Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 444

 

Б.С-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,  нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 761 дүгээр магадлалтай, Б.С-т холбогдох 1805018820428 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бордух мэйрэн овогт Б-ын С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.С нь 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 нас 11 сар 01 хоногтой байсан ба хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед 18 насанд хүрчээ гээд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийн зохицуулалт нь 14-17 настай хүмүүст үйлчлэх бөгөөд харин шүүхээр гэм бурууг хэлэлцэх үед 18 насанд хүрсэн хүнд хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах учраас заавал хэрэгжүүлэх үүрэггүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт шүүх хийсэн. Б.С хэдийгээр хоёр хүнд бүлэглэн зодуулж өөрийн биеийг хамгаалах үйлдэл хийн иргэн И.Х-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа бөгөөд тэрээр тухайн хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрээгүй байсан юм. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн 18 насанд хүрээгүй байхдаа, анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, хохирогч нь гомдолгүй, хохирогчид өгөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг нь харгалзан үзэж түүнд ял оногдуулахгүйгээр хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх хуульд заасан нөхцөл бүрдсэн талаар шүүхээс хүссэн боловч түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Б.С-ийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг шүүхээс хэрэглээгүй. Мөн хуулийн 8 дугаар бүлгээр өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан байдаг. Тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан боловч шүүхээс энэхүү бүлэгт заасныг баримтлахгүйгээр ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан ба уг зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байна. Хөнгөн гэмт хэргийн хувьд зөвхөн хорих ялаас, гэхдээ хорих ялын дээд хэмжээ 3 жил хүртэл бол чөлөөлөхөөр зохицуулсан нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд ялгаварлал, тэгш бус байдал үүсгэхээс гадна ялын бодлогын хувьд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргээс аюулын хувьд илүү байтал эсрэгээр нь авч үзсэн нь алдаатай байна.

Дээрхээс дүгнэхэд Б.С-ийг ялаас чөлөөлөх, эсхүл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, хуульд заасан нөхцөл боломж бүрдсэн гэж үзэж байна. Шүүхээс анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан өсвөр насны хүнд ял оногдуулсанд гомдолтой байна. Хэдийгээр 240 цаг нийтэд тустай ажил эрхлэх нь хүнд ял биш ч гэсэн энэ нь Эрүүгийн хуульд заасан ялын төрөлд багтдаг тул дөнгөж дунд сургуулиа төгсөж, элсэлтийн шалгалтаа өгсөн, ажил амьдралын гараан дээр байгаа өсвөр насны хүнд ял оногдуулахгүй байх, ялаас чөлөөлөх хуулийн заалтуудыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.С-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүчингүй болгон ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр эрүүгийн хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С нь бусдын биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй боловч шүүгдэгч нь өсвөр насны ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхад оногдуулсан ял хүндэдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр сургуулийн гадна иргэн И.Х-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүгдэгч Б.С нь насанд хүрээгүй байхдаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж эрх зүйн байдлыг шүүх дордуулсан гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн хуульд зааснаар оногдуулсан хөнгөн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйлд заагаагүй хүнд ял болох хорих ялаар солих эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлүүд нь ял оногдуулах үед өсвөр насны буюу 14-18 хүртэлх насны хүмүүст хамааралтай учир анхан шатны шүүх хуралдааныг явуулах үед 18 насанд хүрч энэхүү хуулиар тогтоосон насны хязгаарыг давсан шүүгдэгчид энэхүү журмыг баримтлан ял оногдуулах  үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 761 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН