Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00913

 

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02859 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Эт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 16 018 548 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Г.Этай 2017.4.22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, АОС-52 тоотод байрлах, 220 м.кв талбайтай хувийн сууцыг фитнесийн зориулалтаар түрээслүүлсэн. Гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг 2 800 000 төгрөгөөр, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3 300 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 2.4, 2.5-д зааснаар төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр бэлнээр төлөхөөр тохиролцсон ч Г.Э нь хугацаандаа төлөхгүй, түрээсийн байрыг зориулалт бусаар ашиглан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. 2017 оны 5 дугаар сарын төлбөрөөс 1 000 000 төгрөг, 6,7 дугаар сарын төлбөрөөс тус бүр 1 800 000 төгрөг, 8 дугаар сарын төлбөрөөс 1 900 000 төгрөг, 9 дүгээр сарын төлбөрөөс 900 000 төгрөг тус тус дутуу төлсөн. Мөн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны сар бүрийн түрээсийн төлбөр 3 300 000 төгрөгийг Г.Эын хүсэлтийн дагуу сарын 1 650 000 төгрөг болгосон. Г.Э нь 2017 оны 10-12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн ба 2018 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 1 150 000 төгрөг, 2 сард 1 650 000 төгрөгийг төлөөгүй, 3 сард 479 032 төгрөгийг тус тус төлөөгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 1-10-ны хооронд 9 хоногийн түрээсийн төлбөр 479 032 төгрөг болж байгаа. 2018.3.10-ны өдөр Г.Э нь түрээсийн байрнаас гарсан. Хариуцагч Г.Э нь 2017.5.10-ны өдөр 1 800 000 төгрөг, 2017.6.16-ны өдөр 750 000 төгрөг, мөн 6 сардаа 250 000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 8 дугаар сарын 1-ний өдөр 500 000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 9-ний өдөр 1 400 000 төгрөг, 11 дүгээр сарын 9-ний өдөр 1 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 250 000 төгрөг, 12 дугаар сарын 8-ны өдөр 1 650 000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2018.01.10-ны өдөр 1 650 000 төгрөг тус тус төлсөн. Г.Э нь Ц.Эд түрээсийн төлбөрөө бэлнээр өгч байсан.Засвар, тохижилтын үнийг түрээсийн төлбөрт суутгах талаар нэхэмжлэгчтэй   тохиролцсон зүйл байхгүй. Г.Эаас түрээсийн төлбөр 10 679 032 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги 5 339 516 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Этай 2017.4.22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан орон сууцыг фитнес, билльярдын зориулалтаар ажиллуулсан. Түрээсийн төлбөрийг  сар бүрийн 10-нд өгч байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээ хийж зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн боловч уг ажлын байранд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт байхгүйгээс зөвшөөрөл өгөөгүй, үйлчилгээ явуулах боломжгүй байрыг түрээслүүлсэн. Зөвхөн 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг л төлнө. Ц.Э нь 3 дугаар сард манай хөрөнгийг цоожлон, лацадсанаас хугацаа болон хэрэглэгчээ алдсан.Салгаж болохгүй тохижилтыг Ц.Э үнэлэн авч түрээсийн төлбөрөөс хасч төлөхөөр тохиролцсон боловч уг төлбөрийг нэхэмжилжээ. 2018 оны 3 дугаар сарын эхээр Ц.Э нь байраа суллаж өг гэж шаардсаны дагуу бид суллаж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Г.Эаас 10 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 479 032 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 000 төгрөгөөс илүү төлсөн 958 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгон, үлдэх хэсгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 178 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаан миний хүсэлтээр нэг удаа хойшилсон. Дараагийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэлгүй хийсэн, шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн нэг хувийг хариуцагчид гардуулаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр, нэг талыг оролцуулахгүйгээр  хийснээр шүүхэд мэтгэлцэх, өөрийн эрх ашгаа хамгаалах боломжоор хангаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Г.Эт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16 018 548 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “түрээсийн үлдэгдэл төлбөрийг буруу тооцоолсон, нэхэмжлэгч зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд хөрөнгө шилжүүлсэн” гэж маргасан. /хх-1-2, 36/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 339 516 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, АОС-52 тоотод байрлах, 220 м.кв талбайтай хувийн сууцыг бялдаржуулах төвийн зориулалтаар ашиглуулахаар шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх-3-4, 64-70/

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Э болох нь тогтоогдож байна. /хх-8/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй эсэхэд маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул түрээслэгч буюу нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Г.Эаас түрээсийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь “2 дугаар сарын түрээсийн төлбөрийг л хариуцах ба өмнөх төлбөрүүд, 3 дугаар сарын төлбөрийг хариуцахгүй” гэж тайлбарлах боловч уг өөрийн тайлбар татгалзалаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

 

Хариуцагч “түрээсийн байранд засвар, өөрчлөлт хийсэн, уг төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох ёстой” гэх боловч дээрх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар бусдын өмчлөлийн байранд засан сайжруулалт хийж, хөрөнгө оруулахаар бол өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх ёстой юм. Энэ талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүйгээс гадна салгаж авах боломжгүй засан сайжруулалт, эсхүл нэмэлт тоноглол, хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо байсан нь нотлогдохгүй байна.

 

Талууд дээрх гэрээг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цуцалж, нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул тухайн сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 200 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй. /хх-1-2, 12-19/

 

Харин шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Агийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан хойшилсон ба дараагийн шүүх хуралдааны товыг түүнд утсаар мэдэгдэж энэ талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн. Дараагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД