Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 132

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор  даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч “Х” ХХК-ийн захирал М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан. Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй “Х” ХХК (захирал М), эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй “О” ХХК (захирал С) бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон. Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, “Х” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай “Х” ХХК гэрээ байгуулсан. Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр “Х” ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд НӨАТ, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын зардал, бусад зардалд төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компанийхаас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд “Х” ХХК-иас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг “Х” ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч “Х” ХХК-нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний нийт 197.347.401 төгрөгийк санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд “Х” ХХК-иас “О” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч “Х” ХХК-ийн захирал М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 01, 02-ны үеэр зүс таних Б гэх залуу утасдаж “Тантай уулзмаар байна” гэж яриад манай байрны гадаа хажуудаа М, Б, У гэсэн 3 хунтэй цуг машинтай ирсэн. Би С, Б нарыг урьд нь харж байгаагүй бөгөөд тэгэхэд танилцсан. Тэд “Одоо 7 дугаар сарын 06-нд 200.0 сая төгрөгийн төсөвтэй Увс нуурын хөвөөнд баригдах Ариун цэврийн байгууламжийн барилгын тендер шалгаруулалт болох гэж байна, танай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй гэн, эднийх цахилгааны шугамын эрхтэй, хамтарч тендерт оръё” гэсэн санал тавьсан. Тэгээд би дотроо эргэлзэж “3 км гаруй цахилгааны шугамтай юм бол төсөвт өртөгтөө багтахгүй байх, тэгээд ч түрүүн тендер зарлахад нэг ч компани ороогүй дахин зарлаж байгаа гэсэн дэмий байх” гэхэд С “Гадна цахилгааны шугамыг манайх 40 саяд л багтаана, амархан ажил, ядаад байх юм байхгүй” гэж байсныг бусад хүмүүс бүгд гэрчилнэ. Тэгээд ч би тендерт орох сонирхолгүй байсан ч нэгэнт цаг нь тулчихсан байсан болохоор зөвшөөрсөн. Тэгтэл С “Та өөрөөсөө шалтгаалах материалаа бэлд, би төсвийг хариуцъя, Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй” гэсэн. Гэтэл нэхэмжлэл дээрээ бид төсвөө хамтарч хийлгэсзн гэдэг нь худлаа. Энэ төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр цуглах үед С-ийг авч ирэхэд нь анх харсан. А гэсэн хүний гарын үсэгтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа тулхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн нь үнэн. Хамтарч ажиллах гэрээнд 2 талын хариуцаж гүйцэтгэх ажлын нэр, төрлийг бичсэнээс тоо хэмжээ, үнэ хөлсийг дурдаагүй байгаа /төсөв, гэрээг хавсаргав/. Гэрээ хийх үед би С-д жинхэнэ батлагдсан зураг, төсвийг гэрээнд мөрдөж ажиллана гэдгийг хэлэхэд тэр зөвшөөрсөн. Гэтэл одоо өөрөө амаараа захиалж хийлгэсэн төсвөө бариад нэхэмжлэл гаргаад, илүү харж явааг нь гайхаад байна. Уг барилгын ажлыг гүйцэттэх гэрээг Увс аймгийн засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд барилгын зураг төсвийг хийлгүүлэхийн тулд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр газраа хүлээн авч Улаанбаатар хотын “Х гео” ХХК-иар инженер геологийн хайгуул хийлгүүлж, 8 дугаар сарын 16-нд урьдчилсан дүгнэлт гарч мөн зураг төслийн “П” ХХК-д зураг, төсвөө захиалан, 8 дугаар сарын 31-нд ажлын зураг, төсвөө хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 07-нд барилга угсралтыг ажлаа эхэлсэн. Уг зураг төсөв 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын экспертээр хянагдаж батлагдсан. Уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63.473.383 төгрөг байгаа үүнээс туслан гуйцэтгэгч О компанийн захирал С-д барилгын ажлын гүйцэтгэлийн дагуу гурван үе шаттайгаар нийт 60.094.000 төгрөгийн санхүүжилтыг өөрийнх нь хүссэнээр хувийн хадгаламжийн дансанд нь шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3.379.383 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын баталгааны барьцаанд гурван жилийн хугацаатай татагдаж үлдсэн байгаа. Дээрх төсөвт барилгын гадна бохирын сефтик системийн угсралт, цэвэр усны гүний худгийн ажил, дүүжин тааз, 00-н өрөөнүүдийн таславч хана, цонх, дээврийн хашлага хананы төмөр, суурь, хананы төмөр бетон бүс болон бусад ажлууд хаягдсаныг манай компани ашиг харах биш, ажлаа чанартай хийхэд анхаарч бүрэн гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Уг барилга угсралтын ажлыг ашиглалтанд хүлээн авах 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн улсын комиссын дүгнэлтээр “О” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд 8 төрлийн зөрчил дутагдал гарсаныг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор засаж хүлээлгэж өгөх үүрэгтэйгээр ашиглалтад авсныг энд дурдах нь зүйтэй байх. Эцэст нь хэлэхэд ядруухан төсөвтэй эх орон, төрөлх нутгийнхаа бүтээн босголтод хамтран ажиллаж, түр хугацаагаар ч гэсэн нэг тогооноос хоол идэж, нэг чиг зорилготой ажиллачихаад, эцэст нь нэгнийгээ түлхэж, өөрөө хэдэн төгрөгийн ашиг харах гэж нэр нүүрээ барж яваа, төрийн байгууллагад ажилладаг ч тусгай зөвшөөрөлтэй хувийн компанитай, ид шид нь бүрдсэн жаатай захирал С болон тэдний найз нөхдөд гомдолтой байгаагаа мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

     2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй байсан ба эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй “О” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй “Х” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан “А” тал буюу “Х” ХХК нь гэрээний ерөнхий гүйцэтгэгч буюу барилга угсралт, гүний худаг, ус хангамж, бохирын цооног угсрах, “Б” тал буюу “О” ХХК нь 0.6 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 0.4 кв-ийн ЦДАШ, 100 кв-ийн АТП барих, дотор, гадна гэрэлтүүлэг хийхээр тохиролцжээ.

   2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №УВАОНӨГ/201812065 тоот “Увс нуурын дэргэд үйлчилгээний цэг, ариун цэврийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-г Увс аймгийн Засаг дарга, “Х” ХХК-ийн захирал М нар байгуулжээ.

    Увс аймаг дахь Увс нуурын хөвөөнд Ариун цэврийн цэг барих ажлын төсвийг Монгол улсын мэргэшсэн төсөвчин А-аар хийлгэсэн ба энэхүү төсөвт нийт дүн 197.347.401 төгрөг ба үүнээс цахилгааны ажил 78.768.872 төгрөг байхаар төсөвлөсөн байна.

     Гэтэл хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өгөх ёстой мөнгийг бүгдийг өгсөн. Тендер шалгарсны дараа урьдчилсан төсөв хийдэг, дараа нь экспертээр батлагдсан төсвийн дагуу цахилгааны ажлын төсөв 63.473.383 төгрөг байхаар хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

    Гэрч Ш-ын “Увс нуурын дэргэдэх үйлчилгээний цэг, ариун цэврийн байгууламжийн ажил гүйцэтгэх тендерийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарласан. Хуулийн дагуу 80.000.000 төгрөгөөс дээш өртөгтэй ажлыг 30 хоногоос дээш хугацаатай зарлах ёстой бөгөөд 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл материал хүлээн авч төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарласан юм. Мөн үндэсний өдөр тутмын сонинд буюу “Өглөөний сонин”-д хуулийн дагуу зар өгсөн байдаг юм. Тухайн ажлыг Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас даалгаврыг боловсруулаад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээр хянагдаад аймгийн Засаг дарга батласны дараа тендер зарлагдсан байгаа. Төсөвт өртөг нь 2017 оны Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан. 1. Тендерийн баримт бичгийн дагуу Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэд барилгын угсралт өргөтгөл шинэчлэлийн ажил, 3. Барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, бохир, тэдгээрийн тоног төхөөрөмж гадна салбар шугам сүлжээний угсралт, 4. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт /Барилга хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрөл/ 5. 0,4-10 килобат болон түүнээс дээш цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ /Эрчим хүчний яамнаас олгодог/ эдгээр тусгай зөвшөөрлийг хангасан байгууллагыг тендерт оролцуулахаар заасан бөгөөд хэрэв эдгээр 5 тусгай зөвшөөрөл байхгүй бол хамтран ажиллах гэрээ байгуулж тендерт оролцож болно гэж заасан. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр уг тендерийн материал хүлээн авах хугацаа дуусаж тендерийн нээлтийг хийхэд 2 компани тендерт оролцсон. “Х” ХХК 197.347.401 төгрөгийн төсөвтэй, “О” ХХК 198.000.000 төгрөгийн төсөвтэй орж ирсэн. “Х” ХХК нь өөрийн нэрээр тендерт оролцоод цахилгааны ажлыг “О” ХХК-иар 78.768.872 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж оролцсон юм. “О” компани “Г” гэх компаниар цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулж ирсэн байсан юм. Дээрх 5 үзүүлэлтээр шалгаруулсан бөгөөд тусгай зөвшөөрлөөс гадна ижил төстэй ажил гүйцэтгэж байсан ажлын туршлага, санхүүгийн чадавхи, уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай инженер техникийн ажилчид болон шаардлагатай машин техник, тоног төхөөрөмжийн шаардлага давхар тавьсан. Ерөнхийдөө энэ ажил маань 1. Увс нуурын гэр баазаас ариун цэврийн байгууламж, үйлчилгээний төв хүртэлх 3 км газарт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд өртөө байгуулах, 2. Тухайн барилгын ажил, 3. гүний худаг гаргах, 4. бохирын худаг гаргахаар төлөвлөгдөж 200.000.000 төгрөг төсөвлөгдсөн байдаг юм. “Х” ХХК болон “О” ХХК-иуд нь Хамтран ажиллах гэрээ байгуулж, “Х” ХХК-ийн нэрээр тендерт шалгарсан юм. Тендерийн баримт бичигт бүрдүүлэх шалгуурыг хангасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж оролцсон. Мөн “Х” ХХК-иас уг ажлыг гүйцэтгэхээр санал болгосны дагуу 197.347.401 төгрөгөөр гэрээ байгуулагдсан. “Х” ХХК-иас ирсэн төсөвт цахилгааны ажлыг “О” ХХК нь 78.768.872 төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөгдсөн байсан. Тендерт шалгарсан байгууллагын саналаар төсвийг хүлээн авч гэрээ байгуулагдсан. Мөн төсвийн үндэслэлтэй эсэхийг нэг бүрчлэн шалгаж, хэлэлцэж хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл 200.000.000 төгрөгийн ажлыг “Х” ХХК нь 197.347.401 төгрөгөнд багтааж хийнэ гэсэн учир тэдний үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн. “Х” ХХК болон аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан 197.347.401 төгрөгийн төсөвтэй 2018 оны 7 дугаар сард байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” нь хүчинтэй болно. Тендерт шалгарсан төсвөөр гэрээ байгуулагдаж тухайн төсвийнхөө дагуу тухайн ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. Монгол улсын мэргэшсэн буюу тэргүүлэх зэрэгтэй төсөвчин дээрх ажлын төсвийг хийж батлах шаардлагыг тендерийн баримт бичигт тавьсан. Мөн уг ажлыг гүйцэтгэх ажлын графикийг боловсруулж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар батлуулж ирэхийг тендерийн баримт бичигт шаарддаг юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь графикийг батлах болон төсвийг нь давхар хянаж үздэг юм.. Тендерийн ажил тухайн төсвийн дагуу хийгдэж буюу графикийн дагуу хийгдэж байгаа эсэхийг явцын хяналтаар дахин шалгадаг юм. Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар тендерт шалгарсан болон шалгараагүй талаарх мэдэгдэл зөвлөмжийг тендерийн захиалагчид /Засаг даргад/ хүргүүлснээр үнэлгээний хорооны ажил дуусгавар болдог”,

    Гэрч У-ийн “Тухайн тендерийг яг хэзээ зарласныг сайн санахгүй байна. Тендерийг барилга барих тусгай зөвшөөрөлтэй, цахилгаан дамжуулах агаарын шугам 0,10 к угсрах засварлах тусгай зөвшөөрөлтэй компанийг оролцуулахаар шаардлага тавьсан. Хэдэн аж ахуйн нэгж оролцсоныг санахгүй байна. Тендерийн тавигдсан шаардлага үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг шалгуур болгосон. “Х”, “О” ХХК нар нь түншлэж оролцсон байгаа. Учир нь дээрх тендер нь 2 өөр тусгай зөвшөөрөлтэй компани оролцох шалгууртай байсан учраас хоорондоо түншлэж гэрээ байгуулан орж ирсэн байдаг юм. Тендерийн тавигдсан шаардлага болох 200.000.000 хэтрээгүй буюу 197.347.401 төгрөгийн төсөвтэй, цахилгаан дамжуулах агаарын шугам хийх ажлын төсөв нь 78.768.872 төгрөгөөр тооцоологдож ирсэн. Уг ажлыг ямар ямар ажлуудыг ямар зардлаар гүйцэтгэж хийхийг баталгаажуулсан зүйл нь төсөв гэсэн үг. 197.347.401 төгрөгийн үнийн саналтай төсөв хүчинтэй, тухайн дүнгээр гэрээ байгуулагдаж түүнийхээ дагуу ажлаа хийгээд мөнгөө авсан байгаа. Тендерт шалгарсан төсвийн дагуу ажлаа гүйцэтгээд комисст хүлээлгэн өгөх ёстой байдаг” гэх мэдүүлгүүдээс үзэхэд тендерт оролцохдоо өгсөн төсвийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байна.

     Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заажээ.

   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцана” хэмээн тус тус заажээ. 

      Ерөнхий гүйцэтгэгч “Х” ХХК нь аймгийн төрийн сангаас нийт санхүүжилт 197.347.401 төгрөгийг бүрэн гүйцэт авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

     Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 251.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгох нь зүйтэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 251.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                                                                                                       

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР