Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2019/00032

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, харуул хамгаалалтын “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, хариуцагч хуулийн этгээдийн захирал А.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 4.196.384.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Аймгийн Засаг даргын Тамгын газарт харуул хамгаалалтын дөрвөн ажилтан ажилладаг байсан. Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай журмын хүрээнд “А” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Ингэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын ажиллаж байгаа харуул албан хаагчдыг багийн зохион байгуулалтад оруулан ажиллахаар тохирч, аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тэдгээр албан хаагчдын цалин, шимтгэл, түлш халаалт болон шаардлагатай бусад зардлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу тухай бүр олгохоор гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу “А” ХХК-нд ажилчдын 2018 оны 11,12 дугаар сарын нийт 4.196.984.00 төгрөгийн цалинг бүрэн шилжүүлсэн бөгөөд компани эдгээр ажилчдын цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн улмаас шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай шийдвэр гарсан. “А” ХХК-д ажилчдын цалинг аймгийн Засаг даргын Тамгын газарт буцаан шилжүүлэхийг хүссэн боловч шилжүүлэхээс татгалзсан. Иймд “А” ХХК-аас 4,196,384 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т 2018 оны 10 дугаар сард аймгийн төвд ажилладаг бүх хамгаалалтын алба болох “Х” ХХК, “Б” ХХК, “А” ХХК-ний захирлуудыг дуудан Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалт, байгууллагын зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу харуул хамгаалалтад шилжүүлэх болсон тул холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч сонгон шалгаруулж цаашид хамтран ажиллах хамгаалалтын албыг сонгох болно гэсний дагуу сарын өмнө бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний компани болох “А” ХХК шалгарч цаашид хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан. Хоёр сарын хугацаанд хамтран ажилласан бөгөөд тэр урьд ажиллаж байсан 4 ажилтан болох Б.Х, Х.С, Е.Ө, У.Х нарыг манай компанийн мэдэлд шилжүүлсэн боловч уг ажилчид “бид танай компанийн мэдэлд шилжихгүй, хамтран ажиллахгүй” гэсэн хариу өгч хоёр сар ажил хийгээгүй. Оронд нь би 4 ажилтан ажиллуулж хоёр сарын хугацаанд гаргасан. Энэ хугацаанд Засаг даргын Тамгын газраас урьд ажиллаж байсан манаач нарын цалин хөлсийг манай компанид шилжүүлсэн бөгөөд хоёр сар ажил хөдөлмөр эрхлээгүй болохоор би өөрийн гаргасан дөрвөн хүнд уг мөнгийг цалинг болгож өгсөн. Манай компанийн мэдэлд шилжүүлсэн дээрх дөрвөн ажилтныг ажил хийгээгүй байсан ч дуудан цалингаа аваарай гэсэн боловч “бид танай компаниас цалин хөлс авахгүй, цалингийн цэсэд гарын үсэг зурахгүй, яагаад гэвэл бид хохирох юм байна. Засаг даргын Тамгын газар биднийг үндэслэлгүй танай компанид шилжүүлж хохироосон энэ талаар шүүхэд хандаж Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т-ийг шүүхэд өгсөн” гэж хариу өгсөн. Би компанид удаа дараа дээрх 4 ажилтныг дуудан та дөрөв ажил хийж, цалингаа аваарай гэж хэлж банкнаас мөнгийг нь гаргаж өгөхөөр хурлын протокол хийсэн боловч элдэв янзын шалтаг тоочиж гарын үсэг зураагүй. Мөн дээрх 4 ажилтан ажил хийхгүй, манай компанитай хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн гэдгийг Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т-д удаа дараа анхааруулж албан тоот хүргүүлэхэд “танай компанийн дотоод үйл ажиллагаанд бид оролцохгүй, цаашид ажиллуулах эсэхээ та өөрөө шийдээрэй” гэж амаар хэлсний дагуу би ажилчдад уг Засаг даргын Тамгын газрын мөнгийг 2 сард ажиллуулсан 8 хүнд цалин болгож өгсөн. Иймд дээрх 4.196.384.00 төгрөгийг “А” ХХК-нд төлөх ёсгүй гэж үзэж байна.” гэжээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэрээр Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-ыг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь харуул хамгаалалтын “А” ХХК-аас гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэн хохирол 4196384 (дөрвөн сая нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун наян дөрвөн) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан гэх харуулын 4 ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон хариуцагч “А” ХХК-д шилжүүлэн өгсөн тухай ямар нэгэн эрхийн акт гараагүй, 2018 оны 11 дүгээр сар, 12 дугаар саруудад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтыг “А” ХХК нь хариуцаж гүйцэтгэж байсан нь нотлогдож байгаа учир аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-ний 2.4, 3.4-ийг зөрчөөгүй байх тул нэхэмжилсэн мөнгийг шийдвэрлэх боломжгүй гэжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар “А” ХХК-тай байгуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээнд давхар гэрээт харуул ажиллуулах талаар ямар нэгэн зүйл заалт байхгүй бөгөөд зөвхөн Засаг даргын Тамгын газрын харуулын ажилтныг зохион байгуулалтад оруулан ажиллах үүрэгтэй байсан. “А” ХХК нь эхний хоёр сар зөвхөн төлбөр авахгүйгээр туршилтын хугацаатай ажиллах саналтай байсан тул Аймгийн Засаг даргын Тамгын газар 4 ажилтны цалинг шилжүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дөрвөн ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүйгээс үүдэн тэдгээрийн цалин хөлсийг “А” ХХК завших үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх гэрээний хүсэл зориг, зүйл, агуулгад дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчин хэргийг илт үндэслэлгүй шийдвэрлэсэн тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т заасан зохицуулалтыг баримталсан атлаа шийдвэрийн үндэслэлд тухайн заалтыг хэрэглэсэн талаар тайлбарлаж тусгаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 4.196.384.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...харуул хамгаалалтын ажлыг хариуцагчтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхдээ манайд ажиллаж байгаа 4 харуулын албан хаагчийн цалин хөлс, шимтгэл, нэмэгдлийг тухай бүр олгохоор гэрээнд тусгаж, үүний дагуу хариуцагчид ажилчдын 2018 оны 11, 12 дугаар сарын нийт 4.196.984.00 төгрөгийн цалин хөлс, нэмэгдэл, шимтгэлийг шилжүүлсэн. Хариуцагч эдгээр ажилчдын цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн улмаас шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай шийдвэр гарсан. Уг 4 ажилчдын  цалинг буцаан шилжүүлэхийг шаардсан боловч татгалзсан” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “хоёр сарын хугацаанд хамтран ажилласан, Засаг даргын Тамгын газарт урьд ажиллаж байсан Б.Х, Х.С, Е.Ө, У.Х нарыг манай компанийн мэдэлд шилжүүлсэн боловч уг ажилчид манайд ажиллахаас татгалзсан. Оронд нь 4 ажилтан ажиллуулж, хоёр сарын хугацаанд харуулын ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Энэ хугацаанд Засаг даргын Тамгын газраас урьд ажиллаж байсан манаач нарын цалин хөлсийг манай компанид шилжүүлсэн бөгөөд хоёр сар ажил хөдөлмөр эрхлээгүй болохоор би өөрийн гаргасан дөрвөн хүнд уг мөнгийг цалин болгож олгосон учир 4.196.384.00 төгрөгийг бид төлөх ёсгүй” гэж маргаж, энэ талаар нотлох баримт[1] гаргаж өгчээ.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл талууд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны харуул хамгаалалт, тус байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн хөдөлгөөнд зохицуулалт хийх, дэг журам сахиулах, зохион байгуулалтад оруулах, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой “Аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ” байгуулсан[2] бөгөөд уг гэрээний 2.4.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь “ЗДТГ-т ажиллаж байгаа харуулын албан хаагчдын цалин, шимтгэл, шагнал, урамшуулал, нэмэгдэл хөлс, төрөөс эдэлж байсан хөнгөлөлт, тэтгэлэг, цахилгаан эрчим хүч, түлш халаалт болон шаардлагатай бусад зардлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хуулийн дагуу тухай бүр зардалд тусгаж олгох” үүргийг хүлээж, харин гэрээний 3.1.-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь “Аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаа харуулын албан хаагчдыг цаашид үргэлжлүүлэн багийн зохион байгуулалтад оруулан Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах” үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Тус гэрээний 4 дүгээр бүлэгт төлбөр тооцоо хийх журмын талаар зохицуулсан боловч давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд талууд гэрээг 2 сарын хугацаатай, хариу төлбөргүйгээр байгуулсан талаар тайлбарлаж, энэ талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй бөгөөд уг харуул хамгаалалтын гэрээ нь Иргэний хууль болон Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд, гэрээний зарим заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд тус тус нийцээгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т зааснаар харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд мөн зүйлийн 8.2.-т заасан зүйлсийг зайлшгүй тусгах шаардлагатай байхаар хуульчилжээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар харуул хамгаалалтын тухай гэрээнд “цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар; харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл; харуул хамгаалалтын алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал; хамгаалалтад авсан объектод нэвтрэн орох, гарах журам; гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөх журам; энэ хуулийн 12-17 дугаар зүйлд заасан талуудын эрх, үүрэг; талуудын хүлээх хариуцлага; гэрээг цуцлах нөхцөл, түүнээс үүсэх хариуцлага;” зэргийг заавал тусгахаар хуульчилсан боловч талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээнд хуульд заасан гэрээний дээрх нөхцөлүүд тусгагдаагүй учраас хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т гэрээний талуудын чөлөөт байдлын талаар түүний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох эрхийг зохицуулахдаа энэ нь хуулийн хүрээнд байна гэж хуульчилсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүйгээс гадна гэрээний 2.4 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь тус байгууллагад ажилладаг 4 ажилтны 2 сарын цалин хөлс, бусад баталгааг багцаар нь хариуцагчид үндэслэлгүйгээр[3] шилжүүлэхээр үүрэг хүлээж, 2018 оны 11 дүгээр сарын 27, 12 дугаар сарын 24-ний өдөр нийт 4.196.384.00 төгрөг шилжүүлсэн[4] нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т заасан ажилчдын цалин хөлс авах үндсэн эрхийг зөрчсөн, хууль бус байна.

 

Түүнчлэн уг гэрээний 3.1 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын хүсэл зоригийг үл харгалзан, тэдгээрийг хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулахаар үүрэг хүлээж, талууд энэ талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 369 дүгээр зүйлд зааснаар ажилчдын хувьд бусадтай хөдөлмөрийн гэрээ байгуулах гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хулийн 21 дүгээр зүйлд зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар, хэн нэгнээс хараат бусаар, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд мөн зүйлийн 21.2.-т зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй. Тодруулбал, ажил олгогч нь ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хүсэл зоригийг үл харгалзан ажилтныг бусад байгууллага, хуулийн этгээдэд ажиллуулах талаар гуравдагч этгээдтэй тохиролцож болохгүй, энэ нь дээр дурдсанчлан хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл юм.  

 

Иймээс талуудын хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын тухай гэрээ нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар, гэрээний 2.4, 3.1 дэх заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-т зааснаар тус тус хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх тул мөн зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 4.196.384.00 төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00333 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “А” ХХК-аас 4.196.384.00 /дөрвөн сая нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “А” ХХК-аас 82.092.14 /наян хоёр мянга ерэн хоёр төгрөг, арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК

 

 

 


[1] Хэргийн 22-24 дүгээр тал. “А” ХХК-ийн ажилчдад цалин олгосон тухай хүснэгтүүд.

[2] Хэргийн 2-4 дүгээр тал.

[3] Орон тоо хасагдаагүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажилтны зөвшөөрлөөр бусад байгууллагад орон тоогоор нь шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй.

[4] Хэргийн 5-8 дугаар тал.