| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0700/э |
| Дугаар | 446 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 446
А.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар магадлалтай, А.Б-д холбогдох 1725004570168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Цэцэн сартуул овогт А-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Б-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ийг 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн ч хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй хохирогчид учирсан хор уршиг арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохироогүй байна гэж дүгнэж, шүүгдэгч А.Б-д 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр хүндрүүлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Учир нь шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээж, шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байсан. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч мөн л хохирол төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл ийнхүү хохирол төлөхөө илэрхийлээгүй хэмээн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүндрүүлсэн нь уг зүйлийг буруу ойлгож хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн байхад илэрхийлээгүй хэмээн дүгнэсэн нь хэргийн нотлох баримт буюу шүүгдэгчийн мэдүүлгийг зохих ёсоор үнэлээгүй, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ. Ийнхүү шүүгдэгчийн хохирол төлөхөө илэрхийлсэн мэдүүлгийг зохих ёсоор үнэлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэж байна. Шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтын үед удаа дараа өгсөн мэдүүлэгтээ, мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тус тус хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа нь түүний удаа дараа өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүгдэгч А.Б нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 6,000,000 төгрөгийг төлсөн болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч А.Б-өд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хуульд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа хохирогчтой уулзан уучлалт гуйж 6,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг баримт нь хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгчийн гаргасан гомдолд хавсаргагдсан байгаа тул Р.Цэрэнханд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн гэдгийг мөн хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар ойлгохоор хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлөөс бусад үндэслэлээр хэргийг хянахгүй гэж заасан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэснийг харгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Хохирогч нь өөрийн эхийг алдсан тул шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзах боломжгүй гэдгийг дамжуулан хэлүүлсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсгээгүй гэж үзэж байна” гэв.
Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн ч хэргийн хор уршиг арилаагүй байхад шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж байгаа нь шүүгдэгчийн хувийн байдалтай тохирохгүй байна гэж дүгнээд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь тухайн өдөр хэнийг ч зодож, цохих янзтай, агсам согтуу тавьсан байдалтай байсан. Амь хохирогч 80 настай байсан. Тухайн үед үр хүүхдүүдээ гэмт халдлагаас хамгаалах гэж байгаад амь насаа алдсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн А.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 14а-01 тоот хашаанд өөрийг нь гэртээ оруулахгүй гэж хаалгаа дотор талаас нь татаж байсан 80 настай талийгаач З.Ц-г гаднаас нь хүчтэй татаж унаган амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуулийн долдугаар бүлэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр заасан болно.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан байдлыг шалгуур болгож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Б нь Ц.О-тай “хашааны хаалгаа түгжлээ” гэж хашаа давж орж ирээд маргалдах үед хүүгийнх нь эрх чөлөөнд халдах гэсэн шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор амь хохирогч З.Ц гэрийн хаалганы дотор талын бариулаас барьж гэртээ оруулахгүй байх арга хэмжээ авахаар зогсож байтал гаднаас нь А.Б хүчтэй татсанаас амь хохирогч газар унаж, зүрхний зүүн ховдлоос дээш гарах хэсэг урагдан, үнхэлцгийн хөндийд цочмог цус алдаж зүрх чихэлдсэний улмаас зүрх, судасны дутагдлаар амь нас нь хохирсон үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс гадна яагаад хүний амь нас хохирсон хор уршиг арилсан гэж үзсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хорих ялыг тэнссэнийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн давж заалдах шатны шүүх оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхтэй боловч шинээр ял оногдуулах эрх хэмжээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл гагцхүү анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх хүндрүүлэх эрхтэй атал анхан шатны шүүх ял оногдуулсан мэтээр шүүгдэгчид шинээр ял оногдуулж, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН