Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/00580

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/00580

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух,  *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Х.Нямдаваа /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35.590.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35.590.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:******* манай талийгаач нөхрийн үүсгэн байгуулсан Ноён Хүрд ХХК-д анх 2011 оноос эхэлж ажиллаж байсан бөгөөд нөхөр бид хоёр*******д бүрэн итгэдэг байсан. Нөхөр маань нас барж, компаний эрх өв залгамжлан надад шилжсэн.******* ажиллах хугацаандаа их бага хэмжээгээр олон удаа мөнгө зээлдэг байсан. Ахуй амьдралаа яриад мөнгө зээлээч, боломжтой болохоороо буцааж төлнө гэдэг байсан бөгөөд би түүнд итгэдэг байсан тул хувиасаа зээлдэг байсан. Х.Нямдаваа улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдээгүй ч 2013 оноос компанийн удирдлагыг хэрэгжүүлж хариуцан ажиллаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлын бус цагаар ажлаас халагдаж өргөдөл гэрт авчирч өгөөд, ажлаа дур мэдэн хаяж явсан. Утсаа ч авахаа больсон. Тэрээр албаны болон хувийн тооцоогоо хийгээгүй. Иймд дор дурдсан зээлийг түүнээс буцаан гаргуулахаар шаардаж байна. Үүнд:

1.2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууц авах гэсэн мөнгө дутаад байна зээл бүтэхээр буцааж өгнө гэж хэлэн өөрийн төрсөн эх Д.Наранцэцэгийн дансаар 5.000.000 төгрөг,

2.2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эхнэрийн магистарын сургалтын төлбөрийн мөнгө нэхэгдээд удахгүй буцааж өгнө гэж хэлээд 1.500.000 төгрөг,

3.2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

4.2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Оросын холбооны улс руу явах гэж байгаа юм мөнгө зээлээч гэж хэлээд 2.000.000 төгрөг,

5.2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мөн Оросын холбооны улс явахдаа 2.000.000 төгрөг тус тус зээлсэн. Үүнээс гадна

6.2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.200.000 төгрөг

7.2015 оны 11 дүгээр сарын 16-нд 500.000 төгрөг,

8.2015 оны 11 дүгээр сарын 17-нд 2.000.000 төгрөг,

9.2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг,

10.2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг,

11.2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.200.000 төгрөг

12.2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.200.000 төгрөг,

13.2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг,

14.2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 300.000 төгрөг, мөн өдрөө дахин 700.000 төгрөг,

15.2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 280.000 төгрөг,

16.2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 300.000 төгрөг,

17.2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300.000 төгрөг, мөн өдрөө дахин 300.000 төгрөг,

18.2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1.410.000 төгрөг,

19.2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг,

20.2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг,

21.2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг,

22.2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг,

23.2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, нийтдээ 25 удаа 35.590.000 төгрөгийг зээлсэн.

Хэрэгт баримтаар авагдсан Х.Нямдаваагийн дансны хуулгаар түүнд компанийн ажлыг явуулахтай холбоотой мөнгөн төлбөрийн гүйлгээ болоод цалин хөлсийг олгохоос гадна түүнд хувийн шугамаар дээрх зээлүүдийг шилжүүлсэн нь нотлогдоно. Нийтдээ цалингаас гадна хариуцагчийн данс руу компанийн хувьд 163.640.800 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Түүнд албаны шугамаар шилжүүлж байсан гүйлгээг хасч ялгаж, зөвхөн зээлсэн хэсгийг шаардаж байгаа болно. Энэ мөнгийг компаниас биш хувиасаа зээлсэн. Энэ хугацаанд түүнээс зээлсэн мөнгийг буцаан шаардаж байгаагүй бөгөөд анхнаасаа эргэн төлөх хугацаа тогтоогоогүй. Манай зүгээс 2018 оны 12 дугаар сард ажлаа хаяж явснаар зээлийг буцаан шаардаж эхэлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Хариуцагч цалин хөлснөөс суутгуулах замаар зээлийг төлсөн тухай тайлбар үндэслэлгүй. Хэрэгт баримтаар авагдсан Ноёнхүрд ХХК-иас цалин хөлс тооцон олгосон баримт, дансанд мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдоогүй, хоорондоо тулж байгаа. Цалингийн цэсний урьдчилгаа гэсэн хэсгийг гэрч мэдүүлэхдээ бараа материал авахаар авсан мөнгөний тооцооны үлдэгдэл, харин өөр суутгал хийгээгүй гэдгийг мэдүүлсэн. Хариуцагч Хувийн гэдэг утгаар шилжүүлсэн мөнгийг зээл биш компанийн өмнөөс зарцуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2018 онд нэг удаагийн зээлд 6.050.000 төгрөг төлсөн явдал зээлийг бүрэн төлж дуусгасан гэсэн үг биш. Мөн 2018 оны 6 дугаар сард 3 удаагийн гүйлгээгээр зээлсэн 5 сая төгрөгийг Кореа стандарт ХХК-д төлөх хөөсний төлбөрт тооцон суутгах үндэслэлгүй. Хариуцагч энэ мөнгөө байгууллагын өмнөөс төлсөн гэж үзвэл компаниас шаардах нь зүйтэй. Харин түүнд олгосон зээлээс суутгаж тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн баримтгүй тул зөвшөөрөхгүй. Иймд Х.Нямдаваагаас зээлийн гэрээний үүрэгт 35.590.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Миний бие 2011 оноос Ноёнхүрд ХХК-д гадаад худалдааны менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ноёнхүрд ХХК нь Ц.Буянжаргал, ******* нарын гэр бүлийн компани ба анх ажилд ороход Ноёнхүрд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.Буянжаргал байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 25 удаагийн гүйлгээгээр мөнгийг авсан нь үнэн. Гэхдээ үүнээс

1.2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг,

2.2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг,

3.2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

4.2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг,

5.2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг,

6.2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус зээлсэн нь үнэн. Бусад мөнгөний тухайд зээл биш бөгөөд гүйлгээний утга хувийн гэдэг утгаар шилжүүлсэн энэ мөнгийг Ноёнхүрд ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан.

2.1.Анх 2011 онд орон сууцны урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөг дутаад захирал Ц.Буянжаргалаас асууж байсан. Улмаар Ц.Буянжаргал зөвшөөрч түүний эхнэр ******* миний ээжийн дансруу тус мөнгийг шилжүүлсэн. Ц.Буянжаргал өөд болохоос өмнө буюу тэрээр компаний 100 хувь хувьцаа эзэмшигч байх хугацаанд энэ 5.000.000 төгрөгийг 2012 оноос эхлэн өөрийн цалин хөлснөөс суутгуулах замаар бүрэн төлж барагдуулсан. 2012 онд миний сар тутмын цалин 800.000 төгрөг байсан бөгөөд Ноёнхүрд ХХК-иас 200.000-250.000 төгрөгөөр нийгмийн даатгал болон татварт тайлагнадаг байсан тул сар бүрийн татварын дараах гар дээр олгогддог цалин 780.000-775.000 төгрөг байсан. Тухайн үед Ноёнхүрд ХХК нь ажилчдынхаа цалинг бэлэн бусаар буюу дансаар шилжүүлдэггүй байсан ба цалингийн хүснэгтэд гарын үсэг зуруулан, бэлнээр төлдөг байсан. Ийнхүү цалингаасаа суутгуулан төлөхийг захирал Ц.Буянжаргал зөвшөөрсөн бөгөөд нягтлан Б.Анар цалингийн хүснэгтэд надаар гарын үсэг зуруулан, суутган авдаг байсан. Миний гарын үсэг зурж баталгаажуулсан цалингийн хүснэгтээс сар тутам ямар хэмжээний мөнгө тус зээлийн эргэн төлөлтөд суутгуулж байсан нь тодорхой харагдана. Мөн Ноёнхүрд ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг эхлээд өөрийн мөнгөн хөрөнгөөр төлж, төлбөр төлсөн баримтуудыг кассын зардалд бичилт хийлгэх замаар 5.000.000 төгрөгийн эргэн төлөлтөд мөн суутгуулдаг байсан.

2.2.2015 онд зээлсэн 1.500.000 төгрөгийг зээлэх үед *******д компани өв залгамжлалаар шилжсэн байсан. Түүний зөвшөөрсөний дагуу 2015 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн сар тутмын цалингаас 100.000-500.000 төгрөгөөр 2016 оны 3 дугар сарын 04-ний өдрийг хүртэл 6 удаа суутгуулж бүрэн эргэн төлсөн бөгөөд нягтлан О.Алтанчимэг цалин тавьж, цалингийн хүснэгтэд суутгалуудыг тусган, надаар гарын үсэг зуруулдаг байсан. Ноёнхүрд ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу миний сар бүрийн нэрлэсэн цалин 1.500.000 төгрөг, Ноёнхурд ХХК нь 900.000 төгрөгөөр нийгмийн даатгал болон татварт тайлагнадаг байсан тул сар бүрийн татварын дараах цалин 1.311.000 төгрөг болдог.******* миний цалингийн харилцах дансны 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хоорон дахь хуулгаас зээлсэн 1.500.000 төгрөгийг ямар хэмжээгээр цалингаас суутгуулсан нь дараах байдлаар харагдана. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүү 1.992.035 төгрөгөөс эхнэрийн сургалтын төлбөр төлөхөөр зээлсэн 1.500.000 мянган төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 492.035 төгрөг нь үйл ажиллагааны зардал хэлбэрээр өмнө нь надад олгосон мөнгийг миний цалингаас суутгаж байсантай холбоотой зөрүү мөнгө болно. 1.500.000 төгрөгийг сар тутмын цалингаас ямар хэмжээгээр суутгаж байсан тухай нарийн тооцоог цалингийн хүснэгтэд тусгаж, надаар гарын үсэг зуруулдаг байсан учир цалингийн хүснэгтээс тодруулж харах боломжтой.

2.3.2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлж авсан 300.000 төгрөгийг мөн л түүний зөвшөөрснөөр Ноёнхүрд ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зардалд зарцуулсан түлшийг өөрөөс худалдаж авах замаар төлж барагдуулсан. Ноёнхүрд ХХК-ийн ажлын хэрэгцээнд унадаг Гранд широке маркийн авто машины түлш худалдан авсан төлбөрийн баримтыг нягтлан О.Алтанчимэгт хүлээлгэн өгч, зээлсэн 300.000 төгрөгөөс суутгуулдаг байсан. Нягтлан үүнийг Ноёнхүрд ХХК-ийн тайланд нэг бүрчлэн тусгадаг байсан тул кассын тайлан, кассын баримтаар нотлогдоно.

2.4.2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 6.000.000 төгрөгийг *******гийн 5076211951 тоот данс руу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр баярлалаа гэдэг утгаар буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан миний Хаан банкны дансны хуулгаар тогтоогдоно.

2.5.2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Ноёнхүрд ХХК-ийн Хан-Уул дүүргийн Хүрэл тогоотын аманд гүйцэтгэж байсан Түүболд ХХК-ийн барьсан барилгад хөөсөн дулаалгын ажилд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, бензин түлш, ажилчдын өдрийн хоол, унааны зардал зэргийг өөрөөсөө санхүүжүүлсэн. Мөн Ноёнхүрд ХХК-ийн Тоёота таванбогд ХХК-д гүйцэтгэж байсан тосны шугам хоолойн засварын ажилд шаардлагатай материал (турба хоолой, тогтоогч төмөр, холбогч хэрэгсэл гэх мэт), багаж хэрэгсэл (тасдагчны ир, гагнуурын электрот гэх мэт)-ийг өөрөөсөө санхүүжүүлэх замаар төлсөн. Холбогдох төлбөрийн баримтыг нягтлан бодогч О.Алтанчимэгт хүлээлгэн өгч, зээлсэн 4.000.000 төгрөгөөс суутгуулдаг байсан. Нягтлан бодогч үүнийг Ноёнхүрд ХХК-ийн кассын тайланд нэг бүрчлэн тусгадаг байсан тул санхүүгйн тайлан, кассын тайлан, кассын баримтаар нотлогдоно.

2011 оноос хойш зээлсэн дээрх мөнгийг тэдгээрийн 100 хувийн эзэмшлийн Ноёнхүрд ХХК-аас надад олгох байсан хөдөлмөрийн хөлс, компанийн гарах ёстой байсан үйл ажиллагааны зардлыг******* би төлж барагдуулах, үүрэг тооцох хэлбэрээр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн хүрээнд ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэний дагуу хүсэлтийг шийдвэрлэхгүй, ажил хүлээлцүүлэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу орхиж явсаныг ажлаа хаяж явсан гэж тайлбарлаж, хувийн өс хонзонгийн сэдэлт санааны үүднээс нэгэнт төлөгдсөн мөнгийг дахин төлүүлэхээр шүүхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн 2011 оны 12 дугаар сарын 02-нд, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

Харин нэхэмжлэгчийн шаардсан гүйлгээний утга хувийн гэж шилжүүлсэн бусад мөнгөнүүд зээл биш бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулахаар нэхэмжлэгчээс миний данс руу шилжүүлсэн мөнгө болно.

2.6.2015 оны 11-12 дугаар сард шилжүүлсэн 12.280.000 төгрөгийн тухайд: 2015 оны 9 дүгээр сараас эхлэн 2016 оны сар дуустал Ноёнхүрд ХХК-иас *******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 33-505 тоотод хашаандаа 11*15 хэмжээтэй хоёр давхар авто засвар, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг компанийн бусад гүйлгээнээс ялгах үүднээс гүйлгээний утга дээр хувийн гэж бичиж байсан. Уг барилгын ажилд шаардагдах бараа материалыг авах үедээ би *******д ямар хэмжээний мөнгө шаардлагатай байгааг хэлж, ******* өөрийн данснаасаа шууд надруу холбогдох бараа материалын төлбөрийг зохих ёсоор хийдэг байсан. Түүнээс би мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй, тэр ч надад мөнгө зээлдүүлж байна гэсэн хүсэл зоригоор уг мөнгийг надад өгөөгүй. Надад мөн ойр ойрхон мөнгө авах шаардлагагүй. Түүний шилжүүлсэн дээрх мөнгөөр тухай бүрт барилгын материалыг худалдан авч, үнийг төлсөн болохоо нотолж, худалдагчаас зарлагын падан гаргуулан авч, Ноёнхүрд ХХК-ийн нягтланд хүлээлгэн өгдөг байсан. Энэ нь Ноёнхүрд ХХК-ийн авто засварын төвийн барилгын өртгийн 2015 оны тайланд Даваа тооцоо гэсэн агуулгаар тусгагдсан байдаг болно.

2.7. 2017 онд шилжүүлсэн 1.410.000 төгрөгийг зээлж аваагүй, компанийн реклам сэтгүүлд тавьсны төлбөрт төлсөн мөнгө юм. Миний бие 2017 оны дунд үеэс эхлэн ОХУ-ын Конлига медиа компанийн албан ёсны эрхтэйгээр Мой Любимый Дом сэтгүүлийг Монгол Улсад монгол хэлээр эрхлэн гаргах эрх авч, Миний байшин нэртэй барилга, орон сууцны сэтгүүлийн анхны дугаарыг 2017 оны 11 сард хэвлэн гаргасан. Уг сэтгүүлд Ноёнхүрд ХХК-ийн сурталчилгааг байрлуулах талаар санал тавихад тэрээр зөвшөөрсөн. Улмаар Ноёнхүрд ХХК-ийн худалдан борлуулдаг тоног төхөөрөмж, үзүүлдэг үйлчилгээ буюу хөөсөн дулаалгын 4 нүүр бүтэн, нэг нүүр хагас зайнд байрлуулсан ба реклам сурталчилгааны хөлсөнд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1.410.000 төгрөгийг надад шилжүүлсэн.

2.8.2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 100.000 төгрөгийн тухайд: Ноёнхүрд ХХК хөөсөн дулаалгын ажил хийдэг байсан, худалдан авагч татах зорилгоор олон нийтийн сүлжээ фэйсбүүк-д шүршдэг хөөсөн дулаалгын реклам сурталчилгааг тавьдаг байсан. Фэйсбүүкд резламыг идэвхжүүлэхэд тодорхой хэмжээний төлбөр төлөхийг шаарддаг бөгөөд рекламыг идэвхжүүлэх /boost хийх/ үүднээс надад шилжүүлснийг би тухайн өдөрт нь багтаан өөрийн олон улсын дансруу шилжүүлж гадаад шилжүүлэг хийж рекламыг идэвхжүүлсэн.

2.9.2018 оны 6 дугаар сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-нд 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг надад шилжүүлсэн. Тухайн үед компани Кореа стандарт ХХК-иас шүршдэг хөөсний түүхий эдийг авдаг байсан. Нэхэмжлэгчийн дээрх гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг Ноёнхүрд ХХК-ийн нэрийн өмнөөс өөрийн данснаас Кореа стандарт ХХК-ийн 5009346692 тоот дансанд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр худалдсан авсан хөөсөн дулаалгын түүхий эдийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгох итгэмжлэл, *******гийн Хаан банк дах 5076211951 дугаар депозит дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэгийн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2020/08992 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, *******гийн Хаан банкны дансны хуулгаас, шүүхэд төлөөлөх эрх олгох итгэмжлэл, мэйл хаягтай холбоотой ирүүлсэн тайлбар, Мэжикнэт ХХК-ийн тодорхойлолт зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 5-10, 20, 233-245, 3хх 37-38/

Хариуцагчаас нотлох баримтаар:*******гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шатахуун худалдан авсан баримтууд, сэлбэг худалдсан зарлагын баримт, өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулганаас, мэйлийн хуулбар, хавсаргасан хүснэгт, Миний байшин нэртэй сэтгүүл зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 38-45, 54, 129-132, 217-232, 2хх 29-35, 213-240 /

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийн дагуу Архивын ерөнхий газраас ирүүлсэн хариу, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжийн дагуу Ноёнхүрд ХХК-иас ирүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1 тоот хөдөлмөрийн гэрээ, Ноёнхүрд ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар хүртэлх ажилчдын цалингийн тооцоо, Ноёнхүрд ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх ажилчдын цалингийн тооцоо, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн хариу, баримтууд, гэрч О.Алтанчимэгийн мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас гаргуулсан лавлагаа, Ноён хүрд ХХК-иас ирүүлсэн 1 хавтас 2015 оны санхүүгийн баримтууд, мэйлд хаягт хийсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /1хх 137-139, 143, 153-154, 159-216, 2хх 4-27, 49-54, 58-59, 242-243, 250, 3хх 26-29/

Шүүхийн санаачилгаар 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу гаргуулсан*******гийн Хаан банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Голомт банк ХХК дах дансны хуулгууд, Ноёнхүрд ХХК-иас гаргуулсан цалингийн тооцооны картууд зэргийг бүрдүүлсэн. /2хх 60-63, 68-111, 114-133, 142-191, 196/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******гаас зээлийн гэрээний үүрэгт 35.590.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2011 оны 12 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд нийт 25 удаагийн гүйлгээгээр 35.590.000 төгрөг зээлсэн, зээлийг эргэн төлөх хугацааг тохироогүй тул 2018 оны 12 дугаар сард ажлаас гарснаар зээлийг шаардаж эхэлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлав. Мөн зээлсэн мөнгөнөөс цалин хөлснөөс суутгасан байдал тогтоогдоогүй, түүнчлэн компанид бараа материал худалдан авах зөвшөөрөл өгсөн баримтгүй тул иргэний хувиар зээлсэн зээлээс хасах үндэслэлгүй гэж тайлбарлав.

2.Хариуцагч 25 удаагийн гүйлгээгээр 35.590.000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй ч, дээрхээс 10 удаагийн 23.210.000 төгрөгийг зээлсэн. Үлдэх 15 удаагийн хувийн гэдэг утгаар шилжүүлсэн 12.380.000 төгрөг зээл биш, харин нэхэмжлэгчийн Ноёнхүрд ХХК-д бараа материал худалдан авахад зарцуулсан мөнгө гэж тайлбарлав. Түүнчлэн 10 удаагийн зээлийг цалин хөлснөөс суутгах, компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тодорхой зардлыг өөрөөс төлөх замаар зээлийг бүрэн төлсөн, түүнчлэн 2011, 2015 оны зээлийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан.

3.Зохигчид дараах үйл баримтад маргаагүй болно.

3.1.Нэхэмжлэгч *******гаас хариуцагч******* 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхийн дансаар дамжуулан 5.000.000 төгрөг шилжүүлсэн авсанд маргаагүй. /1хх 9/

3.2.Нэхэмжлэгч *******гийн Хаан банк дах 5076211951 тоот данснаас хариуцагч*******гийн Хаан банк дах 5037237953 тоот дансанд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийт 24 удаагийн гүйлгээгээр 30.590.000 төгрөг шилжин орсон үйл баримтад маргаагүй. /1хх 6-9, 2хх 68-81, 174-191/

3.3.Нэхэмжлэгч ******* Ноёнхүрд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2015 оноос хойш ажилласан, хариуцагч******* Ноёнхүрд ХХК-д 2011 оноос менежерээр ажиллаж эхэлсэн, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан үйл баримтуудад зохигчид маргаагүй. /1хх 44-45, 129-132/

3.4.Нэхэмжлэгчийн Хаан банк дах 5076211951 тоот данснаас хариуцагч*******гийн Хаан банк дах 5037237953 тоот данс руу зээлээс гадна Ноёнхүрд ХХК-ийн төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч мөнгө шилжүүлдэг байсан үйл баримтад мөн маргаагүй.

4.Нэхэмжлэгч *******гаас хариуцагчид шилжүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1.200.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1.200.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2.200.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1.000.000 /300.000 +700.000/ төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 280.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 300.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 600.000 /300.000+300.000/ төгрөг, нийтдээ 2015 онд 14 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 12.280.000 төгрөгийг талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

Хариуцагч 2015 онд компани Баянзүрх дүүрэгт байрлах автозасвар, оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьж байсан, тухайн өдрүүдэд хүлээн авсан мөнгийг бэлнээр данснаас авч барилгын материал худалдан авсан, төлбөрийн баримтыг компанийн санхүүд өгдөг байсан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч тухайн гүйлгээнүүдийг шилжүүлэхдээ хувийн гэсэн утгаар шилжүүлсэн, шилжиж орсон мөнгө тухайн өдөртөө буцаж хариуцагчийн данснаас хэсэгчлэн эсхүл бүхэлдээ зарлагаар гарсан, түүнчлэн Ноён хүрд ХХК-иас баримтаар ирүүлсэн 2015 оны санхүүгийн 4 дүгээр улирлын тайлан дах баримтад 2015 оны 11 дүгээр сарын нэгтгэлд даваа тооцоо 18.436.172 төгрөг гэж тусгагдсан, уг баримтын хойно задаргаанд******* гэсэн гэж тусгагдсан байдлаас үзвэл шүүх дээрх мөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэж үзэх боломжгүй, энэ тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

5.Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг хувийн гэсэн утгаар шилжүүлсэн, хариуцагч тухайн өдөрт нь валютад шилжүүлж данснаас буцаан зарлагадсан болох нь түүний Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Хариуцагч дээрх мөнгийг цахим орчинд компанийн рекламыг байршуулахад зориулж зарцуулсан гэж тайлбарласан, зохигчид компанийн төлбөр тооцоог хувийн дансаар гүйцэтгэдэг байсан нь тогтоогдсон тул мөн энэ өдрийн гүйлгээг зээлийн мөнгөн хөрөнгө гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүсээгүй гэж үзэв.

6.Харин нэхэмжлэгчээс зээл утгаар шилжүүлсэн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1.410.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, нийтдээ 10 удаа 23.210.000 төгрөгийг хариуцагч шилжүүлж авсан, зээлийн мөнгөн хөрөнгө гэдэгт маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар тухайн өдрүүдэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ үүссэн гэж үзнэ. Дээрх байдлаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тул зээлдэгч мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

7.Хариуцагч 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийг Ноён хүрд ХХК-иас олгох ёстой цалин хөлснөөс суутгуулах замаар төлж дуусгасан гэж тайлбарласан.

Зохигчид Ноён хүрд ХХК-иас ажилчдын цалин хөлсийг 2013 оноос хойш дансаар олгосон, үүнээс өмнө бэлнээр олгодог байсан гэж тайлбарлав.

Ноён хүрд ХХК-иас шүүхэд баримтаар ирүүлсэн 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар дуусталх, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар дуусталх хугацааны ажилчдын цалингийн тооцооны нэгтгэл, 2011 оны 10 дугаар сараас хойш*******д олгосон цалингийн тооцооны карт, хариуцагчийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансаар шилжиж орсон цалин хөлсний дүн зэргийг харьцуулан үзвэл хариуцагч цалин хөлснөөс суутгуулах замаар 2011, 2015 оны дээрх хоёр зээлийг төлсөн байдал баримтаар тогтоогдохгүй байна. Цалингийн тооцооны картаар олгосон дүнгээс хуулийн дагуу суутгагдах нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэргийг суутгаж тооцсон, дансаар шилжүүлсэн мөнгөн дүн цалингийн тооцоо дах дүнтэй тохирч байна.

Хариуцагч уг баримтууд дах урьдчилгаа гэж тусгагдсан дүнг зээлээс төлсөн төлбөр гэж тайлбарласан ч Ноёнхүрд ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч О.Алтанчимэгээс захирал урьдчилгаа гэж тэд гэж хэлэхээр бичдэг, нарийн учрыг мэдэхгүй, бичсэн хэсэгт бүхэл дүн биш бол бараа материалын тооцооны үлдэгдэл орсон байдаг, тогтмол суутгал хийгээгүй гэж мэдүүлсэн, хэрэгт баримтаар авагдсан урьдчилгаа гэсэн хэсэгт тусгагдсан дүн тогтмол бус, өөр өөрөөр дүнгээр бичигдсэн байгаа зэргээс шүүх тухайн зээлийг цалин хөлснөөс суутгах замаар төлсөн байдал тогтоогдоогүй гэж үзэв. /1хх 169-216, 2хх 49-54, 68-104, 115-133, 151-191, 196/

Хариуцагч 2011 оны зээлийг цалин хөлснөөс гадна компанийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг өөрөөс санхүүжүүлэх замаар төлсөн гэж тайлбарласан ч тэрээр дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

8.2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1.410.000 төгрөгийн зээлийг хариуцагч Ноёнхүрд ХХК-ийн зар сурталчилгааг Мой любимый Дом сэтгүүлд гаргахад зориулж 1.800.000 төгрөгийг өөрөөс төлсөн, уг мөнгөөр төлөгдсөн гэж тайлбарласан.

Хэрэгт баримтаар ирүүлсэн Миний байшин нэртэй 2017 оны №1 дугаартай сэтгүүлийн нүүр хуудасны дотор талд дулаалгын хөөс шүршигч тоног төхөөрөмж хэсэгт, 7 дах хуудасны баруун талд шүршдэг ус тусгаарлагч хэсэгт, хамгийн ар нүүрэнд тус тус Ноёнхүрд ХХК-ийн нэр дурдагджээ. Хариуцагчийн Хаан банкны данснаас 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1.800.000 төгрөг сэтгүүл, миний байшин утгаар зарлагын гүйлгээ хийгдсэн байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээс гадна нэхэмжлэгчээс дээрх цаг хугацаа, түүнтэй ойролцоо цаг хугацаанд энэ дүнгээр сурталчилгааны зардал агуулгаар шилжүүлсэн гүйлгээ хийгдээгүй байна. /2хх 180/

9.2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6.000.000 төгрөгийг хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банк дах 5076211951 тоот дансаар даваа-с баярлалаа утгаар 6.050.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд энэ зээлийг төлсөн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. /2хх 184/

10.Хариуцагчийн Хаан банкны данснаас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5009346692 тоот данс руу Ноёнхүрд ХХК хөөсний төлбөр, улирлын хураамж утгаар 4.950.000 төгрөг шилжүүлсэн, дээрх мөнгийг хүлээн авсан данс Кореа стандарт ХХК-ийн данс болохыг Хаан банк ХХК-иас тус шүүхэд тодорхойлж ирүүлсэн. Иймд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийг компанийн өмнөөс Кореа стандарт ХХК-д төлөх төлбөрийг төлсөн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. Хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгчээс Кореа стандарт ХХК-д төлөх төлбөрийг дээрх цаг хугацаа, түүнтэй ойролцоо хугацааны мөнгө шилжүүлэг хийгдээгүй байна. /2хх 184, 250/

11.Нэхэмжлэгч компанийн тооцоо иргэнд хамааралгүй, иргэний хувиар зээлийг нэхэмжилсэн тул хариуцагчийн сэтгүүлд болон Кореа стандарт ХХК-д төлсөн мөнгийг зээлээс хасах ёсгүй, түүнчлэн зээлээс хасах талаар нэхэмжлэгч зөвшөөрсөн баримтгүй, компанийн өмнөөс төлсөн мөнгөө хариуцагч компаниас жич шаардах ёстой гэж тайлбарлав. Хэрэгт авагдсан дансны хуулга болоод талуудын тайлбараар анхнаасаа зохигчид Ноёнхүрд ХХК-ийн үйл ажиллагаанд зориулсан төлбөр тооцоог хариуцагчийн хувийн данс руу нэхэмжлэгч өөрийн хувийн дансаар олон удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй, шүүх хариуцагчийн төлбөл зохих зээлээс хасч тооцох нь зүйтэй.

12.Хэрэгт баримтаар хариуцагчаас компанийн үйл ажиллагаанд зориулж унаж байсан машинд өөрөөс төлсөн гэж тайлбарлан 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд шатахуун худалдан авсан 13 ширхэг зарлагын баримт, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн бараа материал худалдан авсан 75.500 төгрөгийн баримтыг тус тус ирүүлсэн. /1хх 217-220/

Хариуцагчийн баримтаар ирүүлсэн шатахууны баримтууд Ноён хүрд ХХК-иас шүүхэд баримтаар ирүүлсэн шатахууны баримттай давхцаагүй гэж шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарлсан, тухайн баримтуудын гүйлгээний утгад Ноён хүрд ХХК гэж тусгагдсан байх тул хариуцагчийн өөрөөс төлсөн дээрх 13 удаагийн нийт 594.200 төгрөгийн шатахууны зардлыг зээлээс хасч тооцох нь зүйтэй. Харин бараа материал худалдан авсан гэх 75.500 төгрөгийн баримтын тухайд хэнээс хэнд бараа худалдсан болох тодорхойгүй улмаар шүүх тухайн баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй тул хариуцагч компанид зориулж хөрөнгө худалдан авсан баримт гэж үзэхгүй.

13.2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2.000.000 төгрөгийн зээлийг компанийн өмнөөс Хан-Уул дүүргийн Хүрэл тогоотын аманд Түүболд ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажилд, мөн компанийн Таванбогд трейд ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажилд хэрэглэгдэх бараа материалыг өөрөөс худалдан авах замаар төлсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас үзвэл тухайн хоёр зээлээс хойш түлш, материал, хаалт, далдлагч, кабел хайрга гэх мэтээр бараа материалд зарцуулсан зарлагын гүйлгээнүүд удаа дараа гарчээ. Гэвч нэхэмжлэгч талаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа хариуцагч компанид ажиллах явцдаа 2018 онд өөрийн зуслангийн байшинг барьсан талаар дурдаж, удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбарласныг хариуцагчийн зүгээс үгүйсгэж байгаагүй.

Иймд тухайн цаг хугацаанд хариуцагч өөрөө мөн байшин барьсан үйл баримт тогтоогдсон тул түүний худалдан авсан барилгын бараа материал өөрийн байшинд зарцуулсан зардал эсхүл зээлийг төлөхийг тулд Ноён хүрд ХХК-д зориулж худалдан авсан бараа материалын зардал алин болохыг ялгах салгах боломжгүй. Түүнчлэн баримтаар авагдсан дансны хуулгаар сүүлийн хоёр зээлийг олгосноос хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хариуцагчийн данснаас Ноён хүрд гэсэн утгаар зарлагын гүйлгээ хийгдээгүй байна. Иймд зээлийг компанид бараа материал худалдан авах замаар зээлийг төлж дуусгасан тухай хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

14.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ. Хариуцагч 2011, 2015 оны зээлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг хэзээ буцаан төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд зээлдэгч хэдийд ч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан. Талуудын хооронд зээлийг эргэн төлөх хугацааг тохиролцсон баримтгүй, хариуцагч******* ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг 2018 оны 12 дугаар сард гаргаснаар нэхэмжлэгч зээлийг буцаан шаардаж эхэлсэн гэж тайлбарласныг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

15.Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 9.815.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /зээлсэн 23.210.000 төгрөг - сэтгүүл 1.800.000 төгрөг Кореа стандарт ХХК-д төлсөн 4.950.000 төгрөг буцаан төлсөн 6.050.000 төгрөг шатахуун авсан 594.200 төгрөг/

16.Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэх боломжгүйгээс гадна зохигч хүсэлт шийдвэрлэх үе шатанд уг хүсэлтийг гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Х.Нямдаваагаас 9.815.800 /есөн сая найман зуун арван таван мянга найман зуун/ төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.774.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  477.050 /187.750+280.550+8.750/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 172.002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/11795 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ