Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2020/00070

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2020/00070

 

 

Бүрэндулаан ХХК-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00342/И/Н

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа /онлайн/

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /онлайн/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Бүрэндулаан ХХК-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46.288.396 төгрөгийг тус тус гаргуулах тухай 2 хавтас нэгтгэсэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Бүрэндулаан ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг: Энэхүү нэхэмжлэлийг гаргагч Бүрэндулаан ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцаж ажилладаг ба 2016-2018 онуудад манай үзүүлсэн үйлчилгээний дулааны алдагдлын Улсын төсвөөс олгосон татаасны хэмжээгээр хариуцагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. ...Улсын төсвөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцдаг Бүрэндулаан" ХХК-д 2016 онд олгосон дулааны алдагдлын татаасны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 онд олгосон дулааны алдагдлын татаас 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгөөр Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үүнийг Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-аас гаргуулах.

Хоёр. Манай компани Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг Бугант тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46,288,396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд "Бүрэндулаан" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46,288,396 төгрөгийг мөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ванчигмаа нь анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Нэхэмжлэгч Бүрэндулаан ХХК нь 364.285.714 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:

1.Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ- Энерго ОНӨААТҮГ дулааны алдагдлын татаас мөнгийг олгодог. Манай байгууллага нь Эрчим хүчний яам, Сангийн яамуудад техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа тогтмол өгч дулааны алдагдлын татаасны санхүүжилт авдаг.

...2.Нэхэмжлэгч "Бүрэн дулаан ХХК нь манай байгууллагаас 46.288.396 төгрөгийг нэхэмжлэхдээ: ...2017 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46.288.396 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь: Манай Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь 2017 онд Ерөө сумын Бугант тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан болно.

Харин 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн Тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Ерөө сумын Бугант тосгоны Халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа. Ашиглалтыг манай Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн юм. Мөн тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд ч байдаггүй. Иймд манай байгууллага Бүрэн дулаан ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 496 дугаар зүйлийн 496.2 дэх хэсэгт заасныг баримтлан Бүрэндулаан ХХК-ний Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөг, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.368.771 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг нэг бүрчлэн хангаж шийдвэрлэн /шүүх хуралдааны тэмдэглэлд ч тодорхой тусгалаа олсон/ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1958 дугаар захирамж гарган, уг захирамжаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот албан бичгээрээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ, Сангийн яам, Эрчим хүчний яамдад тус бүрт нь явуулсан атлаа тэрхүү захирамжийн заалт бүрэн биелээгүй байхад шууд шүүх хуралдаан хийж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэсэн заалтыг захирамжаар үүрэг хүлээсэн этгээдүүд үл ойшоосон хууль бус үйлдлийг өөгшүүлж, шүүгч, шүүхийн нэр хүндийг унагасан үйлдэл болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх ...баримтаар....албан бичгийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлож чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ. гэж дүгнэснээс гадна хавтаст хэргийн 22-25 дугаар талд авагдсан төрийн байгууллагуудын албан болон эрх зүйн бичиг баримтуудад татаасын санхүүжилт-ын талаар ямар нэгэн яриа хөөрөө яваад байгааг хүлээн зөвшөөрсөн боловч ...мөнгөн дүнг заагаагүй, хичнээн төгрөгний татаас олгогдох эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул... нотлох баримтаар үнэлээгүй болохоо дурдсан нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хичнээн хүйтэн хөндий хандаж байгааг харуулж байна.

Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж, түүнийг нь хангаж шийдвэрлэсэн захирамжид нь дурдсан мөнгөн дүнг заасан, хичнээн төгрөгний татаас олгогдох эсэхийг тодруулах-аар нотлох баримтыг зохих этгээд гаргаж өгөөгүй байхад, тэр тусмаа хэрэгт авагдсан баримт болох Засгийн газрын тогтоолуудын хавсралтад хүртэл Сэлэнгэ аймгийн дулааны станцууд гэсэн нэр томьёо явж байгаа бөгөөд энэ татаасын 500 сая төгрөгний алдагдлыг манайх ингээд хүлээсэн учраас энэ мөнгө зөвхөн манай мөнгө юм. гэдгээ нотлосон баримтыг хариуцагч гаргаж өгч чадахгүй байхад шүүх юуг үндэслэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалтыг харгалзан үзээгүйг ойлгохгүй байна.

Наад зах нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга л гэхэд захирамжид заасан Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ, Бүрэндулаан ХХК гэсэн 2 этгээдийн талаарх лавлагааг биш зөвхөн Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын талаар л товч дурдаж, Бүрэндулаан ХХК-ийг ор тас орхигдуулсныг эргэн сануулж захирамжийн биелэлтийг хангуулсан бол оөрийнх нь дурдаад байгаа мөнгөн дүнтэй, хичнээн төгрөгний татаас олгогдох эсэх нь тодорчихоор байхад бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашигт ийм хайхрамжгүй хандсанд гомдолтой байна. Мөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь юуны тулд нэхэмжлэгчид мөнгө төлж байснаа аймгийн удирдлагуудын гуйлт-аар хийсэн мэт тайлбарласан атлаа энэ талаар баримтаа өгөөгүй, харин хэн ч хэзээ ч хийчихэж болох авлагын бүртгэл гэсэн хэдхэн баримт л өгсөн байхад үүнийг тодруулж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг харгалзан үзэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүрэндулаан ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Үүнийгээ дагаад давж заалдах гомдол нь мөн адил үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээрт засгийн газраас олгож байгаа төрийн мөнгө. Төрийн мөнгийг компани нэхэмжилж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн субъект маань Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ байж чадахгүй юм. Засгийн газраас дулааны алдагдлын тухай тогтоол гарч уг тогтоолдоо тухайн хуулийн этгээдийн нэрийг зааж өгсөн байдаг. Бүрэндулаан ХХК манай компанид өгөх мөнгийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ авсан гэж үзэх гэж байгаа бол Засгийн газарт гомдол гаргах байсан юм гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нөгөө талаар гэвэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тэгвэл Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт заахдаа үндэслэлгүй хөрөнгөжих гэх ойлголтыг дэлгэрэнгүй зааж өгсөн байна. Дараагийн асуудлын хувьд нэр зааж өгч байгаа нь учиртай юм. Хэрвээ Бүрэндулаан ХХК-д дулааны татаас өгье гэвэл нэр нь заавал байх ёстой. Бид нарын нотлох баримтаар гаргаж өгсөн Засгийн газрын тогтоолд ...Хэнтий аймгийн Бэрх тосгонд өгье гэсэн байгаа. Яг үүнтэй адил Бугант тосгонд өгье гэсэн зүйл байгаа эсэхийг нягталж харах ёстой. Мөн Бүрэндулаан ХХК давж заалдах гомдолдоо аймгийн засгийн даргаас ирсэн албан бичигт Бүрэндулаан ХХК-д хэдэн төгрөг хуваарилсан тухай бичсэн байгаа ч энэ нь аймгийн засаг дарга шийдэх асуудал биш. Үүнийг засгийн газрын буюу дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрлэдэг юм. Ер нь бол 150,000,000 төгрөг шилжүүлсэн тухай асуудлыг ярьж байгаа ч энэ нь бол аймгийн хурлаар өвөлжилтийн бэлтгэлд туслах зорилгоор авлага өгөх гэж өгсөн байдаг тухай баримт нь байдаг. Аудит шалгаж хувийн компанид мөнгө өгөх нь буруу гэж зөрчил үүсгэсэн байдлыг бид бүхэн нотлох баримтаар гаргаж өгсөн байгааг анхаарч үзнэ үү. Ер нь бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ач холбогдох бүхий нотлох баримтыг анхаарч үзэх ёстой гэж заасан байдаг. Шүүгчийн захирамжаар ач холбогдол бүхий баримтууд ирсэн ч үүгээр тухайн асуудлыг шийдвэрлэх боломж нь бүрдсэн байсан гэж үзэж байна. Мөн Бүрэндулаан ХХК 2 нэхэмжлэл гаргасны 1 нэхэмжлэл нь дулааны шугам холбосон мөнгө нэхэмжилсэн байгаа. Тэгвэл уг нэхэмжлэлийн хувьд мөн адил үндэслэлгүй юм. Учир нь уг дулааны шугамыг 2018 онд холбосон гэдэг бол Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ 2018 онд Бугант тосгоны дулаан хангамжийг аваагүй байсан. Цаг хугацааны хувьд ийм учиртай тул хариуцагч гэдэг зүйлээр хамааралгүй юм. Төрөөс мөнгө өгч байгаа тохиолдолд заавал баримт, тайлан, тооцоо, хүсэлт байх ёстой. Гэтэл Бүрэндулаан ХХК энэ баримтуудыг өгөхгүй байна. Тиймээс нотлох баримтад үндэслэж, дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Бүрэндулаан ХХК энэ мөнгийг авах ёстой гэж үзвэл засгийн газарт гомдол гаргах ёстой байсныг дахин хэлье гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Бүрэндулаан ХХК-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46.288.396 төгрөгийг тус тус гаргуулах тухай 2 хавтас нэгтгэсэн иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд түүний гаргасан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Бүрэндулаан ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нь ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг нэг бүрчлэн хангаж шийдвэрлэн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1958 дугаар захирамж гарган, уг захирамжаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот албан бичгээрээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ, Сангийн яам, Эрчим хүчний яамдад тус бүрт нь явуулсан атлаа тэрхүү захирамжийн заалт бүрэн биелээгүй байхад шууд шүүх хуралдаан хийж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэсэн заалтыг захирамжаар үүрэг хүлээсэн этгээдүүд үл ойшоосон хууль бус үйлдлийг өөгшүүлж, шүүгч, шүүхийн нэр хүндийг унагасан үйлдэл болсон гэж үзэж байна. гэсэн гомдол гаргасан нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаж 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1958 тоот захирамжаар Сэлэнгэ аймгийн засаг даргаас, Эрчим хүчний болон Сангийн яамнаас, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч Бүрэндулаан ХХК-ий 2016 2017 2018 онуудын дулааны алдагдлын татаастай холбоотой санхүүжилт авахаар хүсэлт гаргаж байсан эсэх материалуудыг гаргаж ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаагийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/848 тоот албан бичгээр Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь аймгийн засаг даргад 2016, 2017, 2018 онуудад дулааны алдагдлын татаасын санхүүжилт авахаар хандаж байгаагүй талаар ирүүлсэн ба шүүгчийн захирамжид заасан Бүрэндулаан ХХК-ий талаар тодруулга ирүүлээгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн

46.1.Иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтан, иргэнд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.3.Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр холбогдох иргэн, хуулийн этгээд түүний албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй.

46.4.Энэ хуулийн 46.3-т заасан нотлох баримтыг гаргаж өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзвал түүнийг албадан гаргуулна гэж заасан байхад ямар шалтгаанаар шүүхийн захирамжийг биелүүлээгүй талаар тодруулга баримт авахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ.

Гэтэл шүүгчийн захирамж бүрэн биелээгүй буюу хэрэгт нотлох баримт бүрдээгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан нотлох баримт хангалттай бүрдсэн гэж хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасны дагуу нотлох баримт бүрүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон 100 диаметртэй 300 м хос шугамыг тухайн байгууллагын шилжүүлсэн, одоо хариуцагч байгууллага ашиглаж байгаа талаар нэхэмжлэгчээс нотлох баримтууд ирүүлсэн байхад шүүх тус нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 563 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.368.771 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ