Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2019/00360

 

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2019/00360

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг 5 дугаар байр 27 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /МЮ-78051861/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газар /дарга З.*******/-т холбогдох

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, Логистик менежрийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, харицагчийн өмгөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Шуудангийн Үйлчилгээний Газрын дарга ажилтай З.******* нь цэвэр өөрийн дотоод үзэмж болон намын ялгаварлаар намайг удаа дараа ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсуулж буй тул би маш их гомдолтой байгаа болно.

З.*******ын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 6/192 тоот Монгол Шуудан ХК-ны захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын Логистик менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Уг тушаал нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа болно.

Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №6/3 тоот Монгол Шуудан ХК-ны захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар З.******* нь Логистик үйлчилгээний төвийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болно.

Дээрх 2 тушаалаас харахад 2014 оноос л Монгол Шуудан ХК нь Логистик ачаа тээврийн төвийг эхлүүлэн ажиллуулж байгаа ба тус орон тоо нь өнөөдрийг хүртэл хүчинтэйгээр ажиллаж байгаа нь харагдаж байна. Мөн Монгол Шуудан ХК-нд Тээвэр зууч, Логистикийн газар болон 3 улсын хил болох Хятад, ОХУ-ын хил залгаа аймаг болох Замын-Үүд боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр Логистик /Ачаа тээврийн/ хэсэг ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын жил бүрийн төсөв, төлөвлөгөөг тухайн жилийн 2-3 сард багтаан аймаг болон дүүргүүдийн шуудангийн салбарын дарга нартай биечлэн уулзаж баталдаг. Гэвч 2018 оны төсөв төлөвлөгөө батлах удирдах ажилтны зөвлөгөөнд З.******* нь бүтэн 20 гаруй хоног архи ууж ажилдаа болон цугларалтанд очоогүй, үүний улмаас Монгол Шуудан компаниас ЗУХ, Хангамжийн дарга нар болон 3 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж манай ажлыг шалгахад З.******* нь гүн шарталтын байдалтай манай ялгагч Аззаяагаар хордлого тайлах дусал хийлгэж байсан төдийгүй З.*******д удирдах ажилтны цугларалтанд явахад бэлтгэн илтгэх ажлын тайланг миний бие бичиж бэлэн болгож нягтлан бодогч С.Нороврэнцэнд хүлээлгэн өгсөн юм. Тэр үед 2018 оны бүтэц орон тооны төлөвлөгөөнд миний албан тушаал хасагдаагүй хэвээр санал хүргэгдсэн байсан.

З.******* нь 2018 оны 05 дугаар сард хотод ажиллаж байх хугацаандаа орон тооны төлөвлөгөөг дахин өөрчлөн батлуулсан болсныг ажлаас халах тушаал гарсан өдөр мэдсэн.

Миний албан тушаал дээр 2-3 хүнийг ээлжлүүлэн албан тушаалын нэршлийг дур мэдэн удаа дараа албан тушаалаа ашиглан өөрчлөн ажиллуулж байсан болно.

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр надтай дахин Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж хугацаа заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаа бичдэггүй шүү дээ гэхэд би мэдэж байна, заавал хугацаа бич гэж хэлдэг байсан. Ингээд 2018 он гарахад дахин миний хөдөлмөрийн гэрээг сунган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь миний ажлын байр хэвээр байгаа нь нотлогдож байна.

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас цомхотголоор халах болсон гэсэн мэдэгдэл дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн. Гэвч З.******* нь чи зүгээр л танилцчих, надад дээрээс танилцуул гэсэн. Тэр даруй би Монгол шуудан Компанийн СТГ-ын захирал Д.Баттулгаас та нар яагаад намайг цомхотголд оруулж байгаа юм бэ? гэхэд танай дарга орон тооныхоо төлөвлөгөөг гаргаж өгч батлуулсан тул бид сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд би З.*******ын ажлын өрөөнд хочулаа уулзан асуусан. Яагаад намайг цомхотгож байгаа юм. Энэ мэдэгдэл чинь буруу байна шүү дээ гэхэд, З.******* нь чи тайван бай би чамайг халахгүй чиний Логистикийн Менежерийн /ачаа тээврийн/ ажил чинь хэвээрээ байгаа санаа зоволтгүй би зохицуулна гэсэн.

Ингээд миний бие нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэн 07 дугаар сарын 24-нд ажилдаа эргэн ороход З.******* нь тус өдөр надтай утсаар ярин юу ч болоогүй юм шиг би хотод ажилтай явна, чи нийт ажилчдынхаа үнэлгээг хийгээд төв рүү явуул гэж ярьж байсан атлаа маргааш өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан нярав Лхамаатай утсаар ярин өрөөнөөс миний халагдсан тушаалыг авчруулж өгсөн. Эндээс харахад өөрөө байхгүй байж халах тушаал гаргаад эрт бэлдсэн байсан гэж ойлгогдоно.

З.******* нь надад хэлэхдээ: ... би чамайг хуурч халж байсан одоо дахин оролдохгүй надад нэг шил архи аваад өгчих /1ш 0,75 гр архи авч өгсөн болно./ чи надад ажлаа өгөхгүй шүүхдсэн бол буцаад ажилдаа орох байсан байна лээ, иймд би чамтай юм ярихгүй... гэж согтуу болон эрүүл ч ярьдаг байсан.

Мөн МАН-ын хорооноос АН-ын гишүүнчилэлтэй Д.*******г ажлаас нь халахгүй юу хийгээд байгаа юм бэ? гээд дарамталж байна гэж согтуудаа хэлж ам алдсан.

Ингээд З.******* нь ямар ч үндэслэлгүй намайг удаа дараа ажлаас халж байгаа нь цэвэр намын харьяаллаар гэх шалтгаанаар албан тушаалаа хэтрүүлэн хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №311 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний бие нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэтэл дахин ажлаасаа үндэслэлгүй халагдлаа. Хариуцагч тал тайлбартаа 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ хавсаргасан байна.

Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг шүүхэд өгөөгүй байна. Тус гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаатай байгуулсан. Миний бие Хөдөлмөрийн гэрээгээ нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.

Энэ Хөдөлмөрийн гэрээ нь миний ажлын байр хэвээрээ хадгалагдаж байгааг нотолж байгаа баримт юм. Цомхотгол мэтээр өөрчлөлт оруулаад дараа нь намайг ажлаас халж дахин нэр томъёог оруулж өөр хүн ажилд авна. Хэдийгээр хувьцаат компани боловч ингэж дураараа аашлан дуртай үедээ албан тушаалын нэрийг өөрчлөн, өөрт таалагдахгүй шударга үнэн шаардлага тавьсан хүнд дургүйцлээ илэрхийлэн ажил, амьдралыг минь хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа!... гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга З.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие МШК-ны гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу логистикийн менежер Д.Хандсүрэнгийн бүтэц орон тоог 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүтэц орон тооны цомхотголоор хассан. Д.Хандсүрэнд хуулийн дагуу 1 сарын өмнө бүтэц орон тооны цомхотголд орох бичгийг гардуулж танилцуулсан. Ингээд Д.Хандсүрэнг хуулийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 тушаалаар ажлаас чөлөөлж ажлаас чөлөөлөгдсөний 2 сарын тэтгэмж 1.400.000 төгрөг, 2018 оны амралтын мөнгийг бодож олгосон.

Мөн логистикийн менежерийн орон тоон дээр Д.Хандсүрэн нь 2016 оноос 2018 оны 7 дугаар сарын 25-н хүртэл ажиллаж байсан нь миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. Иймд миний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй!... гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

1.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ... хууль ёсны эрх ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна./хх-ийн 1,2 тал/

2.Нэхэмжлэгч Д.*******г Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот тушаалаар Шуудангийн үйлчилгээний газрын логистик менежерээр томилон ажиллуулсан байна./хх-ийн 20,21-22,51-52,тал/

3. Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4,7.5 дахь заалтыг тус тус үндэслэн Д.*******г ажлаас чөлөөлж, улмаар түүний ажлыг мөн өдрөөс гүйцэтгүүлээгүй байна. /хх-ийн 3 тал/

Түүнчлэн ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил хүлээлцэх хугацаа болон ажилтны ажилласан хугацааны амралт зэргийг оруулаагүй байхаас гадна ажилтны албан тушаалыг ложистикийн менежер гэж буруу бичсэн байгаа зэрэг нь уг тушаалыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******г Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Логистик инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7.657.434 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх олговроос ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Цалингийн тооцоолол: Д.*******гийн 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр /636.913+455.000+736524/=1.811.436 төгрөгийг 3 сард тооцоод /2.031.004 төгрөг: 3 сар/ дундаж цалин 603.812 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 603.812 төгрөг /603.812 х 12= 7.245.744 төгрөг буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг жилийн цалин/-ийг ажлын 22 хоногт тооцоод /603.812 төгрөг: 22 хоног/ 27.446 төгрөг 15 хоног = 411.690 төгрөгөөр тооцов.

Нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /137.469+70.200/ нийт 207.669 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газраас гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгчөө оролцуулах талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7.657.434 / долоон сая зургаан зуун тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 207.669 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ