Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00872

 

БДХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02848 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаар магадлалтай, 

БДХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

МИ ХХК-д холбогдох, 

Дулаан, халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 172.321.308 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч БДХ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь МИ ХХК-ийн барьсан Хан-Уул дүүрэг, 3 хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 00178 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажилласан. МИ ХХК нь худалдагдаагүй орон сууцанд ногдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээ болон халаалтын зардал төлөх үүрэг хүлээсэн. Мөн тус компани нь тухайн барилгад оффис эзэмшдэг тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал төлөх үүрэгтэй. Манай компанийн зүгээс МИ ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, тооцоо нийлж байсан боловч ашигласан ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хохироож байна. Иймд хариуцагчаас дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээний дагуу Ивээл хотхоны 41А, 41Б, 41В, байрны узельд хийсэн засварын зардал 3.055.000 төгрөг, ажлын хөлс 4.240.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалт болон дулааны төлбөр 55.467.261 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацааны дулааны төлбөр 81.514.708 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөрт 28.044.339 төгрөг, нийт 172.321.308.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...БДХ ХХК нь СӨХ болон орон сууцны конторын үйл ажиллагаа эрхлэх ажлын дадал туршлагагүй байсан тул манай компани хамтран ажиллаж, зөвлөх болон зээл хүртэл өгч үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн. Гэвч туршлагагүй байдал мөн хүн хүчний асуудлаас үйл ажиллагаа нь сайжирч өгөхгүй хотхонд ажлууд хийгдэхгүй хог новшиндоо дарагдах гэрэлтүүлэггүй болох асуудлууд ар араасаа гарч эхэлсэн. Удаа дараа шаардлага тавин ерөнхий захирал Б.Мөнхбаатартай уулзахад удахгүй хийнэ гэсэн хариу өгдөг байсан боловч ярьж тохирсон ажлууд хийгдэхгүй 2, 3 сар болоод байсан тул эцэс сүүлд нь компанийн удирдлагууд ярилцаж байгаад СӨХ-ийг оршин суугчдаас албан ёсоор байгуулж хүлээлгэн өгөх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ хугацаанд мөн оршин суугчдын хэл ам барагдахгүй болсон. 2016 оны 4-р сараас эхлэн БДХ ХХК-д төлж буй сар бүрийн ашиглалтын төлбөрөөс 1.500.000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс суутган тооцож явж байсан боловч СӨХ-ийг оршин суугчдад хүлээлгэн өгөх асуудал яригдаж эхэлмэгц ерөнхий захирал Баяраатай муудалцаж 9-р сарын төлбөрөөс эхлэн алданги тооцож эхэлсэн. БДХ ХХК нь СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй компани болно. СӨХ-ийн үйл ажиллагаа явуулж байхдаа оршин суугчид болон манай компанид албан ёсоор нэг ч удаа санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж танилцуулж байгаагүй. Ус дулааны төлбөр нэхэмжлэхдээ хууль дурмийн дагуу нэхэмжлэх үүрэгтэй. Гэтэл ямар ч үндэслэлгүй, тодорхой бус тооцооллоор их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, айл ороогүй, хоосон байрнаас усны төлбөр нэхэмжилсэн. Гэтэл хоосон байранд усны төлбөр гарах боломжгүй. Усны суурь үнэ нь 42 айлаар тооцоход 105.000 төгрөг болж байгаа юм. Мөн лифтний төлбөрийг бүх хоосон байраар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн айл бүр тоолууртай байхад цахилгаан эрчим хүчний төлбөрийг тоолуураар бус м.кв-аар тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компаниас санаачлан 2016 оны 10 дугаар сард оршин суугчдын дундаас СӨХ байгуулах хурал зохион байгуулахад БДХ ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Г.Эрхэмболорыг хариуцаж ажилласан хугацааны санхүүгийн тайлан мэдээг танилцуулахыг бичгээр мэдэгдсэн боловч захирал Б.Мөнхбаатар оролцон ямар ч нотлох баримтгүй их хэмжээний алданги ярин хурлыг үймүүлэн зогсоохыг оролдсон боловч оршин суугчид илт дургүйцэж хүлээн авсан ба танилцуулж буй тайлан мэдээ нь ч мөн ойлгомжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02848 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан МИ ХХК-иас 151 688 405 гаргуулан, БДХ ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 20 633 023 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 556 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 916 392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаар магадлалаар ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.019.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрхэмболорын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж дүгнэсэн. Ингэхдээ хэргийн 1 дүгээр хавтас 142, 144, 146, 148, 150, 152, 153 дах талд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг баримтыг Хаан банкны хэрэглэгчийн хуулга гэх /1хх 143, 145, 147,149,151 дэх тал/ баримттай харьцуулан дүгнэвэл МИ ХХК-ийн дулааны төлбөрт 5.328.178 төгрөг төлөгдсөн гэж дүгнэхээр байна гэж дурьдсан байх бөгөөд дээрх баримт нь Баатар дулаан хан ХХК-иас УБЦТС ХК-д МИ ХХК-ийн өмнөөс цахилгааны төлбөр төлсөн баримт буюу дулааны төлбөрийн баримт биш байтал дулааны төлбөрийн баримт мэтээр магадлалд дурьджээ. Түүнчлэн талуудын хооронд хийгдсэн “Тооцооны үлдэгдэл баталгаа” баримтаар 3.280.526 төгрөгийг МИ ХХК нь Баатар дулаан хан ХХК-д төлөхөөр байх боловч уг үнийн дүнд ямар төлбөр орсон талаар тэмдэглэгдээгүй гэсэн бөгөөд дээрх тооцооны үлдэгдлийн баримтын дэлгэрэнгүй нь хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан баримтаар баталгаажигдан авагдсан байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь магадлалд дурьдсан цахилгааны төлбөрийг дулааны төлбөр гэж төлсөн мэтээр дүгнэсэн. Хэрэгт авагдсан нэхэмжлэхийн задаргаануудыг огт үнэлээгүй нь усны төлбөрийн задаргаан дээр ашигласан усыг тоолуурын заалтаар ашиглаагүй усыг суурь хураамжийн дагуу нэг бүрчлэн тооцсон, түүнчлэн зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнийн тарифаар ус, дулааны төлбөрийн зөрүүг тооцсон зэрэг нотлох баримтуудаас харагдаж байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч яг ямар нөхцөл байдлаар ноцтой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ. Тодруулбал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг удирдлага болгохдоо ямар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх нь тодорхой заагаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан баримтыг өөрөө үйлдэж, санхүүгийн тэмдэгээ дарсан байх тул хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэж болохгүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2-т “...үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал, нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг гэж үзвэл нэхэмжлэгч нь үндэслэлээ яв цав тодорхойлж шаардлагаа гаргасныг анхан шатны шүүх зөв үнэлж, хуульд зааснаар дүгнэсэн юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

БДХ ХХК анх МИ ХХК-д холбогдуулан 2015.04.01-ний өдрөөс 2016.09.01-ний өдөр хүртэл ашиглалт, лифтний төлбөр 38.785.095 төгрөг, 2015.05.01-2016.05.31-ний хүртэлх дулааны зөрүү төлбөр 8.710.799.28 төгрөг, 2016.09.01-ний компани хоорондын үлдэгдэл төлбөр 3.280.526.20 төгрөг, 41А, 41Б, 41В байруудын цахилгааныг УБЦТС-д хүлээлгэн өгөх материал болон ажлын хөлс, зөрүү цахилгааны төлбөр 4.690.840.82 төгрөг, 2016.09.01-нээс 2017.08.31-ны хүртэл ус, дулааны төлбөр 81.514.708 төгрөг 35 мөнгө, нийт 136.981.969 төгрөг 65 мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргажээ. /1-хх-1-2-р тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч  41А, 41Б, 41В байрны узельд хийсэн засварын зардал 3.055.000 төгрөг, ажлын хөлс 4.240.000 төгрөг, 2017.09.01-с 2017.12.31-ний өдөр хүртэлх усны төлбөрт 28.044.339 төгрөг, нийт 35.339.339 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, бүгд 172.321.308 төгрөг гаргуулахыг хүссэн  байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй талаар магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагч МИ ХХК нь өөрийн барьсан Хан-Уул дүүргийн, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ивээл хотхоны 41А, 41Б,41В байрыг барьж ашиглалтад оруулсан ба Барилгын тухай хуульд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч буюу хариуцагч нь өөрийн ажил үйлчилгээгээ 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч БДХ ХХК-р гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ.

Хариуцагч МИ ХХК-ийн өөрийнх нь эзэмшиж буй байрны ашиглалтын зардлыг болон тухайн барилгын худалдан борлогдоогүй орон сууцанд ногдох ашиглалтын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүр, түүний үндэслэлүүд, тэдгээрт өгсөн хариуцагчийн тайлбарыг тодорхой болгоогүйгээс зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь юу болох нь ойлгомжгүй болжээ. Маргааны зүйл тодорхой бус, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймээс шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.019.556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                       Г.АЛТАНЧИМЭГ