Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2019/00333

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Засаг даргын Тамгын газар (дарга Х.Т, утас 00000000 )-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг харуул хамгаалалтын А ХХК (захирал А.Б, утас 000000000)-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, хариуцагч харуул хамгаалалтын А ХХК-ний захирал А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол 4196384 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын дөрвөн ажилтан ажилладаг байсан. Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай журмын хүрээнд А ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн болно. Ингэхдээ аймгийн ЗДТГ-ын ажиллаж байгаа харуул албан хаагчдыг багийн зохион байгуулалтад оруулан ажиллахаар тохирч, аймгийн ЗДТГ-ын зүгээс тэдгээр албан хаагчдын цалин, шимтгэл, түлш халаалт болон шаардлагатай бусад зардлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу тухай бүр олгохоор гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу А ХХК-нд ажилчдын 2018 оны 11,12 дугаар сарын нийт 4196984 төгрөгийн цалинг бүрэн шилжүүлсэн бөгөөд компани эдгээр ажилчдын цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн улмаас шүүхээс аймгийн ЗДТГ-аас гаргуулах тухай шийдвэр гарсан байна. А ХХК-д ажилчдын цалинг аймгийн ЗДТГазарт буцаан шилжүүлэхийг хүссэн боловч шилжүүлэхээс татгалзсан болно. Иймд А ХХК-иас 4196384 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч харуул хамгаалалтын А ХХК-ний захирал А.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аймгийн ЗДТГ-ын дарга Х.Т 2018 оны 10-р сард аймгийн төвд ажилладаг бүх хамгаалалтын алба болох Хыран ХХК, Бүргид ХХК, А ХХК-ний захирлуудыг дуудан Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалал, байгууллагын зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу харуул хамгаалалтад шилжүүлэх болсон тул холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч тэр дотроос нь сонгон шалгаруулж цаашид хамран ажиллах хамгаалалтын албыг сонгох болно гэсний дагуу сарын өмнө бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний компани болох А ХХК шалгарч цаашид хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан юм. Хоёр сарын хугацаанд хамтран ажилласан бөгөөд тэр урьд ажиллаж байсан 4 ажилтан болох Б.Х, Х.С, Е.Ө, У.Х нарыг манай компаний мэдэлд шилжүүлсэн боловч уг ажилчид бид танай компани мэдэлд шилжихгүй хамтран ажиллахгүй гэсэн хариу өгч хоёр сар ажил хийгээгүй. Оронд нь би 4 ажилтан ажиллуулж хоёр сарын хугацаанд гаргасан болно. Энэ хугацаанд ЗДТГазраас урьд ажиллаж байсан манаач нарын цалин хөлсийг манай компанид шилжүүлсэн бөгөөд хоёр сар ажил хөдөлмөр эрхлээгүй болохоор би өөрийн гаргасан дөрвөн хүнд уг мөнгийг цалинг болгож өгсөн байгаа. Манай компани мэдэлд шилжүүлсэн дээрх дөрвөн ажилтныг ажил хийгээгүй байсан ч дуудан цалингаа аваарай гэсэн боловч бид танай компаниас цалин хөлс авахгүй, цалингийн цэцэд гарын үсэг зурахгүй, яагаад гэвэл бид хохирох юм байна. ЗДТГазар биднийг үндэслэлгүй танай компанид шилжүүлж хохироосон энэ талаар шүүхэд хандаж ЗДТГ-ын дарга Х.Тийг шүүхэд өгсөн байгаа гэж хариу өгсөн. Би компанид удаа дараа дээрх 4 ажилтныг дуудан та дөрөв ажил хийж, цалингаа аваарай гэж хэлж банкнаас мөнгийг нь гаргаж ирж өгөхөөр хурлын протокол хийсэн боловч элдэв янзын шалтаг тоочиж гарын үсэг зураагүй. Мөн дээрх 4 ажилтан хийгүй байна, манай компанитай хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна гэдгийг ЗДТГ-ын дарга Х.Тд удаа дараа анхааруулж албан тоот хүргүүлэхэд танай компани дотоод үйл ажиллагаа бид оролцохгүй, цаашид ажиллуулах эсэхээ та өөрөө шийдээрэй гэж амаар хэлсний дагуу би ажилчдад уг ЗДТГ-ын мөнгийг 2 сард ажиллуулсан 8 хүнд цалин болгож өгсөн байгаа. Иймд дээрх 4196384 төгрөгийг А ХХК-нд төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Б аймгийн Засаг даргын Тамгын газар харуул хамгаалалтын 4 ажилтантай. Засгийн газрын 2013 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан төсвийн байгууллагын зарим ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай журмын дагуу А харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж тус байгууллагын харуул хамгаалалтын 4 ажилтны гүйцэтгэх ажлыг хийлгэсэн. Гэрээний 2.4 дэх хэсэгт Аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа харуулын албан хаагчдыг багийн зохион байгуулалтад оруулж, тэдгээр албан хаагчийн цалин шимтгэл, урамшуулал, нэмэгдэл хөлс, төрөөс эдэлж байгаа хөнгөлөлт түлш, халаалт болон шаардлагатай бусад зардлыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу тухайн компанид шилжүүлэхээр тохиролцсон талаар заасан. Гэрээний дагуу А харуул хамгаалалтын компанид ажилчдын 2018 оны 11, 12 дугаар сарын цалин 4196384 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч А харуул хамгаалалтын компани гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр тухайн 4 ажилчид багийн зохион байгуулалтад орж ажиллаагүй гэх үндэслэлээр өөр ажилчид ажиллуулсан тул дээрх мөнгийг төлөх боломжгүй гэх хариу ирүүлсэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Б аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан харуул хамгаалалтын ажилтан нар 2 сарын авч чадаагүй гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс дээрх ажилчдын 2 сарын цалинг Б аймгийн Засаг даргын Тамгын газар төлөх нь үндэслэлтэй гэх шийдвэр гаргасан. А харуул хамгаалалтын компани Б аймгийн Засаг даргын Тамгын газрын шилжүүлсэн мөнгийг тус компани харуул хамгаалалтын 4 ажилтныг ажиллуулалгүй, өөр албан хаагч ажиллуулж тэдэнд цалин болгож олгож гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч харуул хамгаалалтын А ХХК-ний захирал А.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр харуул хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ттэй гэрээ байгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цагаас эхэлж Б аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Гэрээ байгуулахдаа Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын 4 ажилтныг А харуул хамгаалалтын компанид шилжүүлж өгөхөөр болсон. Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ттэй уулзаж дээрх 4 ажилтантай хамтарч ажиллаж чадахгүй юм байна, гэрээгээ татаж авах уу гэж хэлэхэд надад яаманд зөрчил гарч, хүн амины хэрэг гарч байгаа тул хамтарч ажиллах ёстой ба, дээрх 4 ажилтныг шилжүүлж өгнө гэх хариу өгсөн. Тэрээр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын захиргаа удирдлагыг хэлтсийн дарга Ерболд 4 ажилтныг шилжүүлж өгөх талаар үүрэг өгч байсан. Би албан тоотоор хандаж байсан. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын 4 ажилтан надад чамтай гэрээ байгуулаагүй, чи Ттэй гэрээ байгуулсан ба бид чамтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн. Би Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ттэй энэ талаар ярилцахаар очиж уулзахад өөр хамгаалагч ажиллуулж бай, дээрх 4 иргэн удахгүй ажиллана, бид уг асуудлыг шийдэж өгнө гэх хариу өгсөн. Гэвч уг асуудлыг шийдээгүй ба 12 дугаар сар өнгөрсөн. Би Б аймгийн Засаг даргын Тамгын газарт 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээг 6 сараар сунгуулах албан тоот хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Би 2019 он гарахаас өмнө Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай очиж уулзахад 1 дүгээр сар гаргаад гэрээг сунгаж өгнө, мөн харуул хамгаалалтын хөлсийг нэмж өгнө гэж хэлсэн. Би 2019 оны 1 дүгээр сард гэрээгүйгээр үүрэг гүйцэтгэсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагт Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтыг татан буулгасан. Б аймгийн Засаг даргын Тамгын газар дээрх асуудлуудыг шийдэж өгөөгүй тул манай компани руу шилжүүлсэн цалин хөлсийг тухайн үед ажилласан хамгаалагч нарт цалин хэлбэрээр олгосон. Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус мөнгийг А харуул хамгаалалтын компани данснаас гаргаж авсан. Б аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед 8 хүн ажиллуулсан. Би Б аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын үүргийг биечлэн гүйцэтгэсэн. Гэрээний хугацааг нэхэмжлэгч тал сунгана гэсэн боловч дорвитой арга хэмжээ аваагүй. Б аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулсныг ард түмэн, тухайн байгууллагын ажилтан, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүгд мэдэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4196384 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай журам, Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т, Б аймгийн харуул хамгаалалтын А ХХК-ний захирал А.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-г 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай байгуулсан байна.

Энэхүү гэрээний 2.4-д Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа харуулын албан хаагчдын цалин шимтгэл, шагнал урамшуулал, нэмэгдэл хөлс, төрөөс эдэлж байсан хөнгөлөлт, тэтгэлэг, цахилгаан эрчим хүч, түлш халаалт болон шаардлагатай бусад зардлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хуулийн дагуу тухай бүрд зардалд тусгаж олгоно, 3.1-д Аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа харуулын албан хаагчдын цаашид үргэлжлүүлэн багийн зохион байгуулалтад оруулан Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах гэж заасан байна.

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-нд энэхүү гэрээ нь хавсралттай эсэхийг тусгаагүй байна.

Иймд Б аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Д.Бекболат тооцоог гаргаж, тус газрын санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан харуул албан тушаалтай Х.С, Б.Х, Е.Ө, У.Х нарын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн, мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Цалингийн хүснэгт-ийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хамгаалалтын ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний хавсралт гэсэн нь эргэлзээтэй тул үнэлэх боломжгүй болно.

Нэхэмжлэгч Аймгийн Засаг даргын Тамгын газрын Мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал-аар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цалин 2017552 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалин 2178232 төгрөг бүгд 4196384 төгрөгийг А ХХК-нд шилжүүлсэн болох нь,

Энэхүү шилжүүлсэн мөнгийг хариуцагч А ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын Цалин олгох хүснэгт-ээр бүгд 1300000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын Цалин олгох хүснэгт-ээр бүгд 1315909 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын Цалин олгох хүснэгт-ээр бүгд 1637273 төгрөгийг тус тус ажилчдын цалинд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тавьж олгосон нь тус тус нотлогдож байна.

Хариуцагч А ХХК-ний эдгээр цалингийн орлого зарлагууд нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны хоорондын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгатай тохирч байна.

Эдгээр нотлох баримтаар 2018 оны 11 дүгээр сар, 12 дугаар саруудад Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтыг А ХХК нь хариуцаж гүйцэтгэж байсан нь нотлогдож байна.

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-г талууд байгуулахаас өмнө нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан гэх харуулын 4 ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон хариуцагч А ХХК-нд шилжүүлэн өгсөн тухай ямар нэгэн эрхийн акт гараагүй буюу нотлох баримт байхгүй байна

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн мэдүүлгээр хариуцагч А ХХК-ны ажилтнууд харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын урьд нь ажиллаж байсан харуулын ажилтнууд мөн давхар харуулын үүрэг гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харуулын ажилтнууд болох Х.С, Б.Х, Н.Ө, У.Х нарын 2018 оны 11, 12 дугаар сарын цалинг алдангийн хамт Бн аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан олгосон тухай Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00163 дугаартай Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд хариуцагч А ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-ний 2.4, 3.1-ийг зөрчсөн гэх үндэслэл нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-ыг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймаг дахь харуул хамгаалалтын А ХХК-иас гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэн хохирол 4196384 (дөрвөн сая нэг зуун ерөн зургаан мянга гурван зуун наян дөрвөн) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК