Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00282

 

 “О Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

“О Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Х О” ХХК-д холбогдох

“Х О” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18 674 872 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ү.М, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын  гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “О Э”ХХК-ийн захирал Д.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”О Э”ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан. Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй “Х О” ХХК, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй “О Э”ХХК бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон. Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, “Х О” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай “Х О” ХХК гэрээ байгуулсан. Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр “Х О” ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд НӨАТ, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын зардал, бусад зардал төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл “Х О” ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компаниас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд “Х О” ХХК-иас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг “Х О” ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч “Х О” ХХК нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт 197.347.401 төгрөгийн санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд “Х О” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөгийг гаргуулж Оточ ЭрчимХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х О” ХХК-ийн захирал Ү.Манхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 01, 02-ны үеэр Д.С, Б.Батдэлгэр, Уламбаяр гэх хүмүүс ирж надтай уулзсан. Би Д.С, Б.Батдэлгэр нарыг урьд нь харж байгаагүй бөгөөд тэр үед танилцсан. Тэд уулзаад 7 дугаар сарын 06-нд 200.0 сая төгрөгийн төсөвтэй Увс нуурын хөвөөнд баригдах Ариун цэврийн байгууламжийн барилгын тендер шалгаруулалт болох гэж байна, танай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй гэнэ, эднийх цахилгааны шугамын эрхтэй тул хамтарч тендерт оръё гэсэн санал тавьсан. Тэр үед би дотроо эргэлзсэн, учир нь 3 км гаруй цахилгааны шугамтай юм бол төсөвт өртөгтөө багтахгүй байх, тэгээд ч өмнө нь тендер зарлахад нэг ч компани ороогүй, дахин зарлаж байгаа гэсэн, дэмий байх гэхэд Д.С гадна цахилгааны шугамыг манайх 40 саяд л багтаана, амархан ажил, ядаад байх юм байхгүй гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүс үүнийг бүгд гэрчилнэ. Тэгээд ч би тендерт орох сонирхолгүй байсан ч нэгэнт цаг нь тулчихсан байсан болохоор зөвшөөрсөн. Тухайн үед Д.С: Та өөрөөсөө шалтгаалах материалаа бэлд, би төсвийг хариуцъя, Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэл дээрээ бид төсвөө хамтарч хийлгэсэн гэж бичсэн нь худлаа. Энэ төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр цуглах үед анх харсан. Т.Амаржаргал гэсэн хүний гарын үсэгтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа тулхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж, жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн нь үнэн. Хамтарч ажиллах гэрээнд 2 талын хариуцаж гүйцэтгэх ажлын нэр, төрлийг бичсэнээс тоо хэмжээ, үнэ хөлсийг дурдаагүй байгаа /төсөв, гэрээг хавсаргав/. Гэрээ хийх үед би Д.Сэд жинхэнэ батлагдсан зураг, төсвийг гэрээнд мөрдөж ажиллана гэдгийг хэлэхэд тэр зөвшөөрсөн. Гэтэл одоо өөрөө амаараа захиалж хийлгэсэн төсвөө бариад нэхэмжлэл гаргаад, илүү харж явааг нь гайхаад байна. Уг барилгын ажлыг гүйцэттэх гэрээг Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд барилгын зураг төсвийг хийлгүүлэхийн тулд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр газраа хүлээн авч Улаанбаатар хотын Хангай-Инж гео ХХК-иар инженер геологийн хайгуул хийлгүүлж, 8 дугаар сарын 16-нд урьдчилсан дүгнэлт гарч мөн зураг төслийн Петронас-Тауэр ХХК-д зураг төсвөө захиалан, 8 дугаар сарын 31-нд ажлын зураг, төсвөө хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 07-нд барилга угсралтын ажлаа эхэлсэн. Уг зураг төсөв 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын экспертээр хянагдаж батлагдсан. Уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63.473.383 төгрөг байгаа, үүнээс туслан гуйцэтгэгч “О Э”компанийн захирал Д.Сэд барилгын ажлын гүйцэтгэлийн дагуу гурван үе шаттайгаар нийт 60.094.000 төгрөгийн санхүүжилтыг өөрийнх нь хүссэнээр хувийн хадгаламжийн дансанд нь шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3.379.383 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын баталгааны барьцаанд гурван жилийн хугацаатай татагдаж үлдсэн байгаа. Дээрх төсөвт барилгын гадна бохирын сефтик системийн угсралт, цэвэр усны гүний худгийн ажил, дүүжин тааз, 00-н өрөөнүүдийн таславч хана, цонх, дээврийн хашлага хананы төмөр, суурь, хананы төмөр бетон бүс болон бусад ажлууд хаягдсаныг манай компани ашиг харах биш, ажлаа чанартай хийхэд анхаарч бүрэн гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Уг барилга угсралтын ажлыг ашиглалтанд хүлээн авах 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн улсын комиссын дүгнэлтээр “О Э”ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд 8 төрлийн зөрчил дутагдал гарсныг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор засаж хүлээлгэж өгөх үүрэгтэйгээр ашиглалтад авсныг энд дурдах нь зүйтэй байх. Эцэст нь хэлэхэд ядруухан төсөвтэй эх орон, төрөлх нутгийнхаа бүтээн босголтод хамтран ажиллаж, түр хугацаагаар ч гэсэн нэг тогооноос хоол идэж, нэг чиг зорилготой ажиллачихаад, эцэст нь нэгнийгээ түлхэж, өөрөө хэдэн төгрөгийн ашиг харах гэж нэр нүүрээ барж яваа, төрийн байгууллагад ажилладаг ч тусгай зөвшөөрөлтэй хувийн компанитай, ид шид нь бүрдсэн жаатай захирал Д.С болон тэдний найз нөхдөд гомдолтой байгаагаа мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х О” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”О Э”ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О Э”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х О” ХХК-аас 251.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ”О Э”ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Х О” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х О” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ү.М, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: 2018 оны 06 сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх Ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажил гүйцэтгүүлэх тендерийн шалгаруулалтанд /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ манай “Хос-Отор” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр оролцохдоо Ариун цэврийн байгууламжийн барилга угсралт, гүний худаг, ус хангамж, бохирын цооног угсрах ажлыг “Хос-Отор” ХХК, 0.6 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 0.4 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 100 кв-ын АТП барих, дотно, гадна гэрэлтүүлгийн ажлыг “О Э”ХХК-иар гүйцэтгүүлэх хамтарсан гэрээ байгуулж “О Э”ХХК-ний захирал Д.Сийн хийлгэж ирсэн 197 347 401.00 төгрөгийн өртөгтэй төсвөөр тендрийн шалгаруулалтанд орсон юм. Тухайн үед цахилгааны ажил гүйцэтгэх төсөв өндөр дүнтэй харагдаж байсан ч түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулахад зураг төсөв дахин хийгдэнэ гэж үзээд тэр хэвээр нь орсон. Уг төсөвт 78 768 872 төгрөгийн үнийн дүнтэй цахилгааны 12 төрлийн ажил тусгагдсан бөгөөд үүний 8 төрлийн ажил нь барилгын дотор цахилгааны, 4 төрлийн ажил нь гадна цахилгааны ажил байсан. “О Э”ХХК нь дотор цахилгааны ажлыг огт хийгээгүйн дээр гадна цахилгааны 4 ажлаас 2-ыг нь мөн хийгээгүй, 2-ыг нь дутуу хагас хийж гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлсэн. “О Э”ХХК-ний гүйцэтгээгүй орхисон цахилгааны ажлыг манай компани хийж дуусгасан. Энэ талаар миний бие шүүх хурал дээр тодорхой тайлбарласан билээ. /шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй ч бичлэгээс харах боломжтой/ “О Э”ХХК нь гэрээнд заасан ажлаас гүйцэтгэсэн гэх 2 ажлыг тодруулбал: 1.30-280-07 П10-4ДД-маркын модон хөлтэй хөндлөвчгүй завсарын тулгуур 48 ширхэгийг угсарахаас 38 ширхэг тулгуур угсарсан. 2. 30-060-04 06 кв-ийн хүчдэлтэй, нэг хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын АС маркын с 35 мм кв хүртэл огтлолтой утсыг зөрлөггүйгээр 2,9 км-т татах ажлыг гүйцэтгэсэн /3 утас/. Харин гэрээгээр хүлээсэн бусад 10 төрлийн ажлаа огт гүйцэтгээгүйгээ Д.С өөрөө ч сайн мэдэж байгаа. “О Э”ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Амаржаргалын хийж өгсөн төсвийнх нь тарифаар бодож материалын түүврийг хэвээр нь түүж дүнг гаргахад 40 484 227 төгрөг болж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”. 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзээгүйн дээр эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж шийдвэрлэсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. -Хэрэгт төсөвчин Б.Амаржаргалын хийсэн Увс нуурын хөвөөнд Ариун цэврийн байгууламж барих төсөв, уг ажлын экспертезээр батлагдсан төсөв, ““Х О”ХХК, “О Э”ХХК-ний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ. Барилга, байгууламжийг ашиглалтанд хүлээн авах комиссын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд авагдсан байхад нэг бүрчлэн харьцуулж үнэлээгүй. -”О Э”ХХК-ний захирал Д.С нь Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний станцад /ТӨК/ ажилладаг бөгөөд өөрийн ажлын байрны мэдээлэл, танил талаа ашиглан 2007 онд эрх нь дууссан төсөвчин Д.Амаржаргалын тамга тэмдэг ашиглан цахилгааны зардлыг өндөр үнэлэн өөрт ашигтай төсөв хийж ирүүлсэн, мөн 2018 оны 05 дугаар сарын 10-д батлагдсан техникийн нөхцөлөө 2018 оны 07 дугаар сарын 30-нд шинэчилж баталгаажуулсан байсан. Тендерт төсөвчин Амаржаргалын хийсэн гэх төсвөөр орж уг төсвийн үнийн дүн болох 197 347 401.00 төгрөгөөр Ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтанд өгөхөөр аймгийн Засаг даргатай гэрээ хийсэн ба энэ үнийн дүн нь гэрээний үнэ гол нөхцөл болсон гэдэгтэй маргахгүй. Харин “О Э”ХХК, “Х О” ХХК-ний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд үнийн дүнгээ тусгаагүйч ямар, ямар ажлыг хийж гүйцэтгэхийг бүрэн тусгасан байна. Гэтэл “О Э”ХХК гэрээнд тусгагдсан ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, барилгын доторхи цахилгаан болон гадна талын Дутуу орхисон цахилгааны ажлыг “Х О”ХХК өөрөө хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласаар байхад шүүх эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн “О Э”ХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийсэн талаар тайлбар, баримт гаргаагүй байхад шүүх тус компанийг төсөвт тусгагдсан цахилгааны ажлыг бүрэн гүйцэтгэснээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “....захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэжээ. “О Э”ХХК-ийг гэрээнд заасан ажлаас гадна цахилгааны ажил гүйцэтгэсэн гэж үзээд экспертээр батлагдсан төсөвт тусгагдсан 63 473 383-өөс баталгааны барьцаанд 3 379 383 төгрөг үлдээж 60 094 000 төгрөгийг Д.Сийн хувийн дансанд шилжүүлж өгсөн. “О Э”ХХК нь гадна цахилгааны ажлаа гүйцэд хийгээгүй, зарим ажлыг нь манай компани хийж ашиглалтанд өгсөн атлаа гадна цахилгааны ажлын төсвийг бүрэн өгч үндсэндээ манай компани хохирсон. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “О Э”ХХК нь хариуцагч “Х О” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу, ажлын хөлсний дутуу 18 674 872 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлс болох 60 094 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3 000 000 төгрөг нь ажлын баталгаат 3 жилийн хугацаагаар захиалагчид үлдсэн гэж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны хянаад,  хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх маргааны зүйлийг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэхэд хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдсон байх шаардлага хангагдаагүй, зохигч бүрэн мэтгэлцээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих нээлттэй тендер шалгаруулалтад “Х О” ХХК шалгарч, 2018 оны 07 сарын 18-ны өдөр Увс аймгийн Засаг даргатай 197 347 401 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, үүнээс цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр “Х О” ХХК нь “О Э”ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

“О Э”ХХК болон “Х О” ХХК-ийн байгуулсан гэрээ “хамтран ажиллах гэрээ” нэртэй боловч ажил гүйцэтгэх гэрээний төрөл болохыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд шүүх гэрээний зүйл, ажлын хөлс, гүйцэтгэсэн ажил, төсөв зэрэг эрх зүйн асуудлаар зайлшгүй дүгнэлт хийх ёстой байна.

“О Э”ХХК нь тендерт шалгарсан төсөвт цахилгааны ажлын өртөг 78 768 872 төгрөг гэж төсөвлөгдсөн, уг ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын хөлсөд 60 064 000 төгрөгийг авч, 18 674 872 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч “Х О” ХХК маргаж, тендерт оролцохын тулд нэхэмжлэгч урд өдөр нь хуучин программаар гаргасан төсөв өгснийг тендерт өгсөн, харин ажлаа гүйцэтгэхийн тулд экспертээр батлагдсан төсөв гаргаж, уг төсвөөр ажлаа гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн, экспертээр батлагдсан төсөвт гадна цахилгааны угсралтын ажил 63 473 383 төгрөгөөр төсөвлөгдсөнөөс баталгааны барьцаанд 3 379 383 төгрөгийг үлдээж, “О Э”ХХК-ийн ажлын хөлсөд 60 094 000 төгрөгийг  шилжүүлсэн гэжээ.

Үүнээс үзэхэд зохигч талууд гэрээний дагуу хийх ажил, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг ажлын төсөв, өртгийг маргасан байна.

Талууд гэрээгээр тохирсон ажил буюу гэрээний зүйлийг “цахилгааны ажил” гэж тодорхойлж байгаа хэдий ч зөвхөн гадна цахилгааны ажил, эсвэл гадна, дотно цахилгааны ажил бүхэлдээ эсэхийг шүүх тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т нийцээгүй байна. Түүнчлэн “О Э”ХХК нь бодитой ямар ажил гүйцэтгэсэн болохыг тодруулах шаардлагатай болохоос гадна гэрээний талууд ажлын төсөвт өртгийг маргаж байгаа тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын өртөг хэд болохыг нотлох нь хариуцагч “Х О” ХХК-ийн үүрэг юм.

Хоёр шатны шүүх тендерт шалгарсан материалд цахилгааны ажлын төсөв 78 768 872 төгрөг гэж төсөвлөгдсөн үйл баримтад тулгуурлахдаа бодитой ямар өртгөөр ямар ажил хийгдсэн үйл баримтыг анхаараагүй, үүнд зохигчийн мэтгэлцүүлэх арга хэмжээ аваагүй нь буруу болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн дагуу хийх ёстой хууль зүйн дүгнэлтийг хяналтын шатны шүүх гүйцэтгэх боломжгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний талаар залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар магадлал, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА