Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2020/00563

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2020/00563

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Шинэ дэлхий цамхаг 705 хаягт байршилтай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр багт байрлах Сэлэнгэ -Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46.288.396 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэгтгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг: Энэхүү нэхэмжлэлийг гаргагч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны дулаан хангамжийг хариуцаж ажилладаг ба 2016-2018 онуудад манай үзүүлсэн үйлчилгээний дулааны алдагдлын Улсын төсвөөс олгосон татаасны хэмжээгээр хариуцагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Учир нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2015-2016 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА XЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 293 дугаар тогтоолын 2 дугаарт "Энэ тогтоолын хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2016 онд олгох шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасны санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай гээд, дурдсан хавсралтын 5-д Сэлэнгэ аймгийн дулааны станцууд Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ 500.0 сая төгрөг" гэж,

2. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2016-2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 338 дугаар тогтоолын 2-т Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад олгох шаардлагатай эрчим хүчний алдагдлын татаасны тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай гээд, дурдсан 1 дүгээр хавсралтын 5-д Сэлэнгэ аймгийн дулааны станцууд ("Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ) 500.0 сая төгрөг гэж,

3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2017 ОНЫ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 338 дугаар тогтоолын 6-д 6.1 энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр компаниудад 2018 онд шаардагдах татаасны тооцоог хянаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулан санхүүжүүлэх гээд, уул 1 дүгээр хавсралтын Дулааны станцын алдагдлын татаас" хэсгийн 5-д Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Сэлэнгэ аймгийн дулааны станцууд/ 500.0 сая төгрөг гэж, тус тус зааж байсны дагуу Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиудад дээрх 3 оны дулааны алдагдлын татаас 500.0 сая төгрөгөөр төсөвлөгдсөн бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын жил жилийн Төсвийн хуваарь батлах тухай тушаалуудаар уг эрчим хүч, дулааны алдагдлын татаасыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын дансаар дамжуулан олгохоор шилжүүлсэн байдаг юм.

Гэтэл Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГазар нь Сэлэнгэ аймгийн дулааны станцууд-ын нэг болох Сэлэнгэ аймаг, Ерөө сумын ******* тосгоны дулаан хангамжийг хариуцан ажилладаг *******" ХХК-д хуваарилагдсан 200.000.000 төгрөгөөс:

1. 2016 оны татаасын үлдэгдэл болох 50.000.000 төгрөгийг,

2.2017 онд Сэлэнгэ аймгийн дулааны станцуудад олгосон 500.000.000 төгрөгөөс ******* ХХК-д олгогдох 200.000.000 төгрөгийг бүхлээр нь,

3.2017 онд Сэлэнгэ аймгийн дулааны станцуудад олгосон 500.000.000 төгрөгөөс ******* ХХК-д олгогдох 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 114.285.713 төгрөгийг тус тус хувийн байгууллагад мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн шалтгаар шилжүүлэхгүйгээр өөрийн компанийнхаа хэрэгцээндээ зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж манай компанийг хохироосоор байна.

Хариуцагчийн энэ хууль бус хөрөнгөжилт буюу 2016 оны дулааны алдагдлын татаасын үлдэгдлийн асуудлаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өрөөнд хуралдаан хийж 2016 оны татаасны үлдэгдлийг олгохоор шийдвэрлэсэн боловч байдал хэвээр үргэлжилсээр байгаа нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандахад 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/37 тоот албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/223 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1448 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн а/1038 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/76 тоот албан бичгүүдээс харагдаж Сэлэнгэ- Энерго ОНӨААТҮГ-ын энэ хууль бус хөрөнгөжсөн үйл ажиллагаанаас болж манай компани 2017 онд сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байна.

Иймд Улсын төсвөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны дулаан хангамжийг хариуцдаг *******" ХХК-д 2016 онд олгосон дулааны алдагдлын татаасны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 онд олгосон дулааны алдагдлын татаас 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгөөр Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үүнийг Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-аас гаргуулах.

Хоёр. Манай компани Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгоны дулаан хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд ******* тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг ******* тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46,288,396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгонд 2018 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46,288,396 төгрөгийг мөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү!... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Нэхэмжлэгч ******* ХХК нь 364.285.714 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: 1. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ- Энерго ОНӨААТҮГ дулааны алдагдлын татаас мөнгийг олгодог. Манай байгууллага нь Эрчим хүчний яам, Сангийн яамуудад техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа тогтмол өгч дулааны алдагдлын татаасны санхүүжилт авдаг.

Монгол Улсын Засгийн газрын Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолуудын хавсралтад Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь дулааны алдагдлын татаасны санхүүжилтэд багтан хуваарилагдсан байдаг.

Хэрвээ ******* ХХК нь эрчим хүчний яаманд тайлангаа өгдөг бол тус яамнаас татаасыг ******* ХХК-д өөрт нь олгох байсан бөгөөд манай байгууллага татаас олгох үндэслэлгүй юм.

Урд өмнө нь ******* ХХК нь үйл ажиллагаа хүнд байна гэж хүсэлт тавьсны дагуу манай байгууллагаас авлага үүсгэж мөнгө шилжүүлж байсан. Одоо манай байгууллага нь Бүрэн дулаан ХХК-аас авлагатай байгаа.

2. Нэхэмжлэгч "Бүрэн дулаан ХХК нь манай байгууллагаас 46.288.396 төгрөгийг нэхэмжлэхдээ:

...2017 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46.288.396 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь: Манай Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь 2017 онд Ерөө сумын ******* тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан болно.

Харин 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн Тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Ерөө сумын ******* тосгоны Халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа. Ашиглалтыг манай Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн юм.

Мөн тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд ч байдаггүй. Иймд манай байгууллага Бүрэн дулаан ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Сэлэнгэ-Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46.288.396 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ-Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хуралдаан зохигчдын хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 29, 2020 оны 7 дугаар сарын 10, 2020 оны 7 дугаар сарын 23, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус хойшлогдсон ба шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчид эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдэж баримтад гарын үсэг зурсан боловч тэрээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул түүнийг оролцуулахгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь:Нэг.2016-2018 онуудад ******* ХХК-ны үзүүлсэн үйлчилгээний дулааны алдагдлын Улсын төсвөөс олгосон татаасны хэмжээгээр хариуцагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу баримтаар ******* ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, салбарын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нэгж талбарын 170411236 дугаар бүхий 000325276 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар газар эзэмшүүлэх гэрээ, ******* ХХК-ны Сэлэнгэ аймаг, Ерөө сум дахь салбарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/37 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/223 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 дугаартай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1448 дугаартай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17/368 дугаартай албан бичиг, Бүрэн дулаан ХХК-ны 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17/373 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17/376 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/399 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18/400 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18/401 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин хавтас хэргийн 22-25 дугаар талд авагдсан Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263 дугаартай албан бичиг, Эрчим хүчний яамны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн в/1038 дугаартай албан бичигт ... Эрчим хүчний зохицуулах хорооноос тус яаманд ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/483 тоот Эрчим хүчний салбарын 2017 оны татаасны тооцоолол хийсэн тухай" албан бичигт Сэлэнгэ аймгийн дулааны станцууд Сэлэнгэ энөрго" ОНӨААТҮГ, Бүрэн дулаан" ХХК/ хүртэл оруулан тооцоолол хийсэн тул 2017 онд тусгагдсан татаасны санхүүжилтээс олгох нь зүйтэй, мөн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 388 дугаар тушаалын дагуу 2018 оны эрчим хүч, дулааны алдагдлын сар, улирлын хуваарийн дагуу татаас санхүүжилтийг "Бүрэн дулаан ХХК-нд олгож ажиллах шаардлагатайг анхаарна уу ... гэж дурдсан хэдий боловч мөнгөн дүнг заагаагүй, хичнээн төгрөгний татаас олгогдох эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул шүүх энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгонд 2018 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46.288.396 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Учир нь: Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай компани Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгоны дулаан хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд ******* тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг ******* тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46.288.396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгонд 2017 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46.288.396 төгрөгийг мөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазраас гаргуулж гэж тайлбарлан, 2018 оны 09 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг дулаанд холбосон дулааны шугам хүлээлцсэн акт, ******* ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

Дээрх баримтаар дулааны шугам 100 диаметр /хос/ 300 метр үнэ 46.288.396 баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч нь ...Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ нь 2017 онд Ерөө сумын ******* тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан болно. Харин 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн Тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Ерөө сумын ******* тосгоны Халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг манай Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн юм. Мөн тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд ч байдаггүй. Иймд манай байгууллага ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь хариуцагчийн өмнөөс 2017 онд Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан ба энэ зүйлийн 493.5-д эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан хэдий боловч нэхэмжлэгч 2017 онд Ерөө сумын ******* тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн Тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Ерөө сумын ******* тосгоны Халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг Сэлэнгэ- Энерго" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн байна. /хх-ийн 152-157 тал /

Мөн тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд бүртгэгдээгүй ... гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний, мөн хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлэх бөгөөд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны Ерөнхий Боловсролын сургуулийг төвийн дулаанд холбосон дулааны шугам хүлээлцсэн актаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д заасны дагуу Сэлэнгэ аймаг Ерөө сумын ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбоход зарцуулсан 46.288.396 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 38 минутад шүүхэд ирсэн талаар мэдэгдэж хуралд бэлэн байхыг сануулсан байна.

Тус тэмдэглэлд ... Би тохойгоо хугалсан, эмнэлэгт хэвтэж байгаа маргааш 10 цагаас хуралтай билүү. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт хурлаас өмнө мэйлээр явуулъя гэж мэдэгдсэн боловч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн шүүхэд ирүүлсэн Арьс судлалын Үндэсний төвийн магадалгаа нь түүний тохой хугарсан, эмнэлэгт хэвтсэн гэж хэлснийг үгүйсгэж байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 496 дугаар зүйлийн 496.2 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ний Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.368.771 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ