Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2020/00065

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Буурагчин жаргалантын тохой гудамж 46 тоотод оршин суух, эмэгтэй, Улаанбаатар хотод цагийн ажил хийдэг, Доод чоно овогт *******ын *******ын // нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Буурагчин жаргалантын тохой 46 тоотод оршин суух, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******ын *******-Эрдэнэд // холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, Б.*******-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй Л.*******т холбогдох Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч буюу хариуцагч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, гэрч Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.*******-Эрдэнэ бид хоёр 1999 онд танилцан 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Би Б.*******-Эрдэнэтэй гэр бүл болоход том хүү маань ой гарантай байсан. Бид хоёр хамтран амьдарч том хүү Б. маань 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр /талийгаач/, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Энх-Учрал нар төрсөн. Бид хоёр хоёр талаасаа хоосон шахуу л гэр бүл болсон. Байшингийнхаа модыг ах, дүү нартайгаа хамтран бэлдэж хүнээр бариулж орон гэртээ болсон. Бид хоёр хамтран амьдарсан цагаасаа бидний дунд баяр, гуниг, аз жаргал хүний амьдаралд хэрэлдэж муудалцах зүйл байдаг л байсан. Надад хааяа нэг гар хүрдэг, янз бүрийн үг хэлээр хэлдэг их дарамттай байдаг байсан. Энэ болгоныг тоодоггүй байсан. Хүү Б. маань 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар нас барж, үүнээс болж бидний амьдралд хүнд хэцүү байдал бий болсон. Манай нөхөр миний төрсөн ахыг хүүг маань алсан гэж хардан улмаар энэ байдлаа надад гарган хэл амаар доромжлох, ах дүү нар нь ирж намайг дарамтлах, хүү бид хоёрыг зодох, мөн охин бид хоёрыг согтуу ирж зодсоноос болж Б.*******-Эрдэнийг цагдаад өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Бид хоёрын ах, дүү нарын хооронд ч хэрүүл маргаан тасрахаа байсан. Ах дүү нар нь намайг лам дээр очсон адис өгч байна гээд хүртэл зодсон. Хүүг маань өнгөрөөд 49 хоногийн дотор нь битгий хэрүүл хийгээрэй гээд л байхад Б.*******-Эрдэнэд зөндөө л хэлж гуйсан. Тэгэхэд гэрт ирж хэрүүл хийгээд л аавыг маань хүртэл загнааад л байдаг байсан. Б.*******-Эрдэнэ нь ах, дүү нартайгаа ирж агсан тавьж, хэл ам болоод байхаар нь би охиноо аваад Дархан-Уул аймаг руу явсан. Б.*******-Эрдэнэ өөрөө л надаас сална гэж эх үүсвэрээ тавьсан. Би болж бүтээд амьдрая л гэсэн санаатай байсан. Сүүлдээ охиноо хүртэл миний хүхэд биш гэж зоддог байсан. Мөн аав маань нас бараад 49 ч хоноогүй байхад намайг зодсон. Бидний хувьд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учраас гэрлэлт цуцалж, охиныг минь миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Б.*******-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.******* бид хоёр 20 жил гаруй эвтэй найртай амьдарч байсан. Миний хувьд хааяа хүүгээ ажил хийхгүй байна гэж зоддог байсан. Гэр дотор хэрүүл гардаг л байсан. Миний хүү Б. нь 2018 оны 08 дугаар сард Бугантад ажиллаж байгаад нас барсан. Хүүгий минь нас барахад намайг дагуулж яваагүй, намайг цахилдаг түүгээд бэлдээд байж бай гээд аав, ах, дүү нартайгаа явж би охинтойгоо гэртээ үлдсэн. Миний хувьд хүүгийн нас барсан нь Л.*******ын ахтай холбоотой гэдгээр Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг үүсгэн тогтоолгосон гэж үзэж байгаа. Энэ байдлаас болоод бид хоёрын дунд хэрүүл гарч таарахаа байсан нь үнэн. Намайг ах, дүү нартайгаа нийлж хэл ам хийдэг, зоддог л гэж байна. Л.*******ын ах, дүү нар ч намайг байнга л дарамталж байсан. Б.******* намайг цагдаад өгч арга хэмжээ авахуулж байсан. Намайг охиноо зоддог гэж байна. Охин маань зурагтны өмнө ойрхон суугаад байхаар л би хойшоо суу гэтэл миний охин их муухай үг хэлэхээр нь гар хүрсэн. Одоо бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй. Миний зүгээс гэрлэлт цуцалж, охиноо ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэгийн хувьд би өөрөө элэгний хатууралтай группт байдаг тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа боломжийн хөрөнгө, малтай байсан. Шүүхэд гаргасан 6,500,000 төгрөгөөр приус 10 машинаа үнэлсэн, үүнээс өөрт ноогдох хувийг авах, мөн нарны цахилгаан үүсгэвэр 2 байсныг нэгийг нь энэ хүнд үлдээж байна. Өөртөө авах нэгийнх нь үнэ 420,000 төгрөгөөр үнэлсэн, байшинг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн байшин бол бүтнээрээ байхад нь Л.******* нурааж аваад явсан. Байшингийнхаа модыг Дархан-Уул аймаг руу авч явсан. Надад бол таамбар, тахианы байр хоёрыг л үлдээсэн. Гэр орны эд хогшлийг бүгдийг авч явсан. Фэйсбүүкээр зарж байна гэсэн сурагтай байсан. Намайг 300 гаруй бог мал авсан гэдэг ч 287 хонь, ямаа нийлсэн бог мал байсан. Үүнээс приус-10 маркийн машинаа эвдчихээд 30 гаруй ямааг энэ хүн өөрөө зарсан. Үүнээс нь энэ хүнд 10 ямаа өгсөн, тодорхой хэдэн ишиг өгсөн. Үлдсэн 225 толгой бог малыг нь хүүхдийн үхлийг тодруулъя, өмгөөлөгч авъя гэж зарсан. Хэсэг малыг нь хавар турсан байсан тул 400,000 төгрөгөөр зарж, үлдсэнг нь 6,000,000 төгрөгөөр зарсан. Үүгээр өмгөөлөгч авсан тэрнээс өөртөө наасан зүйл надад нэг ч байхгүй. Л.******* бол 3 байшин авч явсан. 2 чиргүүл банз авч явсан. Гуалин авч явсан, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн үнэтэй сүүний машин авч явсан. 3 байшингаасаа надад нэгийг ч үлдээгээгүй. Би одоо гэр оронгүй ах дүү нартаа хөөгдөж, туугдаад амьдарч байна.

Иймд надад 5х6 хэмжээтэй байрны үнэ 5,000,000 төгрөг, 6,500,000 төгрөгний үнэ бүхий Приус-10 маркийн машин, 440,000 төгрөгний нарны цахилгаан үүсгэвэр нэг ширхэг, миний банкинд төлсөн зээлийн үлдэгдэл болох 550,000 төгрөгийн 50 хувийн надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Приус-10 маркийн машин нь бид нарын машин биш. Манай дүүгийн нэр дээр байдаг. Надаас машины бичиг баримт гаргаж өгөх хүсэлт гаргасан байсан. Надад ямар ч машины бичиг баримт байхгүй манайд ямар ч хамаа байхгүй. Нарны үүсгүүрийг би авсан. Манайд 10 гаруй жил болж байгаа ажиллагаа нь муудсан. Юун 400 гаруй төгрөг болдог юм. Надад өгөх юм байхгүй гэх.

 

Гэрч Б******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сард эхнэр, охиныхоо эрх чөлөөнд халдсан гэдэг үндэслэлээр шалгаж, шүүхэд шилжүүлэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгийн маргааны талаар манай хэсэгт хандаж өргөдөл өгөхөөр нь энэ талаар нь шүүхэд хандах ёстой талаар хэлж, ярьж өгсөн болохоос эд хөрөнгийн талаар маргаангүй талаар баримт хараагүй, мэдэхгүй. Л.*******ын ах, дүү нар нь Б.*******-Эрдэнэ гэр орноо шатаах гээд байна гэсэн дуудлагын дагуу очиж өрөөндөө авчирч уулзан дахин зөрчил гаргахгүй талаар зөвлөгөө өгөөд явуулсан. Хүү нь зуурдаар нас барснаас болж ах, дүү нарынх нь дунд маргаантай байдаг. Л.*******ын ах Л.Эрдэнэбаяр нь Б.*******-Эрдэнийн ахынд очиж агсан тавьсан гэхээр нь уулзаж зөрчил гарахаас урьдчилан сэргийлж байсан гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3186 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээс:

1.Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S5, PentaE, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн15 локусын аллелиар Б.*******-Эрдэнэ нь Б.Энх-Учралын биологийн эцэг байх боломжтой байна. /Хавсралт 1/

2.Б.*******-Эрдэнэ нь Б.Энх-Учралын биологийн эцэг мөн байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Л.*******ын нэхэмжлэлтэй Б.*******-Эрдэнэд холбогдох Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, Б.*******-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй Л.*******т холбогдох Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг хуваалгэх тухай нэхэмжлэлийн шаардлуудыг тус тус гаргажээ.

1. Зохигчид нь 1999 онд танилцан хамтран амьдарч 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү Б. /талийгаач/, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Энх-Учрал нар төрсөн, зохигчид нь хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №0084613, №06, охин Б.Энх-Учрал нь 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрснийг 2009 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн нь болох нь Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд, хүү Б. нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон болно.

Зохигчид нь хүү Б.г нас барснаар таарч тохирохгүй, хэрүүл маргаантай болсоны улмаас тус тусдаа амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хүү Б. маань 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар нас барж, үүнээс болж бидний амьдралд хүнд хэцүү байдал бий болсон. Манай нөхөр миний төрсөн ахыг хүүг маань алсан гэж хардан улмаар энэ байдлаа надад гарган хэл амаар доромжлох, ах дүү нар нь ирж намайг дарамтлах,...хүү бид хоёрыг зодох, мөн охин бид хоёрыг согтуу ирж зодсоноос болж Б.*******-Эрдэнийг цагдаад өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Бид хоёрын ах, дүү нарын хооронд ч хэрүүл маргаан тасрахаа байсан...Б.*******-Эрдэнэ нь ах, дүү нартайгаа ирж агсан тавьж, хэл ам болоод байхаар нь би охиноо аваад Дархан-Уул аймаг руу явсан. Б.*******-Эрдэнэ өөрөө л надаас сална гэж эх үүсвэрээ тавьсан. Би болж бүтээд амьдрая л гэсэн санаатай байсан...аав маань нас бараад 49 ч хоноогүй байхад намайг зодсон. Бидний хувьд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учраас гэрлэлт цуцалж, охиныг минь миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх,

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .Л.******* бид хоёр 20 жил гаруй эвтэй найртай амьдарч байсан...Миний хүү Б. нь 2018 оны 08 дугаар сард Бугантад ажиллаж байгаад нас барсан. Хүүгий минь нас барахад намайг дагуулж яваагүй, намайг цахилдаг түүгээд бэлдээд байж бай гээд аав, ах, дүү нартайгаа явж би охинтойгоо гэртээ үлдсэн. Миний хувьд хүүгийн нас барсан нь Л.*******ын ахтай холбоотой гэдгээр Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг үүсгэн тогтоолгосон гэж үзэж байгаа. Энэ байдлаас болоод бид хоёрын дунд хэрүүл гарч таарахаа байсан нь үнэн. Намайг ах, дүү нартайгаа нийлж хэл ам хийдэг, зоддог л гэж байна...Б.******* намайг цагдаад өгч арга хэмжээ авхуулж байсан...Одоо бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй. Миний зүгээс гэрлэлт цуцалж, охиноо ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэгийн хувьд би өөрөө элэгний хатууралтай группт байдаг тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг хойшлуулж өгнө үү... гэх тайлбар,

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар ...гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг Б.*******-Эрдэнэ нь зөрчиж эхнэр болон хүүхдүүдийн хуулиар хамгаалсан эрхийг алдагдуулж байсан нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ЗШ/20 дугаартай шийтгэвэр, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******-Эрдэнэ нь ...охин Б.Энх-Учралыг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байна... гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3186 дугаартай Шинжээчийн дүгнэлт-д:

...Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S5, PentaE, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн15 локусын аллелиар Б.*******-Эрдэнэ нь Б.Энх-Учралын биологийн эцэг байх боломжтой...Б.*******-Эрдэнэ нь Б.Энх-Учралын биологийн эцэг мөн байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна... гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдааны шатанд зохигчдын хооронд хүүхдийн асрамжтай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, харин хариуцагчаас шүүх хуралдааны шатанд ...хүүхдийн тэтгэлэгийн хувьд би өөрөө элэгний хатууралтай группт байдаг тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг хойшлуулж өгнө үү гэсэн байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагч нь эрүүл мэндийн улмаас группт байдаг эсэх талаар шүүхэд нотолсон үйл баримтуудыг гаргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлэгийн хэмжээг багасгаж болно гэж заасан байх бөгөөд харин энэ үндэслэлээр тэтгэлэг төлөгчийг тэтгэлэгээс бүрэн чөлөөлж, тэтгэлэг төлөх хугацааг хойшлуулж болохгүй юм.

Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тэдгээрийн таарч тохирохгүй, таарамжгүй харьцаа нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй учир хамтран амьдрагчдын хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх, эвлэрэх боломжгүй, болох нь бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.

Иймд Л.*******, Б.*******-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг эх Л.*******ын асрамжинд хэвээр үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол орон нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.

 

2.Б.*******-Эрдэнэ нь Л.*******т холбогдуулан ...надад 5х6 хэмжээтэй байрны үнэ 5,000,000 төгрөг, 6,500,000 төгрөгний үнэ бүхий Приус-10 маркийн машин, 440,000 төгрөгний нарны цахилгаан үүсгэвэр нэг ширхэг, миний банкинд төлсөн зээлийн үлдэгдэл болох 550,000 төгрөгийн 50 хувийн надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ нь шүүхэд 5х6 хэмжээтэй дүнзэн байшинг зах зээлийн үнэлгээгээр 5,000,000 төгрөгөөр Ерөө сумын үнэлгээ тогтоох комиссын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №03 тоот шийдвэрээр үнэлсэн байна. Гэтэл энэ үнэлгээ нь хуулинд нийцэж гаргасан үнэлгээ гэж үзэх боломжгүй юм. Учир нь: Ерөө сумын үнэлгээ тогтоох нь комисс нь хэний шийдвэрээр үнэлгээ тогтоосон /үнэлгээ тогтоох комиссыг томилсон баримт/ эсэх, үнэлгээ тогтоосон гэх үл хөдлөх эд хөрөнгө нь хэний өмчлөлийн үл эд хөрөнгө /Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй эсэх/ болох хэдэн онд баригдсан, юуг үндэслэн үнэлгээ тогтоосон, одоо тухайн байшин нь байгаа эсэх, Приус-10 маркийн автомашин, нарны цахилгаан үүсгүүр зэрэг нь албан ёсны үнэлгээ хийгдээгүй, Малчны зээл-ийг хэний нэр дээр ямар хугацаатай авсан, хэн төлж дууссан эсэх нь тодорхойгүй, дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэхээ тодорхойлж чадаагүй байх тул Б.*******-Эрдэнийн Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 78,190 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Л.*******т олгож,

энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.*******-Эрдэнээс охин Б.Энх-Учралд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187,100х12=2,245,200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 50,873 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 , 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар *******ын *******, *******ын *******-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг эх Л.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар Б.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй Л.*******т холбогдох Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 78,190 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Л.*******т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.*******-Эрдэнээс 50,873 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг ерөнхий шүүгчийн туслах Б.Мөнхзулд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА