Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00696

 

Ч.У, Д.Л- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03356 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.У, Д.Л- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.У, ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01623 дугаар шийдвэрээр Ч.У, , Д.Л- нараас 455 506 164 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105 500 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310 148 600 төгрөгөөр зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Төлбөр төлөгч Ч.У, , Д.Л- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцуудыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлсэн. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023179 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот орон сууц 105 500 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016732 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот орон сууц 310 148 600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03356 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т  холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023179 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байр 49 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016732 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байр 36 тоот хаягт байрлах 138.66 м.кв 4 өрөө орон сууцыг 310.148.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.У, , Д.Л- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.У, , Д.Л- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.У, ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолд ... үнэлгээ хийлгэж буй байрны зах зээлийн үнэлгээг хийлгэх гэж заасан байдаг.

Гэтэл үнэлгээний компани нь зах зээлийн ханшаар үнэлгээг тогтоогоогүй нь үнэлгээний тайланд: уг байрны ашиглалтанд орсон он болон хөрөнгийн хандлага буюу элэгдэл хорогдлыг хасаж тооцон үнэлгээ гаргасан нь шууд зах зээлд худалдан борлуулагдах үнээс хэт доогуур үнэлгээ гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс уг үнэлгээ хийлгэх тогтоол болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзэлгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна

Иймд дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.У, , Д.Л- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, , Төмөр замын 58 дугаар байр, 49 тоот орон сууцыг 3 өрөө орон сууцыг 105 500 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 17\2 дугаар байр, 36 тоот дөрвөн өрөө орон сууцыг 310 148 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч НШШГГ- нь шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Ч.У, , Д.Л- нар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101\ШШ2017\01623 дугаар шийдвэрээр 455 401 257 төгрөгийг “Хас банк” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байна. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан байна.

Нэхэмжлэгч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- явуулжээ. Энэхүү ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдагдаж буй 2 орон сууцыг битүүмжилж, хураасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Барьцааны эрхээр хязгаарлагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч нараас  санал авахад тэдгээр нь Баянгол дүүрэгт байрлалтай 3 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэгт байрлалтай орон сууцыг 600 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч “Хас банк” ХХК зөвшөөрөөгүй тул шинжээчээр “Итгэл эстимейт” ХХК-ийг томилж, шинжээч орон сууцуудыг 105 500 000 төгрөг, 310 148 600 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон гэж үзсэн боловч өөрийн шаардлага, гомдлыг баримтаар нотлоогүй гэж хоёр шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН