Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/03356

 

 

 

 

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/03356

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.У,

 

Нэхэмжлэгч: Д.Л нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У, Д.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр Ч.У, Д.Л нараас 455.506.164 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны тоот 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр Ч.У, Д.Л нараас 455.506.164 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ч.У, Д.Л нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны тоот 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлсэн. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны тоот орон сууц 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны тоот орон сууц 310.148.600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У, Д.Л нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр тоот орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр тоот орон сууцыг 310.148.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

 

Нэхэмжлэлд хавсаргасан НШШГГ-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4/4797 дугаар мэдэгдэл, Монгол шуудан ХК-ийн лавлагааны хариу, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаас үзэхэд нэхэмжлэгч Ч.У, Д.Л нар нэхэмжлэлд дурдсан 2 орон сууцны үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүхэд гомдлоо гаргасан байх ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг буцаажээ /хх-4-5, 8, 10/. Гэвч нэхэмжлэгч нар шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. 

 

Үүнээс гадна хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэлд дурдсан 2 орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр Ч.У, Д.Л нараас зээлийн төлбөр 455.401.257,78 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.434.956 төгрөг гаргуулан Хас банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ /хх-30-33/. 

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар захирамж гарч, 1212 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ /хх-29, 34/.

  

Хариуцагч НШШГГ 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба нэхэмжлэлд дурдсан 2 орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилж, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хураажээ /хх-37, 39, 40, 41, 44, 45, 50/. 

 

Түүнчлэн төлбөр төлөгч Ч.У, Д.Л нар Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг 140.000.000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэгт байрлах орон сууцыг 600.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба төлбөр авагч Хас банк ХХК уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шинжээч томилон үнэлүүлэх хүсэлт гаргажээ /хх-51, 67/.

  

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна /хх-52/.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчнээр тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэстэй.

 

Нэхэмжлэгч нар дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

 

Шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр тус тус үнэлжээ /хх-53-66/.

  

Нэхэмжлэгч нар орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Дээрх үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба түүнийг хүчингүй болгох үндэслэл шүүхэд баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.У, Д.Л нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.У, Д.Л нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.У, Д.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА