Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00808

 

Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэр,

          Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00032 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газар

          Хариуцагч: “А- од” ХХК

          4,196,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч А.Бахытжаны гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах, хариуцагчийн төлөөлөгч А.Бахытжан, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын дөрвөн ажилтан ажилладаг байсан. Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай журмын хүрээнд А- од ХХК-р гүйцэтгүүлсэн. Ингэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын ажиллаж байгаа харуул албан хаагчдыг багийн зохион байгуулалтад оруулан ажиллахаар тохирч, аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тэдгээр албан хаагчдын цалин, шимтгэл, түлш халаалт болон шаардлагатай бусад зардлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу тухай бүр олгохоор гэрээ байгуулсан. Гэрээний дагуу А- од ХХК-нд ажилчдын 2018 оны 11,12 дугаар сарын нийт 4,196,984 төгрөгийн цалинг бүрэн шилжүүлсэн бөгөөд компани эдгээр ажилчдын цалин хөлсийг хугацаандаа олгоогүйгээс шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай шийдвэр гарсан. Ажилчдын цалинг аймгийн Засаг даргын Тамгын газарт буцаан шилжүүлэхийг хариуцагчаас хүссэн боловч шилжүүлэхээс татгалзсан. Иймд А- од ХХК-аас 4,196,384 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

           Хариуцагч тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген 2018-10 сард аймгийн төвд ажилладаг бүх хамгаалалтын алба болох Хыран ХХК, Бүргид ХХК, А- од ХХК-ний захирлуудыг дуудан Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалт, байгууллагын зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу харуул хамгаалалтад шилжүүлэх болсон тул холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч сонгон шалгаруулж цаашид хамтран ажиллах хамгаалалтын албыг сонгох болно гэсэн.Үүний дагуу бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр 2018-11-01-ний өдөр манай А- од ХХК шалгарч цаашид хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан. Хоёр сарын хугацаанд хамтран ажилласан бөгөөд тэр урьд ажиллаж байсан 4 ажилтан болох Б.Хуатхан, Х.Серикбай, Е.Өмиржан, У.Хажумхан нарыг манай компанийн мэдэлд шилжүүлсэн ч ажилчид нь татгалзаж, хоёр сар ажил хийгээгүй. Оронд нь би 4 ажилтан хоёр сарын хугацаанд гаргаж ажиллуулсан. Энэ хугацаанд Засаг даргын Тамгын газраас урьд ажиллаж байсан манаач нарын цалин хөлсийг манай компанид шилжүүлсэн бөгөөд хоёр сар ажил хөдөлмөр эрхлээгүй болохоор би өөрийн гаргасан дөрвөн хүнд уг мөнгийг цалинг болгож өгсөн. Манай компанийн мэдэлд шилжүүлсэн дөрвөн ажилтныг ажил хийгээгүй байсан ч “цалингаа ав” гэсэн боловч “...бид танай компаниас цалин хөлс авахгүй, цалингийн цэсэд гарын үсэг зурахгүй, яагаад гэвэл бид хохирох юм байна. Засаг даргын Тамгын газар биднийг үндэслэлгүй танай компанид шилжүүлж хохироосон энэ талаар шүүхэд хандсан...” гэсэн хариу өгсөн. Би компанид удаа дараа дээрх 4 ажилтныг дуудан та дөрөв ажил хийж, цалингаа аваарай гэж хэлж банкнаас мөнгийг нь гаргаж өгөхөөр хурлын протокол хийсэн боловч элдэв янзын шалтаг тоочиж гарын үсэг зураагүй. Мөн дээрх 4 ажилтан ажил хийхгүй, манай компанитай хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн гэдгийг Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилегенд удаа дараа анхааруулж албан тоот хүргүүлэхэд танай компанийн дотоод үйл ажиллагаанд бид оролцохгүй, цаашид ажиллуулах эсэхээ та өөрөө шийдээрэй гэж амаар хэлсний дагуу би ажилчдад уг Засаг даргын Тамгын газрын мөнгийг 2 сард ажиллуулсан 8 хүнд цалин болгож өгсөн. Иймд дээрх 4,196,384 төгрөгийг А- од ХХК төлөх ёсгүй гэжээ.

           Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэр гаргаж, Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-ыг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймаг дахь харуул хамгаалалтын А- од ХХК-с 4,196,384 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсан байна. 

           Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00032 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т заасныг тус тус баримтлан А- од ХХК-с 4.196.384 төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 82.092,14 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар зааж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

          Хариуцагчийн төлөөлөгч А.Бахытжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн гомдолд “А- Од” ХХК нь эхний хоёр сар зөвхөн төлбөр авахгүйгээр туршилтын хугацаатай ажиллах саналтай байсан тул Аймгийн ЗДТГ-ын газар 4 ажилтны цалинг шилжүүлсэн гэсэн бөгөөд туршилтын хугацаагаар ажиллуулах ёстой байсан бол цалин хөлсийг өөрсдөө өгөх бүрэн боломжтой байсан. Заавал “А- од” ХХК-наар дамжуулах хэрэггүй байсан. Гэрээний 4-т Төлбөр тооцоо хийх журмын талаар зааж цалин хөлс авч байхаар тохиролцсоноо дурдсан бөгөөд төлбөр тооцоогүй ажиллах талаар тусгаагүй. Гомдолд: Аймгийн ЗДТГ-ын дөрвөн ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүйгээс үүдэн тэдгээрийн цалин хөлсийг “А- Од” ХХК завших үндэслэлгүй гэсэн бөгөөд урьд ажиллаж байсан 4 ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон “А- Од” ХХК-д шилжүүлэн өгсөн ямар нэгэн эрхийн акт гаргаж өгөөгүй байхад мөнгө шилжүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал, ЗДТГазар өөрсдийн мэдлийн 4 ажилтныг хамааралгүй байгаа “А- Од” ХХК-с цалинжуулахыг шаардаж байгаа асуудал өөрөө хуулийн үндэслэлгүй байна. “А- Од ” ХХК-н ЗДТГазартай хөлсөөр ажилладаг гэрээ байгуулж 2 сар ажиллахад ЗДТГазрын шилжүүлсэн мөнгийг компани ажиллуулсан ажилтны хөлсөнд өгсөн мөнгө гэж ойлгож цалин болгож өгсөн, тус ЗДТГ-ын мэдэлд байгаа ажилтан тус хоёр сард огт ажил хөдөлмөр эрхлэхгүй, танай компани бидний өмнөөс ямар нэгэн эрх зүйн шийдвэр гаргах эрхгүй гэдгээ хэлж “А- Од” ХХК-н үүнийг үндэслэлтэй гэж үзэж өөр хүмүүсийг ажиллуулан тэдний хөлсөнд дээрхи нэхэмжилж байгаа мөнгийг өгсөн. Гэрээний дагуу хоёр сар үүргээ гүйцэтгэсэн. Тус ажилласан хоёр сарын хугацаанд удаа дараа ЗДТГ-т урьд ажилласан 4 ажилтны хөдөлмөрийн гэрээг шилжүүлж өг, эсвэл цуцалж өг тэрний дараа манай компани цалин хөлсийг олгоно Хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдгээ мэдэгдэж удаа дараа хүсэлт гаргасан боловч “ЗДТГ-ын дарга Х.Тилеген “танай компани мэдэлд шилжүүлсэн ажилтнуудыг бид мэдэхгүй, ажиллахгүй байгаа 4 ажилтны асуудлыг танай компани өөрсдөө шийдэх ёстой” гэсэн хариуг өгсөн. Магадлалын үндэслэх хэсэгт Гэрээний 3.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь “Аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаа харуулын албан хаагчдыг цаашид үргэлжлүүлэн багийн зохион байгуулалтанд оруулан Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах ” үүргийг тус тус хүлээсэн байна гэж заасан бөгөөд өөр байгууллагад бүртгэлтэй, чөлөөлөөгүй байгаа ажилтнуудтай “А- Од” ХХК-н Хөдөлмөрийн гэрээ хийх эрхгүй, энэ талаар үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй бөгөөд уг харуул хамгаалалтын гэрээ нь Иргэний хууль болон Харуул хамгаалалтын тухай хууль гэрээний зарим заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд тус тус нийцээгүй байна гэсэн бөгөөд тэр гэрээг ЗДТГ-ын Хуулийн хэлтэс боловсруулж гаргасан хоёр тал хүлээн зөвшөөрч байгуулсан тул гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй болно. Тус байгуулсан гэрээний 2.4-р зүйлд ЗДТГ-ын “А- Од” ХХК-ны мэдэлд шилжүүлсэн 4 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үүргийг оруулаагүйгээс болж дээрхи мөнгийг “А- Од”ХХК-н төлнө гэж Давж заалдах шатны шүүх магадлал гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна. Энгийн хүний нүдээр хархад ЗДТГазар ажилтнаа чөлөөлөөгүй байхад давхар хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хууль зөрчсөн асуудал болохыг мэдэж анхан шатны шүүх шийдвэрээ зөв гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг бараг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа асуудал зөрчилтэй, хэрэв тухайн хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл анх шүүхээр авч хэлэлцэхгүй байх ёстойг дурдах ёстой байсан Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

      Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газар 2019-04-03-ны өдөр шүүхэд хандаж, А- од ХХК-с 4,196,984 төгрөг шаардахдаа “...харуул хамгаалалтын ажилтны цалинг  хариуцагчид шилжүүлсэн боловч цалин хөлсийг хугацаандаа олгоогүйгээс шүүх уг  мөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн....тул цалинд шилжүүлсэн мөнгөө буцааж авна...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн..” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт  өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хууль болон маргааны үйл баримтад холбоотой бусад хууль, нөхцөл байдлын талаар Иргэний хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ.  

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нар 2018-11-01-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын ажилчдаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нь өөрийн ажилчдын цалин хөлсийг төлж байхаар тохиролцсон байна

          Зохигч нарын хооронд 2018-11-01-ний өдөр байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл, талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

          Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал гэрээний агуулга болон хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байна.

          Гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр тул талуудад гэрээний заалтыг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

          Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх мөн хуулийн 362 дугаар зүйл, 367 дугаар зүйлийн 367.4 дэх хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй буюу Иргэний хуулийн хэрэглэх зүйл заалтыг хэрэглээгүй байна.   

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

          2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...2018-11-01-ний өдөр гэрээ байгуулсан  боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох ажилчид хариуцагч байгууллагад ирж ажил хийгээгүй...” гэж маргасан бөгөөд үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

          Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь заасан ажилчдын  хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу А- од ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт байхгүйгээс гадна нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 130/ШШ2019/00163 дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгч байгууллагын ажилчид нь А- од ХХК-т очиж ажил үүрэг гүйцэтгээгүйд хариуцагч буруутай нь тогтоогдоогүй  байна.

          Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй.  Зохигчийн тайлбараас үзвэл, хариуцагч нь заасан газар, хугацаанд харуул хамгаалалтын ажил үүргийг гүйцэтгэсэн байна. 

        Иймд анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн нийт 4.196.384.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн Иргэний хуулийн 360,361 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцжээ.    

        Гэрээний талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1., 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэг, 363 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00032 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 82,093 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ