Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00832

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр

          Дугаар 183/ШШ2018/00832

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Шаравын гудамж, Ивээл хотгон, 000 байрны 000 тоотод байрлах, “Б” ХХК/РД:000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Шаравын гудамж, Монь Ивээл хотгон, 0 байрны 00 давхар, өөрийн байранд байрлах, “М” ХХК /РД:0000000/-д холбогдох,

172 321 308.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Онар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс М ХХК-ийн барьсан ХУД-ийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг 1 00178 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажиллаж ирсэн. Манай компани 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх орон сууцны байруудын гадна дотно, харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан узель, нэгдсэн тоолуур, цэвэр бохир ус, усан хангамж болон халаалт дулаан зэрэг бүх ажил үйлчилгээг хариуцан ажилласан ба 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс халаалт дулааны үйлчилгээг дагнан хариуцаж Дулааны цахилгаан станцтай гэрээтэй ажилладаг. М ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, санхүүд сар бүр төлбөрийн нэхэмжлэл бичиж хүргүүлсэн ба тус компанийн ня-ботой тооцоо нийлж өглөг авлагаа тулгаж байсан боловч ашигласан ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хохироож байна. М ХХК 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалт болон дулааны төлбөр 55 467 261 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацааны дулааны төлбөр 81 514 708 төгрөг нийт 136 981 969 төгрөг болох төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйгээс манай компани тус компанийн төлөөгүй төлбөрт ногдох алданги төлж алдагдалд орж байна. Иймд М ХХК-иас 136 981 969 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б ХХК нь М ХХК-иас 136 981 969 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай зөвшөөрлөө авах хүртэл хугацаанд оршин суугчид тусгай зөвшөөрөлгүй компаниар хариуцууллаа гэж гомдол гаргадаг байсан боловч бидний зүгээс Б ХХК тусгай зөвшөөрлийн материалаа өгсөн хүлээлгийн шатанд байгаа гэх мэтээр хариулт өгч явдаг байсан. Б ХХК нь СӨХ болон орон сууцны конторын үйл ажиллагаа эрхлэх ажлын дадлага туршлагагүй байсан тул манай компани хамтран ажиллаж зөвлөх туслах болон зээл хүртэл өгч үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн. Гэвч туршлагагүй байдал мөн хүн хүчний асуудлаас үйл ажиллагаа нь сайжирч өгөхгүй хотхонд ажлууд хийгдэхгүй хог новшиндоо дарагдах гэрэлтүүлэггүй болох асуудлууд ар араасаа гарч эхэлсэн. Удаа дараа шаардлага тавин ерөнхий захирал Б.Мтай уулзахад удахгүй хийнээ гэсэн хариу өгдөг байсан боловч ярьж тохирсон ажлууд хийгдэхгүй 2, 3 сар болоод байсан тул эцэс сүүлд  нь компанийн удирдлагууд ярилцаж байгаад СӨХ-г оршин суугчдаас албан ёсоор байгуулж хүлээлгэн өгөх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ хугацаанд мөн оршин суугчдын хэл ам барагдахгүй болсон ба өдөрт л хэд хэдэн оршин суугч ерөнхий захирал Б.Баатар Б ХХК-ийн үйл ажиллагааны талаар гомдол гарган уулзаж зарим нь таарах бүртээ хэлдэг байсан. М ХХК ивээл хотхондоо байрладаг мөн компанийн удирдлагууд болон ажилчид ч хотхондоо ажиллаж амьдардаг тул Б ХХК-ийн үйл ажиллагаа бид бүхний нүдний өмнө ил байсан ба оршин суугчидтай ч өдөр бүр таардаг байсан.  Бид Б ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг байсны хувьд алдагдалгүй байлгах үүднээс нэхэмжлэхээр ирсэн дулаан цахилгааны төлбөрөөс айл өрхийн төлсөнийг хасч зөрүү болон цахилгаан дулаан, усны суурь хураамж, М ХХК-ийн байрлаж буй оффис болон компанийн удирдлагуудын амьдардаг байрны ашиглалтын төлбөрийг төлсөөр ирсэн. 2016 оны 04 дүгээр сараас эхлэн Б ХХК-д төлж буй сар бүрийн ашиглалтын төлбөрөөс 1 500 000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс суутган тооцож явж байсан боловч СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөх асуудал яригдаж эхэлмэгц ерөнхий захирал Баяраатай муудалцаж 9 сарын төлбөрөөс эхлэн алданги тооцож эхэлсэн. Б ХХК нь СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй компани болно.  СӨХ –ийн үйл ажиллагаа явуулж байхдаа оршин суугчид болон манай компанид албан ёсоор нэг ч удаа санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж танилцуулж байгаагүй ба 2016 оны 10 дугаар сард манай компаниас санаачлан оршин суугчдын дундаас СӨХ байгуулах хурал зохин байгуулахад Б ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Эрхэмболорын хариуцаж ажилласан хугацааны санхүүгийн тайлан мэдээг танилцуулахыг бичгээр мэдэгдсэн боловч захирал М оролцон ямар ч нотлох баримтгүй их хэмжээний алданги ярин хурлыг үймүүлэн зогсоохыг оролдсон боловч оршин суугчид илт дургүйцэж хүлээн авсан ба танилцуулж буй тайлан мэдээ нь ч мөн ойлгомжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай: Нэхэмжлэгч Б ХХК нь М ХХК-иас дулаан халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь М ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 240 айлын орон сууцуудыг дулааны эрчим хүчээр хангах дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг “Батбаян дулаан” ХХК-тай байгуулж, манай компанитай байгуулсан дулаанаар хангах гэрээг 2017-2018 онд үргэлжүүлэн сунгах боломжгүй гэж үзэж манай компанитай байгуулсан гэрээг дуусгавар болгосон байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн дээрх орон сууцны барилгын эрчим хүчний узель, шугам сүлжээ тоног төхөөрмжийг албан ёсоор акт үйлдэхгүйгээр узелийн өрөөнд хүчээр дайран орж хаалганы цоожийг эвдэж авсан. Дээрх ажиллагаа нь М ХХК-ийн хүсэлтээр хийгдсэн байх ба манай 2 компанийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээний 1.2-д М ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана гэж үүрэг хүлээсэн, барилгын баталгаат хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар гэрээнд заасан. Иймд дээрх гэрээний дагуу өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Ивээл хотхоны 41А, 41Б, 41В, байрны узельд хийсэн засварын зардал 3 055 000 төгрөг, ажлын хөлс 4 240 000 төгрөг нийт 7 295 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын нэмэгдүүлсэн шаардлагыг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Б ХХК-ийн хариуцагч байгууллагаас 7 295 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байх ба Б ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, М ХХК нь өөрийн худалдан борлуулагдаагүй орон суунцы ашиглалтын зардлыг “Батбаян дулаан” ХХК-т төлж байгаа. Иймд нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн М ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай: Б ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 28 044 339 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлага нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөрөө М ХХК төлөөгүй тул ашигласан хэрэглэсэн усны төлбөрийг гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны усны төлбөр гэж 28 044 339 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүйн зэрэгцээ 28 044 339  төгрөгийг манай компани төлөх ёсгүй юм гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан нийт 172 321 308.65 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Нэхэмжлэгч Б ХХК нь 2015.04.01-ээс 2016.08.31-ийг хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны зардал болох  ашиглалт, лифтний  зардалд 38 785 095 төгрөг, 2015.05.01-ээс-2016.05.31-ийг хүртэлх дулааны  төлбөр 8 710 799.28 төгрөг, 2016.09.01-ний өдрийн тооцооны дагуу талбай хоорондын ус дулааны төлбөрийн зөрүү 3 280 526.20 төгрөг, Ивээл хотхоны 41А, 41Б, 41В нийт 241 айлын цахилгааны шитэнд түлхүүр хийсэн материал, ажлын хөлс 4 690 840 төгрөг, 2016.09.01-ээс 2017.08.31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөр 81 514 708.35 төгрөг, 2017.09.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх усны төлбөр 28 044 339 төгрөг, 2017.05.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх узелийн засвар буюу ус дулаан дамжуулах хоолой сольсон зардал 7 295 000 төгрөг нийт 172 321 308.65 төгрөгийн зардал гарсан, нэхэмжлэгч Б ХХК нь ашиглалтанд орсон сууцны айл өрхөөс тухай бүр ус, дулаан болон ашиглалтын зардлыг хураан холбогдох газруудад тушаасан уг нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буюу зардал нь  ашиглалтанд ороогүй орон сууцнууд болон М ХХК-ийн оффисын өөрийнх нь хэрэглэсэн хэрэглээний зардал тул хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

           Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.     

 

Нэхэмжлэгч Б ХХК  хариуцагч М ХХК нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д “ Мон ивээл ХХК нь СӨХ-ны үйл ажиллагааг Баатар дулаан ХХК-д шилжүүлэхээр тохиролцов” мөн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001 тоот “Хамтран ажиллах” гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Гүйцэтгэгч нь захиалагчийн барьж ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны 41А,41Б,41В блок бүхий 240 айлын 1-р давхартаа оффис үйлчилгээтэй орон сууцууд болон дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг орон сууц өмчлөгчдөөс төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж харилцан тохиролцож байгуулсан талуудын хоорондох харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан  хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна гэж шүүх дүгнэлээ./1х.х-ийн 37-40, 64 дүгээр тал/

 

Хариуцагч Мон ивээл  ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баатардулаан  ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот гэрээг байгуулаагүй гэж тайлбарлаж байсан боловч гэрээний эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2893 дугаар захирамж гарсан байна. Нэхэмжлэгч Б ХХК- нь 2015.04.28-ны өдрийн 001 тоот гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан байдлаар буюу гэрээг эхээр нь шүүхэд ирүүлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015.04.28-ны өдрийн 001 тоот гэрээ холбогдох хэргийн материалтай танилцсан болох нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хэрэг танилцуулсан баримтаар тогтоогдож байна./1х.х-ийн 64, 81 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “... түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “ Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн ... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан тул 2015.04.28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна.

 

“Ивээл хотхон” барилга байгууламжийг Мон ивээл ХХК ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь 2013 оны 4 дүгээр сарын 11 өдрийн 2013/22 тоот акт, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2015/20 тоот тус тус барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байна./1х.х-ийн 85-91 дүгээр тал/

 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, .... барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг” мөн хуулийн 14 дүгээр 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна”, 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж заасан байх бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч буюу хариуцагч Мон ивээл  ХХК нь  өөрийн гүйцэтгэх ажил, үйлчилгээгээ 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001 тоот “Хамтран ажиллах” гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК-иар гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна. /1х.х-ийн 37-40, 64, 85-91 дүгээр тал/

 

           Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Мон ивээл ХХК-ийн ашиглалтад оруулсан Ивээл хотхоны борлуулагдаагүй орон сууцны ашиглалтын зардал, хариуцагч компанийн оффисын ашилалтын зардлыг шаардсан нь үндэслэлтэй байх ба хариуцагч Мон ивээл ХХК ашиглалтын зардлыг нэхэмжлэгчид төлөх үүргээ гүйцэтгэж байсан болох нь хариуцагчаас ирүүлсэн 119 хуудас нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлгүй уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж төлбөрийг төлөхгүй гэж татгалзсан хариуцагчийн татгалзал нь шударга ёсны зарчимд үл нийцэж байх тул татгалзал үндэслэлгүй байна. /2х.х-ийн 105, 107-226 дугаар тал/

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б ХХК  нь 2016.08.23-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээг Ус сувгийн удирдах газартай, 2016.08.11-ний өдөр “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай тус тус гэрээ байгуулж Ивээл хотхоны 240 айлын ус, дулаанаар хангах ажлыг гүйцэтгэж байсан, эдгээр гэрээнүүдийн дагуу ус, дулааны төлбөрийг төлж барагдуулсан болох нь 2018.03.07-ны өдрийн 12/323 тоот Улаанбаатар дулааны сүлжээ компанийн албан бичиг, 2016.01.01-ээс 2016.12.31. өдөр хүртэл, 2017.01.01-ээс 2017.12.31. өдөр хүртэл Ус сувгийн удирдах газарт  төлбөр төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1 х.х-ийн 160, 2х.х-ийн 28, 35, 36, 48 дугаар тал /

 

           2016.09.01-ний өдрийн тооцооны дагуу талбай хоорондын ус дулааны төлбөрийн зөрүү 3 280 526.20 төгрөгийн үлдэгдэл тооцоотой байгаа болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тамгаар баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна. /1 х.х-ийн 155 дугаар тал/  

 

          Иймээс Ус, дулааны төлбөртэй холбогдох шаардлагыг хувьд нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 2015.05.01-ээс-2016.05.31-ийг хүртэлх дулааны  төлбөр 8 710 799.28 төгрөг, 2016.09.01-ний өдрийн тооцооны дагуу талбай хоорондын ус дулааны төлбөрийн зөрүү 3 280 526.20 төгрөг, 2016.09.01-ээс 2017.08.31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөр 81 514 708.35 төгрөг, 2017.09.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх усны төлбөр 28 044 339 төгрөг нийт 121 550 373.65 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.

 

           2015.04.01-ээс 2016.08.31-ийг хүртэлх сууц өмчлөгчдийн холбоо, лифтний  зардалд 38 785 095 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөр нь Ивээл хотхоны борлогдоогүй орон сууц, Мон ивээл ХХК-ийн оффисын ашиглалт, лифтний зардал байх бөгөөд уг зардал төлбөрийг хариуцагч төлснөө баримтаар нотлоогүй, уг ажлыг 2015.04.28-ны өдрийн 001 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил байх тул уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. /1х.х-ийн 107-131 дүгээр тал/

 

           2015 оны 4 дүгээр сарын 28-ны 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д “ М ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана.” гэж талууд харилцан тохиролцсон байна. Ус, дулааны хоолой сольсон болох нь 2017.12.02-ний өдрийн зарлагын баримт, 2018.01.15-ний өдрийн 1001/4/2352, 2015.01.15-ний өдрийн 1001/4/2351 тоот кассын зарлагын ордероор тус тус тогтоогдож байх тул  баталгаат хугацаанд гарсан зардал болох 2017.05.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх узелийн засвар, ус, дулаан дамжуулах хоолой сольсон зардал 7 295 000 төгрөгийг  хариуцагч төлөх  үндэслэлтэй байна./2 х.х-ийн 82,83 дугаар тал/

        

           Хариуцагч М ХХК нь  Ивээл хотхон барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд уг ашиглалтанд оруулсан орон сууцны цахилгааны ажлыг бүрэн хийж Улаанбаатар Цахилгаан түгээх станц ТӨХК-нд хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч түүний үүргийг нэхэмжлэгч даалгаваргүйгээр гүйцэтгэжээ.

 

           Учир нь цахилгааны ил байгаа утсыг далдлахгүй байснаар бага насны хүүхэд гэмтэх, цахилгааныг эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөөгүйгээс оршин суугчид цахилгаанаар эрчим хүчээр хангагдах эрх хөндөгдөж болзошгүй байжээ.

           

           Иймээс оршин суугчдын эрх ашигт учирч болзошгүй аюулыг, эрсдлийг урьдчилан зайлуулах зорилгоор цахилгааны ил утсыг далдсан, эрх бүхий байгуулагад цахилгааныг хүлээлгэн өгсөн  нь баримтаар тогтоогдож байх тул 41А, 41Б, 41В нийт 241 айлын цахилгааны шитэнд түлхүүр хийсэн материал, ажлын хөлсөнд гарсан 4 690 840 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ./1х.х-ийн 138-153 дугаар тал/

 

          Хариуцагчаас 2018 оны 4 дүгээр сарын 5 өдөр ирүүлсэн нийт 122 хуудас баримтаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, нотлох баримтын шаардлага хангасан 119 хуудас баримтыг шүүх хүлээн авч шинжлэн судалж үзэхэд хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлж гүйцэтгэсэн эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хугацааны төлбөрийн баримт биш, уг төлбөрүүдийг төлсөн талаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй,төлсөн талаар нь маргаагүй ба хариуцагчийн төлөөгүй хугацааны төлбөрийг нэхэмжилсэн байна. /2х.х-ийн 105, 107-226 дугаар тал/

 

          Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.2 дахь зүйлд зааснаар ус дулаан төлбөрт 121 550 373.65 төгрөг,  сууц өмчлөгчдийн холбоо, лифтний  зардалд 38 785 095 төгрөг, узелийн засвар, ус, дулаан дамжуулах хоолой сольсон  зардал 7 295 000 төгрөг,  41А, 41Б, 41В нийт 241 айлын цахилгааны шитэнд түлхүүр хийсэн материал, ажлын хөлсөнд гарсан зардал 4 690 840  төгрөг нийт 172 321 308.65 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

           Хариуцагч Мон Ивээл ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр М.Цэндсүрэнд итгэмжлэл олгожээ. /1х.х-ийн 177 дугаар тал/

 

           Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т “Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.” гэж заасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэ олгосон итгэмжлэлд өмгөөлөгч сонгох, түүнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах эрхийг хариуцагч олгоогүй байна. Иймд өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нь эрхгүй этгээдээс олгосон хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцох боломжгүй юм. Иймээс шүүх хэргийн оролцогч биш этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.2 дахь зүйлд заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 172 321 308.65 /нэг зуун далан хоёр сая гурван зуун хорин нэгэн мянга гурван зуун найман төгрөг жаран таван мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 019 556 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Ц.О