Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 56

 

     Ч.У, Д.Лнарын 

    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03356 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.У, Д.Лнарын  нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.У, Д.Лнар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01623 дугаар шийдвэрээр Ч.У, Д.Лнараас 455.506.164 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч НШШГГ-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Ч.У, Д.Лнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцуудыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлсэн. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023179 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот орон сууц 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016732 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот орон сууц 310.148.600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023179 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр 49 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016732 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр 36 тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.У, Д.Лнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.У, Д.Лнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Орон сууцыг 310.148.600 төгрөгөөр "Итгэлт эстимэйт" ХХК үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байх гол үндэслэл нь үнэлгээг хиййлгэх шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Итгэлт эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл үнэлгээний компани нь зах зээлийн ханшаар үнэлгээг тогтоогоогүй нь үнэлгээний тайланд  уг байрны ашиглалтанд орсон он болон хөрөнгийн хандлага буюу элэгдэл хорогдлыг хасаж тооцон үнэлгээ гаргасан нь шууд зах зээлд худалдан борлуулагдах үнээс хэт доогуур үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс уг үнэлгээ хийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг анхааарч үзэлгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.У, Д.Лнар  нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01623 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1212 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Ч.У, Д.Лнараас 455.401.257,78 төгрөг гаргуулан төлбөр авагч “Хас банк” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр 49 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр 36 тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай  нийцжээ. /хх-ийн 51- 67/

Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр дээрх 2 үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр 49 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр 36 тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр тодорхойлсон  ба НШШГГ- нь нийт 415.648.600 /105.500.000+ 310.148.600/ төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ч.У, Д.Лнарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг Ч.У 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүхэд гомдлоо гаргасан байх ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг буцаажээ /хх-4-5, 8, 10/.

Нэхэмжлэгч нар шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин гомдол гаргахдаа эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. /хх-ийн 70, 72/

 

Нэхэмжлэгч тал “...зах зээлд худалдан борлуулагдах үнээс хэт доогуур үнэлгээ гаргасан гэж үзэж байна...”  гэж  тайлбарлаж байх боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч НШШГГ- барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон 415.648.600 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч үнэлэгдсэн 2 орон сууцны үнийг зах зээлийн аргаар тогтоосон тул нэхэмжлэгч Ч.Уийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Уийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                               Н.БАТЗОРИГ