Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01172

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01172

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт байрлах, Бэрэнгрупп ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Мастер-Инженеринг ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний дагуу шилжүүлсэн 150.000 ам доллар буюу 427.485.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Бэрэнгрупп ХХК нь Мастер-Инженеринг ХХК-д холбогдуулж гэрээний дагуу шилжүүлсэн 150.000 ам доллар буюу 427.485.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Бэрэнгрупп ХХК нь Мастер-Инженеринг ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох Мастер-Инженеринг ХХК Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 барилга үүнээс суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх 6 барилга, суурийн цутгалт хийгдсэн 2 барилгыг тус тус барих ажлыг гүйцэтгэх, захиалагч тал болох ******* ХХК нь 36.958 мкв талбайн ажлын үнэд 566.447,70 ам долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр урьдчилгаанд 150,000 ам долларыг төлөх бөгөөд цаашид давхар бүрийг хүлээлцсэн акт үйлдмэгц төлбөрийг хуваан төлөх талаар тохиролцсон. Тус гэрээнд заасны дагуу захиалагч ******* ХХК нь урьдчилгаа төлбөр болох 150.000 ам.долларыг Мастер-Инженеринг ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэгч Мастер-Инженеринг ХХК-ийн Хас банкин дахь 5000737580 тоот дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэвч гүйцэтгэгч Мастер-Инженеринг ХХК-г төлөөлж манай байгууллагатай гэрээ байгуулсан ерөнхий захирал Ш.Ариунаа урьдчилгаа мөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш холбоо тасарч, тус компани ажлаа хийхгүй ор сурагггүй алга болсон.

Ингээд манай компани Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Мастер-Инженеринг ХХК-ийн захирал Ш.Ариунаагийн гэрээгээр халхавчлан хуурч мэхлэн, залилан мэхэлж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасны дагуу Цагдаагийн байгууллагаас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаар прокурорын тогтоолд тус хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг Мастер-Инженеринг ХХК-ийн захирал Ш.Ариунаа үйлдсэн нь тогтоогдсон боловч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч компани болох Мастер-Инженеринг ХХК манай компанийг залилан мэхэлж буюу анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан нь тогтоогдож байгаа тул******* ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Анх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар шаардаж байснаа өөрчилж хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу хууран мэхэлж хийсэн хэлцэл хэмээн шаардаж байгаа болно. Прокурорын тогтоолоор хууран мэхэлсэн нь тогтоогдсон, уг тогтоол хүчинтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монгол банкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2849,90 байх тул 150.000 ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 427.485.000 төгрөг байна.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 150.000 ам.доллар буюу 427.485.000 төгрөгийг Мастер-Инженеринг ХХК-иас буцаан гаргуулж, Бэрэнгрупп ХХК-д олгож өгнө үү.  БНХАУ-ын иргэн Бао Жин Мингийн тухайд хариуцагч талын туслан гүйцэтгэгч тул хариуцагч өөрөө туслан гүйцэтгэгчтэй асуудлаа шийдэх ёстой. Түүнийг нэхэмжлэгч, хариуцагч тал хоёулаа урьд нь таньдаг, хамтарч ажилладаг байсан болно гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 392 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг үндэслэл болгон хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэлд хавсаргасан дээрх прокурорын тогтоолоор хариуцагч компанийн захирал Ш.Ариунааг Бэрэнгрупп ХХК-ийг залилан мэхэлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон асуудал биш. Харин прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ...шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан, Ш.Ариунааг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэргүй тул хууран мэхэлсэн нь тогтоогдсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Түүнээс гадна эрүүгийн журмаар гэрээний хүчин төгөлдөр байдлыг шийдвэрлээгүй. Талууд анх 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар урьдчилгаа 150.000 ам долларыг хүлээн авсанд маргахгүй. Гэхдээ анх БНХАУ-ын иргэн Бао Жин Мин болон Бэрэнгрупп ХХК нар уг барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд монгол компани хэрэгтэй болсноор гэрээг манай компанийн нэрээр хийсэн. Нэхэмжлэгч нь түүнтэй олон жил байнга хамтран ажилладаг байсан, танилууд болох нь эрүүгийн хэргээс ирүүлсэн Бэрэнгрупп ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн мэдүүлгээр нотлогдоно.

Түүнчлэн авсан мөнгийг БНХАУ-ын иргэн Бао Жин Мин руу шилжүүлсэн, тэрээр 2013 ондоо Монгол Улсаас гарч яваад буцаж ирээгүй байдаг. Тийм ч учраас нэхэмжлэгч 2013 онд гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлснээс хойш хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж байгаагүй хэрнээ гэнэт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссаны дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлсэн хэлцэл байхын тулд анхнаасаа санаатайгаар бодит үнэн байдлыг далдалж хууран мэхлэх зорилгоор гэрээ байгуулсан байх ёстой. Түүнчлэн хэрэв хууран мэхлэгдсэн гэж үзвэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар зохицуулсан ч нэхэмжлэгч ийнхүү шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч тал хэлцлийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хоорондох хэлцэл хууран мэхэлсэн биш, харин гэрээний үүрэг хэрэгжээгүйгээс өгсөн мөнгөө буцаан шаардах ёстой байтал ингэж шаардаагүй. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх учиртай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Монголбанкны ханшийн лавлагаа, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, Мастер-Инженеринг ХХК-ийн барилгын санхүүжилтын графикууд, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 392 тоот прокурорын тогтоол, Хаан банкны төлбөрийн даалгавар, Мастер-Инженеринг ХХК-ийн нэхэмжлэх, Мастер-Инженеринг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэл, тус шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2020 оны 181/ШЗ2020/08851 дүгээр шүүгчийн захирамж хуулбараар ирүүлжээ. /1хх 5-29, 117,

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Татварын тодорхойлолтууд, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хариу, Ш.Ариунааг сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /1хх 38, 89, 96-98, 209-213, 239-242/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр гэрч Ш.Баттүшигийн мэдүүлэг, тус шүүхийн 181/ШЗ2022/04751 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1801 тоот хариу, түүний хавсралтаар Б.Мөнхтөр, Ц.Батбаяр, Ш.Баттүшиг нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, Мөнгөн гүүр ББСБ-ын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5/1262 дугаар албан тоот, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/4415 дугаар албан тоот зэргийг бүрдүүлжээ. /1хх 135, 143-145, 2хх 3-18/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Бэрэнгрупп ХХК нь Мастер-Инженеринг ХХК-д холбогдуулж гэрээний дагуу шилжүүлсэн 150.000 ам доллар буюу 427.485.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, прокурорын тогтоолоор залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн нь тогтоогдсон тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тайлбарласан.

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: хариуцагч компанийн захирлыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй тул гэм буруутайд тооцох үндэсгүй, талуудын хоорондох гэрээ хууран мэхэлсэн хэлцэл биш, түүнчлэн хуульд заасан гомдлын шаардлага гаргах нэг жилийн болон гэрээний дагуу шаардах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа аль алин нь хэтэрсэн, нэхэмжлэгч гэрээний үүргийн хэрэгжилтийг шаардаагүй тул нэхэмжлэлийн хүрээгээр хэргийг шийдвэрлэх учиртай гэж тайлбарласан. Мөн хэлцлийг анхнаасаа БНХАУ-ын иргэн Бао Жин Мин, нэхэмжлэгч нар харилцан тохиролцсон, хариуцагч компанийн нэр дансыг ашигласан буюу үүрэг гүйцэтгэгч биш гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Бэрэнгрупп ХХК, нөгөө талаас******* ХХК нар 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд баригдах 7 дугаар хороолол 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 ширхэг барилга, үүнээс суурь зоорийн давхараас техникийн давхар хүртэлх нийт 36,958 мкв талбайд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, Захиалагч ажлын хөлс 2.458.689,84 ам доллар төлөхөөр тохиролцож 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулжээ. Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ. /1хх 11-18/

4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгчээс урьдчилгаа болгож 150.000 ам долларыг 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад мөн маргаагүй. / 1хх 24, 25, 2хх 10/

4.3.Хан-Уул дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаар прокурорын тогтоолоор залилан мэхлэх гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хариуцагч компанийн захирал Ш.Ариунаад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Энэ тогтоолд хэн алин нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх 22-23/

4.4.Мастер инженеринг ХХК-ийн Хас банк дах данснаас 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөө 5 удаагийн гүйлгээгээр 150.000 ам долларын зарлагын гүйлгээ гарсан, Мөнгөнгүүр ББС-иас 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн Bao Jin Ming-д хоёр удаагийн гүйлгээгээр 679.039 юань шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг мөнгийг хариуцагч шилжүүлсэн, БНХАУ-ын иргэн Bao Jin Ming 2013 оны 9 дүгээр сараас хойш Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлгүй гэдэгт зохигчид маргаагүй. /2хх 10, 15, 16, 18/

5. Нэхэмжлэгч үндэслэлээ талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлсэн хэлцэл гэж тайлбарласан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 59.4-т энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.

Эрүүгийн хэрэгт өгсөн нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Мөнхтөрийн******* ХХК болон БНХАУ-ын иргэн Bao Jin Ming нар хамтран ажиллаж барилгын ажлыг гүйцэтгэнэ гэж ойлгосон гэсэн мэдүүлэг, хариуцагч байгууллагын захирал Ш.Ариунаагийн БНХАУ-н иргэн Bao Jin Ming гэх хүн Бэрэнгруппын барилгын ажил гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөлтэй компани хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд хамтран ажиллахаар болоод хамт уулзсан гэсэн мэдүүлгүүдээс үзвэл ******* ХХК болон******* ХХК нарын хоорондох дээрх ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа анхнаасаа талууд хууран мэхлэх агуулгаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн баримтаар авагдсан гэрээний 7.3.4-т гүйцэтгэгч нь угсралтын ажлыг БНХАУ-н иргэн 300 ажилтнаар гүйцэтгүүлэх-ээр зааснаас үзвэл талуудын хүсэл зориг хууран мэхлэх байсан гэж үзэх боломжгүй.

Үүнээс гадна Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хэрэв гэрээний нэг тал хууран мэхлэгдсэн гэж үзвэл нэг жилийн хугацаанд нөгөө талдаа гомдлын шаардлага гаргахаар заасан, нэхэмжлэгч ийнхүү шаардаж байсан баримтгүй тул хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр, гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн тухай тайлбар үндэслэлтэй. Талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т ажил гүйцэтгэх хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд байхаар заасан тул шүүх маргааны энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу гомдлын шаардлага гаргах хугацааг гэрээний хугацаа дууссан өдрөөс нэг жилийн хугацаа тоологдоно гэж үзэхээр байна.

6.Нэхэмжлэгч гэрээг хууран мэхэлж хийсэн үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардахдаа тухайн мөнгийг шилжүүлэх үндэслэл болгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан тул шүүх мөнгө гаргуулах үндсэн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд хариуцагчийн гаргасан шүүх нэхэмжлэлийн хүрээгээр хэргийг шийдвэрлэх тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Шүүх дээрх байдлаар талуудын хоорондох гэрээг хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэвч гэрээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч болох******* ХХК хэрэгжүүлээгүй, ажлыг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар болоод эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон, үүнд маргаагүй.

Хэрэгт авагдсан гэрээ болоод эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл маргааны зүйл болсон тухайн барилгын ажилд БНХАУ-ын иргэн Bao Jin Ming амаар туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон, тухайн нөхцөл байдлыг гэрээний талууд анхнаасаа мэдэж байсан болох нь урьд хамтран ажилладаг байсан тухай мэдүүлгүүд, гэрээг байгуулахад БНХАУ-ын иргэн хамт байсан тухай мэдүүлэг, хэргийн нэгдүгээр хавтасны 19-21 дэх талд авагдсан******* ХХК-ийн санхүүжилтийн үе шатыг тусгасан баримтад захирал Bao Jin Ming гэж зурсан, гэрээнд ажиллах хүчийг БНХАУ-аас оруулж ирэхээр тохиролцсон байдал зэргээр тогтоогдож байна. /1хх 19-21, 22-23, 240-242, 2хх 4-9/

Дээрх байдлаас үзвэл талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, ажлыг гүйцэтгээгүй явдал туслан гүйцэтгэгч болох БНХАУ-ын иргэн Bao Jin Ming-с шалтгаалсан үйл баримт тогтоогдож байна.

Гэвч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно гэж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасан тул гүйцэтгэгч болох******* ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагчийн зүгээс гэрээнд зөвхөн компанийн нэрийг ашиглаж оролцсон, БНХАУ-ын иргэн Bao Jin Ming болон нэхэмжлэгч нар хоорондоо гэрээг байгуулсан, гурван талт гэрээ гэж тайлбарлах боловч дээрх тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй байхаар, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүйгээр цуцлахаар зохицуулсан.

Маргааны энэ тохиолдолд нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй тул шилжүүлэн авсан 150.000 ам долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Монголбанкны ам доллартай харьцах төгрөгийн албан ханш болох 2.849,5 төгрөгөөр тооцвол 427.485.000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.

7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заажээ.

Талуудын хоорондох гэрээнд ажлыг гүйцэтгэх хугацаа 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, барилгын баталгаат хугацаа 3 жил байхаар тус тус заасан, нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг анх нээсэн, прокуророос 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг хаасан, тус шүүхэд анх нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж байсан, дахин 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн байх тул шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 427.485.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан Мастер-Инженеринг ХХК-иас 427.485.000 /дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бэрэнгрупп ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.365.575 /2.295.375+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2.365.575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/00903 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ