Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01350

 

Л.Түмэнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр магадлалтай, 

Л.Түмэнбаярын нэхэмжлэлтэй,

Б.Бат-Эрдэнэд холбогдох, 

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох үндсэн,

Хүүхдийн эцэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Л.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бат-Эрдэнэ бид хоёр 1999 онд танилцан 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Би Б.Бат-Эрдэнэтэй гэр бүл болоход том хүү маань ой гарантай байсан. Бид хоёр хамтран амьдарч том хүү Б.Энхбаясгалан маань 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр /талийгаач/, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Энх-Учрал нар төрсөн. Бид хоёр хоёр талаасаа хоосон шахуу л гэр бүл болсон. Хүү Б.Энхбаясгалан маань 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар нас барж, үүнээс болж бидний амьдралд хүнд хэцүү байдал бий болсон. Манай нөхөр миний төрсөн ахыг хүүг маань алсан гэж хардан улмаар энэ байдлаа надад гарган хэл амаар доромжлох, ах дүү нар нь ирж намайг дарамтлах, мөн охин бид хоёрыг согтуу ирж зодсон. Б.Бат-Эрдэнэ нь ах, дүү нартайгаа ирж агсан тавьж, хэл ам болоод байхаар нь би охиноо аваад Дархан-Уул аймаг руу явсан. Сүүлдээ охиноо хүртэл миний хүүхэд биш гэж зоддог байсан. Мөн аав маань нас бараад 49 ч хоноогүй байхад намайг зодсон. Бидний хувьд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учраас гэрлэлт цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Түмэнбаяр бид хоёр 20 жил гаруй эвтэй найртай амьдарч байсан. Миний хувьд хааяа хүүгээ ажил хийхгүй байна гэж зоддог байсан. Миний хүү Б.Энхбаясгалан нь 2018 оны 08 дугаар сард Бугантад ажиллаж байгаад нас барсан. Хүүгийн минь нас барахад намайг дагуулж яваагүй, намайг цахилдаг түүгээд бэлдээд байж бай гээд аав, ах, дүү нартайгаа явж би охинтойгоо гэртээ үлдсэн. Миний хувьд хүүгийн нас барсан нь Л.Түмэнбаярын ахтай холбоотой гэдгээр Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг үүсгэн тогтоолгосон гэж үзэж байгаа. Энэ байдлаас болоод бид хоёрын дунд хэрүүл гарч таарахаа байсан нь үнэн. Намайг охиноо зоддог гэж байна. Охин маань зурагтын өмнө ойрхон суугаад байхаар л би хойшоо суу гэтэл миний охин их муухай үг хэлэхээр нь гар хүрсэн. Одоо бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй. Миний зүгээс гэрлэлт цуцалж, охиноо ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд би өөрөө элэгний хатууралтай группд байдаг тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг хойшлуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид хоёр хамтран амьдарч байхдаа 1 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан. Охин Б.Энх-Учрал 2009 онд мэндэлсэн. Миний бие охин Б.Энх-Учралын төрсөн эцэг мөн гэдэгт эргэлздэг тул хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлтэй байна.

Мөн приус 10 машинаа үнэлсэн, үүнээс өөрт ногдох хувийг авах, мөн нарны цахилгаан үүсгэвэр 2 байсныг нэгийг нь энэ хүнд үлдээж байна. Өөртөө авах нэгийнх нь үнэ 420,000 төгрөгөөр үнэлсэн, байшинг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн байшин бол бүтнээрээ байхад нь Л.Түмэнбаяр нурааж аваад явсан. Надад бол таамбар, тахианы байр хоёрыг л үлдээсэн. Гэр орны эд хогшлыг бүгдийг авч явсан. Намайг 300 гаруй бог мал авсан гэдэг ч 287 хонь, ямаа нийлсэн бог мал байсан. Үүнээс приус-10 маркийн машинаа эвдчихээд 30 гаруй ямааг энэ хүн өөрөө зарсан. Үүнээс нь энэ хүнд 10 ямаа өгсөн, тодорхой хэдэн ишиг өгсөн. Үлдсэн 225 толгой бог малыг нь хүүхдийн үхлийг тодруулъя, өмгөөлөгч авъя гэж зарсан. Хэсэг малыг нь хавар турсан байсан тул 400,000 төгрөгөөр зарж, үлдсэнг нь 6,000,000 төгрөгөөр зарсан. Үүгээр өмгөөлөгч авсан тэрнээс өөртөө наасан зүйл надад нэг ч байхгүй. Л.Түмэнбаяр бол 3 байшин авч явсан. 2 чиргүүл банз авч явсан. Гуалин авч явсан, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн үнэтэй сүүний машин авч явсан. 3 байшингаасаа надад нэгийг ч үлдээгээгүй. Би одоо гэр оронгүй ах дүү нартаа хөөгдөж, туугдаад амьдарч байна. Иймд надад 5х6 хэмжээтэй байрны үнэ 5,000,000 төгрөг, 6,500,000 төгрөгийн үнэ бүхий Приус-10 маркийн машин, 440,000 төгрөгийн нарны цахилгаан үүсгэвэр нэг ширхэг, миний банкинд төлсөн зээлийн үлдэгдэл болох 550,000 төгрөгийн 50 хувийн надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Л.Түмэнбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасны дараа бид хоёр харилцан ярилцаж хэн хэн нь ямар эд хөрөнгө авах талаар тохиролцож, улмаар би байшингийн модыг авсан, Б.Бат-Эрдэнэ байшингаас тусдаа амбаар болон бусад эд зүйлээ авна гээд авсан. Б.Бат-Эрдэнэ нь хамт амьдарч байхдаа маргаан үүсгэж улмаар бүх бог малаа надад хэлэлгүйгээр зарж үгүй хийсэн. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Лхамжавын Түмэнбаяр, Батын Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг эх Л.Түмэнбаярын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Л.Түмэнбаярт холбогдох Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 78,190 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Л.Түмэнбаярт олгож шийдвэрлэжээ. 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 415 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, ИХШХШТХ-ийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасныг тус тус зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ЗШ/20 дугаар шийтгэвэр авагдсан байгаа боловч энэ нь зөрчил гаргагч Б Бат-Эрдэнэ буруутай гэдгээ өөрөө зөвшөөрсөн байдаг боловч энэхүү нэг удаагийн асуудал хуульд заасан байнгын, ноцтой аюул гэх шаардлагыг хангахгүй юм. Гомдол гаргагч Л.Түмэнбаяр: хүүгээ алдсанаас хойш нөхөр бид 2 маргалдах болсон... гэснээс үзэхэд уг гэр бүлийн маргааны гол шалтгаан нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Л.Энхбаясгалан бусдын гарт /шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон/ амь насаа алдсан явдал байх бөгөөд талийгч хүүг нагац ах нь алтны уурхайн ажилд туслуулахаар авч явсан, хүү цээжин тус газраа хүчтэй цохиулсны улмаас зүрхний хэм алдагдан нас барсан байдаг. Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нагац ах Л.Эрдэнэбаярыг цагдан хорьж шалгаж байгаа болно. Мөн дээрх шийтгэвэр гарсан нөхцөл нь ч уг эрүүгийн хэрэгтэй шууд хамааралтай бөгөөд эрүүгийн хэрэгт гомдол гаргах гэх мэт хүүгийнхээ нас барсан шалтгааныг тодруулахаар эцэг нь гомдол гаргах болгонд эх нь болох нэхэмжлэгч болон түүний ах дүү нар агсам согтуу тавьж айлган сүрдүүлж, зөрчлийн хэрэг үүсгэнэ хэмээн дарамталж, гомдол өгдөг. Иймд байнгын хүчирхийлэл дарамт үйлдэгдсэн ноцтой нөхцөл буюу удаа дараагийн байнгын шинжтэй хүчирхийлэл байхгүй, гэр бүл муудалцах үндсэн шалтгаан хүүгийн үхэлтэй шууд хамааралтай байхад хариуцагчийг шууд буруутган гэр бүлдээ аюул учруулагч этгээд гэх хуулийн нэр томьёог шууд хэрэглэн иргэний хэрэг үүсгэсэн нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй хариуцагчийн нэр төрд хуулиар халдаж, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх, шүүх зөвхөн үнэнийг тогтоох зарчмыг алдагдуулж, хэргийн учир шалтгаан, гол ач холбогдол бүхий нөхцөлийг үнэн зөв тогтоосонгүй. Шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 534 дугаар захирамжаар /XX-28/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгчийн гомдлоор тус түүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол гарган захирамжийг хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан хүүгийн үхлийн гэм буруугийн асуудал шийдэгдвэл энэ гэр бүл хамтран амьдрах, 11 настай охин элэг бүтэн өсөн торних боломжтой юм. Шүүх гэр бүлийн хэрэг шийдвэрлэх үндсэн шалтгаан нь гэрлэлт цуцлахдаа бус юм. Учир нь, гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн маргаан үүссэн үндсэн нөхцөл шалтгааныг олж тогтоон, арилгахгүйгээр уг иргэний маргааныг шийдвэрлэх боломжгүй.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан тус гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Приус-11 /ногоон цэнхэр өнгөтэй/ автомашины гэрчилгээний хуулбарыг Л.Түмэнбаяраас гаргуулахаар хүсэлт гаргасан. Учнр нь уг автомашиныг эхнэр Ж.Түмэнбаярын дүүгээс малаар арилжин худалдаж авсан, автомашиныг Л.Түмэнбаяр унаж хэрэглэдэг байсан, одоо ч ашиглаж байгаа бөгөөд хариуцагч уг нотлох баримтыг гарган өгөх боломжгүй байсан юм. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан ажиллагааг шүүх хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох хүсэлт шийдэгдээгүй, биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн өөрийгөө нотлох эрхийг хязгаарлаж, хаасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүүгийнхээ хэрэгт гомдол гаргахаар хот руу явах хойгуур дээрх байшингуудыг буулган авч явсан байсан. Ингэхдээ байшингийн амбаарыг хариуцагчид үлдээсэн. Нэхэмжлэгчийн энэ хууль бус, ёс зүйгүй, бусармаг үйлдлээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход хүндрэл үүссэн. Үүний улмаас хариуцагч нь гал голомт, гэр оронгүй айл амьтнаар хэсүүчлэн, нас барсан хүүгийнхээ хэргийн үнэн зөвийг тогтоолгохоор өнөөдрийг хүртэл явж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 65 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.  

Шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. 

Л.Түмэнбаяр нь Б.Бат-Эрдэнэд холбогдуулж, гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охин Б.Энх-Учралыг өөрийн асрамжид авах,

Б.Бат-Эрдэнэ нь Л.Түмэнбаярт холбогдуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 5х6 хэмжээтэй 5,000,000 төгрөгийн үнэ бүхий байшин, 6,500,000 төгрөгийн үнэ бүхий Приус-10 маркийн машин, 440,000 төгрөгийн үнэ бүхий нарны цахилгаан үүсгэвэр, банкны зээлийн үлдэгдэл болох 550,000 төгрөгийн 50 хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. 

Б.Бат-Эрдэнэ нь гэрлэлт цуцалж, охиноо ээжийнх нь асрамжид өгөхөд маргаагүй, харин элэгний хатууралтай группт байдаг учраас хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг хойшлуулахыг хүссэн тайлбарыг,

Л.Түмэнбаяр нь ...бид хөрөнгөө тохиролцоод хуваасан, Б.Бат-Эрдэнэ нь бүх малаа авсан, нэхэмжилж байгаа байшинг ярилцаад буулгасан, автомашин нь бидний өмч биш, цахилгаан үүсгүүр нь эвдэрсэн, хуваах хөрөнгө байхгүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан байна.  

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэж, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж, Л.Түмэнбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай нийцжээ.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.  

Хариуцагч Б.Бат-Эрдэнийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, өөрөөр хэлбэл бид хөрөнгөө тохиролцоод хуваасан Б.Бат-Эрдэнэ нь бүх малаа авсан, нэхэмжилж байгаа байшинг ярилцаад буулгасан, автомашин нь бидний өмч биш, цахилгаан үүсгүүр нь эвдэрсэн, хуваах хөрөнгө байхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар үгүйсгээгүй байна.  

Хэрэгт авагдсан фото зургууд, сумын үнэлгээ тогтоох комиссын шийдвэр зэрэг нь шүүхээс гэр бүлийн дундын хөрөнгийн маргааны талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл биш, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, Б.Бат-Эрдэнэ нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрсөн байна.  

Иймд гэр бүлийн маргаан үүссэн нөхцөл байдлыг олж тогтоон арилгахгүйгээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх Б.Бат-Эрдэнийн тайлбар үндэслэлгүй талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв юм.  

Дээр дурдсаныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

Г.БАНЗРАГЧ

Х.СОНИНБАЯР 

Д.ЦОЛМОН