Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00351

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02859 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаар магадлалтай,

Ц.Э-ын нэхэмжлэлтэй,

Г.Э-т холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 16.018.548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Г.Э-тай 2017.4.22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, АОС-52 тоотод байрлах, 220 м.кв талбайтай хувийн сууцыг фитнесийн зориулалтаар түрээслүүлсэн. Гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг 2.800.000 төгрөгөөр, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3.300.000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 2.4, 2.5-д зааснаар төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр бэлнээр төлөхөөр тохиролцсон ч Г.Э- нь хугацаандаа төлөхгүй, түрээсийн байрыг зориулалтын бусаар ашиглан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. 2017 оны 5 дугаар сарын төлбөрөөс 1.000.000 төгрөг, 6, 7 дугаар сарын төлбөрөөс тус бүр 1.800.000 төгрөг, 8 дугаар сарын төлбөрөөс 1.900.000 төгрөг, 9 дүгээр сарын төлбөрөөс 900.000 төгрөг тус тус дутуу төлсөн. Мөн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны сар бүрийн түрээсийн төлбөр 3.300.000 төгрөгийг Г.Э-ын хүсэлтийн дагуу сарын 1.650.000 төгрөг болгосон. Г.Э- нь 2017 оны 10-12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн ба 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 1.150.000 төгрөг, 2 сард 1.650.000 төгрөгийг төлөөгүй, 3 сард 479.032 төгрөгийг тус тус төлөөгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 01-10-ны хооронд 9 хоногийн түрээсийн төлбөр 479.032 төгрөг болж байгаа. 2018.03.10-ны өдөр Г.Э- нь түрээсийн байрнаас гарсан. Хариуцагч Г.Э- нь 2017.05.10-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017.06.16-ны өдөр 750.000 төгрөг, мөн 6 сардаа 250.000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 1.400.000 төгрөг, 11 дүгээр сарын 9-ний өдөр 1.100.000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 250.000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 1.650.000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2018.01.10-ны өдөр 1.650.000 төгрөг тус тус төлсөн. Г.Э- нь Ц.Э-д түрээсийн төлбөрөө бэлнээр өгч байсан. Иймд Г.Э-аас түрээсийн төлбөр 10.679.032 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги 5.339.516 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ц.Э-тай 2017.4.22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан орон сууцыг фитнес, бильярдын зориулалтаар ажиллуулсан. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-нд өгч байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээ хийж зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн боловч уг ажлын байранд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт байхгүйгээс зөвшөөрөл өгөөгүй, үйлчилгээ явуулах боломжгүй байрыг түрээслүүлсэн. Зөвхөн 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг л төлнө. Ц.Э- нь 3 дугаар сард манай хөрөнгийг цоожлон, лацадсанаас хугацаа болон хэрэглэгчээ алдсан. Салгаж болохгүй тохижилтыг Ц.Э- үнэлэн авч түрээсийн төлбөрөөс хасч төлөхөөр тохиролцсон боловч уг төлбөрийг нэхэмжилжээ. 2018 оны 3 дугаар сарын эхээр Ц.Э- нь байраа суллаж өг гэж шаардсаны дагуу бид суллаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02859 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Г.Э-аас 10 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 479 032 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 000 төгрөгөөс илүү төлсөн 958 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгон, үлдэх хэсгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас 178 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие иргэн Г.Энхжаргалын түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан. Би шүүхэд тайлбараа өгсөн. Холбогдох нотлох баримтаа цуглуулж, өмгөөлөгч ч авч амжаагүй байтал Говь-Алтай аймагт байдаг ах дүү нараас яаралтай ирэх дуудлага хүлээн авч, хөдөө яваад ирж амжаагүй байхад шүүх миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг сар гаруйхны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-нд хийж, надаас 10.2 сая төгрөг гаргуулах шийдвэр гаргасан байлаа. Үүгээрээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа зөрчиж, миний эрхийг ноцтой хөсөрдүүлсэн гэж үзэж байна. Шүүх, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэх хуудсаар мэдэгдэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77-р зүйлд заасан журмыг зөрчиж, хуралдааны товыг надад хуульд заасан журмаар мэдэгдээгүй. Шүүгчийн туслах нь “утсаар мэдэгдсэн” гэсэн тэмдэглэл хийж хэрэгт хавсаргасан байсан. Тэр нь худал, надад утсаар мэдэгдээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг хуулийн зөрчил гэж үзээгүйгээр үл барам ингэж мэдэгдэх нь зөв гэж дүгнэлээ. Шүүгчийн зарим туслах ийнхүү худал тэмдэглэл үйлдсэний учир ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдол ч байдаг тухай иргэд ярьж байна. Тухайн үед надад хуралдааны товыг лавлах байтугай тэр тухай бодож, сэхээрэх ч боломж байгаагүй бөгөөд шүүх энэ байдлаа ч нотлох боломжийг надад олголгүйгээр, миний оролцоогүйгээр хурлыг хийсэн. Үүгээрээ анхан шатны шүүх нь миний шүүхэд үгээ хэлж, мэтгэлцэх, нотлох баримтаа гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх зэрэг эрхийг ноцтой зөрчиж, намайг үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр төлөхөд хүргэсэн байхад, давж заалдах шатны шүүх намайг “тайлбар татгалзлаа нотлоогүй, бусдын өмчлөлийн байранд засан сайжруулалт хийж, хөрөнгө оруулсан бол өмчлөгчийн зөвшөөрлийг авснаа, тэдгээрийг хэрхэх талаар тохиролцоо байсан эсэх нь нотлоогүй” гэх зэргээр буруутгасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийдвэрээ ч надад хуульд заасан журмаар гардуулаагүй. “Шуудангаар хүргүүлсэн” гэсэн хоосон бланкийг хэрэгт хавсаргах байдлаар асуудлыг шийдвэрлэсэн байсан. Би анхан шатны шүүх, шүүхийн архив хоёрын хооронд бүтэн сар гүйж байж, 2019 оны 03 сарын 05-нд шүүхийн шийдвэрийн хуулбар хувийг гардаж авсан. Үүгээрээ анхан шатны шүүх мөн л хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Э- хариуцагч Г.Э-т холбогдуулан түрээсийн төлбөр 10.679.032 төгрөг, алданги 5.339.516 төгрөг, нийт 16.018.548 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Э-аас 10.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан бичгийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ....220 м.кв талбайг фитнесийн зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрийг жил бүрийн 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр 2.800.000 төгрөг, 10 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 01 хүртэл сар бүр 3.300.000 төгрөг байхаар тохиролцжээ.

Тухайн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс түрээслэгчийн санаачилгаар 2018 оны 3 дугаар сард гэрээ цуцлагдсан үйл баримтад хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-д заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар тухайн түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д  хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй байна.

Хариуцагч, түрээсийн байранд түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр засвар хийсэн, уг зардлыг түрээсийн төлбөрт суутгана гэсэн тайлбар гаргасан боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд түрээсийн төлбөрөөс засварын зардал хасч тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сараас түрээсийн төлбөрийг дутуу төлж байсан гэж өөрийн тооцооллыг гаргасныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул шүүх 2017.05 дугаар сараас 2018.02 дугаар сарыг дуусталх түрээсийн төлбөрт нийт 10.200.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Э- гомдолдоо “....шүүх хуралдаанд оролцуулаагүй эрхийг зөрчсөн” гэжээ. Өмнө нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцоо нийлэх, өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 2 удаа хойшлогдсон бөгөөд хэргийг хэлэлцсэн 2018.09.11-ний өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг түүнд боломжит хугацаанд буюу 8 хоногийн өмнө мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцсэн, түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02859 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Г.Э- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 178.150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ