Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК/РД: /-д холбогдох,

 

53 361 000 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2012 онд хариуцагч “Т” ХХК нь манай компаниар шинжилгээний ажил хийлгүүлэх хүсэлтэй байна гэсний дагуу бидний зүгээс тус компанийн ирүүлсэн дээжинд “борат хайлшийн аргаар 13 исэл тодорхойлох” шинжилгээг хийж өгсөн байдаг. Уг шинжилгээний ажлын нийт өртөг нь 76.230.000 болсон ба хариуцагч компани 2012 оны 06 сарын 22-ны өдөр 22.869.000 төгрөг  төлж улмаар 53.361.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Бидний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэн шинжилгээ хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч компани төлбөрөө бүрэн төлөлгүй биднийг хохироосоор өнөөдрийг хүрлээ.

Хариуцагч тал төлбөр төлөх талаар ямар нэг арга хэмжээ авалгүй явсаар 2015 оны 06 сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч О.Батчимэг, “А” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч С.Сэржмядаг нар талуудын хооронд 2012 оны 01 сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нэг бүрчлэн тооцоолж, хариуцагч «компанийн нэхэмжпэгч талд төлөх үлдэгдэл 53 361 000 төгрөг гарсныг баталгаажуулан 15G30-1 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж “Т” ХХК-иас “А” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч компаниас ажлын хөлсний үлдэгдэл 53.361.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Хариуцагч компанид холбогдуулан 2017 оны 03 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 05 сарын 19-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Ийнхүү хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхэд хандсан бөгөөд шүүхийн  шийдвэрийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 12 сарын 15-ны өдөр №14п/5598 тоот албан бичгээр хариуцагч “Талтс маргад” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оршин суудаг хаягийг олж тогтоосон тул дээрх хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““А” ХХК-ийн тус компанийг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

“Steward Mongolia” ХХК, “Т” ХХК нарын хооронд 2011 оны 9-р сарын 2-ын өдөр SM-TM 01/11 тоот гэрээг байгуулж ажиллсан билээ. Уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт 125,000,000 /нэг зуун хорин таван сая/ төгрөгийг “Steward Mongolia” ХХК урьдчилж төлсөн байсан болно. Нэгэнт урьдчилж төлбөрөө төлсөн тул “Steward Mongolia” ХХК-аар уг төлбөртөө
таарсан ажил  гүйцэтгүүлсэн бөгөөд өөр ямар нэг төлбөр төлөх үүргийг манай компани төлөх үндэслэлгүй  билээ. Нэхэмжлэлд дурьдагдсан №15G30-1 тооцооны үлдэгдэл батлагаа нь Компанийн тухай 84 дүгээр зүйлд заасан компанийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш хүн гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус баримт гэж үзэж байна. н.Батчимэг нь 2011 онд буюу “Steward Mongolia”ХХК, “Т” ХХК нарын гэрээ байгуулах үед тус компанид ажиллаж байгаагүй.

2 компанийн хоорондын үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй төдийгүй гэрээг дүгнэх актанд гарын үсэг зурж баталгаажуулах эрхгүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш юм. Хэргийн материалд хавсрагдсан 2012 оны 5-р сарын 30-ны 30E12264 дугаартай нэхэмжлэлд дурдагдсан SM-TM 01/11 дугаартай нэмэлт гэрээ гэж байхгүй болно.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 75.2.3 дах заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Б.Батхишигт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Б.Батхишиг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Б.Батхишигийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2012 оны 1 дүгээр сард тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээний болон Нэмэлт гэрээний орчуулгаар нотлогдож байна.

 

Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээний 1, 4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжилгээ хийх, хариуцагч нь төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 10/арав/ хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээний орчуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь шинжилгээ хийх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 4-т зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.

 

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн байх ба  хариуцагч нь Гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн өглөгтэй болох нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Тооцооны үлдэгдлийн баталгаанд эрх бүхий биш хүн гарын үсэг зурсан гэх тайлбар ирүүлжээ.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “... аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ.”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:”, 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх ... бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж ... удирдах;” гэж заасан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.6 дахь заалтад зааснаар хариуцагчийн нягтлан бодогч нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 75.2.3 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар ирүүлжээ.

 

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж хариуцагч нь нэхэмжлэгчид 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн өглөгтэй болохыг тогтоосон байх ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс үүссэн байх ба хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

 Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 53 361 000/тавин гурван сая гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 424 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ