Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 19

 

 

Л.Түмэнбаярын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00121/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   М.Гансүх

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Л.Түмэнбаярын нэхэмжлэлтэй Б.Бат-Эрдэнэд холбогдох “гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлтэй Б.Бат-Эрдэнийн “Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хуваалгах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Түмэнбаяр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Эрдэнэ бид хоёр 1999 онд танилцан 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. ...Хүү Б.Энхбаясгалан маань 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар нас барж, үүнээс болж бидний амьдралд хүнд хэцүү байдал бий болсон. Манай нөхөр миний төрсөн ахыг хүүг маань алсан гэж хардан улмаар энэ байдлаас болж  хэл амаар доромжлох, ах дүү нар нь ирж намайг дарамтлах, хүү бид хоёрыг зодох, мөн охин бид хоёрыг согтуу ирж зодсоноос болж Б.Бат-Эрдэнийг цагдаад өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. ...Хүүг маань өнгөрөөд 49 хоногийн дотор нь битгий хэрүүл хийгээрэй гээд  Б.Бат-Эрдэнэээс зөндөө л гуйсан. Тэгэхэд гэрт ирж хэрүүл хийгээд л аавыг маань хүртэл загнааад л байдаг байсан. Б.Бат-Эрдэнэ нь ах, дүү нартайгаа ирж агсан тавьж, хэл ам болоод байхаар нь би охиноо аваад Дархан-Уул аймаг руу явсан. Б.Бат-Эрдэнэ өөрөө л надаас сална гэж эх үүсвэрээ тавьсан. Би болж бүтээд амьдрая гэсэн санаатай байсан. Сүүлдээ охиноо хүртэл миний хүхэд биш гэж зоддог байсан. Мөн аав маань нас бараад 49 ч хоноогүй байхад намайг зодсон. Бидний хувьд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учраас гэрлэлт цуцалж, охиныг минь миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Приус-10 маркийн машин нь бид нарын машин биш. Манай дүүгийн нэр дээр байдаг. Надаас машины бичиг баримт гаргаж өгөх хүсэлт гаргасан байсан. Надад ямар ч машины бичиг баримт байхгүй манайд ямар ч хамаа байхгүй. Нарны үүсгүүрийг би авсан. Манайд 10 гаруй жил болж байгаа ажиллагаа нь муудсан. Юун 400 гаруй төгрөг болдог юм. Надад өгөх юм байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Түмэнбаяр бид хоёр 20 жил гаруй эвтэй найртай амьдарч байсан. ...Миний хүү Б.Энхбаясгалан нь 2018 оны 08 дугаар сард Бугантад ажиллаж байгаад нас барсан. Хүүгий минь нас барахад намайг дагуулж яваагүй, намайг цахилдаг түүгээд бэлдээд байж бай гээд аав, ах, дүү нартайгаа явж би охинтойгоо гэртээ үлдсэн. Миний хувьд хүүгийн нас барсан нь Л.Түмэнбаярын ахтай холбоотой гэдгээр Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг үүсгэн тогтоолгосон гэж үзэж байгаа. Энэ байдлаас болоод бид хоёрын дунд хэрүүл гарч таарахаа байсан нь үнэн. Намайг ах, дүү нартайгаа нийлж хэл ам хийдэг, зоддог л гэж байна. ...Намайг охиноо зоддог гэж байна. Охин маань зурагтны өмнө ойрхон суугаад байхаар л би хойшоо суу гэтэл миний охин их муухай үг хэлэхээр нь гар хүрсэн. Одоо бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй. Миний зүгээс гэрлэлт цуцалж, охиноо ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэгийн хувьд би өөрөө элэгний хатууралтай группт байдаг тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг хойшлуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлдээ надад 5х6 хэмжээтэй байрны үнэ 5,000,000 төгрөг, 6,500,000 төгрөгний үнэ бүхий Приус-10 маркийн машин, 440,000 төгрөгний нарны цахилгаан үүсгэвэр нэг ширхэг, миний банкинд төлсөн зээлийн үлдэгдэл болох 550,000 төгрөгийн 50 хувийн надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийдвэрээр:

“1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Лхамжавын Түмэнбаяр, Батын Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг эх Л.Түмэнбаярын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Л.Түмэнбаярт холбогдох Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 78,190 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Л.Түмэнбаярт олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Бат-Эрдэнээс 50,873 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Уг нэхэмжлэлд шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 415 дугаар рамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр үйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасныг тус тус зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/Зш/20 дугаар шийтгэвэр авагдсан байгаа боловч энэ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “...бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан...” гэж үзэх боломжгүй байна. Учир нь, тус гэр бүлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл ... Үйлдэгдсэн нөхцөл тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. ...

2. Шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 534 дугаар захирамжаар /XX-28/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгчийн гомдлоор тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол гарган захирамжийг хүчингүй болгосон. Уг гэр бүл 20 жил амьдрахдаа гэрлэлтээ цуцлуулах хэмжээний хэрүүл маргаан, зөрчилдөөнгүй амьдарч ирсэн бөгөөд 2018 онд хүү нь нас барсанаар гэр бүлийн маргаан гарсан тухай нэхэмжлэгч тайлбарласан байдаг. Дахин дурьдахад гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан үндсэн шалтгаан “хүүгийн үхэл” юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан хүүгийн үхлийн гэм буруугийн асуудал шийдэгдвэл энэ гэр бүл хамтран амьдрах, 11 настай охин элэг бүтэн өсөн торних боломжтой юм. Шүүх гэр бүлийн хэргийг шийдвэрлэх үндсэн шалтгаан нь гэрлэлт цуцлахдаа бус юм. Иймд шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан арга хэмжээ нь хууль ёсны бөгөөд бодит үндэслэл бүхий юм. Учир нь, гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн маргаан үүссэн үндсэн нөхцөл шалтгааныг олж тогтоон, арилгахгүйгээр уг иргэний маргааныг шийдвэрлэх боломжгүй.

3. Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан тус гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Рrius11 /ногоон цэнхэр өнгөтэй/ автомашины гэрчилгээний хуулбарыг Л.Түмэнбаяраас гаргуулахаар хүсэлт гаргасан. Учир нь уг автомашиныг эхнэр Л.Түмэнбаярын дүүгээс малаар арилжин худалдаж авсан, автомашиныг Л.Түмэнбаяр унаж хэрэглэдэг байсан, одоо ч ашиглаж байгаа бөгөөд хариуцагч уг нотлох баримтыг гарган өгөх боломжгүй байсан юм. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс уг автомашины тухай асуухад: “дүүгийн нэр дээр байдаг” гэснээ “мэдэхгүй мэдэхгүй, баримт байхгүй" гэх мэтээр зөрүүтэй худал тайлбар өгдөг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар шүүх зохигчийн хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болохоор заасан бөгөөд уг ажиллагааг хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох хүсэлт шийдэгдээгүй, биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн өөрийгөө нотлох эрхийг хязгаарлаж, хаасан. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаас өмнө уг нотлох баримтыг гарган өгөх боломжгүй тухай тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд бодит байдлын хувьд уг нотлох баримтыг гарган өгөх бүрэн боломжтой байсан.

4. Хариуцагч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох дүнзэн байшингийн үнэлгээг Сумын эрх бүхий байгууллагаар тогтоолгон өөрт ногдох хувийг гаргуулах шаардлага гаргасан. Шүүгч уг үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Гэрлэгчид нь 2 дүнзэн байшин, 1 шавар байшинтай байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүүгийнхээ хэрэгт гомдол гаргахаар хот руу явах хойгуур дээрх байшингуудыг буулган авч явсан байсан. Ингэхдээ байшингийн амбаарыг хариуцагчид үлдээсэн. Нэхэмжлэгчийн энэ хууль бус, ёс зүйгүй, бусармаг үйлдлээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход хүндрэл үүссэн. Монгол улсад хууль үйлчлэх ёстой! Хэн дуртай нь дураараа аашлан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгөд илтэд халдан доромжилж, давхар давхар хохироох ёсгүй. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5.4.4.4-т: “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан. Гэр бүлийн маргаан үүссэн байж болно, гэхдээ нас барсан хүүгийнхээ хэрэгт гомдол гаргахаар явсан хойгуур нь гэрийг нь буулгаж ачаад ах дүү нарынхаа хашаанд аваачиж тавьчаад шүүх хуралдаан дээр “хэдхэн банз, иймхэн үнэлгээтэй байсан” хэмээн дайрч давшлах нь хэтийдсэн доромжлол юм. Нэхэмжлэгч уг байшинд “би амьдарна, гэр оронгүй” гээд өгөхгүй байсан бол өөр хэрэг, гэтэл өөрөө хэрэглэхгүй, дүүгийнхээ хашаанд буулгаж тавьчаад “хэдэн банз” гэж хэлж байгаа нь Монгол улсад хуулийн хүрээнд асуудлыг шийдүүлэх эрх үйлчилдэггүй, тэр дундаа хөдөө орон нутагт энэ мэт дураараа аашлалт газар авсаныг илэрхийлж байна. Үүний улмаас хариуцагч нь гал голомт, гэр оронгүй айл амьтанаар хэсүүчлэн, нас барсан хүүгийнхээ хэргийн үнэн зөвийг тогтоолгохоор өнөөдрийг хүртэл явж байна.  Муу, сайн ч хүний гэр орон, гал голомт! Уг байшингийн үнэлгээг тогтооход тухайн газар дээр барьсан хэвээр нь, түүний салшгүй нэг хэсэг байдлаар үнэлэх, буулгасан байшингийн зөвхөн эд хэрэглэгдэхүүнийг үнэлэх хоёр нь тэс өөр асуудал бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн буулгаж аваад айлын хашаанд тавьсан модыг эвлүүлж дахин бариад үнэлүүлэх боломжгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тэр дундаа гэр бүлийн маргаан, уг хэрэгт талуудын тайлбар нь нотлох баримтын шууд ач холбогдолтой байх ёстой. Уг хэргийн үнэн зөв, үндсэн шалтгаан нөхцөл, үүссэн бодит байдал, гэрлэгчдийн гэм бурууг хуулийн хүрээнд, шударгаар тогтоолгох нь хариуцагчийн чин хүсэл бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:   Бидний зүгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хоёр агуулгатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг.  Хуульд заасан хугацаанаас хэтэрч хэрэг шалгагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа төвөгтэй байдлаар явагдсан. Хариуцагч тал шүүх хуралдаан хуралдахаас өмнө ямар нэгэн хүсэлт гаргадаг, түүнийг нь шүүх хангадаг.  Хүүхдээ биш ч гэж маргаж байсан. Энэ бол төвөгтэй асуудлын нэг байсан.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүх хуралдааны үйл явц,  процесс ямархуу явагдсан нь харагдана. ...гэр бүлийг цуцалсан шийдвэр гарсныг зөв гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бат-Эрдэнэ нь эхлээд гэрлэлтээ цуцлуулах шаардлагагүй гэж тайлбараа гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би гэр бүлээ цуцлахыг хүлээн зөвшөөр байна. Харин дундын өмчлөлийн маргаантай асуудлаа шийдвэрлүүлнэ” гэж мэдүүлж байсан. Давж заалдах гомдолд ийм байдлаар тайлбар өгч байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг анхаарч үзээсэй гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Л.Түмэнбаяр нь  хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь “Хүүхдэд эцэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах”  тухай  сөрөг нэхэмжлэлийг тус тус  гаргажээ.

 Хэргийг судлан үзвэл:  Зохигчид нь 1999 онд гэр бүл  болж улмаар  тэдний дундаас 2001 онд  Б.Энхбаясгалан /талийгаач/,  2009 онд охин Б.Энх-Учрал нар төрсөн байна. Гэрлэгчдийн хүү Б.Энхбаясгалан нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан бөгөөд  хүүхдийн үхлийн  шалтгаанаас үүдэн гэрлэгчид болон хамаатнуудын дунд үл ойлголцол үүссэж энэхүү маргаан улам даамжирч хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь гэр бүлийнхээ гишүүдийн эрх чөлөөнд халддаг болсон тул тус тусдаа амьдрах болсон гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч Л.Түмэнбаяр нь гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан байна.

Шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах  талаар хүлээн зөвшөөрсөн тул  шүүх гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, тэдгээрийн таарамжгүй харьцаа нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй учир гэрлэгчдийн хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх, эвлэрэх боломжгүй гэж дүгнэн гэрлэгчдийн  гэрлэлтийг цуцалж,  насан хүрээгүй охин Б.Энх-Учралыг эх Л.Түмэнбаярын асрамжинд үлдээж, эцэг Б.Бат-Эрдэнээр Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь элэгний хатуурал өвчний улмаас  группт байдаг гэсэн үндэслэлээр  хүүхдийн тэтгэлэг төлөхийг  хойшлуулах хүсэлт гаргасан ба тухайн хүсэлтийг  шүүх хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт хийжээ.  

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь хүүхдэд эцэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 5х6 хэмжээтэй 5,000,000 төгрөгийн үнэ бүхий  байшин,  6,500,000 төгрөгний үнэ бүхий Приус-10 маркийн машин, 440,000 төгрөгийн үнэ бүхий нарны цахилгаан үүсгэвэр, банкны  зээлийн үлдэгдэл болох 550,000 төгрөгийн  50 хувийг  тус тус гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Л.Түмэнбаяр нь бид хөрөнгөө тохиролцоод хуваасан, Б.Бат-Эрдэнэ нь бүх малаа авсан, нэхэмжилж байгаа байшинг  ярилцаад буулгасан, автомашин нь бидний өмч биш, цахилгаан үүсгүүр нь эвдэрсэн, хуваах хөрөнгө байхгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүхээс хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж, хариуцагч Б.Бат-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ  шүүх гэр бүлийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байгааг шүүх анхаараагүй, зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажилаагааг явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад  шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

            Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг тогтоож өгсөн ба гэр бүлийн холбогдолтой маргааныг шүүх хүлээн авахаас өмнө заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийсэн байхыг шаарддаг.  Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах шаардлагагүй буюу шууд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

Нэхэмжлэгч Л.Түмэндэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нөхрийнхөө байнгын хүчирхийлэл, дарамтын улмаас гэр бүл цуцлуулах гэж нэхэмжлэлдээ хүчирхийлэлд өртсөн тухай холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд тухайн баримтыг үндэслэн шүүх  түүний нэхэмжлэлийг хүлээн авсан  байх ба шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон бол зохигчдын  зөвшөөрснөөр эвлэрүүлэх арга хэмжээг авах боломжтой байсан.

Гэтэл тухайн хэргийн зохигчдын хувьд эвлэрэн хэлэлцэх талаар хүсэлт гаргаагүй ба  хариуцагч нь нэхэмжлэгчийн  гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн тул шүүх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа  явуулахгүйгээр ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ гэр бүлийн маргаан  хэргийг шийдвэрлэх үндсэн шалтгаан нь гэрлэлт цуцлахдаа бус гэрлэгчдийн хүү Б.Энхбаясгалангийн нас барсан шалтгаан бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул тухайн асуудлыг шийдэгдэх хүртэл гэр бүл цуцлах маргааныг  шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж, шүүх хэргийг тухайн үндэслэлээр түдгэлзүүлэх  ажиллагаа хийгээгүй гэж тайлбарладаг боловч хэрэгт хариуцагчийн гомдолд дурьдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа талаар ямар нэгэн нотлох баримтыг хариуцагчийн зүгээс ирүүлээгүй  тул шүүх дан ганц хариуцагчийн тайлбараар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  түдгэлзүүлэх боломжгүй юм.  

 Иргэний хэргийн зохигч өөрийн шаардлага,  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргах, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох  гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваалгах тухай  шаардлагатайгаа холбогдуулан шүүхэд тухайн маргаанд хамааралтай эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн фото зурагууд, сумын үнэлгээ тогтоох комиссын шийдвэр зэргийг ирүүлсэн бөгөөд тухайн баримтаар гэр бүлийн дундын хөрөнгийг тодорхойлон  шийдвэрлэх боломжгүй  тул анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолтой хамт  шинээр өөрийн хувийн байдлыг тодорхойлсон эмчилгээ хийлгэсэн баримтууд болон банкны зээлийн гэрээ  зэргийг хавсарган ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4.-д “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг хянадаг тул анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлэхгүй ба эдгээр баримтыг агуулга, хэлбэрийн хувьд дүгнэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болгох боломжгүй.

Хариуцагч өөрийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогчид шүүх тодорхой тайлбарласан, хариуцагчийн эрх ашгийг хамгаалан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцсон  байх тул нотлох баримт гаргаж өгөх үүргээ мэдээгүй байх боломжгүй бөгөөд хуульд зохигчийн хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болохоор заасан боловч зохигчид нь энэ тухай хүсэлт гаргаагүй байх тул  нотлох баримт гаргуулах ажиллагааг  шүүх хийгээгүй  гэсэн гомдол  нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн  шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг зохих хуулийг зөв хэрэглэж тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн   давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН