэж тайлбарласан ба хариуцагчийн дээрх тайлбар нь хууль зүйн  үндэслэлгүй байна гэж дүгнэв. Үүнд :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг “тендерийн баримт бичиг” гэж нэрлэх бөгөөд  захиалагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерийн бичиг баримтад  заасан шаардлагын дагуу   “О Э” ХХК,  “Х О” ХХК-ууд нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг төсөвтэй нэг тендер ирүүлж, шалгарсан төсөв нь захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл буюу гэрээний үнэ болсон байна.  

Захиалагчийн зарласан тендерийн бичиг баримтад “зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу тооцсон төсөвтэй байх ба төсвийг Мэргэшсэн болон Тэргүүлэх төсөвчнөөр баталгаажуулсан байна”  гэж заасны дагуу талууд анх тендерт оролцохдоо Монгол улсын мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгэж, уг төсвөөрөө тендерт оролцон шалгарч  гэрээ байгуулагдсан байх бөгөөд  гэрээний хэрэгжилтийн явцад тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүн буюу тендерт шалгарсан төсвийн дүн / гэрээний үнэ/ өөрчлөгдөхгүй, тогтмол байхаар  мөн тендерийн бичиг баримтад заажээ. 

“О Э” ХХК, “Х О” ХХК-ийн тендерт шалгарсан төсвийн нийт өртөг  197.347.401 төгрөг, үүнээс “О Э” ХХК-ийн хариуцан хийх цахилгааны ажлын өртөг 78.768.872 төгрөг байхаар төсөвлөсөн байх бөгөөд талууд тухайн шалгарсан төсвийн хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэгч шинээр төсөв хийлгэх замаар гэрээний үнийг өөрчлөх эрхгүй болно.

Иймд хариуцагчийн тендерт шалгарсны дараа шинээр хийлгэсэн буюу экспертээр батлагдсан төсвийн дагуу цахилгааны угсралтын ажлын хөлс 60.094.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хариуцагч “Х О” ХХК нь нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа дутуу хийсэн гэж маргаж байгаа боловч  Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээн авсан, захиалагч /Увс аймгийн Засаг даргын Тамгын Газар / талаас ажлын үр дүн, доголдлын талаар  ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй буюу ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлс нийт 197.347.401 төгрөгийг ерөнхий гүйцэтгэгч “Х О” компанид шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдсон.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд / туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасны дагуу “Х О” ХХК нь захиалагч Увс аймгийн Засаг дарга /Тамгын газар /-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, харин туслан гүйцэтгэгч “О Э” ХХК-ийн хувьд захиалагч байх бөгөөд маргалдагч талуудын хооронд мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

“Х О” ХХК нь ажил гүйцэтгэгч “О Э” ХХК-ийн ажлын үр дүнг хүлээн авах захиалагчийн хувьд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол энэ талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д заасан шаардлагуудыг гаргах эрхтэй ба хариуцагч энэ талаар гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, тодруулбал: Гэрээнд заасан ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгээгүй орхисон, эсхүл дутуу гүйцэтгэсэн талаар ажлын үр дүнг хүлээлцэхээс өмнө болон хүлээлцэх үед ажил гүйцэтгэгч / О Э ХХК/-д мэдэгдсэн гэх нотолгоо байхгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт : “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан тул хариуцагчийн “ нэхэмжлэгч тал ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй буюу ажлын үр дүн доголдолтой байсан” гэх тайлбар хуульзүйн үндэслэлгүй бөгөөд энэ шалтгаанаар ажлын хөлс төлөхөөс татгалзах эрхгүй болно.

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо: “Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын тэмдэглэлд ажлын доголдлын талаар дурдсан байгаа, энэ баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байхад нэг бүрчлэн харьцуулж үнэлээгүй” гэж дурдсан байх бөгөөд хавтаст хэргийн 105, 106 дугаар хуудсанд авагдсан барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах комиссын хурлын протоколд өгөх санал нэртэй 2 хуудас баримт нь хуулбараар авагдсан, хэзээ, хаанаас, ямар баримтаас хуулбарласан нь тодорхойгүй буюу хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй уг баримт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч “Х ОХХК “нь ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Х О” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х О” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН  

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                             Л.АЛТАН