Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 181/2018/01713/И |
Дугаар | 982 |
Огноо | 2019-05-29 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 982
“АГ” ХХК--ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00686 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “АГ” ХХК--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ТМ” ХХК--д холбогдох
53 361 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2012 онд хариуцагч “ТМ” ХХК- нь манай компаниар шинжилгээний ажил хийлгүүлэх хүсэлтэй байна гэсний дагуу бидний зүгээс тус компанийн ирүүлсэн дээжинд борат хайлшийн аргаар 13 исэл тодорхойлох шинжилгээг хийж өгсөн байдаг. Уг шинжилгээний ажлын нийт өртөг нь 76 230 000 төгрөг болсон ба хариуцагч компани 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 22 869 000 төгрөг төлж улмаар 53 361 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Бидний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэн шинжилгээ хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч компани төлбөрөө бүрэн төлөлгүй биднийг хохироосоор өдийг хүрлээ. Хариуцагч тал төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “ТМ” ХХК--ийг төлөөлж нягтлан бодогч О.Батчимэг, “АГ” ХХК--ийг төлөөлж нягтлан бодогч С.Сэржмядаг нар талуудын хооронд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нэг бүрчлэн тооцоолж, хариуцагч компанийн нэхэмжлэгч талд төлөх үлдэгдэл 53 361 000 төгрөг гарсныг баталгаажуулан 15G30-1 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж “ТМ” ХХК--аас “АГ” ХХК--д төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч компаниас ажлын хөлсний үлдэгдэл 53 361 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Стюарт Монголиа” ХХК, “ТМ” ХХК- нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр SM-TM 01/11 тоот гэрээг байгуулж ажилласан. Уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт 125 000 000 төгрөгийг “Стюарт Монголиа” ХХК урьдчилж төлж байсан болно. Нэгэнт урьдчилж төлбөрөө төлсөн тул “Стюарт Монголиа” ХХК-аар уг төлбөртөө таарсан ажил гүйцэтгүүлсэн бөгөөд өөр ямар нэг төлбөр төлөх үүргийг манай компани хүлээх үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан 15G30-1 тооцооны үлдэгдлийн баталгаа нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан компанийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш хүн гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус баримт гэж үзэж байна. О.Батчимэг нь 2011 онд “Стюарт Монголиа” ХХК, “ТМ” ХХК- нарын хооронд гэрээ байгуулах үед тус компанид ажиллаж байгаагүй, 2 компанийн хоорондын үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй төдийгүй гэрээг дүгнэх актанд гарын үсэг зурж баталгаажуулах эрхгүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш юм. Хэргийн материалд хавсаргагдсан 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30E12264 дугаартай санхүүгийн нэхэмжлэлд дурдагдсан SM-TM 01/11 дугаартай нэмэлт гэрээ гэж байхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд “АГ” ХХК--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТМ” ХХК--аас 53 361 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АГ” ХХК--д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 755 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ТМ” ХХК--аас улсын тэмдэгтийн хураамжид 424 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АГ” ХХК--д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “Steward Mongolia”ХХК нь, "Алс групп" ХХК болж нэрээ өөрчилсөн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны бичиг нь (гарын үсэг нь балархай, тамга тэмдэг нь мэдэгдэхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй ) 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн нотариатын 2 өөр огноотой яг ижил бичгийг хэрэгт нотлох баримт болгон хавсаргасан байсан бөгөөд тамга, тэмдэг, гарын үсэг нь гаргацгүй бүдэг баларсан байсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар магадлал 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан ба магадалд дээрх бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар маш тодорхой дурьдсан. Мөн Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан "Нотариатын үйлдэл хийх эаавар"-ын хуулбар үнэн эөвийг гэрчилэхгүй байх тухай 13.4.12-т заалтыг зөрчиж хийсэн нотлох баримтыг анхан шатны шүүх нотлох баримт болгон үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зөрчсөн. Шүүх хуралдаан даргалагчид энэ талаар хүсэлт гаргасан боловч хусэлтийг хулээж аваагүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй субъектийг тогтооход уг нотлох баримт нь чухал үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагч тал буюу манай талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасны дагуу эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой талаар амаар хүсэлт гаргасан бөгөөд тэмдэглэлд дурьдагдсан байгаа болно/ нэхэмжлэгч талазс татгалзаагүй байхад шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг зөрчиж боломж олгоогүй иь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741.1 зүйлийн 741.1 дэх хэсгийг зөрчсөн. Хэргийн оролцогчдод эвлэрэн хэлэлцэх боломж байсан. Шүүх хуралдаан даргалагч хариуцагчийн гаргасан хүсэлтийг удаа дараа хүлээн авалгүй хүчээр шахуу шүүх хуралдааныг эхлүүлсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийн дагуу О.Батчимэгээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлтийг гаргасан боловч /тэмдэглэлд дурьдагдсан байгаа болно/ хэрэг хэлэлцэж эхэлсэнээс хойш гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй гэж үзэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, 105 дугаар зуйлийн 105.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, хэт нэг талыг барин өрөөсгөл шийдвэрийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагчийн гаргасан бүх хүсэлтийг хүлээж авахгүйгээр, хэрэгт цугларсан шаардлага хангахгүй нотлох баримтыг хариуцагчийн эсрэг үнэлсэнд гомдолтой байна. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой бөгөөд хэргийн оролцогчдыг тэгш боломжоор хангаж, нотлох баримтыг үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлэхэд ач холбогдол бүхийн нотлох баримтад тулгуурлаж хэргийг шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “АГ” ХХК- нь хариуцагч “ТМ” ХХК--д холбогдуулан, ажлын хөлс 53 361 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 53 дугаар тал/
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн нягтлан бодогч О.Батчимэг нь тухайн үед компанид ажиллаж байгаагүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш, “ТМ” ХХК- нь ажлын хөлс 125 000 000 төгрөгийг урьдчилж төлсөн, уг дүнд тохирох ажил гүйцэтгүүлсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлажээ.
Талууд лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу хийсэн ажлын үр дүн, үлдэгдэл төлбөрийг төлсөн эсэх үйл баримтын талаар маргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нэрээ сольсон болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 1515347 тоот лавлагаагаар тогтоогдсон гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Стюарт Монголия” ХХК гэх нэрээ “АГ” ХХК- болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь “АГ” ХХК--ийн нэрээр хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж, тооцоо нийлсэн баримт үйлдэж, цагдаагийн байгууллага болон шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах тухай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01556 дугаартай шийдвэрийг гаргуулж байжээ. Иймээс нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр SM-TM 01/11 тоот Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, “Стюарт Монголиа” ХХК нь /одоогийн Алс групп ХХК/ “ТМ” ХХК--аас дээж хүлээн авч, лабораторид шинжлэх, шинжилгээний үр дүнг “ТМ” ХХК--д гаргаж өгөх, “ТМ” ХХК- нь гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх ба 2012 оны 01 сард SM-GG-11 тоот Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх нэмэлт гэрээ байгуулж, дээжийн тоо болон үнэлгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хэргийн 59-71 дүгээр тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Улмаар талууд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, байгууллага хоорондын 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч “Талс маргад” ХХК нь нэхэмжлэгч “АГ” ХХК--д нийт 53 361 000 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталжээ. /хэргийн 7 дугаар тал/
Тооцооны үлдэгдлийн баталгааг “ТМ” ХХК--ийн өмнөөс нягтлан бодогч О.Батчимэг, “АГ” ХХК--ийн нэрийн өмнөөс нягтлан бодогч С.Сэржмядаг нар үйлдэж тус тусын байгууллагын санхүүгийн тэмдэгийг дарсан байгаа нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ гэж шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал О.Батчимэгийг гэрээ байгуулах үед компанид ажиллаж байгаагүй гэдгийг баримтаар нотлоогүйн зэрэгцээ, тооцоо нийлэх үед байггууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсныг үгүйсгээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч байгууллага нь 125 000 000 төгрөг урьдчилан төлсөн гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т “ТМ нь Стюарт-ын Мөрөн хотод байрлах дээж бэлтгэлийн лабораторийн зориулалтаар ашиглагдаж буй түрээсийн байрны засвар үйлчилгээ болон дээж бэлтгэлийн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах зардлын зориулалтаар нийт 125 000 000 төгрөгийг урьдчилсан байдлаар төлөхөөр тохиролцов” гэж зааснаас үзэхэд уг мөнгөн дүн нь шинжилгээний ажил гүйцэтгэх хөлс бус харин байрны засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан мөнгөн хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан тул мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар талууд “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны баримтыг үйлдсэн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох юм. Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болон хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэрийг 2017 онд гаргуулж, цагдаагийн байгууллага уг ажиллагааг явуулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14п/5598 дугаартай нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгээр тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 424 755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР