Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/02859

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар101/ШШ2018/02859

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Бххххххххххххххх тоотод оршин суух, Ц-н Эжын /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххх тоотод оршин суух, Г-н Энт /РД: ххххххххххх/ холбогдох

16.018.548 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Эж нь Г.Энтай 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 220 м.кв талбайтай хувийн сууцыг фитнесийн зориулалтаар түүнд түрээслүүлсэн.

Гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг 2.800.000 төгрөгөөр, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3.300.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл 2017 оны 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр сардаа 2.800.000 төгрөг, 2017 оны 10, 11, 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын түрээсийн төлбөр сардаа 3.300.000 төгрөг байна гэсэн үг юм.

Гэрээний 2.4, 2.5-д зааснаар түрээсийн төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр бэлнээр нь төлөхөөр тохирсон боловч Г.Эн нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй, түрээсийн байрыг зориулалт бусаар ашиглан архи, пиво зарж, цаг хэтрүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж ирсэн. 2017 оны 9 дүгээр сард эдний үйл ажиллагаатай холбоотой түрээсийн байранд зодоон гарч цагдаагийн байгууллагаас Ц.Эжд сануулга өгсөн байдаг.

2017 оны 5 дугаар сарын төлбөрөөс 1.000.000 төгрөг, 6,7 дугаар сарын төлбөрөөс тус бүр 1.800.000 төгрөг, 8 дугаар сарын төлбөрөөс 1.900.000 төгрөг, 9 дүгээр сарын төлбөрөөс 900.000 төгрөг тус тус дутуу төлсөн. Мөн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны сар бүрийн түрээсийн төлбөр 3.300.000 төгрөгийг Г.Энын хүсэлтийн дагуу сарын 1.650.000 төгрөг болгосон.

Г.Эн нь 2017 оны 10-12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн ба 2018 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 1.150.000 төгрөг, 2 сард 1.650.000 төгрөгийг төлөөгүй, 3 сард 479.032 төгрөгийг тус тус төлөөгүй байна.

2018 оны 3 дугаар сарын 1-10-ны хооронд 9 хоногийн түрээсийн төлбөр 479.032 төгрөг болж байгаа. 1 сарын түрээсийн төлбөр 1.650.000 төгрөгийг 31 хоногт хуваахад 1 өдрийн төлбөр 53.225,5 төгрөг гарах бөгөөд үүнийг 9 хоногт үржүүлэхэд 479.032 төгрөг гарч байгаа. 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Эн нь түрээсийн байрнаас нүүн гарсан болно.

Хариуцагч Г.Эн нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 750.000 төгрөг, мөн 6 сардаа 250.000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 10 дугаар сарын 9-ний өдөр 1.400.000 төгрөг, 11 дүгээр сарын 9-ний өдөр 1.100.000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 250.000 төгрөг, 12 дугаар сарын 8-ны өдөр 1.650.000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 1.650.000 төгрөг тус тус түрээсийн төлбөрт төлсөн.

Г.Энын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудаа төлж байсантай холбоотой Ц.Эж Хаан банк дахь депозит дансны хуулгаа ирүүлсэн ба дээр дурьдсан түрээсийн төлбөрт авсан гэж тайлбарласан төлбөрүүдийн зарим нь тусгагдаагүй. Учир нь Г.Эн нь Ц.Эжд түрээсийн төлбөрөө бэлнээр өгч байсан ба үүнийг нэхэмжлэгч авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан.

Г.Эн нь ашиглалтын зардлын өр төлбөр байхгүй. Тэрээр засвар, тохижилтын үнийг түрээсийн төлбөрт суутгах талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Энэ талаар тооцоо нийлсэн баримт ч үйлдээгүй. Яагаад энэ талаар ярьж байна гэвэл хариуцагч энэ талаар тайлбартаа тусгасан байсан.

Хэрвээ тохиролцсон бол хариуцагч талд мөн адаил баримт байх л ёстой. Ц.Эжын өмчлөлийн байранд засвар хийх гэж байгаа талаараа түүнд мэдэгдээгүй. Уг нь бол гэрээ ёсоор өмчлөгчөөс зөвшөөрөл авч байж засвар тохижилт хийх ёстой. Бид ийм хэмжээний зардал гаргасан гээд баримтаа ирүүлээгүй байна шүү дээ.

Анх гэрээ байгуулахдаа ажлын байрны дүгнэлтийн талаар мэдэж байсан. Өөрсдөө хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан атлаа түрээсийн төлбөр нэхэхээр ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна.

Тухайн үед зарим саруудад орлого муу байсан байж болох тул алдангиас чөлөөлж болно. Түрээслэгч тодорхой хугацаанд уг байрыг ашиглаад орлого олж байсан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Г.Энаас түрээсийн төлбөр 10.679.032 төгрөгийг нэхэмжилж байгаа ба алданги 5.339.516 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Г.Эн шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Эн миний бие Ц.Эжтай 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн*******нд байрлах хувийн орон сууцыг фитнес, билльярдын зориулалтаар түрээслэн авч ажиллуулсан.

Түрээсийн төлбөрийг гэрээнд сар бүрийн 1-ний өдөр төлнө гэсэн боловч бид сар бүрийн 10-нд өгч байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийн хувьд орлого бага тохиолдолд зарим нэг хугацааг хоцроосон боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байна.

Ц.Эж өөрөө ямагт ирж хяналт тавих, орлого хэр орж байгааг үзээд за болно биз, боломжоороо өгөөд явж байя гэсэн мөртлөө элдэв яриа гаргах, бичлэг дур мэдэн хийх, манай ажилчдыг элдвээр хэлж загнадаг байсан.

Түрээслэж байх хугацаандаа бид үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээ хийж зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн боловч уг ажлын байрны үйлчилгээ явуулах Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт байхгүйгээс зөвшөөрөл өгөөгүй болно.

Энэ талаар Ц.Эжд хэлэхэд би хөөцөлдөхөд тийм дүгнэлт хэрэггүй гэж дарга нь хэлсэн, та 2 дахин хөөцөлд, бүтэхгүй бол би даргад нь хэлээд өгье гэж байсан. Ер нь бид уг байрыг зориулалт бусаар ашиглаагүй бөгөөд өөрөө үйлчилгээ явуулах боломжгүй байрыг түрээслүүлсэн.

Энэ талаар өөрт нь шаардлага тавихад хүлээж авдаггүй байсан. Ажлын байрны зөвшөөрөлгүйн улмаас шалгалт ирэхэд бидэнд хүндрэлтэй байсан. Бид зөвхөн 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг л хариуцах ба өмнөх төлбөрүүд, 3 дугаар сарын гэх төлбөрийг хариуцахгүй болно.

Ц.Эж нь 3 дугаар сард өөрөө дур мэдэн манай хөрөнгийг цоожлон, лацадсан байснаас бид хугацаа болон хэрэглэгчээ алдсан. Анх байрыг түрээслэхдээ гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой хэмжээний засвар хийх, салгаж болохгүй тохижилтыг Ц.Эж үнэлэн авч түрээсийн төлбөрөөс хасч төлөхөөр тохиролцсон боловч уг төлбөрийн нэхэмжилсэн байна.

 

Иймд бид энэхүү төлбөрийг хариуцахгүй болно. 2018 оны 3 дугаар сарын эхээр Ц.Эж нь та 2 үнэхээр орлого муу байгаа бол байраа суллаад өг, би өөр хүн оруулна гэж шаардсаны дагуу бид суллаж өгсөн гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эж нь хариуцагч Г.Энт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 16.018.548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2017 оны түрээсийн төлбөр, алданги:

-5 дугаар сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг,

-6 дугаар сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, алданги 900.000 төгрөг,

-7 дугаар сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, алданги 900.000 төгрөг,

-8 дугаар сарын түрээсийн төлбөр 1.900.000 төгрөг, алданги 950.000 төгрөг,

-9 дүгээр сарын түрээсийн төлбөр 900.000 төгрөг, алданги 450.000 төгрөг,

-10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрүүдийг хугацаа хэтрүүлсэн тул алданги тус тус 148.500 төгрөг,

2018 оны түрээсийн төлбөр, алданги:

-1 дүгээр сарын түрээсийн төлбөр 1.150.000 төгрөг, алданги 457.950 төгрөг,

-2 дугаар сарын түрээсий төлбөр 1.650.000 төгрөг, алданги 440.550 төгрөг,

-3 дугаар сары түрээсийн төлбөр 479.032 төгрөг, алданги 87.662 төгрөг,

Түрээсийн төлбөр 10.679.032 төгрөг, алданги 5.339.516 төгрөг, нийт 16.018.548 төгрөг/

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5.339.516 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан хариуцагч Г.Энаас түрээсийн төлбөр 10.679.032 төгрөгийг нэхэмжилсэн болохыг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч Ц.Эж нь хариуцагч Г.Энтай 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан түрээслэгч Г.Эн нь нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Ц.Эжын өмчлөлийн *******,*******,******* гудамж,******* тоот хаягт байрлах, 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 220 м.кв талбайг фитнесийн зориулалтаар 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 жилийн хугацаатай түрээслэхээр, мөн түрээсийн төлбөрийг доорхи байдлаар төлөхөөр тохирчээ.

Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 1 сард 2.800.000 төгрөг, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сард 3.300.000 төгрөг, төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр түрээслүүлэгч Ц.Эжын Хаан банк дахь 5920180795 тоот дансанд төлөхөөр тус тус харилцан тохирсон ба хариуцагч Г.Эн нь түрээсийн гэрээ байгуулсан болон түрээсийн төлбөрийн үнийн талаар маргаагүй болно.

Дээрхи гэрээнд нэхэмжлэгч Ц.Эж, хариуцагч Г.Эн нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 3-4, 8-9, 10 дугаар тал/

 

*******,*******,******* гудамж, АОС 52А тоот, хаягт байршилтай, 000000000000000000нэгж талбарын дугаартай, 760 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, мөн хаягт байрлах 440 /332 м.кв/ м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Эж болох нь өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч Г.Эн нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэгт буюу 220 м.кв талбайд 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулсан талаараа маргахгүй байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээ нь 440 м.кв бус 332 м.кв хэмээн тусгагдсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан болно.

Ц.Эжын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын 220 м.кв талбайг иргэн Г.Эн, 2 дугаар давхрын 220 м.кв талбайг иргэн Б.Дамдинсүрэн түрээслэж буй нь нэхэмжлэгч Ц.Эжын Б.Дамдинсүрэнтэй байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээгээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 54-55 дугаар тал/

 

Хариуцагч буюу түрээслэгч Г.Эн нь нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Ц.Эжын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг буюу 220 м.кв талбайг түрээслэн өөрийн эзэмшил, ашиглалтанд байлган үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг нь түрээслэсэн тул гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй.

 

Хариуцагч Г.Эн нь түрээсийн гэрээний хугацаанд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 750.000 төгрөг, мөн 6 сард 250.000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 10 дугаар сарын 9-ний өдөр 1.400.000 төгрөг, 11 дүгээр сарын 9-ний өдөр 1.100.000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 250.000 төгрөг, 12 дугаар сарын 8-ны өдөр 1.650.000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 1.650.000 төгрөг тус тус төлсөн талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч тайлбараа гаргалаа.

/ХХ-тйн 12-21 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.7-д Түрээслэх хугацааны ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцан төлнө. /ус, дулаан, цахилгаан, хог гэх мэт гэж заасан ба түрээслэгч Г.Эн нь гэрээ ёсоор ашиглалтын зардлуудыг төлж байсан нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.Эжын Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Г.Эн нь ашиглалтын зардлын төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 12-21 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Г.Эн нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Ц.Эж түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ.

 

Мөн гэрээний 5.6-д Түрээслэгч тухайн байранд зайлшгүй өөрчлөлт хийх, /хана өрөмдөх, хана босгох, засвар хийх,/ шаардлагатай гэж үзвэл түрээслүүлэгчээс зөвшөөрөл авч, харилцан тохиролцсоны үндсэн дээр засвар, өөрчлөлтийг хийнэ гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайг эзэмшиж, ашигласан хугацаандаа засвар хийсэн, мөн засварын зардлыг түрээсийн төлбөрт тооцон суутгахаар тохирсон гэх боловч талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдохгүй байна.

 

Түрээслэгч буюу хариуцагч Г.Энын үйл ажиллагаатай холбоотой буюу түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Эж түрээсийн гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч Г.Эн хүлээн зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байрыг чөлөөлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд тухайн сард нэхэмжлэгч Ц.Эж нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүргэсэн тул уг хугацааны буюу 479.032 төгрөгийн төлбөрийг хариуцагч Г.Эн төлөх үндэслэлгүй.

 

Хариуцагч Г.Эн нь 2017 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, 6 дугаар сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, 8 дугаар сарын түрээсийн төлбөр 1.900.000 төгрөг, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 900.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр 1.150.000 төгрөг, 2 дугаар сарын түрээсийн төлбөр 1.650.000 төгрөг, нийт 10.200.000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд хариуцагч Г.Энаас 10.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эжд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 479.032 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Алимаад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу 8 хоногийн өмнө мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Г.Энаас 10.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эжд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 479.032 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эжын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239.000 төгрөгөөс илүү төлсөн 958 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Эжд олгон, үлдэх хэсгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энаас 178.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эжд олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 12253 дугаартай захирамжаар хариуцагч Г.Энын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН