Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00342

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00342

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Дулаан, халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 172 321 308 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрхэмболор

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Пүрэвлхам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Даваажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс М ХХК-ийн барьсан Хан-Уул дүүрэг, 3 хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг 00178 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажилласан.

Гэрээ байгуулж, тооцоо нийлж ирсэн.

М ХХК 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалт болон дулааны төлбөр 55 467 261 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацааны дулааны төлбөр 81 514 708 төгрөг нийт 136 981 969 төгрөгөө цаг хугацаандаа төлөөгүй.

Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Ивээл хотхоны 41А, 41Б, 41В, байрны узельд хийсэн засварын зардал 3 055 000 төгрөг, ажлын хөлс 4 240 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөрт 28 044 339 төгрөг, нийт 172 321 308.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 55 467 261 төгрөгийн шаардлагыг задлавал СӨХ-ны төлбөрт 38 785 095 төгрөгийг, тооцоо нийлсэн 3 280 526, цүүц, цоож авч хийлгэсэн хөлс 4 690 840, ус дулааны төлбөрт 81 514 708, узель, шугамд засвар хийсэн 7 295 000 төгрөг тоолуураар төлсний зөрүү 8 710 799 төгрөг, усны төлбөрт 28 044 339 төгрөг болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэслэлгүй үнийн дүн нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэдэн байр хоосон байсныг тооцоод суурь үнээ нэхэмжлэх юм бол манайх төлөх боломжтой. Нарийвчилсан тооцоо гаргаагүй. Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн байгууллагад хандаад УБВС-ээс ямар хэмжээгээр авсан ямар үнээр тооцсон, хэдий хэмжээний ус авсан гэх мэтчилэн мэдээллийн үндсэн дээр тооцоог мэргэжлийн байгууллагаар гаргуулаад гарч ирсэн төлбөрийг төлөх боломжтой. Хариуцагчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж эрчим хүчний салбараар энэ төлбөрийг тооцож гаргуулах хүсэлтэй байна. Бидний өмнөөс төлсөн гэдгийг нотлох хэрэгтэй. Хавтаст хэрэгт нэхэмжлэхүүд байгаа. 2015 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлээд нэхэмжлэх бичих боломжтой. Төлчихсөн төлбөрийг нэхэмжлээд байгаа бол төлсөн баримтаа хэрэгт өгөөгүй.

Тухайн байгууллага бодитой тооцоо гаргаж өгвөл манайх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үндэслэлгүй өндөр дүн гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан М ХХК-иас 151 688 405 гаргуулан, Б ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 20 633 023 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 556 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 916 392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, тал бүрээс нь, үнэн зөв дүгнээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн. Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн хэргийн үйл баримт, хугацааны хувьд хамааралтай нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна.

Хэрэгт СӨХ-ны бүх гишүүдийн хурал хийсэн, сууц өмчлөгчид 1 сард ногдох төлбөрийг тогтоосон, Монь-Ивээл ХХК-д ногдох СӨХ-ийн төлбөр ямар тооцооны дагуу гарсан талаар баримт огт авагдаагүй байтал шүүхээс Барилга байгууламжыг ашглалтад оруулсан улсын комиссын актыг үндэслэж, 2014 оны 1 тоот гэрээний дагуу 38 785 095 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад хамааралгүй баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Нөгөөтэйгүүр ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр гэж нэг ойлголт уу, эсвэл өөр зүйл нэхэмжилж байна уу гэдгийг ялгаж дүгнээгүй байна.

Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн даалгавар болон мөнгө олгохыг хүссэн баримтууд нь нэхэмжлэлд тодорхойлсон хугацаа болох 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн хамаарч байгаа ба гүйлгээний утга нь ашиглалт, дулааны төлбөр гэсэн баримтуудыг зөвхөн тооцож үзэхэд хариуцагч нь 58 272 284 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн нь баримтаар нотлогдож байна. Гэтэл шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрхи баримтуудыг бүхэлдээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан буюу тухайн хугацаанд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн, хэргийн баримт, нотлох баримтын хамаарал, нотолгооны ач холбогдолыг бүрэн тогтоож, зөв дүгнээгүй гэж үзэхээр байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоогоор усны төлбөрийг М ХХК нь 2016 оны 06 сарыг дуустал хугацаанд 14 233 318 төгрөгийг төлсөн байх тул усны төлбөрт 13 811 021 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж мөн нотлох баримтыг буруу дүгнэсэн. Учир нь уг баримт нь 2016 оны 01 сараас 2016 оны 12 сарыг хүртэлх тооцооны хуудас бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг хүртэлх хугацааны усны төлбөр нэхэмжилсэн байтал цаг хугацааны хувьд хамааралгүй баримтыг үндэслэж нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. Түүчлэн хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөрийн баримт, задаргаа байхгүй, нэгдсэн нэхэмжлэх гэж нэрлэсэн нэхэмжлэгч тал өөрөө бичиж гаргасан баримтыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхад хэргийг шийдвэрлэсэн.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан дулаан, халаалт, цэвэр болон бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 172 321 308 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б ХХК болон М ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /2 хх 64 дэх тал/ Уг гэрээгээр М ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны 241 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, хоолойн, гадна болон дотор шугам, узелийн тоног төхөөрөмж, СӨХ-ны үйл ажиллагааг Б ХХК-д шилжүүлжээ.

Мөн талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдсан, гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрт 38 785 095 төгрөгийг М ХХК-ийн өмнөөс төлсөн тул зардлаа шаардах эрхтэй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийхдээ ямар баримтад үндэслэснээ тайлбарлаагүй байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 107-131 дэх тал авагдсан бичгийн баримтыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулж, СӨХ-ны төлбөрийг нотлоно гэж тайлбарласан боловч уг баримтуудыг өөрөө үйлдэж, санхүүгийн тэмдэгээ дарсан байх тул хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэж болохгүй болно. Түүнээс гадна нэхэмжлэлд дурдсан хугацаанд 241 айлын орон сууцнаас хэдэн орон сууц худалдан борлогдоогүйгээс дундын өмчлөлийг зүйлийн ашиглалттай холбоотой гарсан зардлыг ямар хэмжээгээр М ХХК хариуцах талаар хангалттай мэдээлэл байхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь Ус сувгийн удирдах газартай 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан.

Нэхэмжлэгч дээрх 2 гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ус, дулааны төлбөрт хариуцагч 81 514 708 төгрөг гаргуулна гэж шаардсан.

Дээрх 2 гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК нь Ус сувгийн удирдах газар болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлбөр төлсөн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэж төлбөрийн хэмжээг 93 506 033 төгрөгөөр тогтоохдоо Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны 12/323 тоот албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ус сувгийн удирдах газарт төлбөр төлсөн баримт, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг үнэлсэн гэжээ.

Хэргийн 1 дүгээр хавтас 142, 144, 146, 148, 150, 152, 153 дах талд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг баримтыг Хаан банкны хэрэглэгчийн хуулга гэх /1 хх 143, 145, 147, 149, 151 дэх тал/ 5 баримттай харьцуулан дүгнэвэл М ХХК-ийн дулааны төлбөрт 5 328 178 төгрөг төлөгдсөн гэж дүгнэхээр байна. Талуудын хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдэл баталгаа баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаан дах хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан болох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлсэн дүнгээр 3 280 526 төгрөгийг М ХХК нь Баатар дулаан хан ХХК-д төлөхөөр байх боловч уг үнийн дүнд ямар төлбөр /СӨХ, ус, дулаан .../ орсон талаар тэмдэглэгдээгүй байна.

Ус сувгийн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх албаны санхүүгийн тэмдэг дарагдсан Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо /2хх 35,36 дах тал/ гэх баримтаас үзвэл Б ХХК нь 2016 оны 01-12 сарын усны төлбөрт 38 939 754 төгрөг, 2017 оны 01-12 сарын усны төлбөрт 62 860 624 төгрөгийг төлсөн гэжээ. Үүнээс ямар хэмжээтэй усны төлбөрийг хариуцагч М ХХК төлөх нь тодорхойгүй байхаас гадна худалдан борлогдоогүй орон сууцанд ус ашиглалтын төлбөр гарсан нь эргэлзээтэй, үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбарыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэдэн орон сууцны, юуны төлбөрийг, ямар хэмжээгээр төлөх нь тодорхойгүй болжээ.

Түүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлд алданги орсон гэх тайлбарыг давж заалдах шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй гэж дүгнэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг тогтоож, дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА