Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00247

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00247

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02656 дугаар шийдвэртэй

Л.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Нд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 10 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч Х.Н, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н нь Л.Бгийн нөхөр болох н.Буянжаргалын үүсгэн байгуулсан Ноён хүрд ХХК-д 2018 он хүртэл ажилласан. 2011 оны 02 дугаар сард Х.Н нь компаниас зээл авахыг хүсэхэд компанийн захирал н.Буянжаргал компаниас зээл олгохгүй, харин өөрийн эхнэр болох Л.Бгаас хувийн зээл авах боломжтой гэх саналыг тавьсан. Х.Н зээл авах хүсэлтээ илэрхийлсний дагуу Л.Бгийн зүгээс 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Х.Нгийн төрсөн эх Д.Наранцэцэгийн арилжааны банкны харилцах дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Х.Н Л.Бгаас авсан зээлээ цалин хөлснөөс суутгуулах саналыг тавьсан ч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлснөөс суутгал хийх зарчимд нийцэхгүй гэж үзээд хувийн журмаар төлөх шаардлагыг тавьсан. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Х.Н нь эхнэрийн магистрын сургалтын төлбөрийн мөнгө нэхэгдээд байна, удахгүй буцааж өгнө гэж хэлээд 1 500 000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Х.Н нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Оросын холбооны улс руу явах гэж байгаа юм мөнгө зээлээч гэж хэлэн 2 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мөн л Оросын холбооны улс явахдаа 2 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Л.Б нь Х.Нтай зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой хугацаа заагаагүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй. Х.Н 2018 оны 12 дугаар сард гэнэт ажлаа хаяж сураггүй болсон. Л.Б 2019 онд Х.Нтай холбогдоход ажлаа хүлээлгэж өгнө, тантай хувийн тооцоогоо хийнэ гэж хэлсэн боловч ирээгүй. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт зааснаар Х.Н зээлээ буцаан төлөхгүй байх эрсдэл үүссэн учраас Л.Б нь зээлийн үүргээ шаардаж шүүхэд хандсан. Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа Л.Бгаас авсан зээлийг цалингаасаа буцаан төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Гэхдээ Х.Н нь Л.Бгаас зээл авсан үйл баримтад маргадаггүй. Л.Бгийн нөхөр буюу Ноён хүрд ХХК-ийн захирал н.Буянжаргал 2014 онд нас барснаас хойш Л.Б нь Ноён хүрд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж компанийг цааш үргэлжлүүлж байгаа. Компанийн удирдлага ажилтныхаа цалингаас мөнгө суутгах боломжгүй учраас өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х.Нгаас 10 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оноос Ноён хүрд ХХК-д гадаад худалдааны менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ноён хүрд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Ц.Буянжаргал гэх хүн байсан. Миний бие 2012 онд орон сууцны урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг дутаж байгаа талаар Ноён хүрд ХХК-ийн захирал Ц.Буянжаргалд хэлсэн. Тухайн үед Ц.Буянжаргал зөвшөөрч түүний эхнэр Л.Бгийн данснаас манай ээжийн данс руу тус мөнгийг шилжүүлж байсан. Үүний дараа 2012 онд хотоос гарч ажиллахдаа сар болгоны өөрийнхөө цалингаас тодорхой хэмжээний мөнгийг хасуулахаар Ц.Буянжаргал захиралтай ярилцаж тохиролцсон. Тухайн үед ерөнхий нягтлан байсан Б.Анар цалингийн хүснэгт дээр надаар гарын үсэг зуруулж, суутгаж авдаг байсан. Энэ талаар санхүүгийн тайлан тооцоонд тусгагдаад явдаг. Түүнээс гадна Ноён хүрд ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг Ц.Буянжаргал захирал эсхүл түүний эхнэр Л.Б миний данс руу мөнгө шилжүүлж, би тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Зарим тохиолдолд дутуу мөнгийг өөрөөсөө гаргаж тайлан тооцоогоо бодож сар бүрийн эцэст ерөнхий нягтлан Б.Анарт өөрөөс гарсан зардлын баримтыг өгч, зээлийн мөнгөнөөс суутгуулж явдаг байсан. Ц.Буянжаргал захирлыг өөд болсны дараа Л.Б 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Л.Б нь зээлүүлсэн 5 000 000 төгрөг болон 1 500 000 төгрөгийн зээлийг төл гэж хэлдэггүй байсан. Учир нь сар бүрийн цалингаас суутгуулах эсхүл үйл ажиллагааны зардалд гарсан илүү мөнгийг өөрөөс гаргаж түүнийгээ хасуулаад явдаг байсан учраас Л.Б надаас өмнөх зээлээ хэзээ төлөх талаар асууж байгаагүй. Дээрх байдлаар 2018 оны 3 дугаар сард авсан 300,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны улс руу сургалтад явахдаа 4 000 000 төгрөг зээлсэн. Оросын Холбооны улсаас ирсний дараа компанийн үйл ажиллагаанд хувийн зүгээс мөнгө гарган зарцуулж, ерөнхий нягтлангаар хасалт хийлгэх байдлаар суутгуулж явдаг байсан. Би 2018 оны 12 дугаар сард Л.Бд өөрийн гараар өргөдлөө өгсөн. 20 гаруй хоногийн хугацаанд миний өргөдлийг шийдэж өгөхгүй, мөн орлон гүйцэтгэх хүнийг олж өгөхгүй, өөрийн хариуцаж байсан үйл ажиллагааг хэнд зааж үлдээх нь тодорхой байсан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас гарсан. Ноён хүрд ХХК-ийн Хан-Уул дүүргийн хүрэл тогоотын аманд гүйцэтгэж байсан хөөсөн дулаалгын ажилд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, бензин түлш, ажилчдын өдрийн хоол, унааны зардал зэргийг өөрөөсөө санхүүжүүлэн, холбогдох төлбөрийн баримтыг нягтлан О.Алтанчимэгт хүлээлгэн өгсөн. Ноён хүрд ХХК-ийн Тоёота таванбогд ХХК-д гүйцэтгэж байсан тосны шугам хоолойн засварын ажилд шаардлагатай материал, багаж хэрэгслийг өөрөөсөө санхүүжүүлэн, зээлсэн 4 000 000 төгрөгөөс суутгуулдаг байсан. Нягтлан үүнийг Ноёнхүрд ХХК-ийн кассын тайланд нэг бүрчлэн тусгадаг байсан тул санхүүгийн тайлан, кассын тайлан, кассын баримтаар нотлогдоно. 2011 оноос хойш Ц.Буянжаргал, Л.Б нараас зээлсэн, зээлийн эргэн төлөлтийг тэдгээрийн 100 хувийн эзэмшлийн Ноён хүрд ХХК-аас надад олгох байсан хөдөлмөрийн хөлс, компанийн гарах ёстой байсан үйл ажиллагааны зардлыг Х.Н би төлж барагдуулах замаар үүрэг тооцох хэлбэрээр төлбөрийг барагдуулсан. Нэгэнт төлөгдсөн мөнгийг дахин төлүүлэхээр шүүхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Х.Нгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Л.Бгийн зүгээс Х.Н зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой хугацаа заагаагүй, ахуй амьдралыг нь харгалзан үзэж боломжтой болохоороо өгөөрэй гэж хэлдэг байсан. Х.Н нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй гэж ойлгож байна. Учир нь Х.Н ажлаа хаяж явснаас нь хойш хувийн зээлээ нэн даруй төлөхийг шаардсан бөгөөд үүнээс гадна албан үүрэгтэй нь холбоотой ажлаа хүлээлгэн өгөх тооцоо тооллого хийхийг шаардсан гэтэл энэ хүн эргэж уулзах нүүргүй юм шиг таг алга болсон. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт зааснаар нэгэнт энэ хүнтэй дахин харилцах боломж нөхцөл хязгаарлагдаж ирсэн учраас зээлээ буцаан төлөхгүй байх бодит эрсдэл Л.Бд үүссэн учраас Х.Нг ажлаа орхин явснаас нь хойш олон удаа утасдаж, тооцоогоо хийх талаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 10-аас хойш буюу ажлаа халж явснаас нь хойш удаа дараа зээлсэн мөнгөө төлөх талаар болон албаны тооцоо тооллогоо хийхийг хэлсэн боловч ирж уулзаагүй, хувийн болон ажлын тооцоогоо ч хийгээгүй тул шүүхэд зээлийн үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Х.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн асуусан асуултад уг зээлийг авснаа хүлээн зөвшөөрч хариулсан. Л.Бгийн зүгээс мөнгө нэмж зээлүүлэх болгондоо зээлийн хэмжээ тэд болж байна, боломжтой болохоороо өгөөрэй гэж хэлж сануулдаг байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 75 дугаар зүйлийн 75.2.1,82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хугацаа тогтоогоогүй зээлийн гэрээнд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсанаар зээлийн үүргийг буцаан төлөх үүрэг үүсч байгааг хуульд маш тодорхой заасан байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь хэт үндэслэл муутай байна. Л.Б Х.Н нарын зээлийн гэрээний шаардах эрхийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлбол 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр юм. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Л.Бд зээлийн гэрээний үүргийг шаардах эрх хэзээ үүссэн, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дууссан гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Х.Н Л.Бгийн болон Ноён хүрд ХХК-ийн итгэлийг эвдэж, тооцоо тооллого хийхгүй орхин явсан юм. Гэрээний эрх зүйн харилцаа олон жилийн өмнө үүссэн байна. Тиймээс үүргийг шаардах хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүйгззс хууль зүйн дүгнэлт учир дутагдалтай болсон, эрх зүйн маргаантай харилцааг зохицуулж буй хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглээгүй явдалд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02656 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага 10 800 000 төгрөгийг хариуцагч Х.Нгаас бүхэлд гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Х.Н би Ноёнхүрд ХХК-нд ажиллаж байх хугацаандаа Л.Бгаас зээлсэн 4 300 000 төгрөгийг Ноёнхүрд ХХК-ийн үйл ажиллагааны зардлыг өөрөөсөө санхүүжүүлэх замаар төлж барагдуулсан болно. Намайг 2011 оноос хойш тус компанид ажиллаж байх хугацаанд компанийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг өмчлөгч нар өөрөөсөө санхүүжүүлдэг байсан. Угтаа Л.Б буюу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй байдаг байсан учраас тус компанийн үйл ажиллагааны зардлыг Л.Б өөрөөсөө санхүүжүүлдэг байсан гэж ойлгож болно. Тиймээс би ажил гүйцэтгэж байхад яаралтай худалдан авах зүйлсийг өөрөөсөө эхний ээлжид санхүүжүүлээд, Л.Бгаас зээлсэн мөнгөнөөсөө суутгуулж байх санал гаргахад тэрээр зөвшөөрч, Ноёнхүрд ХХК-ийн ерөнхий нягтлан нь Х.Н надаас гарсан зардлыг бүртгэл зээлдүүлсэн мөнгөнөөс суутгах, эдгээр зардлуудыг надад нөхөн төлөх шаардлагагүй гэсэн чиглэл өгч байсан. Тиймээс би түлш авсан баримт, Ноёнхүрд ХХК-ийн Хан-Уул дүүргийн Хүрэл тогоотын аманд болон Тоёото таванбогд ХХК-д гүйцэтгэж байсан ажиллуудад шаардлагатай хамгаалах хэрэгсэл, бензин түлш, барааны зардлыг өөрөөсөө санхүүлж, холбогдох төлбөрүудийг зээлийн төлбөрт суутгуулна гэж харилцан тохиролцсоны дагуу гарсан зардлуудын баримтыг авч, Ноёнхүрд ХХК-ийн нягтланд хүлээлгэн өгч байсан. Ноёнхүрд ХХК-ийн өмнө гүйцэтгэсэн зээлийн гэрээний үүргийг тус компанийн өмчлөгч Л.Б хүлээн авсан. Гэтэл анхан шатны шүүх Л.Бгаас зээлийн мөнгийг Л.Бд буцаан төлнө, Ноёнхүрд ХХК-аас зээлээгүй гэж дүгнэсэн нь үндсэн үүргийн үүрэг гүйцэтгүүлэгч болон харилцан тооцуулсан үүргийн үүрэг гүйцэтгэгч нь нэг этгээд байгааг анхаараагүй гэж үзэх үндэстэй байна. Гагцхүү шүүх асуудлын агуулгыг бус хэлбэрт ач холбогдол өгч дүгнэлт хийсэн, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, сунжруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Би 4 300 000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгуулж Ноёнхүрд ХХК-ийн нягтланд хураалгаж байсан төлбөрийн баримтуудыг зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэргийг хянан, хэлэлцэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн Ноёнхүрд ХХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан хэдий ч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/12764 дугаартай захирамжаар ...иргэний гаргасан нэхэмжлэлд хуулийн этгээдтэй холбоотой баримт гаргуулах нь хэрэгт хамааралгүй байх тул ... гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Тус захирамжтай холбоотойгоор зээлийн төлбөрт өөрөөс гарсан зардлыг Л.Бгийн 100 хувийн өмч болох Ноёнхүрд ХХК-д суутгуулж төлсөн болохоо нотлох боломжгүй болсон тул 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Л.Бгийн дүүргийн шүүхэд зээлийн гэрээний төлбөрт 10 800 000 төгрөгийг Х.Н надаас гаргуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр зээлийн гэрээний үүрэгт тооцуулан цалингаасаа суутгуулсан 4 592 035 төгрөг, Ноёнхүрд ХХК-ийн үйл ажиллагаанд гаргасан зардал 6 197 350 төгрөг нийт 10 789 385 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/13582 дугаартай захирамжаар ...Л.Бгиин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй... гэж үзэж хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч би зээлийн төлбөрийг төлсөн гэдгээ нотлохын тулд Ноёнхүрд ХХК-ийн үйл ажиллагаанд өөрөөсөө гаргасан зардлыг Ноёнхүрд ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Л.Б нараас шаардсан бие даасан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сөрөг нэхэмжлэлийн журмаар бус бие даасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үр дагавартай байна. Л.Бг би 2011 оноос хойш мэдэх болсон бөгөөд намайг Ноёнхүрд ХХК-д ажилтнаар шалгаруулж авсан цагаас хойш энэхүү компанид өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зориулж, өмнөх захирал Ц.Буянжаргал насан өөд болсны дараа ч бизнесийг нь өргөжүүлэх талаар мэдлэг чадвараа зориулж багахан цалин хөлсөөр амьдралаа болгож ирсэн. Амьдралд хүрэлцэхгүй байх үедээ би мөнгө зээлээд, сарынхаа цалингаас суутгуулж, компанийн ажилд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нь өөрөөсөө санхүүжүүлээд тэр хэмжээгээрээ зээлээсээ суутгуулах замаар төлж байх талаар бид харилцан тохирч, энэ журмаар зээлсэн мөнгөө суутгуулан барагдуулсан. Гэтэл Ноёнхүрд ХХК-аас гарсан гэдгээс шалтгаалан надад өс хонзон санаж түүний 100 хувийн эзэмшлийн Ноёнхүрд ХХК-д төлсөн мөнгийг Л.Бд төлөөгүй гэж шүүхийн шийдвэр гаргуулах дахин төлүүлэхэд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлтэй хамтатган дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь Х.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээг тодорхой хугацаа зааж байгуулаагүй, амьдрал ахуйг нь харж боломжоороо өгөөрэй гэдэг байсан, ажлаасаа явснаас хойш хувийн болон албаны тооцоогоо хийгээгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Л.Бгаас зээлсэн мөнгөнд өөрөөсөө гарсан зардлыг бүртгэн суутгуулж байсан, зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэжээ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд уг хугацааг тодорхой заагаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний үүргээ шаардсанаас хойш нэг сарын дотор үүрэг гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Б хариуцагч Х.Нд холбогдуулан хугацаагүй зээлийн гэрээний үүргийг хэзээ шаардсан буюу хариуцагчийн мөнгө төлөх үүрэг хэзээ үүссэнд хамааралтай нөхцөл байдлыг тодруулаагүй, уг асуудлаар талуудын тайлбар тодорхой бус байна.

Зохигчид зээлийн гэрээг байгуулсан, мөнгө авсан асуудлаар маргаагүй боловч тус компанийн зарим үйл ажиллагааны зардлыг өөрийн мөнгөөр хариуцаж зээлийг төлсөн гэсэн тайлбар гаргаж маргасан байхад шүүх уг асуудлаар тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийлгүйгээр хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал, хариуцагч Ноёнхүдэр ХХК-ийн тайлан, хөдөлмөрийн гэрээ, цалингаас зээлийн мөнгийг суутгаж авч байсан талаарх баримт, компанид эд зүйл авсан талаарх баримт зэргийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2020/12764 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Нгийн нэхэмжлэгч Л.Бгаас авсан зээлийг хариуцагч Ноёнхүдэр ХХК-д үйл ажиллагааны зардлаас суутган төлж байсан эсэхийг тодруулах, холбогдох нотлох баримтыг гаргуулах нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжтой.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Бгийн төлсөн 119 950 төгрөг, хариуцагч Х.Нгаас төлсөн 187 750 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО