Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0939

 

 

 

  2022          12           12                                    128/ШШ2022/0939

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Г.С********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К**********” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэгч: “Ц*******” ХХК

Нэхэмжлэгч: “Ү*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: “Ц************” ХХК /,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-********, MV-**********, MV-********* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын MV-******, MV-*******, MV-******, MV-****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “К**********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, нэхэмжлэгч “Ц********” ХХК, болон гуравдагч этгээд “Ц**********” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “Ү********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц***********, тэдгээрийн өмгөөлөгч П.Т*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*********** нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар.

1.а MV-******, дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг  Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1572 дугаар шийдвэрээр “Ц************” ХХК ХХК шилжүүлэн авсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг “Ц*********” ХХК-ийн зээлийн барьцаанд “К*******” ХХК-д барьцаалсныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар шийдвэрээр бүртгэсэн,

1.б MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 1520 дугаар шийдвэрээр “Ц******” ХХК шилжүүлэн авч, уг тусгай зөвшөөрлийг “Ц*********” ХХК-ийн зээлийн барьцаанд “К*********” ХХК-д барьцаалсныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1258 дугаар шийдвэрээр бүртгэсэн,

1.в MV-********* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр “Ц*******” ХХК-д  олгож, уг тусгай зөвшөөрлийг “Ц*******” ХХК-ийн зээлийн барьцаанд “К**********” ХХК-д барьцаалсныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1243 дугаар шийдвэрээр бүртгэсэн,

1.г MV-******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр “Ү**********” ХХК шилжүүлэн авч, уг тусгай зөвшөөрлийг “Ц*******” ХХК-ийн зээлийн барьцаанд “К**********” ХХК-д барьцаалсныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаар шийдвэрээр бүртгэсэн[1].

2. Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00163 дугаар захирамжаар “Ц********” ХХК 1,556,217,370 /нэг тэрбум таван зуун тавин зургаан сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун дал/ төгрөгийг “К**********” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлж барагдуулахаар, эргэн төлөх хуваарийг зөрчвөл барьцаа хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг банкинд үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцож эвлэрснийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2749 дүгээр гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж[2] байжээ.

3.а Ц******** ХХК-ийн MV-********* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр,

3.б Ц********  ХХК-ийн MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр,

3.в Ц********  ХХК-ийн MV-********дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр,

3.г Ү******** ХХК-ийн MV-******** дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр цуцалжээ[3].

Хоёр. Талуудын маргаж буй үндэслэл.

1. Нэхэмжлэгч К********** ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: "Зээлдэгч Ц********* ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 148 тоот зээлийн гэрээгээр 1,500,000.00 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 341 тоот зээлийн гэрээгээр 1,500,000,000.00 төгрөг бүгд 3,000,000,000.00 төгрөгийг барьцааны гэрээний хамт байгуулан зээл авсан.

Зээлийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болно. Үүнд:

1/ Төв аймаг Сэргэлэн сумын Салаагийн алт орд нэртэй газарт орших 227 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;

2/ Төв аймаг Сэргэлэн сумын Салхит нэртэй газарт орших 78 гектар талбайтай, 60 жилийн хугацаатай, ******** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;

3/ Төв аймаг Сэргэлэн сумын Налгар нэртэй газарт орших 77 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай ********** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;

4/ Төв аймаг Сэргэлэн сумын Салбарын ам орд нэртэй газарт орших 139 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай ********** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон  **********, **********,**********,дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд К********** ХХК нь нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 00163 дугаартай захирамжаар Ц*********** ХХК-иас 1,556,217,370.00 төгрөг гаргуулах, харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг К******* банкинд үл маргах журмаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлэх асуудал дээр талууд 2015 оны 12 дугаар сараас эхлэн маргаан үүсгэж, тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч нь тодорхой бус, ээлжит төлбөрийг талуудын хэн нь төлөх нь маргаантай байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  “...тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг К*********** ХХК-ийн зүгээс гаргаж байсан бөгөөд шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан зохих байгууллагад мэдэгдэл хүргүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн тул К********* ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар “Ц******** ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох Ц******** ХХК, Ү********* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн” тухай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 110819 дугаартай албан бичиг, К********** ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4553 тоот албан бичгээр “дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж өгөх” хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн өр төлбөрт тооцон К************* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2230 дугаартай албан бичгээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1668 дугаартай албан бичгээр “МВ***********, MB**********, MB*******, MB*********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 317, 543, 583 дугаар шийдвэрээр цуцлагдсан, эрхийг сэргээх боломжгүй” гэсэн хариу ирсэн тул банкны нэр дээр тусгай зөвшөөрлүүдийн эрх шилжих боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Дээрх тусгай зөвшөөрлүүдийн ямар нэгэн хөдөлгөөн хийх эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн, маргаантай байсан талаар банкны зүгээс мэдэгдсэн, К**********ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1894 дугаартай албан бичгээр “ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж өгөх” хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/2652 дугаартай албан бичгээр “Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцалсан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн хариуг ирүүлсэн.

Ц********** ХХК-иас 1,556,217,370.00 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдэж чадахгүйд хүрч, К********* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас зээлийн өр төлбөр, авлагыг нэн даруй төлүүлж, хадгаламж эзэмшигч, харилцагч, төрд учирсан хохирлыг барагдуулахад цаг хугацаа алдаж, хохирол учирч байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн, шүүхийн шийдвэрийн дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч Банкны эрх хүлээн авагч нь шилжүүлэх эрхтэй байхад цуцалсан гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар заалтыг зөрчсөн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, MB*******, MB*******, MB*******, MB*******, тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр мэдэгдлийг хэрхэн, яаж хүргүүлэх талаар тодорхой заасан. Шуудангаар хүргүүлэх тохиолдолд  тухайн хүргэгдсэн  хүний гэр бүлийн гишүүд буюу компанийн аль нэг ажилчин авсан тохиолдолд мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно гэж байгаа. Шуудангаар хүргүүлээд буцаагдсаныг мэдэгдэл хүргүүлсэнд тооцохгүй. Банк банкны эрх хүлээн авагчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчид “тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн мэдэгдэл хүлээн авсан” талаар мэдэгдэх үүрэг хуулиараа байхгүй. Ашигт малтмалын газрыг тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, барьцаалагч, барьцаалуулагч бүгдэд нь мэдэгдсэн байх гэж бодож байсан. Хамгийн сүүлд тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн МВ0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газраас манайд утсаар мэдэгдсэн. Төрийн захиргааны байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой байх ёстой ч Ашигт малтмал, газрын тосны газрынхан бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр тусгай зөвшөөрлүүдийг 10 хоногийн дотор цуцалж шийдвэрлэсэн нь буруу, бусад хуулийг мөн харгалзаж үзэх ёстой байсан. Ганцхан Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэнэ гээд хатуу байр суурьтай байгаа нь нэг талаасаа зөрчөөд байна уу гэж харж байна. Нөгөө талаасаа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар барьцаалуулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэнэ гэсэн байна. Тухайн хаяг, утас дээрээ байхгүй бол тухайн мэргэжилтэн тусгай зөвшөөрлийг цуцлаад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нь хүргүүлэх ёстой гэдгийг мөн хуульд заасан байгаа. Дээд шүүхийн тайлбарт мөн ингэж тайлбарласан байдаг. Барьцаагаар хангагдах зээлийн төлбөр 1.5 тэрбумын асуудал байгаа. Ц******* ХХК нь ямар  ч үйл ажиллагаа явуулаагүй 7, 8 жил болж байна. Бид нар тусгай зөвшөөрлийг цуцалсан гэхэд сэргээгээд өгнө үү гээд хандсан. Бүх тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангитай нь төлөөд тусгай зөвшөөрлийг сэргээчихвэл тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх замаар 1.5 тэрбумын төлбөрийг нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрт хуваагаад өгнө. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй цуцалсан нь том алдаа юм. Хуулийнхаа дагуу явагдаагүй гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

2. Нэхэмжлэгч Ц****** ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ү******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, гуравдагч этгээд Ц********* ХХК-ийн төлөөлөгч тайлбартаа: "Ж.Ц*********** миний эзэмшлийн Ц********* ХХК К********банктай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай 1,556,217,470 төгрөгийн дүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээний гүйцэтгэлийг хангуулах зорилготой 16 ширхэг хөрөнгийг барьцаалсан. Эдгээр барьцааны хөрөнгө нь мөн Ж.Ц********** миний 100 хувийн эзэмшлийн Ц***********ХХК болон миний гэр бүлийн эзэмшлийн Ү**********ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон тоног төхөөрөмжүүд юм. Ц********* ХХК нь гэрээний төлбөр болгож 2016 оны 06 дугаар сарын 24-нд 10.000.000 төгрөгийг К*********төлсөн. Тусгай зөвшөөрлөөр цаашид үйл ажиллагаа явуулж орлогоос төлөх  зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл 2016 оны 6, 9 саруудад хийгдэж байсан.

Гэтэл К***********ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 142 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч У.Э******** 142/2 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл ирж 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Ц******** ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох Ц********* ХХК, Ү*********ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зогсоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн лацадсан. Битүүмжлэх үед нэмэлт хугацаа тогтоолгох эсвэл барьцаа хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгүүлэх хүсэлтээ тавьж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийн бүх тоног төхөөрөмжийг битүүмжилснээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж улмаар хийгдсэн гэрээ хэлэлцээр цуцлахад хүрсэн. Энэ бүх хугацаанд барьцаа хөрөнгийг буюу тусгай зөвшөөрлүүдийг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байлгах үүднээс Ц******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 2018 оны 05 сар хүртэл нийт 22,286,348 төгрөг төлсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлэх 4/10819-10821 тоот албан бичгийг 2018 оны 06 дугаар сарын 22-нд явуулсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх тусгай зөвшөөрлүүдийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн тухай албан тоотыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Тусгай зөвшөөрлийн эрх түдгэлзсэнээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх шаардлагагүй гэж шийдвэр гүйцэтгэгч ойлгуулснаар төлбөр төлөөгүй байж байтал төлбөр төлөхийг шаардсан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Ц******, Ү******* ХХК-д ирүүлэлгүйгээр К********** ирүүлснийг дараа нь мэдэж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр болгож 1.723,100 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газарт төлсөн. Гэтэл уг төлбөрийг хугацаа хэтэрсэн тул тооцохгүй, алдангийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрүүд гарч тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан. Тусгай зөвшөөрлүүд цуцлагдсанаар К******** болон Ц***** ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ц******* болон Ү***** ХХК нь тусгай зөвшөөрлүүдээ сэргээх хүсэлт гаргах гэтэл К******* банк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэрлэж өгнө гээд өдий хүртэл чирэгдүүлсэн. Эцэст нь К**********, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргахад дээрх  шийдвэр нэгэнт гарч тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан тул сэргээгдэх боломжгүй гэсэн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8/1668 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн байтал мөн лиценз эзэмшигч Ц******** ХХК, Ү********ХХК-д мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль бус шийдвэр тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын МВ***********, МВ***********,  МВ***********, МВ***********, дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус сэргээж өгнө үү.

Тусгай зөвшөөрлүүдийг сэргээлгээд өөрөө үйл ажиллагаа явуулаад К************* зээлийн төлбөрийн өрөө төлье гэсэн хүсэлтийг удаа дараа К*********** авагчид тавьж байгаа. Тухайн үед алтны ханш 40 хэдэн төгрөг байсан. Өнөөдөр 150 мянган төгрөг болсон байна. 32 төрлийн бичиг баримтыг бүрдүүлээд төлөвлөгөө боловсруулсан байсан чинь К********* банк намайг шүүхэд өгсөн. Өнөөдрийг хүртэл тэдгээр бичиг баримтыг нэг ч удаа ашиглаагүй байна. Энэ тусгай зөвшөөрлүүдийг сэргээвэл тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаа. 2015 оноос хойш надад байсан бүх хөрөнгийг барьцаанд тавьсан учраас 2018 оноос эхлээд өөрөө ганцаараа байгаа. 2020 он хүртэл Ашигт малтмалын газарт бүртгэлтэй тухайн хаяг дээр түрээсэлж байсан. Өнөөдрийн хувьд оффисын байр байхгүй би гэрээрээ хаягтай байгаа. Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тайлбар сонсож хэлэлцүүлэг хийгээгүй. Тайлбар сонсохгүй байгаад нь хардаад байгаа юм.” гэв.

3. Нэхэмжлэгч Ц******* ХХК, Ү******* ХХК, гуравдагч этгээд Ц******** ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “К**********ХХК гэрээгээ зөрчөөд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас өмнө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Үүний дараа Ц********* ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө Ц**********ХХК, Ү********ХХК-ийн бүх үйл ажиллагааг зогсоосон.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт мөн тодорхой заасан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд компаниудыг төлөөлөх захирал нь өвчтэй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, 2018 онд 2 удаа химийн эмчилгээнд орж, 2019 онд хүнд хагалгаанд орсон. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоох ёстой. Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг үл хайхарч, төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, сонсох мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй. Төрийн албаны ажлын учлдаа холбоо алдагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: "Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Налгар нэртэй 77.6 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MB*********** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр П***********ХХК-д олгож, 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Л****ХХК-д, 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1572 дугаар шийдвэрээр Ц******* ХХК-д шилжүүлсэн, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг К************ХХК-д барьцаалсныг бүртгэжээ.

2/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салбарын ам нэртэй 139 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MB******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Т******* ХХК-д олгож, 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1520 дугаар шийдвэрээр Ц********* ХХК-д шилжүүлсэн,  2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1258 дугаар шийдвэрээр К**********ХХК-д уг тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэжээ.

3/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхит нэртэй 78 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MB********* дугаартай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2008 оны 05 дүгээр сарын 07-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр Ц******** ХХК-д олгож, тус тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1243 дугаар шийдвэрээр К******** ХХК-д барьцаалсныг бүртгэжээ.

4/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салаагийн алтны орд нэртэй 227 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MB********** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 1999 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр А********ХХК-д олгож, 2000 оны 04 дүгээр сарын 11-ний 123 дугаар шийдвэрээр Г*********ХХК-д, 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр М***********ХХК-д, 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2421 дугаар шийдвэрээр Э********** ХХК-д, 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр Ү*********ХХК-д шилжүүлсэн, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаар шийдвэрээр К********* ХХК-д уг тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэжээ.

5/ Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны К******** ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10а 35260 тоот албан бичгийн дагуу тус газрын Кадастрын хэлтэс холбогдох тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтаар бүртгэж, энэ тухай Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 7/6274 тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хариу албан бичгийг хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон едреес эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар Ц*******, Ү******** ХХК-иуд нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрөө хуулийн хугацаанд урьдчилан төлөх үүрэгтэй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын MB-******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/390, Ц******* ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/166, К********** ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/392 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг Ц********* ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7/7853 тоот албан бичгээр тус тус хүргүүлжээ.

Ашигт малтмалын ашиглалтын МВ-********* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Ц********* ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 24-ний 7/6464 тоот, MB********* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Ү******* ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668, К********* ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207, К********* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/6706, Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн албанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16705 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг Ц********* ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын ашиглалтын MB-*********** тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг К************ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2019 оны 16 дугаар сарын 20-ны өдрийн 7/3912, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг Ц******* ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

Гэтэл хуулийн хугацаанд Ц************ ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ*******, МВ*******, МВ*******, дугаартай тусгай зөвшөөрлүүдийн, Ү******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ*******,  дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Ц******* ХХК, Ү******* ХХК-иуд нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцална" үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ*******, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ*******, МВ*******,, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ*******,  тоот тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 34 дүгээр зүйлийн 34.7-т "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", мөн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй" заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МВ*******, МВ*******, МВ*******, МВ*******, дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2019 оны 317, 543, 583 дугаар шийдвэрүүдээр цуцалсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.4-т "Төрийн байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж заасныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр мэдэгдсэн.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно" гэж заасан.

 Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасан гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

К**********эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн өрөө барагдуулсан, энэ төлбөр нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төлбөртэй хамаагүй. Банк хариуцлага хүлээж зээл гаргадаг. Тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа зээл  гаргадаггүй. Төрийн байгууллагыг хууль зөрчихийг шаардах эрх байхгүй. Тусгай зөвшөөрөл дангаараа барьцааны зүйл болохгүй, барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамт барьцаална. Газрын хөрсөн доор юу байгааг хэн ч мэдэхгүй. Цаасан дээр байгаа зүйлийг барьцаанд авч байгаа үүнийхээ баталгаа болгоод эд хөрөнгийг барьцаалж байгаа учраас төлбөрөө бүрэн барагдуулах боломжтой. 2015-2019 он хүртэл тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан. Энэ хооронд барьцаалагч, барьцаалуулагч өөрсдөө энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан хугацаа юм. 2015 онд алтны ханш уначихсан одоо өссөн учраас сэргээлгэх сонирхол илүү байгаа. Тэгэхээр хаяж байсан зүйлээ буцаагаад сэргээх гээд байна гэсэн ойлголт гарч ирж байна. К************ өрөө барагдуулахыг хүссэн бол 2015 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлээд авах боломжтой байсан. Тэгэхэд барьцаалагч, барьцаалуулагч аль алинд нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй. Аль ч төрийн байгууллага хууль зөрчих эрх байхгүй. Төрийн байгууллага үүргээ биелүүлсний төлөө төрийн байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, барьцаалагч, барьцаалуулагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад удаа дараа мэдэгдлийг хүргүүлж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна.

Энэ хэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар явж байгаа, Ашигт малтмалын тухай хуулийн мэдэгдэл хүргүүлэх заалтыг, мэдэгдэл хэрхэн хүргүүлэхийг Монгол Улсын дээд шүүх тайлбарласан байгаа. Захиргааны байгууллагад бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлэхийг мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно гэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч төлбөрөө төлөх гэж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэл битүүмжилсэн гэж байна. Ашигт малтмалын газар болон төрийн захиргааны байгууллага ямар ч тусгай зөвшөөрлийг битүүмжлээгүй, үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Банк шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Төрийн байгууллага хэрэгжүүлэгч агентлаг учраас хуулийг хэрэгжүүлээд төлбөрөө төлөхийг шаарддаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдлийг хүргүүлээгүй гэж яриад байна. Үүний тайлбар өмнөх хурлуудын тэмдэглэл дээр байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй. К********* банк тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй. Хоёр нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай харьцаж байсан болохоос Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар хандаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болохоор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 583, 317, 543 дугаар шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэл бүхий байгаа учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “К***********” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Ц*******” ХХК, “Ү***********” ХХК-иуд нь “зээлийн барьцаанд бүртгэгдсэн тусгай зөвшөөрлүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу үл маргах журмаар төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байхад цуцалсан нь хууль зөрчсөн”, “цуцлах үндэслэл бүрдсэнийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй” гэж, хариуцагч нь “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болон алдангиа хуулийн хугацаанд төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн”, “шийдвэр гүйцэтгэлийн журмаар тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн үүргээс чөлөөлөхгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг бүртгэлтэй хаягаар нь хүргүүлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлсэн” гэж тус тус маргажээ.

2. Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл,

а. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцална.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”,  34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах нөхцөл, шаардлага болохыг, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг болохыг, уг үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь биелүүлээгүй, төлбөрөө алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.  

б. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, ... д барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй.”, 51.6-д “Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй.”, 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй ... бол барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй.”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана”, 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана.” гэж тусгай зөвшөөрлийг барьцаалж болохыг, барьцаалагч нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүйг, барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл барьцаалагч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдох бөгөөд хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тодорхой хуульчилсан байна.

в. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “төрийн захиргааны байгууллага 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.” гэж цуцлах үндэслэл бүрдсэн талаар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг бүхий этгээдэд мэдэгдэл хүргүүлэхээр заасан, магадгүй цуцлах үндэслэлийг няцаах баримт ирвэл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрээ эргэж нягтлах боломжтой байна. 

3. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт ашигт малтмалын хувийн хэрэг дэх бүртгэлтэй хаягаар шуудангаар хүргүүлсэн ч “хаягтаа байхгүй, утас нь орох ярианы эрх хаагдсан” хэмээн буцаагдсан хэмээн хариуцагч тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл доорх мэдэгдлийг хүргүүлжээ. Тухайлбал[4],

а.  “Ү**********” ХХК-д МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах “төлбөр төлөөгүй” үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668 тоот албан бичгээр,

б. “Ц*******” ХХК-д МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах “төлбөр төлөөгүй” үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7/6464 тоот, 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6667 тоот албан бичгээр,

в. “Ц*******” ХХК-д МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах “төлбөр төлөөгүй” үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 7/3848 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр,

г. “Ц*********” ХХК-д МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах “төлбөр төлөөгүй” үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2/166 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлэх үүргээ хариуцагч төрийн захиргааны байгууллага биелүүлсэн гэж шүүх үзлээ.

4. Нэхэмжлэгч “Ц******” ХХК-ийн захирал бөгөөд, нэхэмжлэгч “Ү*********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хугацаанд “хаягтаа байгаагүй, утас нь холбогдоогүй” талаар маргаагүй бөгөөд “тэр хугацаанд эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хаягтаа байгаагүй” хэмээн тайлбарлаж байгаа ч энэ нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй. Учир нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэж байх ёстой бөгөөд хэрвээ цуцлах үндэслэлийн мэдэгдлийг цуцлахаас өмнө хүлээж авсан ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй” гэх төрийн захиргааны байгууллагад ирүүлэх нотлох баримт бичиг буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримт, төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн гэх баримт байсан гэж одоо маргадаггүй, өөрөөр хэлбэл 56.4-т заасан “цуцлах үндэслэлийн мэдэгдлийг хүчингүй болгох” үндэслэл болохуйц баримт гаргаж тайлбарлаагүй.  Түүнчлэн түүний энэ талаарх тайлбарт дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн шийдвэр нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаар тодорхойлох эрх бүхий этгээд биш юм. 

5. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар барьцаалагчид мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй ч төрийн захиргааны байгууллага энэ талаарх мэдэгдлийг мөн барьцаалагчид хүргүүлсэн байдаг, тухайлбал,

а. “Ц*******” ХХК-ийн МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/392 тоот албан бичгээр “К**********” ХХК-д, 

б. “Ц*********” ХХК-ийн МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7/3848 тоот, 5 дугаар сарын 20-ны өдрийн 7/3912 тоот албан бичгээр  “К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид,

в. “Ц********” ХХК-ийн МВ*******, дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207 тоот албан бичгээр “К*********” ХХК-д, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720 тоот албан бичгээр К*********** ХХК дахь банкны эрх хүлээн авагчид,

г. “Ү*********” ХХК-ийн МВ*******, дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720 албан бичгээр  “К*************” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус хүргүүлсэн байна[5].

   Барьцаалагч дээрх мэдэгдлүүдийг хүлээн авсан ч төрийн захиргааны байгууллагатай энэ талаар харьцаагүй, тайлбар, баримт хүргүүлээгүй байдаг.   

6. “Ц*************” ХХК-ийн МВ*******, дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр төлөх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийг алдангийн хамт 6 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө төлөх боломжтой байсан, энэ талаар цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэлд тодорхой тусгасан ч тусгай зөвшөөрөл эзэмшигч уг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, алдангийг төлөх хугацааг мөн хэтрүүлэн 7 дугаар сарын 08-ны өдөр буюу 6 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш тус тус төлсөн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр цуцалсан захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш алдангийг төлсөн нь тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

7. Тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч болон барьцаалуулагч хооронд зээлийн төлбөрийн талаар хуваарь тогтоон төлөхөөр эвлэрч, эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч ийнхүү барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн барьцаалагч нь барьцааны зүйл болох ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргаагүй[6] байна.

8. Тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч болон барьцаалуулагч хооронд зээлийн төлбөрийн талаар хуваарь тогтоон төлөхөөр эвлэрснийг баталсан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, энэ ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилж, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй юм.   

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “К**********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн болон нэхэмжлэгч “Ц***********” ХХК, “Ү***********” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ашигт малтмалын ашиглалтын МВ*******, МВ*******,, МВ*******, МВ*******, дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын МВ*******, МВ*******, МВ*******, МВ******** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “хариуцагч талын шийдвэр үндэслэлтэй” хэмээх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 51 дүгээр зүйлийн 51.6, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “К**********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн болон нэхэмжлэгч “Ц*******” ХХК, “Ү********” ХХК-ийн гаргасан “ашигт малтмалын ашиглалтын МВ*******, МВ*******, МВ*******, МВ*******, дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын МВ*******, МВ*******, МВ*******, МВ*******, дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч “К************” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, нэхэмжлэгч “Ц*******” ХХК, “Ү*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                  Г.УРАНГУА

 

 

 

[1]  Хэргийн 1 дүгээр хавтсын 106, 109, 112, 113 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 14-17 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 51-53 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 67-68, 73, 75, 76, 84, 252, 2 дугаар хавтсын 1-8 дугаар хуудас

[5] Хэргийн 3 дугаар хавтсын102-112 дугаар хуудас

[6] Хэргийн 3 дугаар хавтсын 102 дугаар хуудас