Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2020/00562

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2020/00562

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг Сүхбаатарын талбай, www.golomtbank.com хаягтай Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг Бор гүвээ 1-29 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ын ******* /МЮ66050361/

Хариуцагч:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Хилчин 91-11 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ын ******* /МЮ-77092470/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23.735.959.79 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Зээлдэгч Ч.*******, Ч.******* нар нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Голомт банктай ЭГ4320002655 тоот орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан 37.080.000 \Гучин долоон сая наян мянган\ төгрөгийг сарын 01 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1\3 байр 3-1 тоотод байрлах Ү-2206030252 улсын бүртгэлийн дугаар бүхий 30.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авч, дээрх үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээ байгуулсан.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байсаар шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 646 хоног хугацаа хэтэрч, 12.631.281.31 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн зөрчил үүссэн байна.

Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээл төлөгдөхгүй, гэрээ зөрчигдсөн хэвээр байна.

Иймд Ч.*******, Ч.******* нартай байгуулсан орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19.369.592.67төгрөг, зээлийн хүү 4.311.045.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.321.36 төгрөг, нийт 23.735.959.79 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч Ч.******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа:

...Миний бие Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие 2012 оны 05 сарын 01-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулан 37,080.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зориулалттайгаар авсан. Тухайн авсан зээлээ сал бүр хуваарийн дагуу төлж ирсэн ба сүүлийн саруудад ажил бизнесийн үйл ажиллагаа маань халдварт өвчин болоод хорио цээрээс шалтгаалан зогссоны улмаас зуулаа цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Миний хувьд авсан зээлээ төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэлд дурдсан 23.735.959 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулах боломжгүй юм.

Учир нь: нэхэмжлэлд шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар12,631,281 төгрөг төлөгдөөгүй гэсэн атлаа үндсэн зээл 19,396,592 төгрөг, зээлийн 4,311,045 төгрөг гэдэг нь ойлгомжгүй байна.

Иймд миний бие нь тус банканд төлсөн баримтуудаа үзэж шалгасны дараагаар мөн тайлбар өгөх болно! гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомтбанкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.735.959.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 07 дугаар сарын 28ы өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл:

Шүүх Голомт банкны Сэлэнгэ салбарын Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан 23.735.959.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2020 оны 7 дугаар сарын 28ы өдөр хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.

 

Мөн 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг түүний 85256026 дугаарын утсаар 2020 оны 08 сарын 26-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 10 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтийг ирүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг зохигчдын өмгөөлөгч гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2020 оны 09 дүгээр 11-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон боловч хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн хүсэлтээр шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

        Учир нь: Голомт банкны Сэлэнгэ салбар нь Ч.*******, Ч.******* нартай 2012 оны 05 дугаар сарын 01ий өдөр 37.080.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээр тохирч, зээлдэгч Ч.*******гийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, зээл олгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсч, улмаар хариуцагч нь хуулийн 451.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч Голомт банкны өмнө хүлээсэн байна. /хх-6-17 тал/ 

Түүнчлэн зээлийн гэрээний 3.1.1-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гүйцэтгээгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байгаа бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

          Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, мөн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, харин ... нэхэмжлэлд шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 12.631.281 төгрөг төлөгдөөгүй гэсэн атлаа үндсэн зээл 19,396,592 төгрөг, зээлийн 4.311.045 төгрөг гэдэг нь ойлгомжгүй байна... гэж маргасан байна. /хх-56 тал/

          Хариуцагчийн тайлбар, мөн хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Голомт банк, Ч.*******д 2019 оны 09 дүгээр сарын 14ы дотор зээл, хүү нийт 21,703,509,80 төгрөгийг төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд зээлдэгч 2020 оны 5 сарын 22-ны өдөр ... тус банкнаас вива сити хороололд банкны зээлээр орон сууц худалдан авсан. Өвчний улмаас төлөлт хийж чадалгүй хугацаа алдсан тул уг асуудлыг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй... гэх өргөдлийг Голомт банканд гаргасан байна. /хх-22, 25 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 4.4-д зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох тул нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 10ы өдрийн  байдлаар тооцож 23,735,960,12 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч Ч.*******, Ч.******* нар нь 2019 оны 05 дугаар сарын 09ий өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 19,369,593 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

          Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк, Ч.*******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 31ий өдрийн Ипотекийн гэрээ цуцалж, хариуцагч Ч.*******, Ч.Наранбатар нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19,369,593 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.714.898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211.339.47 төгрөг, нийт 23.735.960,12 төгрөгийг гаргуулан Голомт банкинд олгох зүйтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Ч.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206030252 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг баримтлан Ч.*******, Ч.******* нараас 23.735.959.67 төгрөг гаргуулан Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1зааснаар Ч.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206030252 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас 276.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ